Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох 2222000000012 дугаартай  эрүүгийн хэргийг 2022 оны  02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ..сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., .... боловсролтой, мэргэжилгүй, ...аймгийн .... хүнд машин механизмын оператор мэргэжлээр суралцаж байгаа, ам бүл .., ., ... тоотод оршин суух хаягтай боловч, .. аймаг ... сум . дугаар баг .. дүгээр байр ..тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...оны 8 сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, Б овогт Б-ын Э РД:/ЗЮ/.

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Э нь Дундговь аймгийн С сумын ..угаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж” караокед 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 22 цаг 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ц-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч О.Ж-ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үлэмж” караокед 2 найзтайгаа дуулж байтал хажуу ширээний хүмүүс үг хэлээр доромжлоод байхаар нь нэлээн тэвчиж сууж байгаад яагаад байгаа юм бол гээд очоод маргалдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй.” гэв.

 

        Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2021 оны 12 сарын 29-ний өдөр О, Т гэх хоёр найзынхаа хамтаар 21 цагийн орчимд “Үлэмж” караокед пиво уусан юм. Тэгээд нийтийн караокед дуулж байх үед манай ширээний хойд ширээнд сууж байсан Ц гэх залуу бид гурвыг хэл амаар доромжлоод байсан. Чимээгүй байж байгаад тэсэлгүй Ц гэдэг залуу дээр явж очоод чи яагаад ингээд байгаа  юм бэ? гэхэд өөдөөс босч ирсэн. Тэгээд бид хоёр цохилцсон. Тухайн үед би тэр залууг эхэлж цохисон уу? тэр залуу намайг эхэлж цохисон уу? гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан зодоон болсон. Тэгээд Ж намайг хорих гээд голоор ороход нь би цохиод Ж-тэй зодолдож эхэлсэн. Би Жд шүд хийлгээрэй гээд бэлнээр 2.000.000 төгрөгийг 2022 оны 01 сарын 16-ны өдөр өгсөн. Өгөхдөө цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Баримтаа өгч хэрэгт хавсаргуулна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/

 

        Хохирогч О.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 12 сарын 29-ний өдрийн 22 цагийн орчимд “Үлэмж” караокены нийтийн караокед эхнэр М, үеэл дүү Б, Б-гийн эхнэр Б, найз Г, Э бид нар ороод зүүн хойд өнцөгт байх ширээнд суусан. Тэгээд караокеноос 1 шил архи, 2 лааз пиво, Оргил ус 1 ширхэгийг аваад суусан. Архинаас Э бид хоёр уусан. Г лаазтай пивоо уусан бусад хүмүүс маань архи дарснаас уугаагүй. Бид нарыг караокед ороход нилээд олон хүмүүс бүжиглээд байж байсан. Тэр дунд зүс таних Ц гэж залуу байсан бөгөөд Ц манай ширээн дээр ирээд суусан. Ингээд Ц-д архинаасаа хийж өгөөд бид нар юм яриад сууж байтал яг манай урд залгаа ширээнд сууж байсан 3 залуугийн нэг нь буюу туранхайвтар биетэй сэгсгэр үстэй залуу нь шууд Ц-ийн араас толгой руу нь цохисон. Тухайн үед зүүн хойд талд Э, Э-ын баруун гар талд Б, Б-ийн баруун гар талд Б, ширээний баруун өнцөгт Г, Ц, ширээний урд талд М, ханан талд нь би сууж байсан. Тэгээд тэр залуу гэнэт Ц-ийг цохиод авсан. Бид нар яг юу болоод тэр залуу Цийг цохих болсныг мэдээгүй. Тэгээд болиулах гэсэн чинь нөгөө шар царайтай залуу миний нүүр рүү цохиод шүд унагаачихсан. Тэгээд л бүх хүмүүс бужигнаад явсан. Би шүд унагаачихаар нь нөгөө залуу руу дайрсан. Тэгээд намайг цохисон залуутай хамт явсан 2 залуу нь мөн адил босч ирээд хориглоод байсан уу, зодолдоод байсан уу, юу болж байгаа нь мэдэгдэхгүй бужигналдаад байсан. Хамаг зодоон тэр Ц-ийг эхэлж цохиж авсан залуугаас болсон. Тэр залуутай хамт явсан 2 залуу зодоонд оролцсон хэн, хэнийг яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна цээжээ нүцгэлээд л дайраад байсан. Хэнийг хэрхэн яаж зодсоныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

 

        Гэрч Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Үлэмж” пааб караокед барменаар ажилладаг юм. 2021 оны 12 сарын 29-ний өдрийн 22 цаг өнгөрөөгөөд манай заалны зүүн хойд буланд 2 эмэгтэй 4 эрэгтэй хүн орж ирж суугаад нэг шил архи ундаа авсан. Тухайн үед манай паабад Ц гээд залуу нэлээд олон хүмүүсийн хамтаар орж ирсэн бөгөөд тухайн хүнийг би зүс таньдаг юм. Ц22 цаг өнгөрөөд орж ирсэн 4 эрэгтэй, 2 эмэгтэйг таньдаг бололтой ширээн дээр нь очоод суусан. Тэгээд юу болсон нь мэдэгдэхгүй тэр хүмүүс гэнэт наанаа сууж байсан 3 залуутай муудалцаад байсан. Би зодооныг яг хэн нь эхлүүлснийг харж чадаагүй намайг харахад бүгдээрээ л хоорондоо цохилцож зодолдож байсан. Наана нь  сууж байсан Төмрөө гээд залууг би бас зүс таньдаг юм. Тэр залуу зодоон салгах гэж байхад нь хойноос нь цохиж аваад коридор руу чирчээд цохиж аваад байсан. Миний ойлгосноор Ц л тэр наана сууж байсан 3 залууг хэл амаар доромжилсноос болоод зодоон эхэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Шүдээ цохиулсан гээд байгаа залуугийн эхнэр нь цагаан хувцастай урт үстэй залууг цохисон гээд тэр залууг татаж чангаагаад байсан. Төмрөө гэгчийн сууж байсан ширээний 3 залуу дуу захиалах гэж байгаа юм гэхээр нь би дууныхаа номыг аваачиж өгсөн чинь цагаан цамцтай залуу нь хойд талын ширээнийхээ хүмүүстэй уулзаж байсан. Би буцаад текэн дээрээ очих гэж байтал зодоон эхэлсэн. Цагаан цамцтай залуу нь Ц-тай юм уу хэнтэй эхэлж зодолдсоныг анзаараагүй. Т гэгч нь салгах гэсэн чинь Т-г Ц цохиж аваад асуудал болсон. Тэгээд тэр шүдээ цохиулсан залуу нь цагаан цамцтай залуутай зодолдоод байсан. Бусад нь салгах гээд байгаа юм шиг байж байгаад л нэг, нэгийгээ цохиж зодоод байсан. Сүүлд орж ирдэг хүмүүсийн дүү нь гээд залуу байсан тэр залуу, бас шүдээ цохиулсан залуугийн яг өөдөөс нь хараад сууж байсан залуу хоёр зодоонд ороогүй бусад нь бүгд л их бага гэлтгүй цохилцсон. Шүдээ цохиулсан залуу бол их тавтиргүй залуу байна лээ өөрсдөө зодоон хийчихээд над руу салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

         Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 сарын 29-ний өдөр найз Төмөрчөдөр, Э хоёртой “Үлэмж” караокены вип өрөөнд 18 цагийн орчимд орсон. Цаг дуусаад нийтийн караокены зааланд ороод сууж байсан юм. Тэгээд ганц нэг дуу дуулаад байж байтал бид нарын сууж байсан ширээний хойд талын ширээнд хүмүүс орж ирээд суусан. Уг нь бид гурав ганц нэг пиво уугаад гарах гэж байтал хажуу ширээний хүмүүс бид нарыг муулсан юм уу яасан юм мэдэхгүй ямар ч байсан дуу чимээ ихтэй байсан болохоор мэдээгүй. Тэр ширээний хүмүүс рүү  Э яваад очсон. Би буруу хараад сууж байсан болохоор хэн нь зодоон эхлүүлснийг мэдээгүй нэг хартал Э нөгөө ширээний хүмүүстэй бужигнаад л явсан. Энэ асуудал маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд Т бид хоёр салгах гэтэл хажуу ширээн дээр байсан 5-6 хүнээс гадна дахиад баахан олон залуучууд гараад ирчихсэн байсан. Тэр хүмүүс цаад өрөөнөөс л гарч ирсэн байх салгах гэхээр цохиж аваад байсан. Тэгээд би биеэ хамгаалаад намайг цохисныг нь ганц нэг зөрүүлж цохисон. Тэр олон дундаас яг ямар хүн нь намайг цохисон ямрыг нь би цохисон болохыг мэдэхгүй байна. Т зодоонд ороогүй, салгах гэтэл түүнийг ганц, нэг хүн цохисон байх. Нэг харахад Э шалан дээр уначихсан байсан. Тэгээд Э-ийг босгоод автал цагдаа ороод ирсэн. Би шүүхийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

        Гэрч Э.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай найз О 17-18 цагийн орчимд Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн үед манай гэрт найз Э бид хоёр байсан. Ингээд О-ыг хотоос ирэнгүүт бид гурав хоолонд ороод 21 цагийн орчимд “Үлэмж” караоке руу орж вип өрөөнд сууж байгаад цаг дуусахаар нь нийтийн заал руу нь орж суусан. О, Э бид гурав 6 лааз пиво уусан. Бид нар заалны зүүн талын хойд талаас 2 дахь ширээн дээр сууж байсан. Бид нарыг сууж байхад 3 залуу, 2 эмэгтэй орж ирээд бид нарын хойд талын ширээн дээр сууж байсан. Тэд нарыг орж ирсний дараа Ц гээд залуу орж ирээд нөгөө 3 залуу 2 эмэгтэйн сууж байсан ширээнд суусан. Тэгээд бид нар дуу дуулаад сууж байхад ямар алиа дуулдаг юм бэ? гэх мэтээр Ц хэл амаар доромжлоод байсан. Ц-ийг би урьд хэрэг төвөгт орооцолдож байсан гэдгийг нь мэддэг учраас хоёр найздаа чимээгүй хая гээд бид гурав Цийг тоолгүй сууж байсан. Тэгтэл манай найз Э-ийн тэвчээр нь алдарсан бололтой нэг харахад босоод явчихсан байсан. Гэнэт Ц-тай цохилцож эхлээд О бид хоёр босч очоод салгах гэсэн чинь хаанаас ч юм вип өрөөнд байсан юм уу? яасан юм олон залуучууд гараад ирчихсэн тал талаас татаж чангаагаад байсан. Тэгээд Ц миний зүүн нүдний орчимд цохиод намайг чирээд караокеноос гаргасан. Тэгээд коридорт гараад чи яах гээд байгаа юм наад залуучуудаа тараа асуудал болно гэсэн чинь намайг газарт унагаагаад нэг удаа өшиглөчихөөд цаашаа орсон. Тэгээд буцаад караоке руу ортол манай хоёр найзыг тал талаас нь хүмүүс чангаачихсан явуулахгүй байсан. Э газар уначихсан нүүр нь бага зэрэг цус болчихсон байсан. Тэгээд би тэд нарыг салгаад Э-ийг татаж босгоод бармен нь цагдаа дуудлаа шүү гэхээр нь би цагдаа дууд гэж хэлчхээд караокеноос гарч явсан. Би бодохдоо Ц олон хүнтэй явж байсан юм болов уу гэж бодсон. Э, Ц-тай маргалдаад нэг харахад цохилцож байсан. Тэгээд салгах гээд очиход баахан залуучууд гараад ирсэн. Тэд нартай зууралдаж байхад Ц намайг цохиод коридор руу чирээд гаргасан. Тухайн үед хориглох гээд хүч хүрээгүй. Буцаад ороод ирэхэд Э, О 2 дээр баахан залуучууд овоорчихсон байсныг татаж босгоод би өөрөө караокеноос гарсан. Миний зүүн нүд бага зэрэг хөхөрсөн бусдаар сүйдтэй гэмтэл учраагүй. Миний биед Ц гэмтэл учруулсан. Э яаж байгаад хүний шүд хугалсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай хамаатны ах Ж найзтайгаа хамт караоке орж ганц цаг суух гэсэн юм жолоо бариад өгөөч гэж гуйсан. Тэгээд би эхнэр Б-ийн хамт очсон. Ингээд Үлэмж караокед орсон. Тухайн үед ах Ж бэр эгч М, Э, Г гээд хоёр найзынхаа хамтаар явж байсан. Тэгээд бид нар караокены вип өрөө нь дүүрэн гээд нийтийн заалны зүүн хойд хэсэгт орж суусан. Тэгээд ах нэг шил 0.5 литрийн архи аваад Э, Ж ах хоёр ууж байсан. Тэгтэл гаднаас Ц гээд Ж ахын найз нь орж ирээд манай ширээн дээр суусан. Тэгээд тэд нар архинаас ганц хоёр л татсан байсан байх. Тэгээд урд ширээнд сууж байсан 3 залуугийн нэг урт үстэй залуу нь босч ирээд тэр Цийг цохиод авсан. Ингээд зодоон болоод Ж ах болиоч гээд босоод иртэл нэг гар орж ирээд Ж ахыг цохичихсон. Тухайн үед би хэн нь цохисныг анзаарч хараагүй. Тэгээд цагдаа дуудаарай гэхээр нь манай эхнэр бид хоёр гадаа гарч эхнэр цагдаа руу залгачхаад буцаад ороод ирэхэд урд ширээнд сууж байсан 3 залуугийн 2 нь цээжээ нүцгэлчихсэн хэн хүнгүй л дайраад байсан. Манай эхнэрийг түлхэж унагаасан. Тэгтэл ахын шүд уначихсан гээд харуулж байсан. М эгч тэр Цийг эхэлж цохисон урт үстэй залуу нь цохисон гэж хэлж байсан. Нөгөө нэг хамт байсан залуу нь Ц-тай зууралдаад байх шиг байсан. Тэр залуу нь цагдаа залуу юм гэсэн тэр ч сүйдтэй зодоон цохион хийж харагдаагүй. Нөгөө хоёр нь цээж нүцгэн нь л жоохон дэвээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

 

      Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 29 дугаартай:

      1. О.Ж-ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

      3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/

 

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

       Согтуурлыг шалгасан тухай магадлагаа /хх-ийн 3-5/

       Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41/

       Эд зүйл баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 50/

       Дундговь аймгийн С сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/

       “2022 оны 01 сарын 16-ны өдөр Б.Эминий бие О.Ж-ийнхохирлыг барагдуулж 2.000.000 төгрөг өгөв.” гэх хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 73/

       Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Б.Э нь 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн Хүнд машин механизмын оператор мэргэжлийн 1 жилийн ангид суралцаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 76/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/

       2018 оны 08 сарын 06-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-89/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Э нь Дундговь аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж” караокед 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 22 цагийн 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ц-тай“хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч О.Ж-ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь Дундговь аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж” караокед 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 22 цагийн 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ц-тай хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч О.Ж-ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

       шүүгдэгч Б.Э-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй” гэх,

       хохирогч О.Ж-гийн: “Би болиулах гэсэн чинь нөгөө шар царайтай залуу миний нүүр рүү цохиод шүд унагаачихсан.” гэх

       гэрч Л-ын“шүдээ цохиулсан гээд байгаа залуугийн эхнэр нь цагаан хувцастай урт үстэй залууг цохисон гээд татаж чангаагаад байсан.Шүдээ цохиулсан залуу нь цагаан цамцтай залуутай зодолдоод байсан.” гэх мэдүүлгүүд

       Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Д.Дунгаамаагийн 29 дугаартай шинжээчийн: О.Ж-ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Ж-д хохирол төлсөн баримт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.   

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

         Шүүгдэгч Б.Э-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.Ж-ийн эрүүл мэндэдзүүн дээд 1-р шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан байна.

       Хохирогч О.Ж нь хохирлын төлбөр 2.000.000 төгрөг авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгджээ. Иймд шүүгдэгч Б.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч Б.Э нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 06-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

          Шүүх шүүгдэгч Б.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

       Шүүгдэгч Б.Э-ийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал 2222000000012 дугаартай хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2. Шүүгдэгч Б овогт Б-ын Э-өд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал 222200000012 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР