Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/2014

 

                                             

2015 оны 4 сарын 29 өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн

хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн

14 дүгээр магадлалын тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Б-д сахилгын арга хэмжээ авах тухай 14 дүгээр магадлалыг шүүгч Г.Б-н гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

“К” ХХК-ийн ерөнхий захирал З.Б Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: ... Манай компани Монголын төмөр зам компанитай байгуулсан гэрээний дагуу өөрийн болон зээлийн хөрөнгөөр бүхий л зардлыг хариуцаж 4.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч захиалагч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй. “К” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх учир байдлыг дурдаж, холбогдох баримт материалыг хавсарган ИХШХШТХ-ийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгөхийг хүссэн юм. Тус шүүхийн шүүгч Г.Б нь өр төлбөртэй талаарх баримтуудыг хавсаргасан хэдий ч энэ нь тус компанийг төлбөрийн чадваргүйг нотлох баримт болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гаргасан.

Тус компани санхүүгийн боломжийг шавхаж 5 сая төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлж тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлөх хүсэлтийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд дахин гаргасан. Гэтэл нэхэмжлэлийг шүүгч Г.Б мөн хүлээн аваад их хэмжээний өр төлбөртэй, санхүүгийн байдал хүнд байгаа талаар дурдаж өр төлбөртэй баримтуудыг хавсаргасан хэдий ч хэсэгчлэн төлүүлэх үндэслэлгүй гэж үзээд хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг дахин гаргажээ. Иймд шүүгч Г.Б-н талаар гаргасан гомдлыг шалгаж, зохих шийдвэрийг гаргахыг хүсье гэжээ.

Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Г.Б ирүүлсэн тайлбартаа: ... Шүүгч хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзвэл нэхэмжлэгч гаргагчийн хүсэлтийг заавал хангаж буюу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эсхүл хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үүрэггүй тул хүсэлтээ баримтаар нотлоогүй шалтгаанаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Гомдол гаргагч юуг үндэслэн шүүгчийг хардаж, хэн нэгнээс хараат байдлаар захирамж гаргасан гэж үзсэн болох, мөн шүүгчийн ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Б-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүгч Г.Б давж заалдах гомдолдоо: Ёс зүйн хорооны тогтоолыг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, танилцлаа.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Б надад холбогдуулан гаргасан “К” ХХК-ийн захирал З.Баасандорж ...шүүгч “К” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эсхүл хэсэгчлэн чөлөөлж өгөөгүй тул хувийн ашиг сонирхлоор хандаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэл зааж гомдол гаргажээ.

Миний бие нь хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж, ажилладаг бөгөөд хэн нэгний нөлөөнд автан, бусдын хууль ёсны эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг нь хязгаарласан тохиолдол байхгүй төдийгүй, төрийн өмчит М ХК болоод “К” ХХК-тай ямар ч холбоогүй, тус компаниудад ажилладаг нэг ч хүн танихгүй, “К” ХХК-аар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх талаар хэн нэгнээс заавар, чиглэл, хүсэлт хүлээн аваагүй гагцхүү хуульд заасан шаардлагыг тавьсан болно.

Шүүгч нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзвэл, нэхэмжлэл гаргагчийн хүсэлтийг заавал хангаж буюу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эсхүл хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үүрэггүй тул хүсэлтээ баримтаар нотлоогүй шалтгаанаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ёс зүйн хорооны магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө гэж заасныг хангаагүй гэжээ.

Аж ахуй эрхлэгчид өр, авлагатай байх нь энгийн үзэгдэл бөгөөд өртэй гэх баримт гаргасан компани болгоныг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эсхүл улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргах нь дээрх хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасан Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно гэх заалтад нийцэхгүй юм.

Нэхэмжлэл гаргагч нь хэрэв төлбөрийн чадваргүй гэж үзэж байгаа бол энэхүү байдлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд өртэй гэх баримт гаргасан аж ахуйн нэгж бүрийг төлбөрийн чадваргүй, мөнгөний боломжгүй гэж үзэхгүй ба санхүүгийн хувьд хүндрэлд орсон гэж байгаа бол үйл ажиллагааныхаа тайлан, балансыг нэхэмжлэлдээ хавсаргаж энэхүү байдлаа нотлон хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан боловч нотлох баримтаа хавсаргаж шүүхэд нэхэмжлэлээ гаргахын оронд сахилгын хороонд ханджээ.

Шүүх хөндлөнгийн байгууллага тул ийм баримт аваад ирвэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөөд өгье эсхүл улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлүүлье гэж захирамждаа дурдах нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3-т Шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэх заалтыг зохигчийн өмнө зөрчсөн явдал болох юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл дэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд-ийг тодорхойлсон заалтууд дахь тодорхой ямар нэг үндэслэлийг зааж хэрэглээгүй гэжээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана гэж тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэл болох тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ талаар захирамжид дурдсаныг анхаарч үзээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно гэж заасан нь нэхэмжлэгчийн төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, орлогогүй байх эсхүл орлого нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүрэлцэхгүй байх зэрэг тохиолдлуудад үүнийгээ хүсэлт гаргагч баримтаар нотолбол, шүүх уг баримтуудыг үнэлэн үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжийг олгосон зохицуулалт юм.

Иймд, Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо гомдол гаргагч болон шүүгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс Ёс зүйн хорооны магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Гомдол гаргагч “К” ХХК-ийн захирал З.Б-оос Ёс зүйн хороонд “...Шүүгч Г.Б-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлж өгөхийг хүссэн. Шүүгч хүлээн аваад өр төлбөртэй баримтуудыг хавсаргасан хэдий ч энэ нь тус компанийг төлбөрийн чадваргүйг нотлох баримт болохгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Манай компанийн нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авахаас татгалзаж буй шүүгч Г.Б-н үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуульд заасан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг маань ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа гэж үзэж байна...” гэсэн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Б-д  сахилгын хэрэг үүсгэж, хариуцлага тооцуулахаар ханджээ.

Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор “шүүгч Г.Б иргэний үндсэн эрхийг хязгаарлаж буй захирамждаа үндэслэлийг удаа дараа тодорхой тусгаагүйгээрээ “хууль дээдлэх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, талуудын байр суурийг бүрэн сонсох, бодож эргэцүүлэх, хүлээн зөвшөөрөх эрмэлзэлтэй байх“ ёс зүйн үүргийг биелүүлэхгүй байгаа мэт харагдах буюу зохисгүй байдал гаргаж буй мэт ойлгогдоход хүргэсэн байж болох нөхцөл үүссэн” гэсэн үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэж, Ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалаар “...хүлээн авахаас татгалзсан захирамжуудыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл дэх үндэслэлүүдийг тодорхойлсон тодорхой ямар нэг үндэслэлийг зааж хэрэглээгүй, Ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйл “шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

“К” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлүүлэх, хэсэгчлэн төлүүлэх, хугацааг хойшлуулах хүсэлтүүд, холбогдох баримтуудыг хавсарган өгсөн байх бөгөөд шүүгч Г.Б хүлээн авч хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.2, 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, өмнөх захирамжид заасан зөрчил арилгалгүйгээр нэхэмжлэлээ дахин шүүхэд гаргасан, өр төлбөртэй, санхүүгийн байдал хүнд байгаа талаарх баримтуудыг хавсаргасан хэдий ч энэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хэсэгчлэн төлүүлэх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт хийж, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14790 дүгээр, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16768 дугаар, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19175 дугаар захирамжуудаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, харин энэ тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хураамжийг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл, нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтуудаар тогтоогдоогүй гэж үзсэн, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол шүүгч захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу шийдвэрлэснийг хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Гомдол гаргагчаас “өр төлбөртэй, санхүүгийн байдал хүнд байгаа талаар дурдаж, холбогдох баримтыг хавсаргаж хүсэлт гаргасан хэдий ч шүүгч удаа дараа татгалзсан” гэж гомдсон байх бөгөөд шүүгч заавал хүсэлтийг хангаж шийдвэрлэх үүрэггүй бөгөөд хэргийн нөхцөл байдал тухайн хүсэлтэд хавсаргагдсан нотлох баримтаар нотлогдож буй эсэхийг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлсний үндсэн дээр шийдвэрээ гаргах бөгөөд энэ нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал.

Харин тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар захирамжид дурдаагүйгээс гомдол гаргагчид ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж болох ч, хүлээн авахаас татгалзсан захирамжид хуулийн холбогдох заалтуудыг баримталснаас үзэхэд Ёс зүйн хорооны магадлалд дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд дэх тодорхой ямар нэгэн үндэслэл зааж хэрэглээгүй, үүгээрээ зохисгүй байдал гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл энэ маргаанд шүүгч нь хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн үндэслэл, нотлох баримтыг хэрхэн үнэлсэнийг хангалттай дурдаагүй гэснийг Ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гээд татгалзах үндэслэлүүдийг тодорхой заасан байх ба шүүгч гомдол гаргагчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн байх бөгөөд хүлээн авахаас татгалзсан шалтгаан нь захирамжид дурдсанаар нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдөх, хэсэгчлэн төлүүлэхэд хангалттай биш гэж үзсэн нь Ёс зүйн хорооны магадлалд дурдсанаар “нэхэмжлэл гаргагчийн нотлох баримтыг шалгуулах үндсэн эрхийг нь эдлүүлээгүй, эдлэх нөхцлийг хангуулаагүй нь Шүүгчийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн” гэж үзсэн нь үндэсгүй байна.

Иймд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгч Г.Бий давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгч Г.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР

                          ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ