Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00722

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/00722

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Чогсомын Энхбаярын нэхэмжлэлтэй,

/Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 384 дүгээр гарам, 29 дүгээр гудамж, 56 тоотод оршин суух, регистрийн дугаар ИЭ57062217/

 

            Хариуцагч: Баянбулагууд овогтой, Төмөрийн Болдбаатарт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан стадион оргил, 29 дүгээр байр, 16 тоотод оршин суух, регистрийн дугаар ЛЙ74010979/

 

            22.582.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Энхбаяр, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Зоригтоор дамжуулан Т.Болдбаатартай танилцсан бөгөөд Т.Болдбаатар нь надад Сонгинохайрхан дүүргийн зам дагуу 2 га газрыг 30.000.000 төгрөгөөр авч өгнө гэж хэлсэн. Сүүлдээ тэр газар нь бүтээгүй. Тэгээд мөнгөө буцааж авъя гэхэд 8.500.000 төгрөг л цувуулж өгсөн. Би Т.Болдбаатарт Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын гадаа, дүү Т.Зоригтынх нь дэргэд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Мираж зочид буудлын гадаа  2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 450.000 төгрөгийг Т.Болдбаатарт өгсөн, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 480.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5131010182 тоот дансруу нь 3.000.000 төгрөг бэлнээр өөрийн данснаас шилжүүлсэн, мөн тэр өдрөө буюу 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.800.000 төгрөгийг мөн данс руу нь хийсэн. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр кадастрын зурганд 322.000 төгрөг өгсөн, 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бензинд 29.800 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Т.Болдбаатарын Хаан банкны дансанд 22.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийтдээ 31.082.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Т.Болдбаатар нь үүнээс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд үлдэгдэл 22.582.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагч Т.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Болдбаатар миний бие Ч.Энхбаярыг танихгүй. Ч.Энхбаяр, Т.Зоригт нар 2014 оны хавар надаас зарах газар байгаа эсэхийг асуусан бөгөөд тухайн үед миний танил “Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн наана 2 га газар зарна” гэж байсныг Т.Зоригтод хэлэхэд “та уулзаад өгөөч бид хоёрт 30.000.000 төгрөг байна” гэсэн. Тэгээд танил н.Гантулга руугаа ярьж газрыг чинь хүн худалдаж авъя гэж байна гээд, маргааш Сонгинохайрхан дүүрэг дээр уулзаад мөнгөө шууд шилжүүлж өгье гэсэн. Тэгээд Т.Зоригт руу утсаар ярихад бид хоёр жаахан ажилтай байна, таны данс руу 20.000.000 төгрөг хийчихье, дансаа явуулчих гээд дансанд маань 20.000.000 төгрөг хийсэн. Би н.Гантулгад 20.000.000 төгрөгийг өгөөд Ч.Энхбаяр, Т.Зоригт нарт газар нь таалагдаж байна уу гэхэд маш их баярлалаа гээд н.Гантулгатай газрынхаа нэрийг шилжүүлнэ гээд тохироод маргааш нь уулзахаар болсон. Гэтэл маргааш нь Т.Зоригт залгаад та газраа шилжүүлэхээ хэд хоног хүлээж байгаарай, бид хоёр хуучин газрыг зарсан хүнтэй заргалдаж байна гээд хэд хоногийн дараа Т.Зоригт над руу ярьж Т.Энхбаярын эхнэр нөгөө газрыг чинь арай хол байна, өөр ойр газар олж өгөөч гэж н.Гантулгад хэлээд өгөөч гэсэн. Тэгээд н.Гантулгад утсаар хэлэхэд өөрийн дүүгийн авах гэж байгаа газрыг өгье гээд Ч.Энхбаяр, Т.Зоригт хоёр уулзаад газраа тохироод авсан гээд н.Гантулгатай ярихад би энэ газрыг шилжүүлж өгсөний дараа боломжоороо танд хэдэн төгрөг өгье гэсэн. Ингээд 1 жилийн дараа буюу 2015 оны Т.Зоригт надад Т.Энхбаяр эхнэр энэ газар бага байна гээд байдаг боллоо, та хэдэн төгрөгийг нь даруй өгөөч гэхээр нь н.Гантулга над руу цувуулж явуулсан 8.500.000 төгрөгийг нь өгсөн. Мөн 2015 оны 12 дугаар сард Т.Зоригт би Ч.Энхбаяр ахтай мөнгөө 50 хувиар гаргасан ба Солонгос Улс руу явах болсон тул барьцааны мөнгө хэрэгтэй гээд 6.000.000 төгрөгийг манайхаас бэлнээр ирж авсан. Харин н.Гантулга нь одоо би мөнгө нэмж өгч чадахгүй, аль эсхүл наад хүнээ газрыг маань шилжүүлж өг гэж хэлсэн, тэгсэн хойно үлдэгдэл бүх мөнгийг өгнө гэдэг. Т.Зоригт нь 2016 оны 01 дүгээр сард Солонгос Улс руу явсан бөгөөд түүнээс хойш 2016 оны 4 дүгээр сараас Ч.Энхбаяр нь надаас мөнгө нэхдэг болсон. Миний хувьд энэ мөнгөнөөс юу ч аваагүй, Т.Зоригт, Ч.Энхбаяр хоёрын дэргэд н.Гантулгад өгснийг мэдэж байгаа. Т.Зоригт нь зарим үед надтай Солонгос Улсаас утсаар холбогдож танд ямар ч хамаагүй, та надтай ярьсан учир одоо тэр хүнд мөнгө битгий өгөөрэй, би удахгүй очоод учрыг нь олно гэдэг. Миний бие Ч.Энхбаярыг танихгүй анхнаасаа Т.Зоригттой ярьсан. Нэмж өгсөн гээд байгаа 20.000.000 төгрөгийг миний бие мэдэхгүй болно гэжээ.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ч.Энхбаярын нэхэмжлэлтэй, Т.Болдбаатарт холбогдох, 22.582.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Хэргийн үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч Ч.Энхбаяр нь Т.Болдбаатараас Сонгинохайрхан дүүрэгт зам дагуу 2 га газар авахаар тохиролцсон гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч Т.Болдбаатар “...Ч.Энхбаяр нь н.Гантулга гэдэг хүнээс 30.000.000 төгрөгөөр газар авахаар тохиролцсон ба миний дансруу Ч.Энхбаяр нь 20.000.000 төгрөг шилжүүлснийг би н.Гантулгад өгсөн, дараа нь Ч.Энхбаяр нь газар жижиг байна гээд дарамтлаад байхаар нь н.Гантулга 8.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Ч.Энхбаяр нь 20.000.000 төгрөг дээр нэмж мөнгө өгснийг мэдэхгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Ч.Энхбаяр, Т.Болдбаатар нарын хооронд газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

           

Иймд нэхэмжлэгчийн “...би Т.Болдбаатарт газар худалдаж авна гээд 22.000.000 төгрөг түүний дансруу шилжүүлсэн” гэсэн тайлбар, хариуцагчийн “...Ч.Энхбаяр нь н.Гантулгаас газар авна гэж миний дансруу 20.000.000 төгрөг  шилжүүлсэн” гэсэн тайлбар, хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан Хаан банкны 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Орлогын мэдүүлэгт “Энхбаяраас газрын мөнгө 22.000.000 төгрөгийг Т.Болдбаатарт шилжүүлсэн” гэсэн бичилт болон Т.Болдбаатарын Хаан банкны 5131010162 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгын “2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Энхбаяраас газрын мөнгө 22.000.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн бичилт зэргийг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхбаяр нь хариуцагч Т.Болдбаатараас 22.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд зохигчдын шүүхэд гаргасан “...Т.Болдбаатар нь эргүүлэн 8.500.000 төгрөгийг Ч.Энхбаярт өгсөн” гэснийг үндэслэн 22.000.000 төгрөгөөс 8.500.000 төгрөгийг хасаж тооцон 13.500.000 төгрөгийг Т.Болдбаатараас гаргуулан Ч.Энхбаярт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр нь газрын төлбөрт Т.Болдбаатарт 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 450.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 480.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.800.000 төгрөг өгсөн, мөн кадастрын зураганд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 322.000 төгрөг,  бинзений зардалд 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 29.800 төгрөг өгсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй болно.

           

Мөн Т.Болдбаатарын Хаан банкны 5131010162 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгын “2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Энхбаяраас 3.000.000 төгрөг, 1.800.000 төгрөгийн орлого” гэсэн бичилт, Ч.Энхбаярын Хаан банкны 5003172629 дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулгын “2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Энхбаяраас 3.000.000 төгрөг, 1.800.000 төгрөгийн зарлага” гэсэн баримтыг дүгнэхэд газрын төлбөрт Ч.Энхбаяраас Т.Болдбаатарт шилжүүлсэн гэж үнэлэх боломжгүй юм.

           

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Болдбаатараас 13.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.082.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн, шүүхээс хариуцагч Ч.Болдбаатарт 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг түүнд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Болдбаатараас 13.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.082.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 283.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 225.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД