Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 933

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.И-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00442 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.И-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МУЗГ-тхолбогдох,

Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт 7 355 808 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Ц.И

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би улсын байгууллагад 40 жил ажилласан бөгөөд уул уурхайн салбарт 18 жил ажилласнаас 11 жилд нь газрын дор хүнд нөхцөлд ажилласан. 1959 онд газрын дор хүнд нөхцөлд ажиллаж байхдаа 4 метрийн өндрөөс унаж, хөндлөн модон дээр тээглэж унахдаа эвэрхийтэй болсон. 2010 оны 3 дугаар эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон, одоо ч бас эвэрхий маань бүрэн эдгэрээгүй байгаа. 2012 онд ажилд явж байхдаа унаж хөлөө хугалсан, бие эрхтэнүүдээрээ хохирч байна. Уул уурхай, үйлдвэрийн яамны шийдвэрээр ашигт малтмалын ордуудын нөөц тогтоох нарийвчилсан хайгуулын ажлуудад шаардлагатай хайгуулын гүний далд уурхайнуудыг малтаж, уулын отрядад ажиллаж байсан миний бие нөхөн төлбөрөө авч чадаагүй өдийг хүрсэн юм.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан байдаг. Миний бие хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул Ц.И надад 9 сарын нөхөн олговорт 7 355 808 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн  чадвараа ...51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно”, 97.4-т “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

            Энэ нь Засгийн газар нөхөн төлбөрийг олгож ч болно, олгохгүй ч байж болно гэсэн заалт юм. Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд 2012 оны 45 дугаар тогтоолын дагуу нэр бүхий 42 иргэнд 11 793 600 төгрөгийн нөхөн төлбөрийг төсвийн мөнгөнөөс олгосон.

            Энэ хүмүүс дотор Ц.И байгаа бөгөөд 280 800 төгрөгийг түүнд олгох тухай шийдвэр гарсан байна. Ц.И нь энэ мөнгийг аваагүй гэж байгаа боловч Засгийн газар дээрх тогтоолоор олгосон болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухал хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1, 97.4-т зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 7 075 008 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Иид олгож, үлдэх 280 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57  дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 128 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг ажил олгогч нь нөхөн төлж олгох хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн  тухай хуулийн  97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно”  гээд мөн хуулийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан байдаг. Энэхүү зохицуулалт нь тухайн хөдөлмөрийн чадвар алдсан иргэний ажил олгогч байгаа тохиолдолд хэрэглэх буюу ажил олгогчид хамаарах хуулийн зохицуулалт болно

            Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д заасны дагуу “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.

            Өөрөөр хэлбэл, ажил олгогч байхгүй болсон тохиолдолд Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгайлан шийдвэрлэж болохоор хуульд зааж өгсөн.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “…Хариуцагч МУЗГ мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг өөрийн боломжоор 280 800 төгрөгийг 2012 онд олгосон тул дахин олгохгүй гэж маргаж байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн тайлбарын үндэслэлийг буруу тайлбарлаж дүгнэсэн, улмаар уг тайлбараа үндэслэн буруу дүгнэлт /шийдвэр/ гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэр /3 дугаар тал/-т “Нэхэмжлэгч Ц.И нь хөдөлмөрийн чадварыг 70 хувь алдсан тул ажил олгогч /төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд татан буугдсан...тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага/ түүнд 9 сарын хугацааны цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн алдаатай дүгнэлт болсон.

            Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтад ажил олгогчийн хүлээх үүргийг зохицуулж өгсөн байдаг бол мөн хуулийн 97.4 дэх хэсэгт тухайн ажил олгогч  татан буугдсан, дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд Засгийн газар тусгайлан  шийдвэрлэж болох тухай хууль зүйн боломжийг зохицуулсан болно.

            Гэтэл анхан шатны шүүх дээрх хууль зүйн агуулга, үр дагаврын ялгаатай байдлыг үл хэрэгсэн хуулийн 1 заалт мэтээр ойлгож хэрэглэсэн нь үдэслэлгүй шийдвэр гарах нөхцөл болсон.

            Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолоор 352 иргэнд 98 841 600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан бөгөөд нэг хүнд дунджаар 280 800 төгрөг ногдсон байна.

            Дээр дурдсан шийдвэрүүдээр 2001-2012 оны хугацаанд Засгийн газрын тогтоол болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын шийдвэрээр нийт 5912 иргэнд, нийт 1 196 982 915 төгрөгийн нэг удаагийн нөхөн төлбөр олгосон байна.

            Нэхэмжлэгч Ц.И нь дээрх Засгийн газрын тогтоолуудаас 2012 оны 45 дугаар тогтоолд хамрагдсан бөгөөд уг тогтоолоор баталсан хөрөнгийг хуваарилахтай холбоотойгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 2012 оны 06 сарын 25-ны өдрийн 6/1447 албан тоотоор Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт хүргүүлсний дагуу иргэн Ц.И 280 800 төгрөг олгохоор шийдвэрлэж, хөрөнгийг харьяалах дүүргийн халамжийн байгууллагад хуваарилсан байдаг.

            Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргаагүй буюу дүгнэлт өгөөгүй хэрнээ уг тогтоолоор олгосон мөнгөн дүн 280 800 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж шүүхээс шийдвэрлэсэн нь өөрөө алдаатай бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.И нь хариуцагч МУЗГ-тхолбогдуулан мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт 7 355 808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт 2012 онд 280 800 төгрөгийг олгосон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.И 1965 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  Хөвсгөл аймаг дахь Геологи хайгуулын товчоонд уулын ажилчнаар орж 1966 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мастераар дэвшин ажиллаж, тус газар татан буугдсанаар 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Чойр дахь Хайлуур жоншны экспедицид уулын мастераар ажиллаж байгаад 1975 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын актаар хөдөлмөрийн чадвар алдалт 3 зэргээр тогтоогдсон, 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар группээс хасагдаж 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Олон улсын геологийн Монголын товчоо, Монгол Чехословакийн хамтарсан үйлдвэрт тусгай төхөөрөмжийн жолоочоор тус тус ажиллаж байсан, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар хөдөлмөрийн чадвар алдалтын заалт, хугацааг 12 сараар сунгасан, тухайн байгууллагуудад хуучин нэрээр ТЭХУГ-ын яамны харъяа Уулын механикжсан анги, үйлдвэр, экспедицийн дарга нарын шийдвэрээр ажилд томилогдон ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай болсон нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон комиссын шийдвэр, акт, хувийн хэргийн хуулбараар тогтоогдож байна. /хх 39-41, 44, 45, 56/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа ба түүнээс дээш олгох”-оор заасан ба ажил олгогч байхгүй болсон тохиолдолд 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 7 355 808 төгрөгийг мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газар хариуцах ёстой гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д зааснаар Монгол Улсын иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд мөнгөн тусламж авах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д зааснаар Засгийн газар нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах...арга хэмжээ авч хэрэгжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхээ хэрэгжүүлэх журмыг хуулиар тусгайлан тогтоохоо заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засгийн баталгааг бүрдүүлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг Засгийн газарт олгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж заасан нь Засгийн газарт нөхөн олговор олгох эрхийг олгосон заалт байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуралдаанаар хэлэлцэн, захирамжилсан акт буюу тогтоол гаргах учиртай.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуралдаанаас тогтоол, ...захирамж гаргана” гэж заасны дагуу Засгийн газраас 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 45 дугаартай “Нөхөн төлбөр олгох тухай” тогтоолыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргахдаа “Төрийн өмчийн хуулийн этгээдэд ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 352 иргэнд нэг удаагийн нөхөн төлбөр олгоход шаардагдах 98 841 600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй. Нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай” гэжээ. /хх 137/

 

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргээ Засгийн газар биелүүлж тогтоол гаргах хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн заалтыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөр олгох ажил олгогчийн үүргийг Засгийн газарт нөхөн хариуцуулах тухай заалт гэж үзэхгүй юм.  

 

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой тусламж авах эрхээ хэрэгжүүлэх, Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засгийн баталгааг бүрдүүлэх талаар арга хэмжээг авах бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар Засгийн газарт хандах эрхтэй боловч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийг ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэх харилцаа гэсэн агуулгаар буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Засгийн газраас 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 7 355 808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үндэслэлгүй тул Засгийн газраас 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 7 355 808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч МУЗГ нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                      Д.ЦОГТСАЙХАН