Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 935

 

 

 

 

 

 

 

 

 

Э М ХХК-ийннэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э М ХХК-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш Г ХК-д холбогдох,

0626, 0627, 0628 арлын дугаартай 3 ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, зээлээр авсан сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 862 942 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохиролд 421 613 945 төгрөг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот гэрээний 4.1, 4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш Г ХК DA 40 маркийн нугасан холбоост буулгагч нэг ширхэгийг 830 214 000 төгрөгөөр буюу гурван ширхэгийг нийт 2 490 642 000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрт 249 064 200 төгрөгийг, үлдсэн төлбөрийг 24 сарын хугацаанд нэг сарын 1.5 хувийн хүүтэйгээр тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаар зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг Э М ХХК-тай байгуулсан.

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гурван ширхэг нугасан холбоост буулгагчийг Ш Г ХК-д хүлээлгэн өгсөн. Худалдан авагч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ удаа дараа хоцроож байсан ба төлбөрийн хуваарийг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн хуваарийг тус тус өөрчилсөн.

Худалдан авагч нь нийт 1 245 372 940 төгрөгийг гэрээний үнэнд төлснөөс хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 100 000 000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш аливаа төлбөрийг төлөөгүй тул бид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг ашиглуулахаас татгалзаж унтраасан ба худалдан авагчид тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгож гэрээг цуцлаагүй хүлээсэн. Гэтэл Ш Г ХК бидний эсрэг нэхэмжлэл гаргасан тул бид гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна.

Гэрээг цуцалсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох ба 1 сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77 154 000 төгрөг байхаар талууд 056/2013 дугаар гэрээний 4.1 дэх хэсэгт тохиролцсон.

Энэхүү тохиролцооны дагуу тооцож үзвэл худалдан авагч нь 2013 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 700 өдөр буюу 23.33 сар тоног төхөөрөмжүүдийг ашигласан байна. Гурван ширхэг тоног төхөөрөмжийн 1 сарын түрээсийн төлбөр (77 154 000 * 3 = 231 462 000) 231 462 000 төгрөг ба үүнийг 23.33 сараар үржүүлбэл нийт 5 400 780 000 төгрөг, үүнээс худалдан авагчийн төлсөн 1 245 372 940 төгрөгийг хасвал 4 155 407 060 төгрөгийг нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч энэхүү түрээсийн төлбөр 4 155 407 060 төгрөгийг 1 704 762 657 төгрөгөөр багасгаж 2 450 644 403 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилж байна. 2014 оны 001/2014S дугаар тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээг Ш Г ХК, Э М ХХК-тай байгуулж тус гэрээний үндсэн дээр нийт 90 353 955 төгрөгийн сэлбэгийг Ш Г ХК зээлээр авсан боловч үнийг төлөөгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдэгт нэхэмжлэгч маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Энэ гэрээ нь онцлог зохицуулалттай байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг заасан хугацаанд төлнө гэж заасан байдаг.

Хариуцагч Ш Г ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш Г ХК, Э М ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 тоот зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулан DOOSAN DA 40 маркийн нугасан холбоот буулгагчийг 2 490 642 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдан авахаар болсон.

Ингээд уг гэрээний дагуу 2013 оноос 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1 245 372 940 төгрөгийг төлсөн.

Худалдан авагчийн зүгээс Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрэлсэн, дэлхийн зах зээлийн дээрх нүүрсний үнэ унасантай холбоотойгоор хуваарьт төлбөрүүдийг төлөхөд хүндрэл учирсан бөгөөд худалдагч талаас хуваарьт төлбөрийг төлөөгүй шалтгаанаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс худалдсан техникийг ашиглахыг бүрэн зогсоосон.

Энэ цаг мөчөөс зээлээр худалдан авсан 3 тоног төхөөрөмжийг ашиглан хийх ёстой байсан ажлууд зогсоход хүрсэн тул манай компани арга буюу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс “Эй Ти Эн” ХХК-тай тээвэрлэлтийн Г-34/2016 тоот гэрээ байгуулан хөрс хуулалтын ажилд уг компанийн техник хэрэгслийг ашиглаж эхэлсэн. Энэ нь манай компанийн хувьд гарах ёсгүй зардал байсан тул Э М ХХК-иас 421 613 945 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шимийг хүртэх боломжгүй болсон. Талуудын хооронд Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худадан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Гэрээ цуцалсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутам 77 154 000 төгрөгөөр тооцно” гэсэн заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг зөрчсөн.

Гэрээний 4.1 дэх заалт нь худалдан авагчийн хувьд гэрээ цуцлагдсаны үр дагавар нь ямар ч тохиолдолд худалдан авагчид хохиролтой байхаар байна. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дэх хэсэгт  “энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч учирсан хохирол зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн

Иймд дээрх үндэслэлээр 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.2.3 дах заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч Ш Г ХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх төлбөр төлөгдөж дууссан байх ёстой байсан. Гэтэл хариуцагч 2015 оны 06 дугаар сард 100 000 000 төгрөг төлснөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй мөртлөө тоног төхөөрөмжийг ашиглаад үр шимийг хүртэж байсан. Нийт төлбөрөөс 1 тэрбум 800 гаруй сая төгрөгийг огт төлөөгүй. 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд огт төлбөр төлөөгүй тул техникийг ашиглуулахаас татгалзсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ш Г ХК-иас 90 353 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э М ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 дугаартай “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1 дэх заалтад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ш Г ХК-иас 609 720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э М ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш Г ХК-д олгож зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн үлдсэн хураамжийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдах гомдолдоо: “...Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа санхүүгийн түрээсийн гэрээний агуулгыг (гэрээний 4.1) тусгасан нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлиийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэн хүчин төгөлдөр бусд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зохигчдын хооронд байгуулсан “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1 дэх заалт нь гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрөөр тооцож нэхэмжлэгчид төлөх тухай тохиролцоо юм. Энэхүү заалт нь санхүүгийн түрээсийн гэрээний заалт биш, түрээсийн гэрээний зохицуулалт бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү нөхцлийг харилцан тохиролцож гэрээнд тусгасан бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аливаа хуулийн заалтыг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан сутахууны хэм хэмжээнд харшлаагүй хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх гэрээний 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсон үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэрт хангалттай тайлбарлаж чадаагүй, жишээлбэл: яагаад санхүүгийн түрээсийн гэрээний заалт гэж үзсэн, яагаад санхүүгийн түрээсийн гэрээний заалт уг гэрээнд орж болохгүй зэрэг нь ойлгомжгүй, мөн түрээсийн гэрээний заалтыг санхүүгийн түрээсийн гэрээний заалт мэтээр буруу ойлгож тайлбарласан, гэрээний заалт нь аль хуулийн аль заалтыг зөрчсөн гэж үзсэн, эсхүл зан суртахууны хэм хэмжээнд яаж харшилсан нь тодорхойгүй зэрэг ноцтой алдааг гаргасан байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан гэж дүгнээд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу тоног төхөөрөмж болон хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй. Мөн иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж эд хөрөнгийн буцаах эрхтэй боловч түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй, гэрээнээс татгалзах эрхтэй боловч гэрээг цуцлах эрхгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 263 дугаар зүйл бол энэ маргаантай огт хамааралгүй, энэ талаар зохигчид маргаагүй асуудлыг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт оруулж хэргийг шийдвэрлэсэн нь мөн алдаа болсон.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “221.3 Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” буюу иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хоорондоо байгуулсан гэрээг цуцалж болох эрхийг олгосон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөвхөн гэрээнээс татгалзах эрхтэй мэтээр Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийг явцуу утгаар тайлбарлаж хэрэглэсэн алдааг гаргалаа.

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56  дугаар зүйлийн 56.1.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 263 дугаар зүйлийн 263.4, 264 дүгээр зүйлүүдийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э М ХХК нь хариуцагч Ш Г ХК-д холбогдуулан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, зээлээр худалдаж авсан сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохиролд 421 613 945 төгрөг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот гэрээний 4.1, 4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаартай “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч нэг бүр нь 830 214 000 төгрөгийн үнэтэй DA 40 маркийн нугасан холбоост буулгагч 3 ширхэгийг нийт 2 490 642 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 249 064 200 төгрөгийг үлдсэн төлбөрийг 24 сарын хугацаанд нэг сарын 1.5 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан дээрх гэрээгээр 3 ширхэг нугасан холбоост буулгагч тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Э М ХХК нь хариуцагч Ш Г ХК-д 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгч, хариуцагч тал 1 245 372 940 төгрөгийг төлж 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжүүдийг ашиглуулахаас татгалзаж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр унтраасан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах байдлаар дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан 056/2013 дугаар “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тохиролцоо гэж үзэхгүй. Учир нь гэрээ цуцлагдсан тохиолдолд худалдагч талын хувьд учирсан хохирол зардлыг түрээсийн төлбөрт тооцон шилжүүлэх талаарх талуудын гэрээний 4.1 дэх хэсэгт заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн, гэрээний аль нэг талын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг илтэд дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал нь үүргээ зөрчсөн тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд худалдагч тал татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол зардлаа гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хохирол зардлыг ямар хэмжээнд тооцох талаар гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох ба 1 сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77 154 000 төгрөгөөр байхаар заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдан авагч нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 700 өдөр буюу 23 сар 33 хоног тоног төхөөрөмжийг ашигласан байх тул 3 ширхэг тоног төхөөрөмжийн 1 сарын түрээсийн төлбөр /77 154 00 х 3 = 231 462 000 х 23.33/ 231 462 000 төгрөгөөр тооцоход нийт 5 400 780 000 төгрөг болж байх ба үүнээс худалдан авагчийн төлсөн 1 245 372 940 төгрөг, мөн түрээсийн төлбөрт нэхэмжлэгчийн шаардахгүй гэх 1 704 762 657 төгрөгийг тус тус хасч тооцон 2 450 644 403 төгрөгийг хариуцагч Ш Г ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э М ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Зохигчдын хооронд 2014 онд 001/2014/S дугаартай “Тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ш Г ХК нь нэхэмжлэгч Э М ХХК-иас 98 108 470 төгрөгийн сэлбэг тоног төхөөрөмжийг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч сэлбэг худалдан авсан талаар маргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ш Г ХХК-иас зээлээр авсан сэлбэгийн үнэд 90 353 955 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.2.3 дахь хэсэгт заасан гэрээг цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлж тооцох талаарх талуудын тохиролцоо нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүх дээрх гэрээний заалтад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 Түүнчлэн гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохирол болох 421 613 945 төгрөгийг худалдагч талын буруутай үйлдлийн улмаас тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгосон гэж үзэх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш Г ХК-иас түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, зээлээр авсан сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э М ХХК-д олгож, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохиролд 421 613 945 төгрөг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот гэрээний 4.1, 4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ш Г ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...609 720 төгрөг...” гэснийг “...12 411 172 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э М ХХК-ийндавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 411 173 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН