Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 171

 

Г.У-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Г.У-,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.У-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806055191971 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Гэндэнням овгийн Г.У-, 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Г.У- нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансрын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.У-аас 145.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Өлзий-Оршиход олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний эцэг Ганбат автын осолд орсноос тархины хүнд гэмтэл авсан тул биеийн байдал нь маш муу, асаргаанд байдаг. Иймээс эцгийгээ зайлшгүй асрах шаардлагатай байгааг харгалзан үзэж надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан. Анхан шатны шүүх Г.У-ын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.У-ыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч М.Өлзий-Орших, гэрч Н.Хүнбиш, Г.Ууганбаяр, шүүгдэгч Г.У- нарын мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдсэн газар тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан автозамын хяналтын дүрс бичлэг зэргийг судлахад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 46 минутаас 15 цаг 54 минутын үед, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн зүүнээс баруун чиглэлтэй авто зам дээр Н.Хүнбиш, М.Өлзий-Орших, Г.Ууганбаяр, Г.У- нар нь замын зорчих хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж харилцан зодоон үүсгэсэн байна.

Дээрх хүмүүс нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдлээ олон нийтийн газар нийтэд илээр үзүүлж, удаан хугацаанд үргэлжлүүлсэн байхад олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, зөвхөн М.Өлзий-Оршихын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Г.У-ыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Прокурор Т.Мөнх-Амгалан нь тус шүүх хуралдаанд “М.Өлзий-Орших, Н.Хүнбиш, Г.Ууганбаяр нарын үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэх тайлбарыг өгөх боловч энэ талаар хангалттай баримт нотолгоо хэрэгт цуглараагүйн гадна, уг шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.У-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан авто замын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийх ажиллагаанд бусад оролцогчийг оролцуулаагүйн гадна, уг бичлэг дээрх хүмүүсийг мөрдөгч өөрөө нэрлэн зааж, хэн болохыг таньж байгаа байдлаар тэмдэглэлд тусгасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хорин гурав, Хорин тавдугаар бүлгүүдэд заасан үзлэг хийх, таньж олуулах ажиллагааны нийтлэг журмыг зөрчсөн болохыг тэмдэглэв.  

 Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Г.У-ын давж заалдах гомдлыг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.У-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                       ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН