Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00793

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/00793

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Мөүвибокс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Кино үйлдвэрийн гудамж, 78-Боловсрол суваг телевизийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011291075, регистрийн дугаар 5488036/

 

Хариуцагч: “Монос хүнс” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 205-2, өөрийн байранд байрлах/

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.268.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мөүвибокс” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Монос хүнс ХХК-иас хоёр гэрээний үлдэгдэл төлбөр болох 19.512.240 төгрөг, алданги 9.756.120 төгрөгийн хамт, нийт 29.268.360 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 10.944.120 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монос хүнс” ХХК нь үлдэх 18.324.240 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 304.292 төгрөгийн хамт төлж барагдуулсан  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Монос хүнс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч нь нийт 29.268.360 төгрөг нэхэмжилж байснаас алданги болох 10.944.120 төгрөгөөс татгалзаж, үлдэх 18.324.240 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 304.292 төгрөгийн хамт төлж барагдуулсан гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мөүвибокс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа “манай компани 29.268.360 төгрөг нэхэмжилж байснаас алданги болох 10.944.120 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Монос хүнс ХХК нь үлдэх 18.324.240 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.292 төгрөгийн хамт нийт 18.628.360 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хариуцагч “Монос хүнс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 18.324.240 төгрөг болгож багасгасан тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 18.628.360 төгрөгийг төлж барагдуулсан” гэжээ.

 

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Мөүвибокс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Монос хүнс” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.268.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 304.292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монос хүнс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 304.292 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД