Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн улсын яллагч Д.Дэлгэрмаа шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ундрах овогт Г.Бт холбогдох эрүүгийн 1711000000018 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт, урьд нь ял шийтгэлгүй, Ундрах овогтой Г.Б

 Холбогдсон хэргийн талаар: Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.Б нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 65 тоотод оршин суух Ө.Ганбаярын эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдэж буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн BSB маркийн зурагт хулгайлж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-29х/, хохирогч Ө.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай хашаанд амьдардаг Г.Б гэж залуу манай гэрийн ханыг хугалж ороод 32 инчийн зурагт авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/ гэрч Ө.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 21 цаг болж байхад Ө.Ганбаяр гэж дүүгийнхээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1-65 тоот гэрт ирсэн. Намайг гэрт очиход хаалга үүдний цоож бүрэн бүтэн харин зүүн талын ханыг хугалаад орсон байдалтай байсан. Хойморт нь байсан гэр бүлийн зураг уначихсан 32 инчийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/ 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5х/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9х/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12х/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Г.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Г.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр шүүхэд гаргаж өгсөн болно. Шүүгдэгч Г.Бт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж оногдуулав. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ө.Ганбаярт хулгайлсан зурагтыг буцааж өгсөн /хх-ийн 12х/, монгол гэрийн ханыг эвдэлсэн төлбөрт 90.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Ундрах овогтой Г.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 5. Г.Бын урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.БАТГЭРЭЛ