Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 803

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 15 өдөр             Дугаар 128/ШШ2019/0803             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган, нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, нийтэд мэдээлэхийг Татварын ерөнхий газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.М, хариуцагч Татварын ерөнхий газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Нийслэлийн Татварын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б.Б миний бие Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар томилогдон ажил үүргээ хангалттай биелүүлэн гүйцэтгэдэг байсан. Төрийн албан хаагчийн сул орон тоог нөхөх удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг Татварын ерөнхий газар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан бөгөөд уг сонгон шалгаруулалтад миний бие Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдөж хамгийн өндөр оноог аван тэнцсэн байдаг. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл Татварын ерөнхий газар нь тус сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэхгүй тэнцсэн албан тушаал болох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргалгүйгээр иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл иргэн би аль эрт буюу 2017 оны 05 дугаар сард Төрийн албаны тухай хуулийн дагуу удирдах ажилтныг сонгон шалгаруулалтад орж албан ёсоор тэнцсэн байхад өнөөдрийг хүртэл түүний хэрэгжилт, сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж, хуралдаанаараа хэлэлцэж тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь илт хуулийг зөрчиж, хуульд заасан үүргээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхгүй байгаа нь буруу гэж үзэж байна.

Уг сонгон шалгаруулалтын дараа миний бие түр орлон гүйцэтгэгчээрээ үргэлжлүүлэн ажиллаж байсан ба Санхүү, эдийн засгийн их сургуулийн “магистрант”-аар суралцаж төгсөхтэй холбоотойгоор 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сургалтын чөлөө хүссэн өргөдлийн дагуу Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар “Б.Быг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх тухай” тушаал гаргасан байдаг. Сургуулиа амжилттай төгссөний дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Татварын газрын даргатай биечлэн уулзаж өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа орох хүсэлтэй байгаагаа танилцуулахад “би эгүүлэн томилох тухай асуудлыг мэдэхгүй байна энэ асуудлаараа Татварын ерөнхий газрын даргад ханд” гэсний дагуу миний бие мөн өдрөө Татварын ерөнхий газрын дарга Д.Зад хандаж өмнө эрхэлж байсан ажилд томилж өгөх хүсэлтээ өгсөн боловч ямар нэг хариуг албан ёсоор өгөөгүй билээ. Түүнчлэн сургалтын чөлөө авсантай холбогдуулж ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хугацаа дуусаж өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн томилуулах тухай хүсэлтээ удаа дараа эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж, биечлэн уулзсан боловч Татварын ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/503 дугаар “орон тооны илүүдэлтэй ажиллаж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж” албан бичгээс өөр хариуг өгөөгүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн.

Товчхондоо иргэн миний хууль журмын дагуу хариуцагч байгууллагаас зохион байгуулсан төрийн удирдах ажилтын сонгон шалгаруулах шалгаруулалтад албан ёсоор оролцож хамгийн өндөр оноог авч тэнцсэн байхад тус дүнг нийтэд мэдээлэхгүй салбар зөвлөл нь хуралдаанаараа орж танилцуулахгүй байгаа болон өмнө эрхэлж байсан ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргээ зөрчин сургуулиа төгсч урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа томилогдох хүсэлтийг үндэслэн хуулийн дагуу томилсон шийдвэр гаргахгүй байгаа нь иргэн миний хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Хариуцагчаар дээрх 3 байгууллагыг тодорхойлохдоо дүнг зарлахгүй байгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Татварын ерөнхий газрын дарга, түүний дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл, харин ажилд эгүүлэн томилуулах шаардлагын хариуцагч нь Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын дарга гэж тус тус тодорхойлсон. Нийслэлийн Татварын газрын даргад хандахаар Татварын ерөнхий газрын дарга мэднэ, томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд хуульд зааснаар Нийслэлийн Татварын газрын дарга томилох эрхтэй хэдий ч дээрх шалтгааныг хэлж, 2 эрх бүхий албан тушаалтан эс үйлдэхүй гаргасан тул хамтран хариуцагчаар тодорхойлсон болно.  

Иймд “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийтэд мэдээлж, хуралдаанаараа хэлэлцэж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гаргахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2007 онд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар, 2012 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар, 2013 онд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2016 оноос Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төгсөх гээд Дипломын ажил бичих, судалгааны ажил хийх зэрэг ажил гарсан тул чөлөө авахаар болсон. Ажил цалгардахвий гэсэн үндэслэлээр чөлөө авсан.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Б.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, ажил үүргээ зохих журмын дагуу явуулж байсан. Татварын ерөнхий газраас 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдөж хамгийн өндөр оноог авч тэнцсэн байдаг. Үүнийг шалгалтын комиссын дүгнэлтээр баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн дарга нас барсантай холбоотойгоор салбар зөвлөлийн дарга шинээр томилогдоогүй гэсэн хүндэтгэх шалтгааны улмаас салбар зөвлөл комиссын дүгнэлтийг журмын дагуу баталгаажуулах, нийтэд мэдээлэх, нэр дэвшүүлэхээр уламжлах зэрэг ажиллагаанууд хийгдээгүй. Үүнээс болоод нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл тэнцсэн албан тушаал дээрээ томилогдож чадаагүй буюу эрх ашиг нь зөрчигдөөд явж байна. Энэ талаар хариуцагч байгууллагад энэ асуудлаа яаралтай шийдвэрлэж өгөөч гэж удаа дараа хэлж байсан.  Тухайн үеийн 2017 оны сонгон шалгаруулалт ганцхан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс дээр болоогүй бүх дүүргийн татварын хэлтэс дээр болсон.  Ихэнхи дээр нь татварын хэлтсийн даргын албан тушаал дээр сул орон тоог нөхөх, удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажил явагдсан.

Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж хуульчилсан байгаа. Ингэж хуульчилсны дагуу Улсын Их Хурал 2013 оны 13 дугаар тогтоолоороо “Төрийн жинхэнэ албанд удирдах албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Уг журмын 10 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь энэ журмын 9 дэх хэсэгт зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна гэж заасан байдаг. Уг Татварын хэлтсийн даргын албан тушаал нь 9 дүгээр зүйлд заанаас бусад хэсэгт нь хамаарч байгаа. Энэ журам дээр шалгалтын комиссыг байгуулна, комисс дүнгээ гаргана, дүнгээ салбар зөвлөлд хүргүүлнэ, салбар зөвлөл комиссын дүгнэлтийг  хуралдаанаараа хэлэлцэж баталгаажуулан тогтоол гаргаж, энэ тухайгаа олон нийтэд мэдээлж Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ, Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авсан этгээдийг нэр дэвшүүлэн томилох эрх бүхий этгээдэд уламжлах гэсэн процесс ажиллагаанууд явагдах ёстой боловч өнөөдрийн байдлаар хариуцагчаар татагдсан салбар зөвлөл эдгээр ажиллагааг хийхгүй байгаа юм.

Эдгээр ажиллагааг хийхгүй шалтгаанаа түрүүн дурдсан салбар зөвлөлийн дарга нас барсан гэсэн үндэслэлээр тайлбарладаг боловч, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн даргын 61 дүгээр тушаалаар салбар зөвлөлийн даргыг шинээр томилсон, мөн өдрийн 82 дугаар тушаалаар салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байдаг. Дээрхи тушаалуудаар тухайн салбар зөвлөлүүд 2017 онд зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хэлэлцээд батлах, нэр дэвшүүлээд явуулах боломж бололцоо бодит байдал дээр хууль эрхзүйн хувьд бүрэн бий болсон байхад энэ үйлдлийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг маш ноцтойгоор зөрчиж байгаа гэж үзэж байна.

Эдгээр албан тушаалуудтай холбоотойгоор Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зөвлөгөө авах тухай албан бичиг Төрийн албаны зөвлөлийн даргад хүргэгдсэн байдаг. Уг албан бичгийн хариуд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 853 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр “салбар зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл хугацаанд үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн ажиллахыг үүгээр зөвлөе” гэсэн байдаг. Эдгээр баримтуудаас үзэхэд хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлд ямар нэгэн байдлаар хууль журмыг хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн 2 дахь шаардлагын үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь  2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөр сургалтын чөлөө хүссэн. Сургалтын чөлөөний агуулга нь 3 сарын хугацаатай чөлөө олгож өгөөч гэсэн ба энэ асуудлыг Нийслэлийн Татварын газрын даргын дотоод журмаараа шийдвэрлэх асуудал байдаг. Чөлөө хүссэн өргөдөл нь ажлаас түр чөлөөлөгдөх гэсэн агуулгаар явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаарт тушаалаар “Быг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх тухай” тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 3 сарын хугацаа өнгөрсөн, ажилдаа эргэн орох боломжтой гэдэг үүднээс 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Татварын газрын даргатай биечлэн уулзаж хүсэлтээ гаргасан боловч таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй, энэ тухай асуудлаа Татварын ерөнхий газрын даргад хандаж шийдвэрлүүл гэдэг хариу өгсөн.

Энэ дагуу Татварын ерөнхий газрын даргад хандсан боловч өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаагүй, томилохгүй байх шалтгаанаа орон тооны илүүдэлтэй ажиллаж байгаа тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн дотоод журамд 3 сар хүртэлх хугацаа нь түр чөлөө олгох асуудал учраас бид ажлын байр хэвээр хадгалагдана гэж үзэж байгаа. Тийм учраас бусад гаргасан огнооны дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилох ёстой, томилох үүргээ Нийслэлийн Татварын газрын дарга болон Татварын ерөнхий газрын дарга хэрэгжүүлэхгүй, энэ үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2 дахь шаардлагаа тайлбарлаж байгаа. Эдгээр үндэслэлүүдийг харгалзаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн болон Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... Төрийн албаны тухай /2002 оны хууль/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” , Улсын Их  Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.10-т "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/ нь энэ журмын 9-д зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна" гэж заасны дагуу Төрийн албаны Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл нь төрийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулах эрхтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-д “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байдаг. Тэгвэл нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн татварын газарт “ажлаас чөлөөлж нөөцөд бүртгэж өгнө үү” хэмээн хүсэлт өгсөн байдаг бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, мөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын дарга Д.Зад  “сургалтын хугацаа дууссан тул эргэн ажилдаа орох хүсэлтэй байгаа тул албан тушаалд томилж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан байдаг. Энэ нь нэхэмжпэгч Б.Б нь өмнө ажиллаж байсан албан тушаалдаа биш Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6-д "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 271.6.9.үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах;” гэж заасан эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасанд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/503 тоотоор хариу хүргүүлсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилдөж байх бөгөөд энэ нь Татварын ерөнхий газрын дарга эс үйлдэхүй үйлдсэн гэх үндэслэлгүй юм.

Иймд Татварын ерөнхий газрын дарга Б.Быг өмнө эрхэлж эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй үйлдсэн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн болон Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн албаны сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр сонгон шалгаруулах комиссын №08 дугаартай дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтэд комиссын дарга, комиссын гишүүд гарын үсэг зурсан. Гэтэл салбар зөвлөлийн комиссын дарга нь гэнэтийн байдлаар нас барсан байдаг тул энэ асуудал тодорхойгүй байдлаар түр хойшилсон. Гэхдээ Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэдэг зарчмаар явагдаж байсан учраас Б.Б нь “Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт буюу сонгон шалгаруулалттай холбоотой дүгнэлтийг нийтэд зарлахгүй, албан тушаалд томилохгүй байна” гэсэн гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрх нээлттэй байх хугацаанд гомдлоо гаргаагүй байж 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өөрөө хүсэлт өргөдлөө өгөөд чөлөөлөгдөж, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Ийм учраас сонгон шалгаруулалтын дүнг заавал нийтэд зарлах ёстой байсан гэж үзэхгүй байгаа. 2017 оны 5 дугаар сарын энэ дүгнэлт гарснаас хойш маргах эрх нь нээгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэхгүй байна гэсэн асуудлаа Төрийн албаны зөвлөлд гаргах эрх нь нээлттэй байсан гэж үзэж байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргад нэр дэвшигч 2 иргэний хувьд Төрийн албаны зөвлөлд хандаад явсан. Бусад дүүргүүд дээр мөн л хэлэлцээгүй. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд тухайн гомдол гаргасан иргэний гомдлын дагуу сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж нийтэд зарласан байгаа. Энэ комисс  баталгаажуулах байсан уу, одоогийн түр орлон гүйцэтгэгч н.Сайханчулуун дарга баталгаажуулах байсан уу гэж салбар зөвлөлөөс Төрийн албаны төв байгууллагад хандан чиглэл хүссэн байдаг.

Нийслэлийн Татварын газраас дүүргийн Татварын хэлтсийн даргыг томилж, чөлөөлөгдөхтэй холбоотой харилцааг зохицуулж тушаал шийдвэр гаргадаг учраас Татварын ерөнхий газрын дарга хариуцагч биш юм. Нэхэмжлэгчийг хариуцагчаа зөв тодорхойлоогүй юм байна гэж үзэж байгаа. Нэгэнт нөөцөд бүртгэж өгнө үү гэж хүсэлт тавьж чөлөөлөгдсөн, орон тоонд нь өөр хүн томилогдсон буюу орон тооны хувьд боломжгүй гэдэг үүднээс хүсэлтэд нь хариу өгөөгүй.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Б.Бын гаргасан хүсэлтийн дагуу 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “...гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.5-д заасан үндэслэлээр төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.

Хэрэв төрийн албан хаагч хуулийн дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд түүний оронд тухайн албан тушаалын болзол шалгуурыг хангасан этгээдийг Нийслэлийн Татварын газрын дарга томилох эрх, үүргийнхээ дагуу Болдбаатарыг тус газрын даргын 2018 оны 03 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар томилсон. Иймд Б.Быг томилохгүй байх эс үйлдэл тус газрын даргын зүгээс гаргаагүй бөгөөд татварын хэлтэс буюу татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Татварын алба дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 28.1.1.татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах; 28.1.2.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх; 28.1.3.татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах; 28.1.4.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх зэрэг хуульд заасан ажиллагааг албаныхаа хэмжээнд удирдлага арга зүйгээр хангаж ажилладаг.

Иймд тус газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 3 сараас дээш хугацаагаар сургалтад явах шаардлагатай болсон хүсэлтээ гаргаад чөлөөлөгдсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулиар хэрвээ 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар маргаан үүсвэл Төрийн албаны зөвлөлд хандаж шийдвэрлүүлсний дараа мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг заасныг баримтлан  Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал нь уг шийдвэрийг гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэсэн зохицуулалтаар явах байсан.

Нөгөө талаар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр биечлэн уулзсан гэж сая өмгөөлөгч нь хэлж байна. Энэ хүн ажил албандаа эргэж томилогдох гэж байгаа бол энэ асуудлаа заавал бичгээр гаргах ёстой, тэгж байж хүсэлтийг нь шийдвэрлэх боломжтой. Биечлэн уулзсан бол тэмдэглэл хөтөлдөг ч юм уу тийм байдлаар нотлох баримтаар илэрхийлэх боломжтой байх. Цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд өөрөө хүсэлтээ гаргаж чөлөөлөгдсөн. Нийслэлийн Татварын газраас цалин хөлстэй холбоотой асуудлыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тухайн асуудлыг даалгасан. Баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс энэ хүн чөлөө аван ажлаасаа чөлөөлөгдсөн тул Төрийн албаны нөөцөд бүртгэгдэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан зохицуулалт, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журмын дагуу нөөцөд бүртгэгдэн, нөөцөөс төрийн албаны сул орон тоонд эргэж орохтой холбоотой харилцаа явагдах байсан.

Одоо ажиллаж байгаа хүн нь Төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлд таарсан, тусгай шаардлагыг хангасан, төрийн албаны шинэ хуульд заасан төрийн албанд 8 жил, ахлах байцаагчаар 4 ажилласан хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа. Манай Нийслэлийн Татварын газрын зүгээс бид энэ хүнийг албан тушаалд нь томилохгүй байгаа ямар нэгэн эс үйлдэл хийгээгүй. Нийслэлийн Татварын газрын даргад өргөдөл, гомдлоо гаргаад түүнийг нь шийдвэрлүүлсэн баримт байхгүй байгаа учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагаас “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албаны сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийтэд мэдээлж хуралдаанаараа хэлэлцэж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгах” шаардлагыг хангах үндэслэлтэй байх бөгөөд “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Б.Б нь Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, энэ хугацаанд Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байдаг бөгөөд мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнх нь “...Санхүү эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцдаг бөгөөд 2018 оны 4 дүгээр сард төгсөх тул одоо гүйцэтгэж буй ажлаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоонд зарлагдсан шалгалтад өрсөлдөж 64,6 оноог авч тэнцсэн байхад Татварын ерөнхий газар нь тус сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэхгүй, салбар зөвлөл нь хуралдаанаараа оруулж танилцуулахгүй байгаа болон өмнө эрхэлж байсан ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргээ зөрчин, урд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа” гэж маргажээ.

Нэг. “Төрийн жинхэнэ албаны удирдах албаны сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийтэд мэдээлж хуралдаанаараа хэлэлцэж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай Татварын ерөнхий газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан шаардлагын тухайд:

Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “нийслэл, дүүргийн газар хэлстийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтныг сонгон шалгаруулах комиссыг дарга /салбар зөвлөлийн дарга буюу Татварын ерөнхий газрын дарга/, 2 гишүүн /салбар зөвлөлийн гишүүн, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/ -ий бүрэлдэхүүнтэй байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дүнг 2017 оны 05 дугаар сард Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг комиссын даргад даалгасан байдаг. 

Энэ сонгон шалгаруулалтын комисс Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн дүүргүүдийн татварын хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Б уг албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, 64,6 оноогоор тэнцсэн нь сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн баримт бичгийн жагсаалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас, сонгон шалгаруулалтад оролцогсдын авсан дүнгийн дэлгэрэнгүй хуулга, сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн НСШ/08 дугаартай “Чингэлтэй дүүргийн Татварын хэлстийн даргын албан тушаалын шаардлагыг хангаж байгаа Б.Быг томилуулахаар нэр дэвшүүлсэн” дүгнэлт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.[1] 

Энэ сонгон шалгаруулалт явагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 22-ын 2, 3, 4, 6-д “комисс нь сонгон шалгаруулалтыг зохион явуулж, сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, сонгон шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлж, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайланг тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хамт Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлд ирүүлэх”-ээр, 8 дугаар зүйлийн 29, 30-д  “сонгон шалгаруулалтын дүнг комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргаж, шийдвэрт комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, комиссын дарга сонгон шалгаруулалтын тайланг сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хамт Төрийн албаны зөвлөлд буюу салбар зөвлөлд биечлэн өгөх”-өөр 9 дүгээр зүйлийн 32, 33, 34, 35, 36-д “Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь комиссын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, комиссын санал, судалгаа, тодорхойлолт зэргийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулж, нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс ... нэр дэвшүүлж, нэр дэвшигчийн талаархи санал, дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж, тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлж, томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргах”-аар нарийвчлан журамласан байна. 

Энэ журмын 5 дугаар зүйлийн 22-ын 2, 3-т дагуу Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн дүүргүүдийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг сонгон шалгаруулалтын комисс зохион явуулж, сонгон шалгаруулалтын дүнг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн комиссын хуралдаанаар хэлэлцэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлстийн даргын албан тушаалын шаардлагыг боловсрол, мэргэжил, туршлага, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хангаж байгаа үндэслэлээр Б.Быг томилуулахаар нэр дэвшүүлж” НСШ/08 дугаартай дүгнэлт гарган комиссын дарга буюу салбар зөвлөлийн дарга, комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас журмын 9 дүгээр зүйлд заасан “Салбар зөвлөл нь комиссын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, комиссын санал, судалгаа, тодорхойлолт зэргийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулж, нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс ... нэр дэвшүүлж, нэр дэвшигчийн талаархи санал, дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж, тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлж, томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргах” ажиллагаанууд хийгдээгүй байх бөгөөд энэ талаар буюу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын орон тоонд зарласан сонгон шалгаруулалтын дүнтэй холбогдуулан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн байдаг[2].

Сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар 2017 оны 5 сарын 12-ны өдөр хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг салбар зөвлөлийн дарга баталсан байдаг ч сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй, хариуцагч сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй, дүнг нийтэд мэдээлээгүй үндэслэлээ ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй байсан гэж тайлбарладаг.

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн даргын үүргийг Татварын ерөнхий газрын дотоод аудитын газрын даргад хариуцуулж, мөн өдрийн 82 дугаар тогтоолоор тус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан байх тул энэ үеэс дээрх сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэх, сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэх, цаашилбал ... зохих шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулж, нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс ... нэр дэвшүүлэх ажиллагаанууд хийгдэхээр байжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 622, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 853 тоот албан бичгүүдээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй адил нөхцөл байдлын талаар буюу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэн албажуулж, сул орон тоог нөхөх арга хэмжээ авахыг, салбар зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулж батлах хүртэл салбар зөвлөлийн ажиллах журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Гэвч сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулаагүй, сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлээгүй Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн энэ эс үйлдэхүй хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулахыг, сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэхийг Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хугацаанд Төрийн албаны тухай шинчилсэн найруулга хууль 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн бөгөөд уг хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ыг батлагдсан, энэ журмын 3.5.3, 3.5.4-т заасан салбар зөвлөл “шалгалт зохион байгуулж, албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх” чиг үүргийг мөн л хэрэгжүүлэхээр байна. 

Дээр дүгнэгдсэнээр сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаар хэлэлцэх, дүнг нийтэд мэдээлэх нь салбарын зөвлөлийн чиг үүрэг бөгөөд Татварын ерөнхий газрын даргад тухайлан олгогдсон чиг үүрэг биш тул нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд Татварын ерөнхий газрын дарга хариуцагч болохооргүй байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулаагүй, дүнг нийтэд мэдээлээгүй одоог хүртэл үр дагавар үүсгэсээр буй салбар зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйн талаар нэхэмжлэл гаргах эрхийг хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах боломжгүйн дээр төрийн албанаас суралцах үндэслэлээр түр чөлөөлөгдөж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн нэхэмжлэгчийг “төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх хариуцагчийн тайлбар огт үндэслэлгүй юм.

Учир нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтад ороход журмын 24, 25-д зааснаар зайлшгүй төрийн жинхэнэ албан хаагчаар ажилладаг байхыг шаарддаггүйн дээр журмын 41-д зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэнийг төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгсөнд, нөөцөд байгаад тооцдог байна. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2007 оноос төрийн жинхэнэ албанд ажилласан, 2008 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад 2018 онд суралцах үндэслэлээр түр чөлөөлөгдөж төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн тул төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж, мэдээлэхтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Мөн уг сонгон шалгаруулалтаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлстийн даргын албан тушаалд өрсөлдсөн өөр нэг иргэн сонгон шалгаруулалтад тэнцээгүй байдаг тул шүүх гуравдагч этгээдээр татагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд байхгүй гэж үзсэн болно.

Хоёр. Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар Б.Быг өөрийнх нь гаргасан “...Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцдаг бөгөөд 2018 оны 4 дүгээр сард төгсөх тул одоо гүйцэтгэж буй ажлаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу түр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль /2002 оны/ -ийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “...гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлийг баримтлан түр чөлөөлж, мөн зүйлийн 23.5-д зааснаар төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцсон байна. 

Б.Б 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Татварын ерөнхий газрын даргад “сургуулиа төгссөн бөгөөд эргэн ажилдаа орох хүсэлтэй буйгаа” илэрхийлж хүсэлт гаргасан, мөн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын даргад “өмнө нь хүсэлт гаргасан ч шийдвэрлэж хариу өгөөгүй гээд ажилдаа эргэн орох хүсэлт” дахин гаргасан байдаг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний хүсэлтэд ямарваа хариу өгөөгүй, харин 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтэд “Татварын ерөнхий газар болон харьяа татварын газар, хэлтсүүд нь орон тооны илүүдэлтэй ажиллаж байгаа үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газраас өгчээ.

Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-т зааснаар дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр байна. Гэтэл нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газрын даргатай биечлэн уулзаж өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа орох хүсэлтэй байгаагаа танилцуулахад “би эгүүлэн томилох тухай асуудлыг мэдэхгүй байна энэ асуудлаараа Татварын ерөнхий газрын даргад ханд” гэсний дагуу миний бие Татварын ерөнхий газрын даргад хандаж хүсэлтээ гаргасан” гээд энэ шалтгаанаар “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”  шаардлагынхаа хариуцагчаар Нийслэлийн Татварын газрын даргаас гадна Татварын ерөнхий газрын даргыг тодорхойлсон байдаг.

Татварын ерөнхий газар түүний гаргасан “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах” хүсэлтэд “орон тооны илүүдэлтэй учир боломжгүй” гэх хариуг өгсөн бөгөөд үүнийгээ “дүүргийн Татварын хэлтсийн даргыг томилохтой холбоотой Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4 дэх хэсгийн зохицуулалтаар биш, мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.6.9 дэх үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх талаарх Татварын ерөнхий газрын даргын эрх хэмжээний хүрээнд өгсөн хариу” хэмээн тайлбарласан байна.

Иймд Татварын ерөнхий газрын дарга нэхэмжлэлийн “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын хүрээнд хариуцагчаар оролцох үндэслэлгүй байна.

Тодруулбал нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд жинхэнэ хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4 дэх хэсгийн зохицуулалтаар Нийслэлийн Татварын газрын дарга байна.

Нэхэмжлэгч түр чөлөөлөгдсөн, буцааж томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй цаг хугацааны тухайд Төрийн албаны тухай 2002 оны хууль болон 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Төрийн албаны тухай шинэчилсэн найруулга хууль хэрэглэгдэхээр байна. 

Хэдийгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ч нэхэмжлэгч Б.Б нь 2008 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, татварын албанд татварын улсын байцаагч, ахлах байцаагчаар ажилласан, түүнчлэн дээр дүгнэснээр түр орлон гүйцэтгэж байсан тухайн удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байсан тул түүнийг    Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч гэж үзнэ, төрийн жинхэнэ албан хаагчийн “3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдөх, төрийн жинхэнэ албаны нөөцөд байх” харилцааг Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйл, 17 дугаар зүйл,  улмаар төрийн жинхэнэ албанд буцаан томилогдох харилцааг Төрийн албаны тухай хууль /2017 оны шинэчилсэн найруулга/ -иар зохицуулахаар байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, түүнтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль /2002 оны/ болон холбогдох эрхийн актаар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар “3 сараас дээш хугацаагаар суралцах болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг мөн зүйлийн 23.5-д төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцохоор заажээ.

Мөн Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.6, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”ын 2.1.4-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд нэхэмжлэгч бүртгэлтэй байна.  

Нэхэмжлэгчийг ажилдаа буцаж орохоор Нийслэлийн Татварын газрын даргад биечлэн хандсан гэх үед болон Татварын ерөнхий газрын даргад бичгээр энэ талаар анх хүсэлт гаргасан үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалт болох Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмаар төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх, төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх харилцааг зохицуулсан бөгөөд журмын 2-т зааснаар нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн 2 дэд хэсэгтэй, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөж мөн зүйлийн 23.5-д заасан төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдсон төрийн жинхэнэ албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүрэлдэхүүн хэсэгт хамаарахаар, 4.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй.” гэж заажээ.

Иймд Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч нь мөн зүйлийн 23.5-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн бөгөөд түүний төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хүчин төгөлдөр байх нь.

Мөн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Төрийн албаны тухай хууль /2017 оны шинэчилсэн найруулга/-ийн хэмжээнд батлагдсан дээрх Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 4.2-т “төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болохоор, тэр хүртэл хүчинтэй байхаар байна.

Нэхэмжлэгч өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахаар дахин хүсэлтээ гаргасан үед болон шүүх энэ маргааныг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөхөөр,  27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухай байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөхөөр, 27.1.3-т дээрх байдлаар нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр тус тус дараалсан байдлаар хэрэглэхээр зохицуулсан байна.

Нөгөө талаас төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн суурь харилцааг зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулиар ажил албан тушаал хадгалагдах зохицуулалтыг тухайлан зохицуулсан бөгөөд үүнд “суралцах үндэслэлээр түр чөлөөлөгдсөн албан хаагчийн ажлын байр” хамаардаггүй болно.

Ийнхүү суралцах шалтгаанаар төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдөж төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн албан хаагчийн ажлын байр хадгалагддаггүй, сул орон тоог нөхөх хуулиар тогтоосон дарааллын дагуу шийдвэрлэгдэх тул “сул орон тоо байхгүй” шалтгаанаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилоогүй гэх Нийслэлийн Татварын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг, үүнтэй холбогдох бусад шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга 2017 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4,  Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 32, 35 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхгүй, дүнг нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дүнг нийтэд мэдээлэхийг Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг  “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 


[1] Хэргийн 76, 78, 79, 80 дугаар хуудас

[2] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.5-ны өдрийн 688 дугар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 72 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.04.02-ны өдрийн 94 дугаартай тогтоол