Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0294/З/Н |
Дугаар | 221/МА2015/0122 |
Огноо | 2015-03-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2015/0122
2015 оны 3 сарын 11 өдөр Дугаар 221/МА2015/0122
Нэр бүхий 9 б-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч ХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Т.Б, КБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, ГБ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, ХХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, ХаБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , КБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Г.Ч, УХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, хариуцагч Ж.О, К.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ХХБ , ХаБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, ГБ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, ХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, УХБ , АБ , Ч ХаБ , КБ болон хариуцагч Ж.О, К.Ж нарын гаргасан давж заалдах гомдлоор, Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Ж.О , Б.А , улсын байцаагч К.Ж , М.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын байцаагч нар хяналт шалгалт хийх болсон үндэслэл буюу хэн гэдэг иргэний ХБ инд холбогдуулан гаргасан, ямар агуулгатай гомдлын хүрээнд тус хяналт шалгалтыг хийж байгаа, уг хяналт шалгалтын удирдамж зэргийг огт танилцуулахгүйгээр шууд албан шаардлага ирүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан шалгалт явуулах дараалал, журмыг зөрчиж байна... 7/169 тоот Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагыг үйлдэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай зэрэг хуулийн зүйл заалтыг үндэслээгүй... Иймд, улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот Мэдээлэл хүсэх тухай албан шаардлага буюу уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Улсын байцаагч нар дүгнэлтээ юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй, дүгнэлтийг бодит мэдээ, мэдээлэл баримтад тулгуурлан гаргаагүй буюу хяналт шалгалтын хүрээнд гаргаж буй захиргааны акт үндэслэлтэй байх, бодитой байх шаардлагыг хангахгүй байна... Улсын байцаагч нар ХБ ны зээл судлах, зээл олгохтой холбоотой гардаг үйл ажиллагааны зардлыг бодитоор тооцоолсон баримт, мэдээлэл, судалгаа огт байхгүй атлаа тус банкны тогтоосон зээлийн хураамж, шимтгэл нь зээл олгоход гарч байгаа зардлаас өндөр тогтоосон гэж дүгнэж байгаа нь тус хяналт шалгалт нээлттэй, ил тод, шударга явагдах Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй байна... Иймд, улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/78 дугаартай дүгнэлт, тус дүгнэлтийг үндэслэсэн гаргасан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/426 дугаартай албан шаардлага зэрэг захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаартай Мэдээлэл хүсэх тухай албан шаардлага, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/78 дугаартай дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/426 дугаартай албан шаардлага тус бүрийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэжээ.
Нэхэмжлэгч ГБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хууль бус хяналт шалгалт явуулж, хуульд заасан шалгуулагч буюу банкинд мэдэгдэж танилцуулалгүй, шалгалтын үр дүнгийн талаар албан ёсоор урьдчилан тайлбар, мэдээлэл авалгүйгээр хууль зөрчсөн, хуульд нийцээгүй шалгалтын үр дүнг тодорхойлсон улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75 дугаартай дүгнэлт, түүнийг үндэслэн гарсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/428 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Улсын байцаагч нарын гаргасан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75 дугаартай дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/428 дугаартай албан шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн байх тул захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэжээ.
Нэхэмжлэгч ХХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамжийг тус банкинд ирүүлэлгүй хяналт шалгалтыг эхэлсэн, хяналт шалгалтын явцад ямар нэгэн улсын байцаагчийн тэмдэглэл үйлдээгүй, шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг аваагүй зэрэг ...хуулийн шаардлагыг зөрчсөн. Иймд, улсын байцаагч нарын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/85 тоот дүгнэлт болон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/424 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Улсын байцаагч нарын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/85 тоот дүгнэлт болон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 5/424 тоот албан шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар өөр бусад байдлаар холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байх тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасны дагуу захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч АБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийхдээ хяналт шалгалт хийх болсон үндэслэл, удирдамж зэргийг танилцуулах үүргээ биелүүлээгүй, хуульд заасан хяналт шалгалт явуулах дараалал, журмыг зөрчсөн... иргэдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн хийж байгаа гэсэн хэдий ч нотлох баримт байгаа эсэх нь тодорхойгүй байгаа... Бид улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/83 тоот дүгнэлт, түүнд үндэслэж гарсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/421 тоот албан шаардлага нь ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.9, 52 дугаар зүйлийн 52.3-д заасныг зөрчиж гарсан тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/83 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/421 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлага нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж гарсан, эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт тул тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын байцаагчид нь төрийн хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, шалгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцах, тэгш хандах, үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байх зарчмыг баримтлаагүй үйлдэл, эс үйлдлээрээ бидний хяналт шалгалтад биечлэн оролцох, тайлбар өгөх, зөрчлийн тэмдэглэл болон нотлох баримттай танилцах, хүсэлт гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... Иймд, улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/77 тоот дүгнэлт болон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/425 тоот албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/77 тоот дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/425 тоот албан шаардлага зэргийг бүхэлд нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх болгон өөрчилж байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нь эдгээр захиргааны актуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан үндэслэлд хамаарч, илтэд хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч КБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийх гэж буй байгууллагад удирдамж, шалгалтын зорилгоо танилцуулаагүй, шалгалт хийх эрхтэйгээ нотлох баримт бичгийг үзүүлээгүй хяналт шалгалтыг хийсэн, шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, шалгуулагч банкинд танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй атлаа Зөрчил арилгуулах тухай албан шаардлага ирүүлсэн зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ...зарчмуудыг зөрчсөн. Иймд, улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/79 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/420 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлага зэргийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/420 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлага болон 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/79 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт зэргийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч КБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/422 тоот албан шаардлага, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 5/76 тоот дүгнэлтийн үндэслэл болсон 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөөгүй, шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаагүй зэрэг үйлдэл нь энэхүү хяналт шалгалтыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд, улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/422 тоот албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/76 тоот дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/422 тоот албан шаардлага тус бүрийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэжээ.
Нэхэмжлэгч Ч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хяналт шалгалтыг үндэслэлтэй, шударга явуулах, шалгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх зэрэг хуулиар тодорхойлсон төрийн хяналт шалгалтын зарчмуудыг илтэд гажуудуулсны дээр Банкны тухай хуулийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж, банкны үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлах, нөлөөлөхөд чиглэсэн үйлдэл гаргасан. Иймд, улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот албан шаардлага, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 тоот дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Эдгээр захиргааны актуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч УХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хууль, журамд заасны дагуу манай банк өөрийн тогтоосон нөхцөл болзлын дагуу зээл олгох, ингэхдээ шимтгэл, хураамж гэх 2 тусдаа зардлыг авах эрхтэй байна... Улсын байцаагч нар нь хяналт шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, иргэдээс ирүүлсэн гомдлыг танилцуулаагүй, шалгалтын удирдамж, үр дүнгийн талаарх тэмдэглэл үйлдэж бидэнд гардуулаагүй, гарын үсэг зуруулаагүй гэх зэргээр огт шалгалт явуулаагүй атлаа дээрх актуудыг үйлдэж, шаардлага хүргүүлж байгаа нь хуульд заасан журам зөрчсөн. Иймд, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 5/81 тоот, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 5/419 тоот актыг тус тус хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Улсын байцаагч нар бүрэн эрхээ хэтрүүлж, тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан тул 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 5/81 тоот, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 5/419 тоот актуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу арилжааны банкуудын аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалтын ажлыг хийсэн... банкуудад хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт материалыг гарган ирүүлэхийг үүрэг болгосон боловч шаардлагыг биелүүлээгүй, энэ нь хяналт шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн, хяналт шалгалтын ажилд саад учруулсан, байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэл болсон... тухайн хэргийн хувьд зөрчлийн тэмдэглэл үйлдэх нөхцөл, шаардлага гараагүй тул үйлдээгүй... Нэхэмжлэгч арилжааны банкууд зээлдэгчийн авч буй зээлийн хэмжээнээс үл хамааран зээлийн дүнгийн /зээлийн төрлөөс хамааран/ 0,25-1 хувь хүртэлх хэмжээний шимтгэл, мөн хураамжид 500-40,000 төгрөг авч байна. Гэтэл зээл олгосны нэмэлт зардал яагаад зээлийн үнийн дүнгийн 0,25-1 хувь хүртэл байгаа нь тодорхойгүй... Банкууд яагаад зээлийн шимтгэл авч байгаа талаар тайлбарлахдаа зээл олгоход гарч байгаа зардал гэж мэдээлдэг боловч яг ямар зардал гарч байгаа, зээлийн үнийн дүнгээс хамаарч ялгавартай зардал гаргадаг эсэх талаар огт тайлбарладаггүй, бусдыг төөрөгдүүлж, угаасаа авах ёстой мэт ойлголт төрүүлдэг... арилжааны банк нь хөрөнгийн болон эрхийн давуу байдлаа ашиглан өөрийн шимтгэл, хураамж авах нөхцөлийг шууд тулгаж, нөгөө тал гэрээний нөхцөлийг хүлээн авахаас аргагүй байдалд оруулах замаар зээлдэгчдийг хохироож байна... улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт хүчин төгөлдөр бусад тооцох захиргааны актад хамаарахгүй... Иймд, банкуудын гаргасан улсын байцаагч нарын дүгнэлт, албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... ХБ ХХК нь улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Иймд, ХБ ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.11 дэх хэсэгт заасныг баримтлан ХБ ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаар Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 15 дугаар зүйлийн 15.1.4, 23 дугаар зүйлийн 23.5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дугаар дүгнэлтүүд, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаар албан шаардлагуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх ХБ ХХК, ХБ ХХК, ХХБ ХХК, ГБ ХХК, Ч ХБ ХХК, КБ ХХК, КБ ХХК, УХБ ХХК, АБ ХХК-ийн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Ж.О , улсын байцаагч К.Ж нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1-д ХБ ны улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаар Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон. ШӨХТГ-ын улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг. Мэдээлэл хүсэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг Өрсөлдөөний тухай хуулийн 20.3, 20.3.2 дахь заалтыг үндэслэн хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт, материалыг гаргуулан авахаар үйлдсэн байдаг. Шүүхээс улсын байцаагчийн албан шаардлагын хэвлэмэл хуудсыг зөвхөн зөрчил арилгуулах тохиолдолд үйлдэх ёстой мэт тайлбар нь хууль тогтоомжид үндэслээгүй. Уг албан шаардлагыг албан шаардлага гэсэн захиргааны актын төрөл болон түүний Мэдээлэл хүсэх тухай гэсэн утга, доторх бичвэр нь утга агуулгын илэрхий алдаатай байх тул илт хүчин төгөлдөр бус болсон гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус болсон.
Учир нь, улсын байцаагчийн албан шаардлагын хуудсыг зөвхөн зөрчил арилгуулахад үйлдэх ёстой гэсэн хууль тогтоомжийн зохицуулалт байхгүй, харин Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу улсын байцаагч нь тус газраас баталсан улсын байцаагчийн албан шаардлагын хэвлэмэл хуудас-ыг хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт материал, эд зүйлийг гаргуулан авахад хэрэглэх эрхтэй. Улсын байцаагч дараах хэвлэмэл хуудаснуудыг хэрэглэдэг. Үүнд: 1.Улсын байцаагчийн дүгнэлт-ийг хяналт шалгалтын ажлын дагуу зөрчил тогтоох, судалгааны ажлын үр дүнг гаргах, нөхцөл байдалд дүгнэлт өгөх зэрэг ажиллагаанд хэрэглэдэг. 2.Улсын байцаагчийн албан шаардлага-ыг хяналт шалгалтын дагуу илрүүлсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материал, эд зүйлийг гарган ирүүлэхийг шаардах, хяналт шалгалтын ажилд шаардлагатай тайлбар авах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хийхийг үүрэг болгоход ашигладаг. 3.Улсын байцаагчийн мэдэгдэх хуудас-ыг хяналт шалгалтын явцад холбогдох этгээдийг дуудан ирүүлэхэд ашигладаг. 4.Улсын байцаагчийн акт-ыг зөрчил бүхий бараа бүтээгдэхүүн, объектыг битүүмжлэх, худалдан борлуулах, нээж ажиллуулахыг хориглох, хураан авахад ашигладаг. Мөн Сангийн сайдын баталсан шийтгэврийн хуудсыг зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахад хэрэглэдэг. Улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд албан ёсоор батлан гаргасан хэвлэмэл хуудсыг хэрэглэснийг хууль бус болсон гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, буруу болсон.
2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот албан шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт хүчин төгөлдөр бусад тооцох захиргааны актад хамаарахгүй болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд: уг захиргааны актууд нь утга агуулгын илэрхий алдаагүй, уг актыг батлан гаргасан албан тушаалтан нь тодорхой буюу ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар юм. Өрсөлдөөний тухай хуулиар эрх олгогдсон улсын байцаагч нар захиргааны акт гаргасан. Уг актыг гүйцэтгэх субъект тодорхой буюу арилжааны нэр бүхий банкууд, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, нийтийн ёс зүйн хэм хэмжээнд бүрэн нийцсэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлтэй буюу Өрсөлдөөний тухай хуулийн дагуу гаргасан, захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, уг захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчөөгүй. Иймд, шийдвэрийн ХБ ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаар Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн хэсгийг хүчингүй болгож, ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХХБ ХХК давж заалдах гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэр нь ...диспозитив зарчмыг зөрчсөн тухай: Диспозитив зарчим гэдэг нь захиргааны хэргийн шүүх хэрэг маргааныг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхийг ойлгодог. Энэ нь диспозитив зарчмын агуулгад хамаардаг нэг чухал элемент юм. Тодруулбал, шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, эрх зүйн маргааныг шийдвэрлэж болохгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зориг туссан нэхэмжлэлийн шаардлагын дотор захиргааны хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл шүүхийн шийдвэр нь дээрх зарчмыг зөрчсөн. Тус банкны зүгээс гаргасан нэхэмжлэл нь ШӨХТГ-ын улсын байцаагчийн гаргасан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/85 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/424 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хуульчлан тогтоосон төрийн хяналт шалгалт явуулах журам (процесс)-ыг баримтлаагүй буюу түүнийг зөрчсөн, улмаар энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан мэдэх, сонсох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх заалтын дагуу илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэгдсэн байсан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хальж, маргаан хаяглагдсан албан шаардлагын доторх агуулга руу орж, ...Маргаан бүхий дээрх албан шаардлагын зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох гэх шаардлага нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, тэд нарт ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй, зөвхөн Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журмын хүрээнд ажиллахыг сануулсан байна..., ...Улсын байцаагч нарын маргаан бүхий албан шаардлагадаа зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх гэж шаардсан нь нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах гол шалтгаан болсон, энэхүү шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн мэтгэлцээн явагдсан болно... гэх мэтээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт бүхэлд нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгад огт хамааралгүй дүгнэлтүүд хийсэн нь үндэслэлгүй болсон байна.
2. Шүүх хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн эрх зүйн маргааныг зохицуулсан хуулийн зүйл, заалтын утга, агуулгыг буруу ойлгон хэрэглэснийг ойлгодог. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга болсон хариуцагч нь хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсыг танилцуулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй, хяналт шалгалт явуулахдаа зөрчлийн тэмдэглэл хөтлөөгүй зэрэг нь уг хяналт шалгалтыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тогтоосон журмын дагуу хийгдээгүй гаргасан дүгнэлт, албан шаардлага нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болох тухай асуудлыг шүүх дүгнэхдээ дараах байдлаар хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Тухайлбал: шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т ...Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтаар хяналт шалгалт явуулж эхлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй тул улсын байцаагчид нь ШӨХТГ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталсан 1/8 дугаар Хяналт шалгалтын ажлын удирдамж-ийн дагуу хяналт шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэж заасны дагуу хуулийн дээрх заалтын дагуу удирдамжийг танилцуулж хяналт шалгалт хийх ёстой байжээ хэмээн дүгнэлт өгсөн атлаа дараагийн өгүүлбэртээ ...гэхдээ улсын байцаагч нар нь нэр бүхий банкуудад хүргүүлсэн Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагадаа ...ШӨХТГ-ын даргын баталсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалт хийж байна гэснийг хяналт шалгалтанд хамрагдах банкуудад ямар удирдамжаар, ямар хүрээнд хяналт шалгалт явуулах талаараа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байна гэж хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулах, харин удирдамжийн нэг хувийг өгөх үүрэгтэй болохыг тодорхой заасан байна. Хууль зүйн болон хэл зүйн утгаараа танилцуулах, өгөх гэдэг үг нь хоёр өөр утгатай, эрх зүйн хувьд өөр өөр үр дагавар үүсгэнэ. Мэдээлэл хүсэх тухай албан шаардлага болон хяналт шалгалтын удирдамж нь бие даасан хоёр өөр эрх зүйн акт бөгөөд хоёр өөр эрх зүйн үр дагавар үүсгэх юм. Тодруулбал, хяналт шалгалтын удирдамжийг шалгуулагч этгээдэд өгөх үүргийг хуулиар шалгалт явуулж буй этгээдэд оногдуулсан бөгөөд бие даасан удирдамж гэх эрх зүйн актыг шалгуулагч этгээдэд зөвхөн өгснөөр (ирүүлснээр) удирдамжийг мэдэгдсэнд тооцно. Шүүхийн шийдвэрт дүгнэснээр Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагад удирдамжийн талаар цухас дурдсаныг удирдамжийг өгсөнд тооцохгүй.
3. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай: Энэ нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг нарийвчлан зохицуулсан хууль байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хуулийн холбогдох заалтыг хэрэглэлгүйгээр, харин түүнтэй ойролцоо төрлийн харилцааг зохицуулсан ерөнхий зохицуулалттай хуулийг хэрэглэсэн, эсхүл холбогдох хуулийн заалтыг огт хэрэглээгүйг ойлгодог. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т ...Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах эрхтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч нар нь хуулийн энэхүү заалтуудын хүрээнд хяналт шалгалт хийх явцдаа тэмдэглэл үйлдээгүй нь хяналт шалгалтын журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна хэмээн дүгнэсэн байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д заасан хяналт шалгалтын явцад хийх ёстой шалгалтын тэмдэглэлийн талаар зохицуулсан хуулийн нарийвчилсан хэм хэмжээг огт хэрэглээгүй буюу түүнд ямар нэг байдлаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй атлаа Захиргааны хариуцлагын тухай хуулийг иш татсан Өрсөлдөөний тухай хуулийн зөрчлийн тухай тэмдэглэлийг зохицуулсан ерөнхий хэм хэмжээг шууд баримтлан шийдвэртээ үндэслэсэн байна. Гэтэл төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад үйлдэх шалгалтын тэмдэглэлийн талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1-5.9.3 дахь заалтуудад шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал, дүгнэлт, шалгуулагч этгээдийн санал, хүсэлт-ийг тусгана гэж тодорхой хуульчилжээ.
Хуулийн дээрх хэм хэмжээ нь төрийн тодорхой хяналт шалгалтыг, тодорхой удирдамжийн дагуу тодорхой эрх бүхий субъектууд, тодорхой хугацааны дотор явуулж байгаа тохиолдолд баримтлагдах учиртай нарийвчилсан хэм хэмжээ байна. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйл бол гарчигаас нь харсан ч, агуулгыг нь уншсан ч системтэй хяналт шалгалтын явцад хамаарахгүй, харин зөрчлийн талаар аливаа гуравдагч этгээдээс амаар гомдол, хүсэлт, шаардлага гаргасан тохиолдолд түүнийг тэмдэглэх (зөрчлийн талаар мэдээлснийг тэмдэглэх), эсхүл зөрчил гаргасан гэдэг нь илэрхий тодорхой болсон тохиолдолд хөтлөх тэмдэглэлийн асуудлыг зохицуулсан байна. Дээр дурдсан төрийн тодорхой хяналт шалгалтыг явуулахад шаардагдах улсын байцаагчийн эрх хэмжээг (Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3, 23 дугаар зүйлийн 23.5 гэх мэт) заасан ерөнхий зохицуулалттай хууль нь Өрсөлдөөний тухай хууль бөгөөд харин тухайн хяналт шалгалтыг явуулах процессыг хуульчилсан нарийвчилсан зохицуулалттай хууль нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль байна. Дээрх нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тодорхойлогдож байна. Гэвч шүүх хуулийн дээрх хэм хэмжээнд дүгнэлт өгөөгүй, шийдвэртээ огт дурдаагүй байгаа нь үндэслэлгүй.
4. Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндэслээгүй тухай: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын байцаагчийн албан шаардлагын доторх агуулгатай хамааралгүй байхад шүүх түүнийг үл хайхран дүгнэлт хийсэн, ийнхүү дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тулгуурлаагүй. Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т ...Нэхэмжлэгч банкууд зээлийн үйл ажиллагаандаа шимтгэл, хураамж давхардуулан авдаг нь нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, Монголбанкны цахим хуудас дээрх мэдээлэл болон дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: ...Худалдаа, хөгжлийн банк ХХК, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/2479 дугаар тушаал түүний хавсралт гэжээ. Нотлох баримтаар шүүхэд өгсөн гүйцэтгэх захирлын дээрх тушаал нь ХХБ ны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийг баталсан тушаал бөгөөд уг тушаалын дагуу тус банк зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулж авдаггүй. Тодруулбал, тус банк хураамж огт авдаггүй, харин хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээний дотор зөвхөн зээлийн шимтгэл авдаг. Шүүх үүнийг огт анхааралгүйгээр буруу үнэлж, дүгнэсэн. Түүнчлэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банк нь зээлийн шимтгэл, хураамж давхардуулан авдаг гэх агуулгатай тайлбар өгөөгүй болохыг онцлон тэмдэглэж байна. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус банкинд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: ...шүүх хуулийг буруу хэрэглэж, улсын байцаагчид нь арилжааны банкуудад хүргүүлсэн Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагадаа 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот удирдамжийн талаар дурдсан байх тул хяналт шалгалтыг ямар удирдамжийн дагуу явуулсан талаар мэдэгдсэн байна гэж хуулиар тодорхой зохицуулсан харилцааг зөрчин гаргасан актыг процессын алдаагүй үнэн зөв гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалт явуулахдаа Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээний биш актын агуулгын талаар дүгнэлт хийсэн. Шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээний бус асуудлыг шийдвэрлэсэн байдал нь нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон маргаж буй асуудлын талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах эрхээ хэрэгжүүлэх боломж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Иймд, шүүхийн шийдвэрийг хянуулж, хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: ...Хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд энэхүү нийтлэг үндэслэл, журмыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.6-д тус тус заасан ба улсын байцаагч нар нь хуульд заасан эдгээр журмыг биелүүлээгүй буюу шалгуулагч банкуудад батлагдсан удирдамж, зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаагүй, удирдамж, хяналт шалгалтыг тогтоосон, үүний дагуу нэхэмжлэгч банкуудад 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг ирүүлсэн байдаг. Уг шаардлагаар 1) Банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг үнэн зөв өгч байх, 2) Зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, 3) Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоохыг тус тус шаардсан. Энэ нь банкуудын хууль болон Монголбанкны холбогдох журмаар олгосон эрхийг хязгаарласан, агуулгын хувьд ойлгомжгүй, цаашлаад хяналт шалгалтын дүгнэлтэд заасанчлан улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-д заасан арга хэмжээг авах нөхцөл бүрэн бүрдсэн, нэхэмжлэгч банкуудын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, зөрчигдөхөөр нөхцөл байдал, шууд үр дагавар үүссэн байхад шүүх эрх ашиг зөрчигдөөгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасан ...акт нь илт хүчин төгөлдөр бус болох... гэдэгт мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хамаарах бөгөөд тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гарсан буюу дээр дурдсан акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн нь хуульд заасан үндэслэл, холбогдох баримтуудаар тогтоогдсоор байхад шүүх зөвхөн эрх ашиг бодитойгоор зөрчөөгүй, журмын дагуу ажиллахыг сануулсан байна гэж буруу дүгнэсэн. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг судлан үзэж, хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75 дугаар дүгнэлт болон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/428 дугаар албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХБ ХХК давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 2.2 дахь хэсгийн нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж, шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1 дэх хэсгийн тухай: Шүүхийн шийдвэрт ...Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.4, 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан заалтууд нь ШӨХТГ-ын үйл ажиллагааны бүрэн эрхэд хамаарах харилцаанд хамааралтай байх тул улсын байцаагчид нь хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар хяналт шалгалт явуулсан гэх үндэслэлгүй, дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ. ШӨХТГ-ын улсын байцаагч нар хуулиар олгогдсон чиг үүрэг, эрхийн хүрээнд банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагчийн шаардлага болон дүгнэлтүүд гаргасан байна гэж дүгнэсэн нь Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, 5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...
Өөрөөр хэлбэл, Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагад хяналт шалгалтын хамрах хүрээ, эрхлэх асуудал, хариуцах хуулийн этгээд, үйл ажиллагааны төрлөөр нь хамааруулан хуульчилсан байдаг ба Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, холбогдох журам, шийдвэрийг гаргах эрх болон Арилжааны банкны хадгаламж эзэмшигч, харилцагч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүрэг нь Төв банкны тухай хуульд зааснаар Монголбанкны эрхлэх асуудал байна. Үүнээс гадна Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д хяналт шалгалтын явцад илэрсэн эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулах, холбогдох баримт материалыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх-ээр заасан байна. Өөрөөр хэлбэл, Арилжааны банкны үндсэн үйл ажиллагааны нэг болох зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь Банкны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх асуудал нь Монголбанкны эрхлэх асуудал юм. Гэтэл хариуцагч нарын хийсэн гэж тайлбарлаж байгаа хяналт шалгалтын хүрээнд гаргасан дүгнэлт, албан шаардлагын гол үндэслэл нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам байх бөгөөд нөгөө талаар уг журамд тодорхойлсныг зөрчсөн мэтээр дүгнэж, уг журмын хэрэгжилтийг хангаж байгаа мэтээр тайлбарласныг шүүхээс ...улсын байцаагчид хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар хяналт шалгалт явуулсан гэх үндэслэлгүй, дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2 дахь хэсгийн тухай: Шүүхийн шийдвэрт ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэж заасны дагуу удирдамжийг танилцуулж хяналт шалгалт хийх ёстой байжээ гэж дүгнэсэн атлаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох үзлэгийн тэмдэглэлийг буруу буюу дутуу үнэлж, мөн тус хуулийг буруу тайлбарлан хэрэглэж албан бичигт дурдсан нь ...хяналт шалгалтад хамрагдах банкуудад ямар удирдамжаар, ямар хүрээнд хяналт шалгалт явуулах талаараа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байна гэж дүгнэснээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д тодорхой заасан процессыг гүйцэтгээгүй нь ШӨХТГазарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсоор байхад хуулийг буруу хэрэглэж ...түүнийг мэдэгдсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон байхад тэр нөхцөл байдлын талаар шүүх бүрэн, бодитой дүгнэлт гаргаагүй буюу шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3 дахь хэсгийн тухай: ...Зах зээлийн эдийн засгийн хөгжил болон арилжааны шинжтэй харилцааг зохицуулах хууль тогтоомжийн хооронд үүсэж буй хөгжлийн зөрчлийн асуудлын хувьд олон улсын практик, ижил нийгэм-эдийн засгийн тогтолцоотой бусад улсын жишгийг шүүх боломжит хэмжээнд судлах, шийдвэр гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай. Нэгэнт тухайлан нарийвчлан зохицуулагдаагүй буюу шууд хориглосон эсхүл зөвшөөрсөн зохицуулалт байхгүй харилцаа-тохиолдолд шүүх тухайн нийгмийн үнэт зүйл, олон улсын практик, цаашилбал идеалогийн түвшний гаргалгаа хийх нь хууль тогтоомжийн норматив шинжийг хөндөхгүй, шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад харшлахгүй. Шүүгчийн дотоод итгэл үнэмшил гэх нэр томъёо нь энэхүү идеалоги, үнэт зүйлс, практикийн аль зохимжтойг учир шалтгаан, шинжлэх ухааны мэдлэгт үндэслэн сонгох, үнэлэх явцын харьцангуй чөлөөт байдлыг хэлэх бөгөөд харин шүүх бүрэлдэхүүн дэх зарим шүүгчдийн Шимтгэл, хураамж буруу. Болиулъя гэсэн хувийн субьектив үнэлэмж, урьдчилсан дүгнэлтэд хожим хууль тогтоомжийн зохицуулалтуудаас үндэслэл хайх явдлыг ойлгохгүй юм. Монгол Улсын банкны салбарт зээлийн үйлчилгээнд шимтгэл, хураамж авах практик нь 20 шахам жилийн өмнөөс эхтэй, түүнээс хойш өөрөө тухайн харилцаандаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн практик болж, энэ шинжээрээ өөрөө тухайн харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн практик зохицуулалт болж ирсэнд тооцогдож болохыг ч шүүх анхаарах шаардлагатай байсан. Иймд, шүүхийн дээрх дүгнэлт, түүнд үндэслэсэн шийдвэр нь Иргэний хуулийн 540 дүгээр зүйлийн 540.1-д заасан зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу зөрчсөн гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2 дахь хэсгийн тухай: ...Шүүх төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч аль нэг байгууллагын баталсан эрх зүйн акт, хэм хэмжээний хэрэгжилтэд өөр хяналт шалгалтын байгууллага хяналт тавих, шаардлага тавихаар шаардах эрхтэй мэтээр хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн ШӨХТГ-ын улсын байцаагч нарын Хяналт шалгалтын тухай дүгнэлтүүд, Зөрчил арилгуулах тухай албан шаардлагуудаар нэхэмжлэгч нэр бүхий банкуудын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэж дүгнэснээрээ нөгөө талаар албан шаардлага нь захиргааны актын эрх зүйн үр дагавар шууд бий болгодог байх шинжийг хангаагүй байна гэдгийг тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нарын хийсэн гэх хяналт шалгалт, түүний хүрээнд гаргасан 3 захиргааны акт нь Арилжааны банкны зээлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан, албан шаардлага, дүгнэлт зэрэг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэс байгаагүй болон хяналт шалгалтыг огт хууль тогтоомжид нийцүүлэн хийгээгүй атлаа захиргааны акт гаргаж, түүнийхээ биелэлтийг шаардах байдлаар ажиллаж байгаа нь илт хууль бус байна гэж үзсэн учир анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эдгээр захиргааны актыг хучин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж тодорхойлсон. Гэтэл шүүхээс уг захиргааны актын агуулгад анхаарч, олон нийтэд хийгдсэн мэдээллийн агуулгад хөтлөгдөн зээлийн хураамж, шимтгэл авч байгаа асуудалд дүгнэлт өгөх байдлаар шүүхийн шийдвэрийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр нь агуулгын хувьд хоорондоо зөрчилдөөнтэй буюу хариуцагч нарын хийсэн гэх нэг хяналт шалгалтын хүрээнд гаргасан хэд хэдэн захиргааны актын нэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа бусад захиргааны актууд нь хүчин төгөлдөр байна гэж шийдвэрлэсэн нь зөрчилдөөнтэй юм. Хууль тогтоомжид нийцүүлэн хийгээгүй хяналт шалгалтын хүрээнд гаргасан хэд хэдэн захиргааны актын зарим нь хүчин төгөлдөр, зарим нь илт хууль бус байх боломжгүй. Иймд, шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч УХБ ХХК давж заалдах гомдолдоо: ... 1. Шүүх шимтгэл, хураамж гэх зардлуудыг давхардуулан авах зохицуулалтгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... Арилжааны банкнаас харилцагчдад зээл олгох үйл ажиллагааг Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монголбанкнаас баталсан холбогдох журмаар тус тус зохицуулдаг. Манай банк ИХ-ийн 189 дүгээр зүйлд заасан Гэрээний чөлөөт байдлын зарчим, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т тус тус заасны дагуу өөрийн зээлийн гэрээний нөхцөл, болзлыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн харилцагчдад зээл олгодог.
Ингэхдээ Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2-т заасны дагуу шимтгэл, хураамж гэх тусдаа зориулалт бүхий 2 өөр зардлыг авдаг юм. Хэрэв шүүхийн үзэж байгаа шиг шимтгэл, хураамж гэх зүйл нь нэг ойлголт юм бол журмын 1.3.17-д шимтгэл, хураамжийг тусдаа нэрлэж, тусдаа тодорхойлох ёсгүй байсан. Гэтэл 2 тусдаа нэрлэж, 2 тусдаа тодорхойлсон нь эдгээрийг өөр, өөр зориулалт бүхий зардлууд гэдгийг илэрхийлж байна. Монголбанк энэхүү журам, түүний хэрэгжилтэд тогтмол шалгалт хийж, хяналт тавьж ажилладаг бөгөөд өнөөдрийг хүртэл энэ асуудлаар зөрчил гараагүй. Дээр дурдсан холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн ерөнхий үзэл баримтлал, хэрэгжилт зэргээс үзэхэд манай банк зээлийн үйл ажиллагаандаа шимтгэл, хураамж гэх нь 2 тусдаа зардлыг авах эрхтэй байна. Иймд, шийдвэрийн дээрх заалт үндэслэлгүй юм.
2. 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 5/419 тоот актын зарим хэсгүүд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй Улсын байцаагчийн дээрх албан шаардлага заавал биелэгдэх шинж чанартай, албан ёсны эрх зүйн баримт бичиг юм. Энэ төрлийн акт үйлдэгдсэнээр түүнд дурдсан этгээдийг холбогдох зөрчил гаргасанд тооцдог. Тэгэхээр тухайн актад зааснаар манай банк харилцагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар худал мэдээлэл өгч, зээлийн шимтгэлийг гарч буй зардлаас өндрөөр тогтоож, улмаар харилцагчдаа хууран мэхэлдэг гэсэн үг юм. Гэтэл бодит байдал дээр бид бүхэн Монголбанкнаас баталсан журмын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээллийг ubsbank.mn гэсэн цахим хаягаар нээлттэй байрлуулж, харилцагч нарт биечлэн өгч, сар бүр хэрэв хүү, шимтгэлд өөрчлөлт орсон бол тухай бүр нь Монголбанкинд мэдэгдэн ажиллаж байна. Банкны салбарын бүхий л үйл ажиллагаа банк болон түүний харилцагч нарын хоорондын харилцан итгэлцэлд суурилдаг онцлогтой. Энэ мэт байдлаар үндэслэлгүйгээр шаардлага тавьж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа шаардаж байгаа нь манай байгууллагын ажил хэргийн нэр хүнд, алдар хүндэд халдаж, эрх ашгийг зөрчсөн явдал гэж үзэж байна.
3. ШӨХТГ-ын улсын байцаагч нар арилжааны банкуудад хяналт шалгалт явуулах бүрэн эрхтэй, шалгалтыг зохих журмын дагуу явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй Монголбанкны хэрэгжүүлж буй арилжааны банкны үйл ажиллагааг хянах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг ШӨХТГ хэрэгжүүлэх нь үндэслэлгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.9, 5.10-д улсын байцаагчаас хяналт, шалгалт явуулах журмыг хуульчилсан. Гэтэл улсын байцаагч нар нь хяналт шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, иргэдээс ирүүлсэн гомдлыг танилцуулаагүй, шалгалтын удирдамж, үр дүнгийн талаарх тэмдэглэл үйлдэж бид нарт гардуулж, гарын үсэг зуруулаагүй гэх зэргээр огт шалгалт явуулаагүй атлаа дээрх актуудыг үйлдэж, шаардлага хүргүүлж байгаа нь хуульд заасан журам зөрчсөн явдал гэжээ.
Нэхэмжлэгч АБ ХХК давж заалдах гомдолдоо: ...Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагаас халин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлуудаар үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчид нэхэмжлэлд дурдагдсан захиргааны актууд нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хуульд заасан үндэслэл журмыг баримталж гараагүй талаар маргаж байхад шүүх тухайн захиргааны актуудын агуулгын талыг барьж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Үүнд: 1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т Хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсыг танилцуулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй, хяналт шалгалтыг явуулахдаа зөрчлийн тэмдэглэл хөтлөөгүй эс үйлдэхүй нь уг хяналт шалгалтыг бүхэлдээ хууль бус, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хийгдээгүй гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь илт хүчин төгөлдөр бус болох гэх үндэслэлүүдийн тухайд:
Анхан шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтаар хяналт шалгалт явуулж эхлэх үйл ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүй тул улсын байцаагчид хяналт шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу хяналтыг шалгалт хийх ёстой байжээ гээд зөв дүгнэжээ. Гэвч хуулийн уг заалтад заасан олон нөхцөл шаардлагуудаас зөвхөн удирдамжийг онцлон авч үзээд уг удирдамжийн талаар улсын байцаагчид Мэдээлэл хүссэн албан шаардлага-даа дурдсаныг шалгуулагч этгээдэд удирдамжийг танилцуулсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т хяналт шалгалтын удирдамж, түүнд тусгах мэдээллийн талаар нарийвчлан зохицуулсан. Улсын байцаагч нар хяналт шалгалтын удирдамжаа танилцуулаагүй нь удирдамжид тусгагдах шаардлагатай мэдээллүүдтэй танилцаж, хяналт шалгалтын талаар бүрэн мэдээлэл авах, шалгуулагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Энэ үйлдэл нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой хуулийн зарчмыг зөрчсөн байна.
2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1 дэх хэсэг. ХБ ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаар Мэдээлэл хүсэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх Улсын байцаагч нар нь хяналт шалгалт явуулаагүй байхдаа Мэдээлэл хүсэх тухай албан шаардлага гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг зөрчсөн байна гэж үзлээ гэж зөв дүгнэж, уг албан шаардлагыг хүчин төгөлдөр бус болжээ гэж үзжээ. Гэвч Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь шийдвэрийн 1.2 дахь хэсэгтэй зөрчилджээ. 3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2 дахь хэсэг. Улсын байцаагч нарын Зөрчил арилгуулах тухай албан шаардлагууд болон Хяналт шалгалтын тухай дүгнэлтүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Манай банкнаас дээр дурдсан захиргааны актуудыг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хуульд заасан журмыг баримтлаж гаргаагүй тул хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан. Гэвч шүүхээс улсын байцаагч нарын маргаан бүхий албан шаардлагадаа зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх гэж шаардсан нь нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах гол шалтгаан болжээ гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Шийдвэрийн энэ хэсэгт хийсэн дүгнэлтүүд нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуурх асуудлуудад хамаарах юм. 4.Шүүхийн шийдвэрийн 37 дахь талын эхний догол мөрөнд Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь уг захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, гаргасан албан тушаалтан тодорхой бус, актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй...-ыг шаарддаг гэж зөв тодорхойлсон атлаа улсын байцаагч нарын албан шаардлага болон дүгнэлт нь дээрх нөхцөлүүдийн аль нэгийг агуулаагүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт гаргажээ. Нэр бүхий дээрх байцаагчид нь хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.4, 5.6, 5.7, 5.9-д заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн тул тэдгээрийн хийж гүйцэтгэсэн гэх хяналт шалгалт нь хууль бус юм. Иймд, дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, улсын байцаагч нарын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/83 тоот Хяналт шалгалтын тухай дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/421 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг тус тус илт хүчин төгөлдөр болохыг нь хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч КБ ХХК давж заалдах гомдолдоо: ...1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан шаардлагыг хангаагүй, хуулийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн байгаа зэрэг нь тус банкны зүгээс давж заалдах журмаар гомдол гаргах үндэслэл, шалтгаан боллоо. Шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг дараах байдлаар буруу хэрэглэсэн байна. Үүнд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу удирдамжийг танилцуулж, хяналт шалгалт хийх ёстой байжээ хэмээн дүгнэсэн боловч улсын байцаагчдын зүгээс банкуудад хүргүүлж байсан Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагад удирдамжийн огноо, дугаар, шалгалтын агуулга зэргийг дурдсан байгааг нийт банкуудад ямар удирдамжаар, ямар хүрээнд хяналт шалгалт явуулах талаараа мэдэгдсэн гэдэгт хамааруулна хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн шаардлагыг хариуцагч талын зүгээс хангаж ажилласан гэж дүгнэжээ. Хуулийн зохицуулалтын дагуу шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийг өгөх үүргийг хяналт шалгалтыг эхэлсний дараа бус эхлэхээс өмнө хэрэгжүүлэх ёстой. Мөн хариуцагч тал нь шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулахаас гадна удирдамжийг өгөх үүрэгтэй болох нь тодорхой байна.
Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагад ...зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хүуль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалтыг хийж байна хэмээн зааснаас үзвэл хяналт шалгалтыг эхлүүлснээс хойш энэхүү албан шаардлагыг банкуудад хүргүүлсэн болох нь тогтоогддог. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс шалгалтын удирдамжийг банкуудад хүргүүлээгүй нь тогтоогдсон. Гэтэл хяналт шалгалтыг явуулж эхлүүлснийхээ дараа Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагаар шалгалтын талаар мэдэгдсэн, шалгалтын удирдамжийг хүргүүлээгүй нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсоор байхад шүүхээс тухайн хуулийн шаардлагыг хариуцагч талын зүгээс хангасан гэж дүгнэн, энэхүү хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. 2. Шүүхийн шийдвэр нь хуульд үндэслэсэн байх гэсэн шаардлагыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 35 дугаар талд шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх зохицуулалттай байна гэсэн, 36 дугаар талд шимтгэл, хураамжийг давхардуулан ногдуулахгуй гэрээний нөхцөлийг банк санал болгох үүрэгтэй байна гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байна. Энэхүү дүгнэлтийг гагцхүү Монголбанкны журмын зохицуулалтад тайлбар хийх байдлаар гаргасан байх бөгөөд тухайн асуудлаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Түүнчлэн зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх талаар банкинд үүрэг болгосон хуулийн зохицуулалт байхгүй байтал шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх зохицуулалттай байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. 3. Манай банкны зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар хяналт шалгалтыг явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байдаг тул тэдгээрийн гаргасан захиргааны акт нь илт хүчин төгөлдөр бус буюу гарах ёсгүй захиргааны акт юм. Тус банк нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдуулан захиргааны албан тушаалтны зүгээс хяналт шалгалт явуулахдаа хэрхэн хууль тогтоомж зөрчсөн талаар үндэслэл, тайлбараа гарган шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд оролцогч талуудын мэтгэлцээний цөм нь хяналт шалгалтыг хууль тогтоомж зөрчин явуулсан эсэх асуудалд голчлон төвлөрч байсан. Гэтэл анхан шатны шүүхээс захиргааны актаар ямар асуудлыг зохицуулсанд хэтэрхий анхаарч, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт агуулгын шинжтэй дүгнэлтүүдийг хийсэн нь нэхэмжлэгч талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас давсан буюу шийдвэрлүүлэхийг хүсээгүй асуудлаар дүгнэлт хийсэн явдал болсон. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч ХБ ХХК давж заалдах гомдолдоо: ...1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т ...гэхдээ улсын байцаагч нар нь нэр бүхий банкуудад хүргүүлсэн Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагадаа ...ШӨХТГ-ын даргын баталсан 2014.03.06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэп, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалт хийж байна гэснийг хяналт шалгалтанд хамрагдах банкуудад ямар удирдамжаар, ямар хүрээнд хяналт шалгалт явуулах талаараа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байна гэжээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн хяналт шалгалт хийхэд баримтлах зарчмуудыг тодорхойлсон бөгөөд 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх гэсэн байдаг. Тус газрын даргын тушаалаар батлагдсан удирдамжийг дурдаж, баримт мэдээлэл шаардсан хариуцагч нарын үйлдлийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т төрийн хяналт шалгалт хийхдээ удирдлага болгох баримт бичигт тусгах зүйлсийг тодорхойлсон байдаг бөгөөд удирдамжийг шалгуулах этгээдэд өгснөөр эргээд шалгуулагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх тухай Төрийн хяналт шалгалтын зарчим хангагдах үндэслэл болно. Тухайлан манай байгууллагад холбогдуулан аливаа өргөдөл, гомдол гараагүй, хяналт шалгалт хийх бодитой үндэслэл бүрдээгүй байхад иргэдээс арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирүүлж байгаатай холбогдуулан хэмээн албан шаардлагад дурдан, хяналт шалгалт хийж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2-т заасантай нийцээгүй талаар болон баримт, материалыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтын хэмжээнд шаардлага хангаж ирүүлэхийг шаардаж хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 4-д заасан хориглолтыг зөрчсөн тухай асуудлуудад анхан шатны шүүх тус тус дүгнэлт хийгээгүй орхисон.
2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах эрхтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө гэж тус тус заажээ. Хариуцагч нар нь хуулийн энэхүү заалтуудын хүрээнд хяналт шалгалт хийх явцдаа тэмдэглэл үйлдээгүй нь хяналт шалгалтын журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэжээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 9-д зааснаар хяналт шалгалтын явцад улсын байцаагч нь шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал, дүгнэлт, шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг тусгасан шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөхөөр байхад шүүхээс уг зохицуулалтыг хэрэглэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зөрчлийн тэмдэглэлээс ялгаатай зохицуулалт юм.
3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т ...Энэхүү зардлыг нөхөн олгохыг хуулиар хориглоогүй бөгөөд харин энэхүү зардлыг бодитой тооцоонд тулгуурлан нөхөж авах... нь иргэний эрхийн чөлөөт хэлцлийн зарчимд нийцэж байгаа шаардлага юм гэжээ. Хэрэгт зохигчдын зүгээс гаргасан зээлийн шимтгэл, хураамжийн агуулгын талаар болон тэдгээрийн хэмжээг тогтооход үндэслэсэн тооцоо, баримт, мэдээлэл авагдаагүй байхад шүүх нотлох баримтад үндэслээгүй, бодит байдалд нийцээгүй дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны хэргийн шүүх өөрийн санаачлагаар шаардлагатай ажиллагааг гүйцэтгэх боломжтой байдаг. 4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т Нэхэмжлэгч банкууд нь зээлийн үйл ажиллагаандаа шимтгэл, хураамж давхардуулан авдаг нь нэхэмжлэгч нарын шүүхэд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, Монголбанкны цахим хуудас дээрх мэдээлэл болон дараах баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд: Ч ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.01.20-ны 15 дугаар, 2014.05.07-ны 66 дугаар тушаалууд гэжээ. Тус банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцлийг тогтоож, Монголбанкинд тухай бүр бүртгүүлдэг бөгөөд өөрийн вэб сайт болон бусад сувгаар нийтэд болон зээлдэгч, харилцагч нарт тогтмол мэдээлдэг бөгөөд зээлийн үйлчилгээндээ хураамжийг авдаггүй байхад шүүх дээрх байдлаар дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
Тус банк нь нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байдлаар шүүхэд гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дээрх хуулийн холбогдох хууль тогтоомжид заасан хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн үйлдлийн үндсэн дээр аливаа хууль, эрх зүйн үндэслэлгүй гарсан хэмээн тодорхойлсон. Гэтэл шүүхээс дээр дурдагдсан бодит нөхцөл байдлыг үл харгалзан аливаа хууль, эрх зүйн үндэслэлгүй гарсан захиргааны актын агуулгыг хянаж, дүгнэж байгаа нь нэхэмжлэлийн агуулгаас хальсан гэж үзэхээр байна. Үүнээс гадна тус банкны гаргасан ШӨХТГ-ын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлэх тухай шаардлагыг шүүхээс ямар нэг байдлаар шийдвэрлэлгүй орхисон. Иймд нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ХХБ ХХК, УХБ ХХК, АБ ХХК, КБ ХХК, ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б болон хариуцагч ШӨХТГ-ын улсын байцаагч К.Ж , улсын ахлах байцаагч Ж.О нарын давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч, улсын байцаагч /нийт 4 улсын байцаагч/ нарын дангаар болон хамтран гаргасан 1 Мэдээлэл хүсэх тухай улсын байцаагчийн албан шаардлага, 9 Хяналт шалгалтын тухай улсын байцаагчийн дүгнэлт, 9 Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага буюу нийтдээ 19 захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
1. Ч ХБ ХХК болон ХБ ХХК-ийн гаргасан ШӨХТГ-ын улсын байцаагч нарын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 7/169 тоот албан шаардлага-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх Албан шаардлага-ыг хяналт шалгалтын ажил явуулаагүй байж гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хяналт шалгалтын удирдамж гарсан байна. Энэхүү удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахын тулд Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ..., 20 дугаар зүйлийн 20.3.2-т ...судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-т хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах гэж хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх үүднээс улсын байцаагч нар нь баталсан удирдамжийн хүрээнд нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Албан тоотоор нотлох баримт гаргуулахаар хүсвэл тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, албан шаардлагаар нотлох баримт хүсвэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгддөг гэж дүгнэх боломжгүй юм.
Улсын байцаагч албан хэрэгтээ Улсын байцаагчийн дүгнэлт, улсын байцаагчийн албан шаардлага, улсын байцаагчийн мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн акт гэсэн хэлбэртэй акт үйлддэг байх бөгөөд тухайн тохиолдолд өөр хэлбэрийн баримт бичиг үйлдэх боломжгүй байжээ. Анхан шатны шүүх энэ тохиолдолд тухайн баримтыг хэлбэрийн талаас нь биш, агуулга талаас нь үнэлж дүгнэх ёстой байжээ. Нотлох баримт, судалгаа гаргуулахаар Мэдээлэл хүсэх тухай хүсэлтийг Албан шаардлага-ын хэвлэмэл маягт ашиглан явуулснаар Ч ХБ ХХК болон ХБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Ч ХБ ХХК, ХБ ХХК-уудын гаргасан ШӨХТГ-ын улсын байцаагч нарын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 7/169 тоот албан шаардлага-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хариуцагч ХХБ ХХК давж заалдах гомдолдоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан захиргааны процессын эрх зүйн нийтлэг зарчмын нэг болох диспозитив зарчмыг зөрчсөн гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэг нь харилцан уялдаатай боловч өөр ойлголт юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлээгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч банкууд /тэр дундаа ХХБ / ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан албан шаардлага, дүгнэлтүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхээр хэлэлцэгдээгүй, өөр захиргааны байгууллага, захиргааны албан тушаалтнаас гаргасан, эсхүл нэхэмжлэлд хариуцагчаар нэрлэн заасан албан тушаалтнуудаас гаргасан өөр захиргааны актын талаар шүүх хэлэлцэн шийдвэрлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ дээрх 19 захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгахад чиглэж явагдсан байна.
Шүүх нэхэмжлэлд дурдсаны дагуу хяналт шалгалт явуулсан болон уг актуудыг гаргасан процесс ажиллагааны талаас нь дүгнэлт хийснээс гадна захиргааны актын хууль зүйн агуулга талаас нь дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн зөрчил биш юм.
3. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдлын тухайд:
Энэ ойлголт нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулбал зохих эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй гэсэн агуулгатай юм. Анхан шатны шүүхийн шийдвэр Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 болон 12 дугаар зүйлийн 12.1.10, 15 дугаар зүйлийн 15.1.4, 23 дугаар зүйлийн 23.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.11, мөн хуулийн 5.7, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийг тус тус баримтлан гарсан байна. Арилжааны банк буюу ашгийн төлөө хуулийн этгээд болох компанийн үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийн хамгаалах тухай хууль хамаарахгүй гэж үзэх үндэслэл байхгүй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас явуулж буй үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль хамаарах болох нь уг хуулиудын үзэл санаа, зүйл, заалтаас тодорхой харагдаж байна.
Иймд, анхан шатны шүүхийг талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг /хуулийг/ хэрэглээгүй гэж дүгнэх боломжгүй. Дээр дурдагдсан хуулиудаас илүү нарийвчилсан зохицуулалттай хууль тус улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад үгүй байна.
4. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, холбогдох журам, шийдвэрийг гаргах болон хадгаламж эзэмшигч, харилцагч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүрэг нь Монгол банкны эрхлэх асуудал гэх тухайд:
Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн, 15 дугаар зүйлийн 15.1.4-т Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана, 20 дугаар зүйлийн 20.2-т Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах-аар заасан нь ШӨХТГ-ын үйл ажиллагааны бүрэн эрхэд хамаарч байна.
Иймд, улсын байцаагчид нь хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар хяналт шалгалт явуулсан гэх үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн тус шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон тохиолдолд арга хэмжээ авах, захиргааны хариуцлага ногдуулах эрх хэмжээтэй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн байх бөгөөд магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.
ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь хуулиар олгогдсон чиг үүрэг, эрхийн хүрээнд банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, маргаж буй захиргааны акт болох улсын байцаагчийн албан шаардлага болон дүгнэлтүүдийг гаргажээ.
5. Өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгснөөр болон зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоосноор банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаар:
Тус шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар магадлалаар ...банкны зээлийн шимтгэл авч буй үйл ажиллагаа нь зохих эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэсэн, болзол нөхцлийн талаар талуудын харилцан зөвшөөрч гэрээ байгуулсан, ашиг олох зорилгоор биш зээл олгох үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор хийгдсэн... гэж дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шимтгэл авч байгааг хууль зөрчсөн, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид харш арга хэрэгсэл гэж дүгнээгүй байна. Шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нэр бүхий банкуудад холбогдуулан гаргасан албан шаардлага, дүгнэлт зэрэгт шимтгэл авахыг хориглосон утга агуулгагүй байна. Энэ үүднээсээ банкуудын шимтгэл авч буй үйлдлийг хориглоогүй байна.
Харин албан шаардлагын 3 дахь заалтад Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох гэсэн шаардлагыг тавьжээ. Энэхүү шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэв.
Учир нь, зээл олгосны шимтгэл нь ашиг олох зорилгоор биш, зээл олгох үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор авч байгаа болох нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байгаа тул энэхүү шимтгэлээ гарсан зардлын хэмжээгээр авах нь тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Олгосон зээлийн хэмжээ, банкны үйл ажиллагааны онцлог зэргээс хамаарч дээрх шимтгэл нь 0.1% эхлээд 1%, онцгой тохиолдолд /зээлийг олгоход гарсан зардал нь тогтоогдож байгаа үед/ 1%-ээс дээш хэмжээтэй байх боломжтой. Энэ эрхийг нь дээрх дүгнэлтээр хязгаарлаагүй байна. Иймд, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.
Түүнчлэн Өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх гэсэн заалтын талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, тэд нарт ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй бөгөөд зөвхөн Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журмын хүрээнд ажиллахыг сануулсан байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Зээлийн үйлчилгээнийхээ шимтгэл, хураамжийн талаар үнэн зөв мэдээллийг иргэдэд өгсөнөөр тухайн арилжааны банкны хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж шүүх дүгнэх боломжгүй. Албан шаардлагад дурдаж буй үнэн зөв байх, бодитой байх гэсэн 2 заалт нь сөрөг үйлчлэл агуулаагүй байна.
6. Шимтгэл хураамжийг давхардуулан авахгүй байх гэсэн шаардлагын талаар: Улсын байцаагч нар Албан шаардлага-даа зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх гэж шаардсан нь нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах гол үндэслэл болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч банкууд зээл олгохдоо шимтгэл ч авна, хураамж ч авна гэж маргаж байна.
Анхан шатны шүүх дээрх хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Хураамж болон шимтгэл нь өөр өөрөөр нэрлэгдэж байгаа боловч нэгэн адил агуулгатай, өөрөөр хэлбэл зээл олгоход гарах зардлыг нөхөх зорилгоор авч байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаачлан 2 өөр төрлийн үйл ажиллагааны зардлыг нөхөж байгаа гэж дүгнэх боломжгүй байна.
Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/236 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17-д Шимтгэл, хураамж гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосон дүн гэж зохицуулжээ.
Хуулийн болон дээрх журмын заалтыг үндэслэн зээлийн үйл ажиллагаатай холбогдуулан нэмэлт төлбөр авч байгааг хориглосон заалт байхгүй, нэмэлт төлбөр авч болохыг зөвшөөрсөн байна. Харин журмын эсхүл гэсэн нь хураамж болон шимтгэлийг заавал хоёуланг нь зэрэг ав гэсэн агуулгагүй, аливаа нэгийг нь сонгох гэсэн ойлголт гэж дүгнэх боломжтой.
7. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан Гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн гэх тухайд:
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд /тэр дундаа нэхэмжлэл гаргасан банкуудын/ хэн аль нь тухайн банкны эрх бүхий этгээдийн тушаал шийдвэрээр ямар нэгэн байдлаар зээлийн үйл ажиллагаандаа авах хураамж-ийн хэмжээ, шимтгэл-ийн хувийг баталж, уг шимтгэл-ийн талаар тусгасан зээлийн гэрээний загваруудыг ашигладаг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шимтгэлийн хувь хэмжээг тогтоосон нэхэмжлэгч банкуудын гүйцэтгэх захирлын тушаалууд зэргээр тогтоогджээ.
Үүнээс дүгнэвэл хэрэглэгч буюу зээлдэгчийн хувьд зээлийн гэрээг байгуулахдаа шимтгэл төлөх эсэх талаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал, хууль ёсны ашиг сонирхолд харш, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь ямар нэг банкийг шимтгэл авдаг учраас сонгохоо болиод өөр банкинд хандая гэхэд тухайн банк нь мөн л шимтгэл авч байдаг учраас хүссэн хүсээгүй зөвшөөрч гэрээ байгуулахаас өөр сонголтгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451-д зааснаар ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг... хүлээдэг. Гэтэл 1%-ийн шимтгэлийг банк хурааж авснаар тухайн зээлдэгч авсан зээлдээ ногдох хүүгээ төлөхөөс гадна банкны хурааж авсан 1%-д ногдох хүүг мөн адил төлж байна.
Дээрх байдлаас дүгнэхэд ШӨХТГ-ын улсын байцаагч нарын үйлдсэн захиргааны акт нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчихөд чиглэгдээгүй, түүнийг зөрчөөгүй, харин хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн агуулгатай байна.
8. Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасан шаардлагыг хангаагүй гэх тухайд:
Шүүхийн шийдвэр, түүний Үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд анхан шатны шүүхийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэсэн, түүнчлэн хавтаст хэрэгт огт авагдаагүй баримтад хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаж, нотлох үүргээ биелүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулснаас гадна тухайн харилцаанд хамааралтай хуулийг хэрэглэж, уг хуульдаа үндэслэн шийдвэрээ гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлтийг давж заалдах гомдолд дурдсанчлан хувийн субьектив үнэлэмж, урьдчилсан дүгнэлтэнд хожим хууль тогтоомжийн зохицуулалтаас үндэслэл хайсан гэж үзэх боломжгүй.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх-ээр шаарджээ. Илт хүчин төгөлдөр бус захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай, гаргасан албан тушаалтан тодорхой бус, эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан, гүйцэтгэх субъект нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн, актыг гаргах эрх зүйн үндэс байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, холбогдох хууль зөрчсөн зэрэг өөрөөр хэлбэл, захиргааны акт нь хэн ч харсан илт алдаатай, уг алдаа нь ноцтой байх -ыг шаарддаг.
Гэтэл нэхэмжлэгч нарын илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх улсын байцаагч нарын албан шаардлага болон дүгнэлтүүд нь дээрх нөхцлүүдийн аль нэгийг агуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нар нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж маргаж байгаа боловч иргэдээс арилжааны банкуудад холбогдуулан /3 дугаар хавтас 24-50 хуудас/ гомдол ирүүлж байсан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хяналт шалгалтын удирдамж гаргасан, уг удирдамжийн хүрээнд улсын байцаагч нар хяналт шалгалт явуулсны үндсэн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дугаартай Хяналт шалгалтын тухай улсын байцаагчийн дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаартай Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг гаргасан байх тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй.
10. Давж заалдах гомдол гаргасан 8 банк, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдолдоо дурдсан Хяналт шалгалтын удирдамж танилцуулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй, зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөөгүй зэргээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж хяналт шалгалт явагдсан тул бүхэлдээ хууль бус гэсэн гомдлын тухайд:
Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтаар хяналт шалгалт явуулж эхлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй тул... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэсэн заалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалтын ажилдаа баримтлахаар байна.
Улсын байцаагч нар нь нэр бүхий 13 банкинд хүргүүлсэн Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагадаа ...ШӨХТГ-ын даргын баталсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалт хийж байна гэснийг хяналт шалгалтанд хамрагдах банкуудад ямар удирдамжаар, ямар хүрээнд хяналт шалгалт явуулах талаараа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
Өөрөөр хэлбэл, Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагаар шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулсан гэж дүгнэж болохуйц байна. Хуулийн дээрх заалтад тусгагдсан улсын байцаагч албан үнэмлэхээ үзүүлнэ гэсэн тухайд энэхүү хэсэг нь улсын байцаагч шалгуулах хуулийн этгээдэд биечлэн очиж шалгаж байгаа тохиолдолд хамаарахаар байна. Улсын байцаагч шалгалтын удирдамж, хамрах хүрээний талаар мэдэгдсэн албан бичгийг хүргүүлээд шалгалтанд шаардлагатай нотлох баримтыг ирүүлэхээр хүсэлт хүргүүлсэн тохиолдолд /шүүхээр шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд/ албаны үнэмлэхээ үзүүлэх бодит боломжгүй байна. Иймд, албаны үнэмлэхээ үзүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Удирдамж гардуулаагүй тухайд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот удирдамжийн талаар мэдэгдсэн боловч гардуулж өгөөгүй, удирдамжийг гардуулж өгөхийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй боловч шаардаагүй, энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй тул хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж дуусгажээ. Удирдамжийг гардуулж өгөөгүй тул хяналт шалгалтыг бүхэлд нь хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.
Тэмдэглэл хөтлөх тухайд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэг болон Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д тэмдэглэл хөтлөх талаар харилцан адилгүй хуульчилжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь банкуудад хяналт шалгалтыг явуулахдаа банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор явуулсан тул уг үйл ажиллагааг зохицуулсан Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан тэмдэглэл хөтлөхтэй холбогдсон зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэхээр байна.
Уг зүйлд улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах эрхтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална гэж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч нар нь хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлж хяналт шалгалт хийх явцад тэмдэглэл үйлдэх шаардлага гараагүй байна. Өөрөөр хэлбэл, банкуудад хяналт шалгалт явуулж байхад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан тэмдэглэл үйлдэх ёстой ...амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх... тохиолдол гараагүй тул тэмдэглэл үйлдээгүйг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
11. Ч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр давж заалдах гомдлоо гаргажээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д Ч ХБ ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлээс үзвэл нэхэмжлэгчийн бүхий л эрхийг эдлэж, үүргийг хүлээнэ хэмээн тодорхойлсон байх бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин давж заалдах эрхийг тусгайлан тусгасан ГЗ/23 тоот итгэмжлэл олгосон байна. Иймд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ заасныг энэ тохиолдолд төсөөтэй хэрэглээд Ч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдол гаргасан гэж үзэж гомдлын үндэслэлийг хянав.
Түүнчлэн анхан шатны шүүх дээрх гомдлыг гомдол гаргагчид буцаагаагүй хүлээн авч хэрэгт хавсарган ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч ХБ ХХК нь ШӨХТГ-ын улсын байцаагч нарын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 7/169 тоот албан шаардлага, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418 тоот Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага болон 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/80 тоот Хяналт шалгалтын тухай улсын байцаагч нарын дүгнэлт-ийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжсэн байна. Гэтэл шүүх 5/418 тоот Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага, 5/80 тоот Хяналт шалгалтын тухай улсын байцаагчийн дүгнэлтэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгасан атал нэг шаардлагыг орхигдуулсан байна. Түүнчлэн Ч ХБ ХХК-ийн гаргасан 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 7/169 тоот албан шаардлага-д холбогдуулан ХБ ХХК мөн адил шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Гэсэн атал шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгтээ Ч ХБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар тусгаагүй нь буруу байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч банкуудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтуудыг 1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 15 дугаар зүйлийн 15.1.4, 23 дугаар зүйлийн 23.5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг баримтлан ШӨХТГ-ын Улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаартай Мэдээлэл хүсэх тухай албан шаардлага, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81,5/83, 5/85 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлтүүд, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх-ийг хүссэн ХБ ХХК, ХБ ХХК, ХХБ ХХК, ГБ ХХК, Ч ХБ ХХК, КБ ХХК, КБ ХХК, УХБ ХХК, АБ ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, мөн 3 дахь заалтыг 2 гэж дугаарын өөрчлөлт оруулан тус тус өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч ХХБ ХХК, ХБ ХХК, ГБ ХХК, ХБ ХХК, УХБ ХХК, Ч ХБ ХХК, АБ ХХК, КБ ХХК-иудаас давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР