Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0176

 

2015 оны 4 сарын 22 өдөр

Дугаар 176

Улаанбаатар хот

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар шийдвэртэй, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Д.Т-н давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дархан-Уул аймгийн Хонгор сумын Могойт нэртэй газарт орших “З” ХХК-ийн 13903Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан.

Тусгай зөвшөөрөл маань 2014 оны 07 дугаар сарын 21-нд дуусгавар болох байсныг бид мэдэж байсан боловч ар гэрийн гачигдлын улмаас сунгуулах өргөдлөө гаргаж амжихгүй 2014 оны 07 дугаар сарын 25-нд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүсэлтээ гаргасан. Гэвч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байж байгаад 2014 оны 08 дугаар сарын 01-нд хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нь манай компанид хохиролтой байна. “З” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, 1-3 жилийн, 3-6 жилийн сунгалтыг цаг тухайд нь хийлгэж байсан. Мөн 7-9 дэх жилийн төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн.

Бид хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлөө хугацаанд нь гаргаж өгөх боломжгүй байсан шалтгаанаа дурдаж, холбогдох баримтыг Ашигт малтмалын газарт гаргаж өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгааныг төрийн захиргааны байгууллага тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн эрхийг сунгуулах тухай хүсэлтийг хүлээж аваагүй болно.

Ашигт малтмалын хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрөл нь “З” ХХК-ийн эзэмшил юм. Гол мөрний урсац бүрэлдэх, эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээс болж одоогоор хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ашигт малтмалын хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн захирал Д.Т ганцаараа эзэмшдэг.

Увс аймагт яаралтай очиж төрсөн эгч болох Д.Д хүнд өвдөж асрах шаардлагатай болсон учраас 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл өөрийн биеэр сахиж асарсан. Иймд ашигт малтмалын хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Могойт нэртэй газарт орших 987.6 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1899 дүгээр шийдвэрээр “З” ХХК-д олгосон.

Ашигт малтмалын хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй байна.

Уг компанийн захирал Д.Т өвчтэй байсан эгчийгээ 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл өөрийн биеэр сахиж асарч байсны улмаас өргөдлөө хугацаанд нь гаргаж чадаагүй гээд энэ хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авах ёстой гэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан эдгээр баримт бичиг тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс төлсөн баримтаас гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, баримтуудыг өргөдөлд хавсаргаж Кадастрын хэлтэст ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй, дээрх заалтад заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой.

Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

Мөн “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал өвчтэй хүн асарсан гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан ч энэ компанийн бусад эрх бүхий албан тушаалтан эсхүл хуульд зааснаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хайгуулын 13903Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хугацаанд нь хүргүүлэх боломжтой байжээ. Иймд, “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан “З” ХХК-ийн ... “З” ХХК-ийн 13903Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сэргээхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Манай “З” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ...”З” ХХК-ийн 13903Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сэргээхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Тодруулбал: Манай компани нь 13903Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оноос хойш ямар нэгэн зөрчилгүй, төлбөрөө цаг хугацаанд нь төлж эзэмшиж ирсэн билээ. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусах байсан ч манай компани энэ хугацаанд амжиж 2015-2017 оны төлбөрийг төлсөн юм. Ингээд төлбөр төлснөөс хойш тусгай зөвшөөрлийг сунгахгүй, дуусгавар болгосон гэсэн ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаанд нь өгч чадаагүй хүндэтгэн үзэх шалтгааны хамт бичиж, шийдвэрлүүлэхээр өгсөн боловч 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сунгахаас татгалзсан хариу өгсөн. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага манай компанийн гаргасан өргөдлийг хянаж, шийдвэрлэх ямар ажиллагаа хийснийг шүүх тодруулах ажиллагаа явуулаагүй. Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ манай компаниас гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх, хариу өгөх талаар хариуцагч хуульд заасан ямар ч ажиллагаа хийгээгүй байгаад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар: ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 буюу Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд байх, мөн хуулийн 31 дүгээр зүйл буюу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн байх шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж, дээрх шаардлагыг хангаагүй бол сунгахаас татгалзаж, энэ талаар бичгээр хариу мэдэгдэх-ээр хуульчилсан.

Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах ямар ч үндэслэл байхгүй. Нөгөөтээгүүр Ашигт малтмалын тухай хуулийн Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл-ийг зохицуулсан Тавдугаар бүлэгт:

-       Тусгай зөвшөөрлийн төлбөр,

-       Түүний хэмжээ,

-       Төлөх хугацааны талаар зохицуулалтууд орсон байх ба хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар эдгээр нөхцөлийг хангах нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хангах нөхцөл болж байгаа юм.

            Иймээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө манай компани холбогдох төлбөрөө төлсөн нь манай компанийн 13903Х дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрх-ийг хадгалах нөхцөл болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах нөхцөл боломж байгаа эсэх, хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай бусад байгууллагын хүсэлтийг ямар журмаар хэрхэн шийдвэрлэдгийг мөн тодруулах, дүгнэж үзэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Түүнчлэн, шүүх хариуцагч байгууллагын өмнөөс Өргөдлөө хугацаанд нь ирүүлээгүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй байна. хэмээн үнэлж дүгнэснээс биш, өргөдлийг ирүүлэх хугацааг зөрчсөнөөр ямар үр дагавар үүсэх, энэ нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх шалтгаан нөхцөл болох эсэхийг огт үнэлж дүгнээгүй нь учир дутагдалтай байна.

            Иймд, дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан, хэргийг бүхэлд нь хянан үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “З” ХХК-иас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “З” ХХК-ийн 13903Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сэргээхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчээс “хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаанд гаргаж чадаагүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаа дуусахаас өмнө төлсөн байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч, хүндэтгэн үзэх шалтгааныг төрийн захиргааны байгууллага тогтоох боломжгүй гэж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “З” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 06 дугаар 27-ны өдрийн 1000 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Могойт” нэртэй газарт 988 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, 13903Х дугаар тусгай зөвшөөрлийг 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр олгосноос хойш тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр төлж, сунгалт хийлгэсээр ирсэн байна.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүйгээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусч, дуусгавар болжээ.

Уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байсан ба дуусгавар болох хугацааг нэхэмжлэгч мэдэж байсан, харин хугацаанаас өмнө өргөдөл гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ баримтаар нотлож, тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч компанийн захирал Д.Т-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр, мөн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13/08 дугаар албан бичгээр тус тус хандаж, хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаа дуусахаас өмнө төлсөн талаарх баримт, мөн тусгай зөвшөөрөл сунгуулахад шаардлагатай баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн болох нь хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн геологи судалгааны хэлтсээс батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөө, кадастрын хэлтсийн маягтын дагуу бөглөсөн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдөл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагчаас “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч компанийн захирал Д.Т-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тус компанийн захирал Д.Т нь 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын эмнэлэгт төрсөн эгч болох Д.Д-г хүнд өвчний учир сахиж байсан болох нь Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн магадлагаа, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн комиссын шийдвэрээр, төрсөн эгч Д.Д нь асран халамжлах хүнгүй, өндөр настай болох нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэстэй байна.

Түүнчлэн хариуцагчаас “...нэхэмжлэгч компанийн захирал өвчтэй хүн асарсан хүндэтгэх шалтгаантай байсан ч компанийн бусад эрх бүхий албан тушаалтан өргөдөл гаргах боломжтой байсан...” гэсэн тайлбарт нэхэмжлэгч компаний захирал “...тухайн үед төрсөн эгч маань хүнд өвчлөөд ухаангүй байсан, нэг гишүүнтэй компани тул тамга, тэмдэгээ үлдээгээгүй, хэн нэгэнд итгэмжлэл хийж өгөх боломжгүй байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаа дуусахаас нь өмнө төлүүлсэн...” гэж  тайлбарлаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч “З” ХХК нь 1 гишүүнтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх зөвхөн захирал Д.Т-д олгогдсон байх ба тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “З” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан болон мөн хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлүүдэд заасан шаардлага, нөхцлийг хангаж ажиллаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Д.Т өөрийн компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах бодит боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тайлбар, баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хянаж шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаа хийгээгүй талаар шүүх тодруулаагүй гэх тайлбар үндэсгүй байна.  

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                          ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан “З” ХХК-ийн 13903Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ