| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00301/и |
| Дугаар | 00611 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 00611
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2017/00611 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Шар цуурчид овогтой, Батбилэгийн Уянгын нэхэмжлэлтэй,
/Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 59/1 байр, 57 тоотод оршин суух, регистрийн дугаар ПЮ93103009/
Хариуцагч: Олон хоньт овогтой, Энхбатын Баатархүүд холбогдох
/Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-40 мянгат, 10 дугаар байр, 26 тоотод оршин суух, регистрийн дугаар УЦ91120231/
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Уянга, хариуцагч Э.Баатархүү, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уянга миний бие 2011 онд Э.Баатархүүтэй танилцаж, улмаар бид 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү У.Баттүшигийг төрүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Ингээд хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2015 оноос тус тусдаа амьдралаа хөөхөөр болсон. Бид хамтран амьдрах боломжгүй болсон тул хууль ёсны хариуцлагыг хүлээлгэж, хүү У.Баттүшигийн эцэг Э.Баатархүү болохыг тогтоолгож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Баатархүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Б.Уянгатай 2011 онд танилцаж, хүү У.Баттүшиг 2012 онд төрсөн. Анх хүүхдээ төрж байх үед нь би өөрөө байгаагүй. Сар гаруйн дараа хүүтэйгээ уулзаад бид дахин хамтран амьдрахаар болсон. Энэ хугацаанд бид таарамжгүй харилцаанаас болж тусдаа байх болсон. Сүүлийн жил хагасын хугацаанд хоорондоо огт холбоогүй байгаа. Хүү У.Баттүшигийн эцэг болохыг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Уянгын нэхэмжлэлтэй, Э.Баатархүүд холбогдох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Уянгын “...хүү У.Баттүшигийн эцэг нь Э.Баатархүүд болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Баатархүү хүлээн зөвшөөрчээ.
Б.Уянга, Э.Баатархүү нар 2011 онд танилцаж, тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Шар цуурчид овогтой, Уянгын Баттүшиг төрсөн болох нь талуудын тайлбар, Төрсний бүртгэлийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0000752738 Г-243 дугаар гэрчилгээр тогтоогджээ.
Хүү У.Баттүшиг нь эрүүл бойжиж байгаа байгаа болох нь “Илаарших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар тодорхойлолт, талуудын тайбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Шар цуурчид овогтой, Уянгын Баттүшигийн эцэг Олон хоньт овогтой, Энхбатын Баатархүү болохыг тогтоох нь зүйтэй юм.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү У.Баттүшигийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэгЭ.Баатархүүгээр тэжээн тэтгүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Шар цуурчид овогтой, Уянгын Баттүшигийн эцэг Олон хоньт овогтой, Энхбатын Баатархүү болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн У.Баттүшигийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Баатархүүгээс тэтгэлэг гаргуулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уянга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Баатархүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД