| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00157/и |
| Дугаар | 00646 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00646
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/00646 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн дугаар 5055873/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Өөрийн байр, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлын дугаар 0001109/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.332.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ийн төлөөлөгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авагч Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль нь манай компанитай 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ХАГ-0250/15 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, U6/Ю6/ маркийн 360.000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг гар утас, 600.000 төгрөгийн цэнэглэгч картыг 3 сарын хугацаатай зээлээр авсан. Хариуцагч нь ХАГ-0250/15 тоот гэрээний 2.2.1-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу 3 сарын хугацаанд 10 ширхэг гар утасны үнэ болон цэнэглэгч картын 600.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй боловч өнөөдрийн байдлаар 88.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулиас гэрээний үүргийн гүйцэтгэлд 888.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу 300 хоногийн алданги 444.000 төгрөг, нийт 1.332.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.332.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ийн төлөөлөгч Д.Басбиш “...зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 888.000 төгрөг, 300 хоногийн алданги 444.000 төгрөг, нийт 1.332.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.
“Жимобайл” ХХК болон Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургууль нь харилцан тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ХАГ-0250/15 дугаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдагч “Жимобайл” ХХК нь 3.600.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас 10 ширхэг, 600.000 төгрөгийн үнэ бүхий ЖИ10+365х+0 нэгж 10 ширхэг, нийт 4.200.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, цэнэглэгч картыг худалдан авагч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд зээлээр худалджээ.
Талууд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Тооцоо нийлсэн баталгаа”-г үйлдэж, уг хэлцлээр 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд тооцоо нийлэхэд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургууль нь 2.178.000 төгрөгийн үлдэгдэлтэй гасныг батлав гэсэн байх бөгөөд хариуцагч талаас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.290.000 төгрөгийг “Жимобайл” ХХК-д шилжүүлснийг хасаж тооцоод 888.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хавтаст хэргийн 8-9, 15-16, 18 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд гэрээний 3.3-т “худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэжээ.
Шүүхээс “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн төлөөлөгч Д.Тунгалагт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар уг үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу хариуцагч талд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг байгууллагын хаягаар баталгаат шуудангаар 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлж мэдэгдсэн, Шүүгчийн туслах Н.Бат-Уянгын тэмдэглэлээр “хариуцагчийн төлөөлөгч Д.Тунгалагийн 98655248 дугаар утасруу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр залгаж ...хурлаас өмнө ирж хэргийн материалтай танилцах, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд ирэхийг мэдэгдсэн” боловч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагч талыг хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломж олгох үүднээс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан болно.
Түүнчлэн, хариуцагч талд шүүх хуралдааныг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан мэдэгдэх хуудсыг байгууллагын хаягаар нь баталгаат шуудангаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлж, мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “...хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулиас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.332.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулиас 1.332.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 36.262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулиас 36.262 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД