Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1036

 

 

 

 

 

 

     

 

      2021            10            14                                           2021/ШЦТ/1036 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

А овогт Г-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1386 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Г-ийн О нь Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт  амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, (РД:).  

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 69 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух иргэн Ч.Ч-ын хашааны гадна 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн танил Ч.Ч-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган, түүний биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүдийг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хосбаяраас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Хохирогчид 100.000 төгрөг төлсөн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2108 00000 1386 дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ч.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 69-6 тоот өөрийн гэртээ амарч байхад 18 цагийн үед хүү Пүрэвбат “Г.О таныг гадаа дуудаж байна” гэсэн. Би гарч очиход машиндаа халамцуу сууж байсан. Би машинд нь суусан чинь Г.О дэлгүүр яваад 0.75 литрийн нэг ширхэг архи авч ирсэн. Бид архинаас нь  гурав, гурав хундага уугаад гарч тамхи татаад орж ирэхэд манай эхнэр Нарантуяа архийг нь асгаад жоохон үлдээсэн байсан. Үлдсэн архийг нь Г.О бид хоёр хувааж уугаад дуусгаад манай том хүү Сүхбатыг дагуулж дэлгүүр орсон. 1 шил архи, ундаа, зайрмаг, хиам аваад гарч ирсэн. Дэлгүүрийн үүднээс хөдлөөд манай ах Ганзоригийн гэрт ороод, түүнийг аваад манай гэрт очсон. Тэгээд Г.О нь Ганзоригтой маргалдаад байсан. Тэгэхээр нь би та нар явцгаа гээд архийг нь аваад гаргаж өгөөд явуулсан. Ганзоригийг эхнэр нь дагуулаад явсан. Г.О авсан архиа танайд уугаад явна гээд байхаар нь харьж үз гэхэд намайг гэрээсээ хөөлөө гэж агсарч, эхнэр, хүүхэд одоо болио гэхэд тэднийг хэл амаар дарамтлаад байхаар нь би муудалцсан. Г.О нь цагдаагаа дууд, цагдаа нар чинь надад ёслоод архи авч ирж өгөөд гэр рүү нь хүргэж өгдөг юм гээд байсан. Би Г.Оыг яв гэж түлхээд явахгүй болохоор нь төрсөн ах болох Сэргэлэнг нь дуудсан. Сэргэлэн ирэхэд Г.О нь намайг дээрэлхэж, намайг гэрээсээ хөөлөө гээд миний өмсөж байсан хувцсаар хоолой боож намайг хашаа руу шахахаар нь би гарыг нь тавиулах гэж цээж рүү нь нэг удаа баруун гараараа цохиод салсан юм. Гэнэтхэн Г.О машины цаанаас гарч ирээд баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би хойшоогоо унахад миний дээр сууж байгаад дээд уруул руу гараараа хоёр удаа цохиход Сэргэлэн татаж салгасан. Миний хоёр шүд унасан. Би чи миний шүдийг унагачихлаа гэхэд Г.О “чи надаас хэдэн төгрөг авах юм” гээд байхаар нь би эхнэртээ хандаж цагдаа дууд гэсэн. 2 шүд унасан, дээд уруул язарсан, мөрийг хөшиж дарснаас хөндүүрлэж өвдөж байна. Миний дээд уруул руу хоёр удаа цохисон. Баруун шанаа руу нэг удаа цохисон. Гомдолтой байна, хоёр шүдээ төлүүлмээр байна. Уруул язарсан болохоор хамар руугаа өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

 

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өгсөн “...Шүд хийлгэх гэтэл буйл шархтай байгаа  тул эмчилгээ хийж байгаад шүд суулгана гэсэн. Тиймээс надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

 

2. Гэрч Р.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“...19 цагийн орчим манай нөхөр Чинбатын эгчийн хүүхэд болох Г.О хашааны гадаа машинтай ирсэн байсан. Манай хүү аавыгаа дуудаад Г.Отай уулзуулсан. Удалгүй манай гэрт Г.О халамцуу нэг шил архитай манай нөхрийн хамт орж ирсэн. Тэр хоёр ярингаа архиа ууж байгаад нойл орж тамхи татна гээд гарсан. Би архийг нь нилээн их асгасан. Манай гэрт Г.О манай нөхөртэй юм ярьж байгаад дэлгүүр гарахаар явсан. Буцаж ирэхдээ 0.75 литрийн нэг ширхэг архи аваад орж ирэхдээ манай нөхрийн ах Ганзориг, эхнэртэй нь хамт орж ирсэн. Авсан архиа ууж байгаад Ганзориг, Г.О нар хоорондоо муудалцсан. Манай нөхөр гарч муудалц гэсэн. Ганзоригийг эхнэр нь аваад явсан. Г.О манай нөхөртэй муудалцаж танай гэрт үлдсэн архиа сууж уумаар байна гээд муудалцаад байсан. Г.О уурлаад манай нөхөр рүү дайрсан. Хашааны үүдэнд муудалцаад байж байсан. Г.Оын ах Сэргэлэнг дуудсан. Удалгүй Сэргэлэн ирээд байж байхад Г.О ахыгаа хараад онгироод манай нөхрийг өмсөж байсан хувцсаар нь хоолойг нь боогоод хашаа руу түлхэхээр нь манай нөхөр Г.Оыг түлхэж унагасан юм. Г.О манай нөхрийг гэнэтхэн нүүрэнд нь гараараа цохиж унагаагаад дээр нь гарч нүүрэнд нь хэд хэдэн удаа гараараа цохиж Сэргэлэн, бид хоёр нийлж Г.Оыг салгасан. Манай нөхөр босож ирэхэд үүдэн хоёр шүд нь унасан, амнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

 

3. Гэрч Г.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:  

“....Намайг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байхад гар утас дуугараад нагац ах Чинбат залгаад Отгонбаяр энд машинтай согтуу байна, чи ирээд аваарай гэсэн. Би гэрт нь очсон. Чинбат ахын хашааны гадаа очих үед Чинбат ах, дүү Отгонбаяр хоёр маргалдсан байдалтай, Нарантуяа хажууд нь зогсож байсан. Би очих үед Чинбат ах Отгонбаярт хандан чи одоо харьж амар гэж хэлж байсан. Отгонбаярыг аваад явъя гээд хэлээд зогсож байхад Чинбат ах Отгонбаярын шанаа руу гараараа цохисон. Отгонбаяр Чинбат ахыг чи намайг цохилоо гээд уурлаж бухимдаад дайраад байсан. ...Чинбат ахад тамхи асааж өгөх үед Отгонбаяр араас ирээд Чинбат ахын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Чинбат ах газар унасан. Би Отгонбаярыг холдуулсан. Шүд уначихлаа гээд шүдээ эхнэртээ өгч байгаа бололтой байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

4. Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... Нагац ах Чинбатын гэрт орсон. Чинбат ах эхнэр хүүхдийн хамт байсан. 0.5 литрийн архи гаргаж Чинбат ахтай хувааж уусан. ...Дэлгүүр орж 0.75 литрийн архи авч, Ганзориг ахыг эхнэрийнх нь хамт дуудаж гаргаж ирээд, бүгдээрээ Чинбат ахын гэрт орж архиа хувааж уусан. Намайг согтлоо гээд Чинбат ах бид нарыг хөөгөөд гаргасан. Ганзориг ах эхнэрийн хамт явсан. Би үлдсэн архиа танай орж уумаар байна гэхэд Чинбат ах хөгшин настай хүн байна гэж хэлсэн. Чинбат ахтай хашааны үүдэнд ярилцаад байж байхад чи яасан том болчихсон юм, арчаагүй юм, ...гээд байсан. Удаагүй төрсөн ах Сэргэлэн хүрч ирээд юу болоод байгаа юм боль гэж хэлсэн. Чинбат ах бид хоёр маргалдаад барьцалдаж зогсож байхад Чинбат ах нүүрэнд цохисон, би бултаж гарсан. Чи зүгээр байж байгаад ахыгаа хараад онгирлоо гээд байхаар нь нүүрэнд нь гараараа цохих үед Сэргэлэн ах урдуур орж ирээд намайг загнасан. Шүд нь унасан байхаар нь хийлгэж өгөхөөр тохирсон. Буйл нь шархтай байгаа учир шүд хийж болохгүй, эмчилгээ хийлгэж байгаа. Чинбат гэмтлийг гараараа нэг удаа цохиж, бараан дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт гэмтлийг учруулсан. Харин унах үедээ зүүн өвдөг нь зулгарсан байна. Гэм буруугаа ухамсарлаж байна. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9042 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: баруун дээд 1, зүүн дээд 1-р шүд булгарсан, буйл хонхор, цус хуралттай, Зүүн мөрний урд хэсэг овойж хавдсан, эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан, урд хэсэгт 1х1 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн өвдөгт 9х0,2 см зулгаралттай.

Дүгнэлт:

-Ч.Ч-ын биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүд булгаралт, буйланд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10 хувь нөлөөлнө. /Шинжээч Б.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

 

            6. Яллагдагч Г.О, хохирогч Ч.Ч- нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 259 дүгээр тогтоол, прокурорын ялын санал (60-63 дугаар хуудас),

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

7. Шүүгдэгч Г.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас), шүүгдэгчид хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 41, 45 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.О нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Ч-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.О нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Оын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.О, хохирогч Ч.Ч- нар нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойтын 69 дүгээр гудамжны 06 тоот хохирогчийн гэрт хамтдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх ба, улмаар шүүгдэгч Г.О нь иргэн Ч.Ч-ын хашааны гадна “үлдсэн архиа танай гэрт уучихаад явъя” гэж Ч.Ч-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж газар унаган, биед нь баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хохирогч Ч.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Г.О авсан архиа танай уугаад явна гээд байхаар нь харьж үз гэхэд намайг гэрээсээ хөөлөө гэж агсарч эхэлсэн. ...Г.Оыг яв гэж түлхээд явахгүй болохоор нь төрсөн ах болох Сэргэлэнг нь дуудсан. ...Г.О нь намайг дээрэлхэж, намайг гэрээсээ хөөлөө гээд миний өмсөж байсан хувцсаар хоолой боож  хашаа руу шахсан. ...Г.О ...баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би хойшоогоо унахад миний дээр сууж байгаад дээд уруул руу гараараа хоёр удаа цохиход Сэргэлэн татаж салгасан. Миний хоёр шүд унасан. ...2 шүд унасан, дээд уруул язарсан, мөрийг хөшиж дарснаас хөндүүрлэж өвдөж байна. Миний дээд уруул руу хоёр удаа цохисон. Баруун шанаа руу нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

-Гэрч Р.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.О манай нөхөртэй муудалцаж танай гэрт үлдсэн архиа сууж уумаар байна гээд муудалцаад байсан....Удалгүй Сэргэлэн ирээд байж байхад Г.О ахыгаа хараад онгироод манай нөхрийг өмсөж байсан хувцсаар нь хоолойг нь боогоод хашаа руу түлхсэн. ...Г.О гэнэтхэн манай нөхрийн нүүрэнд нь гараараа цохиж унагаагаад, дээр нь гарч нүүрэнд нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Манай нөхөр босож ирэхэд үүдэн хоёр шүд нь унасан, амнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

-Гэрч Г.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Чинбат ахын хашааны гадаа очих үед Чинбат ах, дүү Отгонбаяр хоёр маргалдсан байдалтай, Нарантуяа хажууд нь зогсож байсан. ...Чинбат ахад тамхи асааж өгөх үед Отгонбаяр араас ирээд Чинбат ахын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Чинбат ах газар унасан. Би Отгонбаярыг холдуулсан. Шүд уначихлаа гээд шүдээ эхнэртээ өгч байгаа бололтой байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

- Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Нагац ах Чинбатын гэрт орсон. ...Намайг согтлоо гээд Чинбат ах ...хөөгөөд гаргасан. ...Би үлдсэн архиа танай орж уумаар байна гэхэд Чинбат ах хөгшин настай хүн байна гэж хэлсэн. Чинбат ахтай хашааны үүдэнд ярилцаад байж байхад чи яасан том болчихсон юм, арчаагүй юм, ...гээд байсан. ...Чи зүгээр байж байгаад ахыгаа хараад онгирлоо гээд байхаар нь нүүрэнд нь гараараа цохих үед Сэргэлэн ах урдуур орж ирээд намайг загнасан. Шүд нь унасан байхаар нь хийлгэж өгөхөөр тохирсон. ...Чинбат гэмтлийг гараараа нэг удаа цохиж, бараан дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт гэмтлийг учруулсан. Харин унах үедээ зүүн өвдөг нь зулгарсан байна. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9042 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд хохирогч Ч.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Оыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ч-ын эрүүл мэндэд баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгаралт, буйланд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь 2 шүдээ эмчлүүлэх зардлыг нэхэмжилсэн байх боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Г.О нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Ч.Ч- нь цаашид шүдний буйл эдгэрэхээр шүд хийлгэх тухай мэдүүлсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.Отай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.О нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдалтай байх ба эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.О нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад гэм буруугаа, прокурорын ялын саналыг зөвшөөрч, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Г-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.О нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.О баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Ч-ад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Ч- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.От  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА