Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дамдинсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо

шүүгдэгч М.Дагвадорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дагвадоржид холбогдох эрүүгийн 201519000761 тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Дарви сумын 3 дугаар багт бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот  Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо Хайлаастын 24-603 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Вандгайхан овогт Мягмарын Дагвадорж, /РДПГ67020315/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Дагвадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Цагаан бургастай гэх газар иргэн Д.Батсүрэнтэй маргалдаж шаардлагатай зохих байгууллагад мэдэгдээгүй, гар хөлийг нь хүлэн, гал түлээгүй хүйтэн байшинд орхиж, амь биед нь аюултай байдалд зориуд оруулсны улмаас Д.Батсүрэн нь осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Дагвадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Батсүрэн намайг цохихоор нь барьж аваад Мөнх-Эрдэний гарыг нь уя гэсэн чинь урд талд нь уяхаар нь наад чинь шүдээрээ тайлчихна гэж хэлээд би гарыг нь ар талд гаргаад Батсүрэнг доош нь элгээр нь харуулаад дээр нь гарч сууж байгаад гарыг нь ар талд өөрөө хүлсэн. Мөнх-Эрдэнэ миний ар талд хөл дээр нь сууж байсан. Мөн хөлийг нь би бүсээр хүлсэн. Бүсний үзүүрээр хөл гарыг нь хооронп нь хүлсэн. Мөнх-Эрдэнээр хазаарын жолоог тайлуулж авчруулсан. Батсүрэнгийн байшин нь хана пийшинтэй, гал түлсэн үед дулаахан, түлэхгүй бол хүйтэн. Би өдөр нь 0.33 литрийн архи, орой нь 0.5 литрийн архи хувааж уусан. Батсүрэн бид хоёр согтуу байсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл Баруун бугуйн хэсэгт 0.5 см өргөнтэй, 3 давхарлан ороосон бүтэн тойрсон 16 см урттай дарагдлын ором, зүүн бугуйн хэсэгт 3-4 давхарласан бүтэн тойрсон 1 оромын өргөн 1 см, бугуйн тойрог 16 см цайвар өнгийн дарагдлын ором зүүн гарын сарвуу атгасан байдалтай хөхөрч хөлдсөн зүүн хөлний шагайн үенд 1 см өргөнтэй 16 см урттай шагайн дотор үений хэсэгт задгай  цайвар өнгийн дарагдлын оромтой, баруун шагайн үений хэсэгт 1,2 см өргөнтэй 17 см урттай шагайн үений дотор хэсэгт задгай цайвар өнгийн дарагдлын оромтой, баруун зүүн тавхай хөлдсөн байдалтай гэжээ. /хх-ийн 47-49 дүгээр хуудас/

 

Эд мөрийн баримтыг хурааж авч хэрэгт хавсаргасан тогтоол 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газраас эд мөрийн баримт болох 3 эрчилсэн ногоон алаг мягдсан олс, цагаан өнгийн нарийн олс, дээлийн бүс 1 ширхэг, хайч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авч эд мөрийн баримтаар тооцохоор тогтов гэх /хх-ийн 10 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 439 тоот дүгнэлт М.Дагвадоржийн биед толгойд зулгаралт тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх /хх-ийн 45 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн задлан шинжилгээний 128 дугаар акт Талийгаач Д.Батсүрэнгийн биед баруун сарвуунд шарх, хамар, баруун эгэм, тохоо, шуу, зүүн тохой үед цус хуралт, доод уруул, дух, зүүн тохойн үенд эдийн няцрал баруун хацарт хайрагдсан ором, баруун зүүн бугуйн, шилбэнд дарагдсан ором гэмтэл тогтоогдлоо. Баруун сарвуунд үүссэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Талийгаач Д.Батсүрэнгийн цуснаас 3.9 хувийн этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Д.Батсүрэнд магадлан шинжилгээгээр элэг, бөөрний архаг үрэвсэл байсан байна. Дээрх өөрчлөлт нь үхлийн шалтгаан болохгүй. Талийгаач Д.Батсүрэн нь осгож нас баржээ гэх дүгнэлт .../хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн криминалстикийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгнэлтэнд Ногоон алаг өнгийн 3 эрчилсэн мяндсан уяаны 3 тасархай хэсгүүд болон цагаан өнгийн нарийн олсны тасархай 2 хэсгүүдэд ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байна. Ногоон алаг өнгийн 3 эрчилсэн мяндсан уяаны 3 тасархай хэсгүүд нь 1 төрлийн уяаны хэсгүүд байна. Дээрх мяндсан уяаны болон нарийн олсны тасархай хэсгүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Улаан шаргал өнгийн бүс нь ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байна... гэх дүгнэлт  /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Хохирогч Ж.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Д.Батсүрэн талийгаач миний том хүү юм. 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, манайх 3 хүүхэдтэй айл юм. Хүү маань гэр бүл, үр хүүхэдгүй, эрхэлсэн ажилгүй, надтай хамт хэдэн мал дээр байдаг байсан. Манай эхнэр Цэндсүрэнгийн биеийн байдал тааруу учир би Улаанбаатар хот руу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ганцаараа явж, хүү Батсүрэн, Дагвадорж, Залуухай нартай хамт үлдсэн. Дагвадорж нь манай эхнэрийн төрсөн дүү, Залуухай нь мөн эхнэрийн дүүгийн хүүхэд байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 10 цагийн орчим манай хойд айлын хүмүүс хүү чинь нас барчихлаа гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Идэш хоол хийсэн гээд архи уусан байх. Дагвадорж надад хэлэхдээ хамт архи уугаад маргаад гарыг нь хүлсэн гэж хэлсэн. Юунаас болж маргаснаа хэлээгүй. Шөнө 02 цагт Дагвадорж, Залуухай хоёр хойд талынхаа Мөнхбаатар гэдэг айлынд хоноод өглөө нь очиход нас барсан байсан гэж Дагвадорж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Нэг сэрэхэд Дагвадорж, Батсүрэн нар хэрэлдэж байсан. Би айсандаа өмд цамцаа өмссөн. Батсүрэн буюу Томоо ах Дагвадорж ахыг пизда минь чамайг алчихъя гэхээр нь Томоо ахаа болиоч гэхэд чи муу зайл ор руу яв гэсэн. Тэгээд хэсэг Томоо ахтай маргасан. Томоо ах Дагвадорж ахыг бос гээд заамдаад түлхэлцээд Томоо ах Дагвадорж ахын зүүн хацар руу гараараа цохисон. Дараа нь Дагвадорж ахын хоолойг шахаад байхаар нь Дагвадорж ахын уур нь хүрээд Томоо ахыг гараараа толгой руу нь нэг цохисон. Энэ хоёр барилцаж аваад Дагвадорж ах Томоо ахыг тэврээд дарж хэвтсэн. Дагвадорж ахыг хажуу тал руу түлхсэн чинь Дагвадорж ах сервант мөргөөд толгойгоо хагалсан. Дагвадорж ах уяа аваад ир хүлээд хаячихъя гээд байхаар нь яах юм бэ гэхэд над руу уяа аваад ир чи муу гээд байхаар нь айсандаа за агаа гээд үүдний тамбарт байсан хазаарны цулбуурыг аваад өгсөн чинь пизда чинь тольны урдаас бүс аваад ир, хөлийг нь уяадах гэхээр нь дээлийн бүсээр Батсүрэн ахын хөлийг уясан. Одоо гарыг нь уяач гэхээр нь морины цулбуураар Батсүрэн ахын гарыг урд нь уясан. Дагвадорж ах ингэж уяхгүй, шүдээрээ тайлчихна гээд гарыг нь мушгиад Батсүрэн ахын хоёр гарыг нь хойно нь хазаарын цулбуураар уясан. Тэгээд Дагвадорж ах Томоо ахын гарыг ард талд нь хөлтэй нь хамт цулбуураар уясан. 01-02 цагийн орчим бид хоёр Мөнхбаатар ахынд очсон. Өглөө босоод 08 цагийн үед Даваа ах чи дээшээ очоод Томоод явлаа гэж хэлчихээд ир гэж хэлсэн. Намайг гэрт нь очоод Томоо ахаа гээд хэлсэн чинь амьсгалахгүй болохоор нь доош Мөнхбаатар ахынд очоод Томоо ах амьсгалахгүй байна гэж хэлэхэд Мөнхөө, Даваа ах хоёр явсан. Даваа ах ирээд Томоо өнгөрсөн байна гэж хэлсэн. Батсүрэн ах цэнхэр цамцтай байсан. Даваа ахтай маргаад өөрөө цэнхэр цамцаа тайлсан. Өөрөө эсгий гутлаа тайлаад өмсөөгүй. Би өглөө нь очоод хүлээсийг нь анзаараагүй. Хажуу талаараа харсан, дээр нь хөнжил хаясан байсан. Хүлээсийг нь хэн хэзээ тайлсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/

 

Гэрч Х.Гэзгээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Батсүрэнгийнх манайхаас урагш 600-700 мертийн зайтай байшинд байдаг юм. Дагвадорж, Жижээхүү хоёр шөнө нойронд орж ирж хоночихоод явсан. Байшин хүйтэн болоод ирж хоносон байх /хх-ийн 22 дугаар хуудас/

 

Гэрч М.Цэндсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Манай дүү Баттулга идэш хийхээр манай гэрт Дагвадорж, Жижээхүү нартай ирэхэд нь миний бие өвдөөд хамт Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд Батсүрэнг яаж гэрт нь ганцааранг нь үлдэх юм гээд Дагвадорж, Жижээхүү нарыг үлдээсэн. Цэрэндоржийн Мөнх-Эрдэнийг манай ах дүү нар Жижээхүү гэж дууддаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Мөнхбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Миний багцаагаар шөнийн 02 цаг өнгөрч байхад Дагвадорж, Мөнх-Эрдэнэ гэх хүүхдийн хамт гэрт орж ирээд би одоо Шувуу явлаа гэхээр нь унтаад яв гээд хөнжил гудас өгөөд унтуулсан. Дагвадорж, Мөнх-Эрдэнэ хоёр 08 цаг өнгөрч байхад сэрсэн. Хэн нь түрүүлж талийгаачийнх руу явсныг мэдэхгүй. Тэгээд гэртээ ороод цай уугаад сууж байхад Дагвадорж, Мөнх-Эрдэнэ хоёр гэрт орж ирээд Батсүрэн ах өнгөрсөн юм шиг байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-дугаар хуудас/

 

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа М.Дагвадорж нь оюуны хөнгөн хэлбэрийн хомсдолтой. Хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Дагвадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Цагаан бургастай гэх газар иргэн Д.Батсүрэнтэй маргалдаж шаардлагатай зохих байгууллагад мэдэгдээгүй, гар хөлийг нь хүлэн, гал түлээгүй хүйтэн байшинд орхиж, амь биед нь аюултай байдалд зориуд оруулсны улмаас Д.Батсүрэн нь осгож нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, М.Баттулга, Х.Гэзэгээ, М.Жунжмаа, М.Цэндсүрэн  Ш.Мөнхбаатар, М.Ившин, С.Хандсүрэн, С.Отгонболд нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, Шүүхийн шинжилгээний албаны 176 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04 тоот дүгнэлт, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 439, 128, 175 тоот акт, шүүгдэгч М.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шалгах хуудсанд /үгүй/ гэх лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107  дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч М.Дагвадоржид оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Дагвадоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дамдиндорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.Дагвадорж нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Вандгайхан овогт Мягмарын Дагвадоржийг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дагвадоржийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Дагвадоржид оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Дагвадорж 17 хоног цагдан хоригдсон хоногийг хорих ялд оролцуулан тооцсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Дагвадоржид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Дагвадоржид хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61. дах хэсэгт зааснаар М.Дагвадорж нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн олс 5 ширхэг, дээлийн бүс 1 ширхэг,  хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгаж, байцаалт бүхий 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа хүртэл хэрэгт хадгалах зэргийг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Дагвадоржид бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ