| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2016/05123/и |
| Дугаар | 00645 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00645
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/00645 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Аригбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9016001005, регистрийн дугаар 2111683/
Хариуцагч: Барга овогтой, Цэдэвийн Батцэцэгт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 30 дугаар байр, 31 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Хустайн 1 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ОЮ73081580/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 87.549.095 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Батцэцэг нь Ариг банктай буюу хуучнаар Эрэл банктай 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дугаар 14/0216 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 74.000.000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтайгаар 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14/0154 тоот зээлийн гэрээ байгуулж 24.500.000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалттайгаар, 14 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлж авсан. Өнөөдрийг хүртэл зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, зээлийн гэрээний 1.6-д зааснаар хариуцагч Ц.Батцэцэгээс 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 39.739.775 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 14.611.041 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2.079.330 төгрөг, нийт 56.430.148 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 22.049.615 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 7.902.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 1.166.437 төгрөг, нийт 31.118.947 төгрөг, дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 87.549.095 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, рапид харш, махатма гандийн гудамж, 30 дугаар байр, 31 тоот хаягт байршилтай Ү-2206026710 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч Ц.Батцэцэг нь 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 44.260.224 төгрөг, зээлийн хүүд 33.397.531 төгрөг төлөхөөс 18.786.490 төгрөгийг төлсөн, нэмэгдүүлсэн хүүнд 161.585 төгрөгийг төлсөн. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2.450.384 төгрөг, зээлийн хүүнд 2.313.515 төгрөгийг төлсөн байна. Манай банк 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны гэрээний үүргийг шаардсан байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан талаар хариуцагч талаас маргаан байхгүй. Анх нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлээр нийтдээ 75.276.064 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ шаардлагын тооцооллын хувьд нэмэгдүүлсэн хүүг зөв, буруу талаар мэдлэг байхгүй учраас энэ үнийн дүнг зөв эсэх талаар мэдэхгүй тул шууд зөвшөөрөх эрх надад байхгүй. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулга болон зохих журмын талаар бодсон эсэх талаар дүгнэлт хийх байх. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 12.267.631 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн болон 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан хоёр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар нэг нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, нөгөө нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байдаг. Гэхдээ тус гэрээнийхээ 4 дүгээр зүйлд зааснаар төлбөрийг бүрэн барагдуулснаар гэрээний үүрэг дуусгавар болно гэсэн зохицуулалт байгаа учраас гэрээний хугацаа цааш үргэлжилж байсан буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл гэрээ үргэлжилж байсан гэж харагдаж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт зааснаар буюу гэрээг өөрийн санаачлагаар цуцлаад дуусгавар болгосон гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгч өөрөө гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн. Тэгэхээр энэ гэрээг цуцалснаар энэ гэрээтэй холбоотой гэрээний үүргийн харилцаа, шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Яагаад гэвэл гэрээг цуцалснаар гэрээний үүрэг буюу нэмэгдүүлсэн хүүг цаашдаа тооцохгүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Тэгэхээр энэ зээлийн гэрээний үүрэг нь гэрээг цуцлаад дуусгавар болсон тул нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Аригбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Батцэцэгт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 87.549.095 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. “Аригбанк” ХХК /Эрэлбанк ХХК-ийн нэрийг Аригбанк ХХК болгон өөрчилсөн/ болон Ц.Батцэцэг нар харилцан тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 14/02-16 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ц.Батцэцэг нь 74.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлэгч “Аригбанк” ХХК-иас зээлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ц.Батцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 39.739.775 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 14.611.041 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 2.079.330 төгрөг, нийт 56.430.148 төгрөгийг нэхэмжлэгч “Аригбанк” ХХК-д төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, Зээлийн дансны хуулга, Балансын гадуурх дансны хуулга, Зээлийн үлдэгдэл зээлийн хүүгийн үлдэгдэл нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогджээ.
2. “Аригбанк” ХХК /Эрэлбанк ХХК-ийн нэрийг Аригбанк ХХК болгон өөрчилсөн/ болон Ц.Батцэцэг нар харилцан тохиролцож, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14/02-154 дүгээр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ц.Батцэцэг нь 24.500.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 14 сарын хугацаатайгаар 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлэгч “Аригбанк” ХХК-иас зээлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ц.Батцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 22.049.615 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 7.902.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 1.166.437 төгрөг, нийт 31.118.947 төгрөгийг нэхэмжлэгч “Аригбанк” ХХК-д төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, Зээлийн дансны хуулга, Балансын гадуурх дансны хуулга, Зээлийн үлдэгдэл зээлийн хүүгийн үлдэгдэл нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогджээ.
Шүүхээс “Аригбанк” ХХК-ийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ц.Батцэцэгт 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн боловч хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар биелүүлээгүй бөгөөд түүнд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан хэдий боловч шүүх хуралдаанд хүнтэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван “...зээл авсан талаар маргахгүй байгаа, зээлийн төлбөрийн үлдэгдэл хэд болохыг мэдэхгүй байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний 4.2.3-т зааснаар гэрээг цуцалсан гэж бичсэн тул нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй” гэсэн тайлбар гаргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн бол банк гэрээг өөрийн санаачлагаар цуцалж, зээл түүнийг хүүг холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан бөгөөд уг гэрээний 4.3-т “энэхүү зүйлийн 4.2-т заасан нөхцлүүдийг үндэслэн гэрээг цуцалсан тохиолдолд зээл, түүний хүүг зээлийн ашигласан хугацаагаар тооцох ба гарах үр дагавар, хохирлыг банк хариуцахгүй” гэжээ.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайваны “...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар” нь нотлогдохгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Батцэцэгээс талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14/02-16 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 39.739.775 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 14.611.041 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2.079.330 төгрөг, нийт 56.430.148 төгрөгийг, мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/02-154 дүгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 22.049.615 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 7.902.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.166.437 төгрөг, нийт 31.118.947 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Аригбанк” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна.
Түүнчлэн, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 14/02-16 дугаар Зээлийн барьцааны гэрээний зүйл болох Ц.Батцэцэгийн өмчлөлийн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026710 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 30 дугаар байр, 31 тоот 56.26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Батцэцэгээс 87.549.095 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Аригбанк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Ц.Батцэцэгийн өмчлөлийн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026710 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 30 дугаар байр, 31 тоот 56.26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Аригбанк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 534.358 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 211.233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 595.695 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Аригбанк” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД