Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 934

 

 

 

 

 

 

 

 

 

С.Д-ийннэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00529 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Д-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч Г ТББ-дхолбогдох,

Зуучлалын гэрээний дагуу төлсөн 11 274 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Олон Улсын Доорвей Атлетик” байгууллагын албан ёсны төлөөлөгчийн газар гэх Х.Юмчмаа захиралтай Г ТББ-тай холбогдож, АНУ-ын их дээд сургуульд оюутан зуучлах, сургалтын төлбөрийн 60-аас дээш хувийг хөнгөлнө гэсэн саналыг зөвшөөрч, тус төвтэй 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү Д.Бийг төлөөлж гэрээ байгуулан ажлын хөлсөнд 5 100 ам.доллар төлсөн болно. Буяндэлгэр нь 2014 оны 01 дүгээр сард АНУ-ын “Хойд Дакота”-ийн их сургуульд “Уул уурхайн инженер” мэргэжлээр сурахаар явсан. Говь боловсрол төвөөс гэрээний 3.2-т заасан сургалтын төлбөрийн 60-аас дээш хувийн тэтгэлэг олгохыг сургууль төгсөх хүртэл хугацаанд хүлээсээр байсан ч бид нэг ч төгрөгийн тэтгэлэг аваагүй болно.

            Бидний хооронд байгуулсан гэрээний 4.3-т “тэтгэлэг олгоогүй тохиолдолд 4 600 ам.долларыг буцаан олгоно” гэж заасны дагуу бид Говь боловсрол төвд тус төлбөрийг буцаан олгохыг хүссэн мэдэгдэл, шаардлага гаргасан ч гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй болно. Тиймээс гэрээний 4.3-т заасны дагуу 4 600 ам.долларыг Монголбанкны ханшаар тооцож 11 247 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай Говь боловсрол төв” ТББ нь 2002 онд байгуулагдаж, Монголын залуусыг олон улсын их дээд сургуульд зуучлан оруулах, сургалтын төлбөрөөс зохих хувийг хөнгөлүүлэх боломжтой тохиолдолд оюутны төлбөрийг бүрэн хөнгөлүүлэх зэрэг эх орныхоо оюуны боловсролд зохих хувь нэмрээ оруулж байгаа байгууллага юм.

            С.Дагвасүмбэрэл нь 2013 оны 03 дугаар сард өөрийн хүү Д.Бийг АНУ-ын сургуульд зуучлан өгөх талаар манай төвд хандаад 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Д.Б нь 2014 оны 01 дүгээр сард АНУ-ын “Хойд Дакота”-ийн их сургуульд “Уул уурхайн инженер” мэргэжлээр сурахаар явж, сургуулиа төгсөж ирсэн.

            Г ТББ-аас Өмнөд дакотагийн их сургуульд Д.Бийн сургалтын төлбөрийг хөнгөлүүлэх тэтгэлэгт хамруулахыг хүсч, өөрсдийн зүгээс бүхий л арга хэмжээг авсан ба бидний ажиллагааны үр дүнд Д.Б нь зохих сургалтын тэтгэлэг авсан. Бидний хүссэн хэмжээнд хүрсэн тэтгэлэг авч чадаагүй боловч, бидний зүгээс хамаарах бус тухайн сургуульд сурч байгаа хүүхдийн хүмүүжил, сурлагын түвшин, зан харилцаа, хэлний мэдлэг ямар түвшинд байх зэргээс шалтгаалах асуудал байна.

            Манай Г ТББ-ын үйл ажиллагааны үр дүнд Д.Б нь АНУ-д дээд боловсрол эзэмшээд, энэ мэргэжлээр эх орондоо ажиллаж байна. Гэтэл шүүхэд хандаж, бидний хийсэн бүхий л ажиллагааг үгүйсгэж, нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ТББ-аас 11 247 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Д-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах гомдолдоо: “...Тус маргааны гол шаардлага болох “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээ”-ний заалтыг буруу ойлгож улмаар шийдвэрт тусгасан. Тус гэрээний хавсралт хоёр болох “Их, Дээд сургуулийн гэрээ”-г анхнаасаа хэлцэл хийх зорилгоор хууран мэхэлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан боловч тус шүүхийн шүүгч хүлээж аваагүй ба тус гэрээний зүйл заалтыг ашиглан шийдвэр гаргасан үйлдэл нь буруутай байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “зуучлагч нь зуучлагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхолын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэрээ”-ийн гол зорилго нь “Говь боловсрол төв”-өөс ИДЭА олон улсын байгууллагад зуучилж өгнө гэж гэрээнд тусгасан. Гэтэл “Говь боловсрол Төв” нь ИДЭА байгууллагын хэрэгжүүлэх үүргийг өөрөө хэрэгжүүлсэн нь Иргэний хуульд зааснаар зуучлагч гуравдагч этгээд байсан тохиолдолд зуучлагч аливаа хөлс болоод шагнал төлөхгүй гэж заасныг Мөн хэргийн нотлох баримтад Д.Бийн сургалтын чадвартай холбоотой нотлох баримт авагдаагүй байтал зуучлагчийн сургалтын чадвар, хэлний түвшин муу байснаас үүдэн тэтгэлэг авж чадаагүй гэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. АНУ-д суралцах явцдаа зуучлагч Д.Б нь өөрийн хүчин чармайлтаар 2 500 ам.долларын тэтгэлэг авсныг хариуцагч талаас тэтгэлэг олж өгсөн мэтээр ойлгож буруу шийдвэр гаргасан. Иймд шүүх хэрэг маргааныг бүрэн гүйцэд судлан шинжлэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Дагвасүмбэрэл нь хариуцагч “Говь боловсрол төв” ТТБ-д холбогдуулан хүү Д.Бийг сургалтад зуучлах гэрээний дагуу төлсөн 4 600 ам.доллар буюу 11 274 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Д.Б нь тэтгэлэгт хөтөлбөрт нэг удаа хамрагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Талууд 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээ”, мөн өдөр гэрээний хавсралт “Их дээд сургуулийн гэрээ”-г тус тус байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Говь боловсрол төв” ТТБ нь Д.Бийг АНУ-ын Их, Дээд сургуулийн өдрийн ангид бакалаврын зэргээр суралцуулж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 5 100 ам.долларыг шилжүүлэхээр үүрэг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 5-7, 26, 30-33, 92-94/

Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүү Д.Бийг сургуульд холбон өгөх үүргийг хариуцагч, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг хүлээсэн байх тул шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 2.7-д “Суралцагчийн хүсэлтийг харгалзан “IDEA” байгууллагаас санал ирүүлсэн сургуулиуд нь 1 жилийн сургалтын төлбөрийг 700-16 000 ам.доллар хүртэл хөнгөлсөн байх ба суралцах хугацаанд нь жил бүр хөнгөлөгдөнө”, 4.3-т “Тэтгэлэг олгогдоогүй тохиолдолд 4 600 ам.долларыг буцаан олгоно” гэж тус тус заажээ.

            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 198.2 дахь хэсэгт “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус заажээ.

            Талуудын хоорондын гэрээд сургалтын төлбөрийн хөнгөлөлт буюу тэтгэлэг нэхэмжлэгчийн хүү Д.Бт олгогдоогүй тохиолдолд гэрээний дагуу өгсөн 5 100 ам.доллараас 4 600 ам.долларыг буцаахаар тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч байгууллагын санал болгосноор нэхэмжлэгчийн элсэн орсон АНУ-ын “Хойд Дакота”-ийн их сургуулиас сургалтын төлбөрийг хөнгөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, мөн хариуцагч байгууллагад хандаж хүргүүлсэн мэдэгдэлдээ өөрийнх нь дансанд 2 500 ам.доллар орж байсан талаар заасан, уг мөнгийг гэрээний 2.7-д заасан сургуулийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт биш гэдэг агуулгаар тайлбарласан /хх 10/ зэргийг үндэслэн сургалтын төлбөрөөс хөнгөлөгдсөн гэж шууд үзэх боломжгүй, энэ талаар хариуцагч “Говь боловсрол төв” ТТБ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ТББ-иас гэрээний үүргийн хүрээнд 11 274 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дагвасүмбэрэлд олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00529 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дүгээр зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ТББ-иас гэрээний үүргийн хүрээнд 4 600 ам.доллар буюу 11 274 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дагвасүмбэрэлд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН