Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/316

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

            улсын яллагч Ц.Ариунтуяа,

             хохирогч Ц.Нямаа,

            насанд хүрээгүй хохирогч Г.Б,

            хууль ёсны төлөөлөгч Г.З, шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

            Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цээпэй овогт П.Өт холбогдох 201726010447 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Дэнжийн 06-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Цээпэй овогт П.Ө /РД:ТГ00000000/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Нэг:Яллах талын нотлох баримтууд:

            1.1.Шүүгдэгч П.Өын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 онд сар өдрийг нь мэдэхгүй байна, охин Ганцэцэгийн Баярцэцэг хичээл нь амарчихсан зуны амралт эхэлсэн байхад гэртээ байхгүй гадуур тоглоод явчихдаг байсан. Би гэртээ охин Б авч ирж байгаад ганц хоёр алгадаад, айлгах санаатай урт уяа авч байгаад газар ороолгоод айлгадаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Дэнжийн 06-22 тоотод гэртээ ороод гараа угаах гэсэн чинь саван байхгүй байхаар нь охин Баярцэцэгээс асуухад Баярцэцэг саван олдохгүй байна гэхээр нь саван олсонгүй гэх шалтгаанаар зодох гэхэд охин Баярцэцэг гэр тойрч гүйгээд байхаар нь араас нь хөөхөд гэрээс гараад зугтчихсан. Би араас нь гараад гэрийн хажууд гүйж байгаад барьж аваад гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа, нуруу хэсэгт нь гараараа цохиж зодсон. …Баярцэцэгийн ээж Ганцэцэг одоо хаана юу хийж байгаа талаар нь мэдэхгүй байна. Би Гс салаад 8 жил болж байна, Ганцэцэг архи уудаг, гадуур их тэнэдэг, ямар шалтгаанаар надаас салсан талаар мэдэхгүй байна. Би охин Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л зодож гэмтээсэн, урьд өмнө нь айлгах гэж орилж, хашгирдаг, бага зэрэг зоддог байсан. …Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, би үйлдсэн зүйлдээ маш их гэмшиж, ухаарч байна. Би дахин ийм алдаа гаргахгүй, зөв сайхан амьдрах болно. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43, 212 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /

            1.3.Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аав П.Ө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, дэнжийн 06-22 тоотод эмээ Нгийн хамт байж байхад гаднаас Төрөө гэх зүс таних ахын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж ирээд гар угаах саван аваад ир гэхээр нь би хайгаад олохгүй байсан. Аав П.Ө чи гар угаах саван олж чадахгүй байна уу наад хөргөгчин дээр чинь байгаа биз дээ, пизда минь гэж хэлээд намайг зодох гэхээр нь би айгаад гэрийн багана тойрч гүйгээд гэрийнхээ хаалгаар гараад гүйсэн. Гадаа гараад цаашаа зугтах гэсэн чинь аав муу пизда минь хүрээд ир гэж хэлээд намайг барьж аваад нүүрэн хэсэгт гараараа хэд хэдэн удаа алгадаад, хөлний гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, нуруу хэсэгт гараараа цохисон. Төрөө гэх аавын найз нь хүрч ирээд чи хүүхдээ зодохоо болиоч гэж хэлсэн чинь аав чамд ямар хамаатай юм би хүүхдээ зодох чамд хамаагүй цаашаа гэрт ороод байж бай гэж хэлж байсан. Аав П.Ө ер нь намайг зоддог байсан, гэхдээ би урьд өмнө нь зодож гэмтээсэн талаар нь санахгүй байна. Миний хажууд аав П.Ө нэг удаа эмээ Нямаа руу уурандаа хаалганы цоож шидэж байсан тэрнээс өөр миний хажууд эмээ Нямааг зодож гэмтээж, доромжилж байсан талаар нь мэдэхгүй байна. Би төрсөн эцэг П.Өтай хамт амьдрахыг хүсэхгүй байна, би ганцхан эмээ Нямаагийн хамт л амьдармаар байна. Надад гомдолтой байна, төрсөн эцэг П.Өаас тусад нь байлгахыг хүсэж байна. Намайг аав П.Ө зодож гэмтээдэг болохоор би айж байна. …Миний ээж ямар хүн байдагийг, одоо хаана юу хийж байгаа талаар би мэдэхгүй байна. Төрөө ах хэрэг болсоноос хойш харагдаагүй одоо хаана юу хийж байгаа талаар мэдэхгүй байна. …Миний аав архи уухгүй, намайг зодохгүй байгаа. Би аавтайгаа баймаар байна. Надад санал хүсэлт байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12, 199 х/

            1.4.Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өдөр миний буруу байсан. Саван олоод ир гэхээр нь би гараад тоглосон. Тэгээд аав намайг зодсон. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            1.5.Хохирогч Ц.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Дэнжийн 06-22 тоотод ач охин Бийн хамт байж байхад гаднаас төрсөн хүү П.Ө тодорхой оршин суух хаяггүй Төрөө гэх хүнтэй хамт орж ирсэн. Охин Б гар утсыг нь оролдож байгаад унтраачихсан чинь П.Ө чи муу миний гар утсыг эвддэг хэн бэ, чамайг би зодноо гэж хэлээд Баярцэцэгийн бие рүү нь гараараа цохиод авсан. Хэсэг хугацааны дараа П.Ө гараа угаах гээд охин Баярцэцэгт гар нүүр угаах саван аваад ир гэхэд Баярцэцэг гар нүүр угаах саван хайгаад олохгүй байсан. П.Ө, Б чи яахаараа саван олж чаддаггүй юм бэ гэж хашгирахад Баярцэцэг уйлаад гэрийн багана тойроод гүйсэн. Би П.Өыг чи боль л доо яах гэж хүүхэд зодох гээд байгаа юм гэж хэлсэн чинь П.Ө чамд ямар хамаатай юм, чи зүгээр наанаа хэвтэж бай авгай минь гэж хэл амаар доромжилсон. П.Ө охин Б гэрээр хөөж байгаад гадаа барьж аваад зодоод эхэлсэн. Би гэрээсээ таяг тулаад гарахад П.Ө Баярцэцэгийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа алгадаад хөлний гуя хэсэг рүү нь өшиглөөд, нуруу руу нь гараараа цохиод зодсон. Би хөл муутай болохоор очиж салгаж чадахгүй байсан болохоор П.Өыг чи охиноо ямар харгис зодож байна аа болиоч ээ гэж хэлсэн чинь чи зүгээр байгаарай пизда минь би охиноо зодох чамд хамаагүй, би өөрийнхөө шээсийг алсан ч чадна гэж хэл амаар доромжилсон. Төрөө гэх залуу харж байсанаа П.Өаа чи болиоч ээ охиноо аллаа шүү дээ гэж хэлсэн чинь П.Ө чамд ямар ч хамаагүй өөрийнхөө шээсийг би өөрөө мэдэж байна, чи зүгээр гэрт ороод байж бай гээд орилоод байсан. …Би маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. П.Ө урьд өмнө нь цагдаагийн байгууллагад саатуулагдаад гарч ирээд та нар намайг яахаараа цагдаад барьж өгдөг юм бэ, та нарыг дахиад цагдаад хэлэх юм бол ална шүү, би охиноо алсан ч надад хууль үйлчлэхгүй гэж хэлээд агсам тавьдаг. Урьд өмнө нь охин Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо зодоод намайг чи муу пизда, чамайг дуугүй байхгүй бол ална шүү, зүгээр наад орон дээрээ хэвтэж бай гэж хэл амаар доромжилдог. Охин Б бид хоёр П.Өаас айгаад цагдаагийн байгууллагад ерөөсөө дуудлага өгч чаддаггүй, маш их айдастай байдаг. Намайг П.Ө зодож гэмтээж байсан удаа байхгүй ч гэсэн айдастай дарамттай байдаг. …П.Ө охиноо толгой руу нь байнга гараараа цохидог, хөл рүү нь өшиглөдөг, хэл амаар доромжилдог байсан. …Надад хүү П.Өтай цаашид хамт амьдрах хүсэл сонирхол алга байна. Баярцэцэгийн төрсөн эх нь хаана юу хийдэг талаар мэдэхгүй байна. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. …Миний хүү П.Ө цагдан хоригдож гарч ирсэнээс хойш архи уухгүй, ажил хийж, ач охин бид хоёрыг халамжилж байгаа. Миний зүгээс П.Өт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өмнө нь группт байсан, одоо тэтгэвэрт байдаг. Хөл муу тул асаргаанд байдаг. Асрах хүн энэ П.Ө учраас хорих ял оногдуулахгүй байж өгнө үү. ...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-17, 198 х/

            1.6.Хохирогч Ц.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би асрамж руу явахгүй. Хүү, ач охин хоёртойгоо хамт амьдарна. …Би 250.000 төгрөгийн тэтгэвэр болон асаргааны 60.000 төгрөг авдаг. ...Тэтгэврийн зээлтэй 11 сард дуусна. …П.Ө ач охин бид хоёрт тусалдаг, ажил хийсэн мөнгөө өгдөг. …” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            1.7.Гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би П.Өтай 2015 онд хамтран амьдарч байсан, П.Өын Ө гэж охинтой болсон. 2016 оноос хойш П.Ө бид хоёр хамтран амьдрахаа больсон. П.Ө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан ааш нь маш их өөрчлөгддөг байсан, байнга хэрэлдэж маргалдаад, таарч тохирохгүй болоод салж байсан. Зан аашны хувьд маш их бүдүүлэг, эмэгтэй хүнд байнга гарч хүрч зоддог. П.Ө надтай хамтран амьдарч байх хугацаандаа охин Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга зодож, сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. Намайг Б өмөөрөхөд чамд хамаа байхгүй, би төрсөн охиноо алсан ч чамд хамаа байхгүй гэх мэтээр харааж орилдог, хөгжлийн бэрхшээлтэй ээж Нямааг байнга хэл амаар доромжилдог байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/

            1.8.Гэрч С.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 14-17, Дэнжийн 1-7 дугаар гудамжийг хариуцан ажилладаг. Б амьжиргааны түвшин доогуур амьдралтай, Н нь үе мөчний, саажилт өвчтэй, даралт ихтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм. П.Ө эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг. Миний өмнө байсан нийгмийн ажилтан Т гэх хүн надад хэлэхдээ П.Ө төрсөн охин Б гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгадаг гэж байсан. Би Н гэх хүнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг үү гэж асуухад П.Ө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ охин Б зодоод байдаг гэж надад хэлж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

            1.9.Гэрч Г.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 13-ны өглөө манай гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 108 тусгай дугаарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой Ганцэцэгийн Б аав нь зодоод байна гэсэн мэдээлэл орж ирсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нийгмийн ажилтан Тунгалаг, хэсгийн ахлагч М нарын хамт Бийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Дэнжийн 06-22 тоотод очиход эмээ Нямаа, ах нь гэх танихгүй эрэгтэй хүн, хамаатны хүн гэж танилцуулсан эмэгтэй хүн байсан. Баярцэцэг хөл нь доголсон байдалтай, зүүн шанаа хэсэг нь хөхөрч хавдсан, маш их айдастай байсан. Баярцэцэгтэй ярилцаж үзэхэд аав намайг өлөн бөөс минь, пизда минь гэж хэлээд зоддог, өшиглөөд аяга сэрээ авч шидсэн, ааваасаа тусдаа ганцхан эмээтэйгээ амьдармаар байна. Аав намайг заазуур, хутга аваад ир гэж хэлээд аваачаад өгөхөөр чиний хуруу гарыг тасдана гэж айлган сүрдүүлдэг гэж хэлсэн. Эмээ Нтай ярилцахад 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баярцэцэгийн аав нь согтуу ирээд Бийг зодсон би тухайн үед айснаасаа болоод ухаан балартсан байсан гэж надад хэлсэн. Би Нямаагаас та одоо яамаар байна та эсвэл асрамжийн газар очиж амьдрах уу гэж асуухад би П.Өаас тусдаа амьдармаар байна, асрамжийн газар байсан ч яахав гэж байсан. Манай гэр бүл, хүүхэд залуучуудын төвөөс Б эрсдэлтэй байдалд байна гэж үзэж хяналтандаа байлгана, хэрэв цагдаагийн байгууллагаас ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд Б асрамжийн газарт байрлуулан хамгаалах арга хэмжээ авна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/

            1.10.Гэрч М.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би П.Өын нагац ах нь юм. 1978 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан, албан ёсны ямар нэгэн ажил эрхэлж байгаагүй, хувиараа надтай хамт ойр зуурын ажил хийдэг байсан. Зан байдлын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ даруухан хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эх, охин нартаа агсам согтуу тавиад байдаг юм шиг байна лээ. Миний эгч Н байнга миний гар утас руу яриад П.Ө намайг айлган сүрдүүлээд зодох гээд байна надад хэцүү байна гэж хэлдэг болсон. П.Ө ажил хөдөлмөрийн хувьд надтай хамт зөндөө ажиллаж байсан, ажилсаг хүн байгаа юм. Б, Н нарын асран хамгаалагч болж чадах эсэхээ хэлж мэдэхгүй байна, Б, Н нартай ярилцаж байж шийдэж чадах байх гэж бодож байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 201 х/

            1.11.Шинжээчийн 2734 тоот дүгнэлт 1.Г.Б биед зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Н.Э гэжээ. /хх-ийн 25 х/

            1.12.Шинжээч эмч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Баярцэцэгийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 203 х/

            1.13.Г.Б нас тоолсон тухай тэмдэглэл: “…2017 оны 02 дугаар сарын 12- ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ганцэцэгийн Баярцэцэг нь гэмт хэрэгт өртөж хохирох үедээ /есөн нас 10 сар 13 хоног/-той байсан байна. …” /хх-ийн 72 х/

            1.14.Г.Баярцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 х/

            1.15.Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар /хх-ийн 149 х/

            1.16.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ххийн 84-86 х/

            1.17.Хохирогч Ц.Н талаарх өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 213 х/ зэрэг болно. Үйлдсэн гэмт хэргийн талаар: Шүүгдэгч П.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн хүүхэд болох бага насны буюу 9 настай Г.Б Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 06-22 тоотод оршин суух гэртээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний биед зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэргийг хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн /өөрийн төрсөн эх, 64 настай Ц.Н/-ий эсрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгч П.Өын “...2015 онд ... гэртээ байхгүй гадуур тоглоод явчихдаг үед нь ганц хоёр алгадаад, айлгах санаатай урт уяа авч байгаад газар ороолгоод айлгадаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ... саван олдохгүй байна гэхээр нь саван олсонгүй гэх шалтгаанаар ... барьж аваад гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа, нуруу хэсэгт нь гараараа цохиж зодсон. ... Би охин Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л зодож гэмтээсэн, урьд өмнө нь айлгах гэж орилж, хашгирдаг, бага зэрэг зоддог байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43, 212 х/

            Насанд хүрээгүй хохирогч Г.Б “… Аав П.Ө чи гар угаах саван олж чадахгүй байна уу наад хөргөгчин дээр чинь байгаа биз дээ, пизда минь гэж хэлээд намайг ... барьж аваад нүүрэн хэсэгт гараараа хэд хэдэн удаа алгадаад, хөлний гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, нуруу хэсэгт гараараа цохисон. ... Аав П.Ө ер нь намайг зоддог байсан, ... Миний хажууд аав П.Ө нэг удаа эмээ Нямаа руу уурандаа хаалганы цоож шидэж байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12, 199 х/

            Хохирогч Ц.Н “... Охин Баярцэцэг гар утсыг нь оролдож байгаад унтраачихсан чинь П.Ө чи муу миний гар утсыг эвддэг хэн бэ, чамайг би зодноо гэж хэлээд Баярцэцэгийн бие рүү нь гараараа цохиод авсан. Хэсэг хугацааны дараа П.Ө гараа угаах гээд охин Баярцэцэгт гар нүүр угаах саван аваад ир гэхэд Баярцэцэг гар нүүр угаах саван хайгаад олохгүй байсан. П.Ө, Б чи яахаараа саван олж чаддаггүй юм бэ гэж хашгирахад Б уйлаад гэрийн багана тойроод гүйсэн. Би П.Өыг чи боль л доо яах гэж хүүхэд зодох гээд байгаа юм гэж хэлсэн чинь П.Ө чамд ямар хамаатай юм, чи зүгээр наанаа хэвтэж бай авгай минь гэж хэл амаар доромжилсон. ... П.Өыг чи охиноо ямар харгис зодож байна аа болиоч ээ гэж хэлсэн чинь чи зүгээр байгаарай пизда минь би охиноо зодох чамд хамаагүй, би өөрийнхөө шээсийг алсан ч чадна гэж хэл амаар доромжилсон. … П.Ө урьд өмнө нь цагдаагийн байгууллагад саатуулагдаад гарч ирээд та нар намайг яахаараа цагдаад барьж өгдөг юм бэ, та нарыг дахиад цагдаад хэлэх юм бол ална шүү, би охиноо алсан ч надад хууль үйлчлэхгүй гэж хэлээд агсам тавьдаг. Урьд өмнө нь охин Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо зодоод намайг чи муу пизда, чамайг дуугүй байхгүй бол ална шүү, зүгээр наад орон дээрээ хэвтэж бай гэж хэл амаар доромжилдог. ... Намайг П.Ө зодож гэмтээж байсан удаа байхгүй ч гэсэн айдастай дарамттай байдаг. …П.Ө охиноо толгой руу нь байнга гараараа цохидог, хөл рүү нь өшиглөдөг, хэл амаар доромжилдог байсан. ...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-17, 198 х/

            Гэрч Г.У “… Зан аашны хувьд маш их бүдүүлэг, эмэгтэй хүнд байнга гарч хүрч зоддог. П.Ө надтай хамтран амьдарч байх хугацаандаа охин Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга зодож, сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. ... хөгжлийн бэрхшээлтэй ээж Н байнга хэл амаар доромжилдог байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/

            Гэрч С.М “… Нямаа нь үе мөчний, саажилт өвчтэй, даралт ихтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм. ... Миний өмнө байсан нийгмийн ажилтан Түмэнбаяр гэх хүн надад хэлэхдээ П.Ө төрсөн охин Б гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгадаг гэж байсан. Би Нямаа гэх хүнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг үү гэж асуухад П.Ө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ охин Б зодоод байдаг гэж надад хэлж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

            Гэрч Г.З “… Б хөл нь доголсон байдалтай, зүүн шанаа хэсэг нь хөхөрч хавдсан, маш их айдастай байсан. Баярцэцэгтэй ярилцаж үзэхэд аав намайг өлөн бөөс минь, пизда минь гэж хэлээд зоддог, өшиглөөд аяга сэрээ авч шидсэн, ааваасаа тусдаа ганцхан эмээтэйгээ амьдармаар байна. Аав намайг заазуур, хутга аваад ир гэж хэлээд аваачаад өгөхөөр чиний хуруу гарыг тасдана гэж айлган сүрдүүлдэг гэж хэлсэн. ... Би Н та одоо яамаар байна та эсвэл асрамжийн газар очиж амьдрах уу гэж асуухад би П.Өаас тусдаа амьдармаар байна, асрамжийн газар байсан ч яахав гэж байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/

            Гэрч М.М “… Миний эгч Н байнга миний гар утас руу яриад П.Ө намайг айлган сүрдүүлээд зодох гээд байна надад хэцүү байна гэж хэлдэг болсон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 201 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа төдийгүй хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бага насны хүүхдээ зодож, төрсөн эхийгээ хэл амаар доромжилсон үйлдээр уг гэмт хэрэг илэрсэн бөгөөд үүнээс өмнө хохирогч нарыг зодох, хэл амаар доромжлох харгис хэрцгий харьцах шинжтэй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан, энэ байдал нь “давтан” шинжтэйгээр удаан хугацаанд үргэлжилж байгаа, хохирогч нартай харилцдаг тогтсон харилцааны хэв шинжтэй болсон нь дээрх нотлох баримтуудаар давхар тогтоогдож байгаа тул уг гэмт хэргийг “байнга” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч Г.Б, Ц.Н нар нь шүүгдэгч П.Өтай гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох нь насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 х/,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84-86 х/, хохирогч Ц.Нямаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болох нь иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 92, 99 х/, өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 213 х/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар /хх-ийн 149 х/ зэргээр тус тус тогтоогдсон. П.Өт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хоёр: Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

2.1.Шүүх сэтгэц, эмгэг судлалын 391 тоот дүгнэлт 1.П.Ө нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх шинж тэмдэг үгүй байна. 2.П.Ө нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчинтэй байсан гэх шинж тэмдэг үгүй байна. 3.П.Ө нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх шинж тэмдэг үгүй байна. 4. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байсан байна. 5.П.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.П.Өт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй байна. Тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, Б.Энхчимэг, Д.Б /хх-ийн 140 х/ 2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 х/ 2.3.П.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 х/ 2.4.Захиргааны зөрчлийн баримтууд /хх-ийн 95-96 х/ зэргээр П.Ө нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй ч гэсэн, архи их хэмжээгээр хэрэглэдэг, гэр орондоо агсам согтуу тавьдаг, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

            Гурав:Бусад нотлох баримтууд:

3.1.Ц.Н-н аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 50-53 х/,

3.2.Хохирогч Г.Б аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 54-57 х/,

3.3.Нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 59-60 х/,

3.4.Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 61-62 х/,

3.5.Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-ийн 63-65 х/,

3.6.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр /хх-ийн 102 х/ зэрэг баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдээгүй, эх хувиар нь гаргуулж аваагүй, нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ гэсэн хуулийн шаардлагуудыг зөрчиж цуглуулсан тул дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй бөгөөд цаашид энэ хуулиар бусад бичгийн нотлох баримтуудад тавигдаж буй шаардлагыг хангуулж хэрэгт хавсаргаж ирүүлж байх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

            Дөрөв: Хохирлын талаар:

            Насанд хүрээгүй хохирогч Г.Б энэ гэмт хэргийн улмаас бие махбодид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, эмчилгээ хийгдээгүй, мөн хохирогч Б.Н-нбие махбодид гэмтэл учраагүй, эмчилгээний болон бусад зардал гаргасан зүйл байхгүй болох нь хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул иргэний журмаар хянан шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн. Тав: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар П.Өын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Г.Б бага насны хүүхэд болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 х/, Ц.Н ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болох нь иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 92, 99 х/, өрхийн эмчийн тодорхойлолт /ххийн 213 х/, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар /хх-ийн 149 х/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь нэг гэр бүлд хамт амьдардаг тул хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Зургаа:Ял шийтгэлийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ..., гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. П.Өын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Шүүгдэгч П.Өын “... би 4 сар гаруй урьдчилан цагдан хоригдсон хугацаанд их зүйлийг ойлгосон өөрийн гэм бурууг ойлгож гэмшлээ, би 7 сард цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж гарч ирснээс хойш ээж, охин хоёртойгоо эвтэй сайхан амьдарч ажлаа хийж, ар гэрээ тэжээн тэтгэж, архи уухгүй байгаа тул хөнгөн ял оноож өгнө үү ...” гэсэн мэдүүлэг, Хохирогч нар нь хувийн болон амьдралын нөхцөл байдал тааруу бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс бөгөөд бусдын асрамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, Өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 213 х/, хохирогч Б.Н “... Миний хүү П.Ө цагдан хоригдож гарч ирсэнээс хойш архи уухгүй, ажил хийж, ач охин бид хоёрыг халамжилж байгаа. Миний зүгээс П.Өт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өмнө нь группт байсан, одоо тэтгэвэрт байдаг. Хөл муу тул асаргаанд байдаг. Асрах хүн энэ П.Ө учраас хорих ял оногдуулахгүй байж өгнө үү. ...”/1хх-ийн 198 х/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золжаргалын “ Аавыг нь 4 сар хоригдож байхад Б ажиглахад хичээлээ тараад ирдэггүй, аавыгаа байхгүйд хараа хяналт нь суларсан зүйл харагдсан. Хохирогч нар шүүгдэгч П.Өыг байхгүй бол амьдрах боломжгүй. Шүүгдэгч нь архи уухгүй бол амьдрал нь зүгээр, дахин архи уугаад байвал хохирогч нарыг тусгаарлана” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэсэн мэдүүлэг тайлбарт тусгагдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч П.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Шүүгдэгч нь архи их хэмжээгээр хэрэглэдэг, өөрийн төрсөн охин болон өндөр настай эхтэйгээ хэрцгий догшин харьцдаг зэрэг гаж зан төлөвийг нь засах зорилгоор түүнд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн. Долоо:Бусад асуудлын талаар. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй, 114 хоног цагдан хоригдсон, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Цээпэй овогт П.Ө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.Өт 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар П.Өыг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг П.Өт мэдэгдсүгэй.

            5. П.Өын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, нийт 114 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДАШДОНДОВ