| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0363/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/379 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0363/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт П.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000426 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, засвар механик мэргэжилтэй, Ш ХК-д .......... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг, .......... тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, С овогт П.Г,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, Төв дэлгүүрийн хойд талын автобусны буудал дээр М.Г маргалдан түүний цээжин тус газар цохиж газарт унаган эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.Г “...Го гэх хүн намайг хөөе чи нааш ир гээд дуудахаар нь би яваад очтол чи миний охинтой тэмцээн дээр юм ярьсан юм уу гэж асуухаар нь үгүй ахаа, би юу ч яриагүй гэж хэлсэн чинь хажуугаас охин нь чи хэлээ биздээ гээд автобусанд ороод суусан. Тэр хойгуур нь Г гэх хүн миний цээж рүү гараараа нэг удаа цохих үед би хойшоо болж ард байсан сандал дээр тулаад саваад унасан. Тэгээд босож чадахгүй хэсэг хэвтэж байгаад босож ирээд ажил дээрээ очсон боловч бие өвдөөд байсан ба уурхайн эмчдээ үзүүлэх гээд дотогшоо орж байгаад замдаа ухаан алдаж унасан. Би Г гэх хүний охиныг доромжлоогүй. Тэмцээн дээр өөрөө халтирч унаад босож ирээд шалаа арчаач гэхээр нь би өрөө арч гэж хэлээд өнгөрсөн. ...Миний эмчилгээнд эмнэлэгт хэвтсэн 400,000 төгрөг, мөн Саран эмнэлэгт үзүүлсэн 360,000 төгрөгийн хохирлыг Г гэх хүн бүрэн төлсөн учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,
Гэрч С.П “...Ш ХК-д ажилладаг нэрийг нь сайн санахгүй байна тэр залууг дуудаад хоорондоо юм яриад зогсож байснаа Г нөгөө залуугийн цээжин тус газарт гараараа нэг удаа цохисон чинь нөгөө залуу хойшоо сандал дээгүүр даваад газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч Г.Э “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Шарын гол сумын Хайрхан багийн Төв дэлгүүрийн замын эсрэг талын автобусны буудал дээр ажилдаа явах санаатай ирэхэд манай аав болох Г ирсэн зогсож байсан ба цаахан талд Г гэж залуу зогсож байсан. Тэгэхээр нь би аавд тэмцээн дээр болсон асуудлын талаар хэлсэн чинь аав Г нааш ир гэж дуудаад чи манай охиныг юу гэж хэлсэн юм гэж асуусан чинь өөдөөс нь би юу гэсэн юм бэ, би яагаачгүй гэсэн чинь аав түүний цээж рүү гараараа түлхтэл Гантулга хойшоо сандал дээр даваад унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 753 дугаартай “...М.Г биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.Г биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч П.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын ялын саналыг хүлээн авч 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч М.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт П.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД