| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0354/Э |
| Дугаар | 417 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 417
2021 03 29 2021/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хт холбогдох эрүүгийн *** дугаар хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Х нь согтуурсан үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна машин дотор гэр бүлийн хамааралтай хүн болох эхнэр Н.У-г “гэртээ харьсангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цохиж зодон, эрүүл мэндэд нь “баруун зүүн дал, сээр нуруу, зүүн шуу, хамрын нуруу, дух, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** тоот гэртээ “охиноо өмөөрлөө” гэж хадам ээж Н.А рүү аяга, таваг, хогтой хогийн сав шидэх, нүүрэнд нь гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, аюулын зэргийн үнэлгээ, хохирогчийн зодуулсан гэх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.У-н мэдүүлэг /хх-09-13/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-31/, хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-44/, яллагдагч Г.Х-ын мэдүүлэг /хх-36-37/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-54/, хохирогч Н.А-ийн мэдүүлэг /хх-57/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дугаартай дүгнэлт /хх-61-62/, яллагдагч Г.Х-ын мэдүүлэг /хх-80/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Х нь согтуурсан үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна машин дотор гэр бүлийн хамааралтай хүн болох эхнэр Н.У-г “гэртээ харьсангүй” гэх шалтгаанаар цохиж зодон, эрүүл мэндэд нь “баруун зүүн дал, сээр нуруу, зүүн шуу, хамрын нуруу, дух, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** тоот гэртээ “охиноо өмөөрлөө” гэж хадам ээж Н.А рүү аяга, таваг, хогтой хогийн сав шидэх, нүүрэнд нь гараараа цохих зэргээр зодсон болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Аюулын зэргийн үнэлгээ, хохирогчийн зодуулсан гэх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч иргэний нэхэмжлэгч Н.У-н өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12-13 цагийн хооронд манай нөхөр Х нь манай төрсөн эх Ц-н хийсэн хоолыг голоод тэрнээс болоод маргаан үүсээд, намайг ажил руу явсан хойгуур ээжийг зодоод үүдэн шүдийг унагаагаад боож багалзуурдсан тухай ээж надад хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээр хонож 2020 оны 12 дугаар сарын 29-ний өглөө ажлаасаа буугаад шууд төрсөн эцгийнхээ гэр рүү явсан. Тэгээд би тэрнээс хойш 5 өдөр гэртээ очоогүй, гэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 08 цаг гээд ажилруугаа явах гээд ээжийн гэрээс гараад явж байхад нөхөр урдаас машинтайгаа гарч ирээд машиндаа суулгаад /мухар гудамжинд/ ажил руу явуулаагүй6 Миний үснээс зулгаагаад гараараа даллаад байсан. Тэгээд нөхрийн хамт *** тоотод байрлах гэрт очиж гурван хүүхдийнхээ хоолыг хийж өгөөд гэрээ цэвэрлээд хадам ээждээ хоол хийж өгөөд 16 цагийн үед гараад ээжийнхээ гэрлүү явсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажил дээрээ ирсэн. Намайг ажил дээр байхад миний хамт ажилладаг **** О-н *** гэх дугаар руу нь нөхөр өөрийн *** дугаарын утсаараа залгаад “гараад ир, ярих юм байна” гэхээр нь би “чи намайг зодох юм уу” гэхэд “үгүй, зодохгүй, нэг л юм асууя” гэж хэлэхэд намайг гарч очоод машинд нь суухад согтуу байсан. Намайг үг үсэггүй нүүр лүү алгадсан. Тэгэхээр нь би юм хэлээгүй, чимээгүй байсан, би юм хэлвэл зодуулах байх гээд дугараагүй. Тэгээд намайг машиндаа суулгасан чигээрээ аваад Улиастайн гол дээр авч ирээд хүнгүй газар зогсоод машин дотроо намайг зодсон. Чи ээжийнхээ хажууд мөнх амьдрах уу, чи ээжийнхээ хажууд нэг өөр, миний хажууд их өөр зан гаргадаг гэж зодсон. Тэгээд би машинаас гарч зугтаад машины гэрэл үзэгдэхээр нь зогсоогоод Товчооны “***” худалдааны төврүү хүргүүлж ах У-тай уулзаж цагдаад ирсэн. Би нөхөр Х-тай 10 жил хамт амьдарч байгаа, 3 хүүхэдтэй, намайг 2011 оноос хойш зодож эхэлсэн, жилдээ нэг зоддог байсан...ажлын хүмүүс болон хамаатан садан төрлөө , ах нарыг үздэггүй, энэ байдлаасаа болж зоддог байсан. Сүүлд зодох болсон нь хадам ээжийг эмнэлэгт хэвтэж байхад нь манай ээж хоол хийж өгөхөд муухай хоол хийлээ гэж уурлаж уцаарлаж ээжийг зодсоноос болоод...Мөн өөрөө *** ажилладаг ажлынхаа эмэгтэйтэй уулзаад чат бичээд байхаар нь би тэр чатыг ажилынх нь групп, өөрийн болон тэр хүүхний фэйсбүүкний түүх хэсэгт нь байршуулсан байсан. Тэрнээс болж бас маргаан үүссэн. Надаас гадна манай ээжийг 5 удаа зодож, хүүхдүүдээ цохиж, зодож дарамталдаг. Архи уусан ч эрүүл байсан ч хамаагүй гар далайлгадаг...миний толгой битүү хавдсан, хөндүүртэй, зүүн гар даагдахгүй, уруул дээд доод хэсэгтэй язарсан, хамар хөндүүртэй, хавдартай, хоёр далны гол хэсэг бас их өвдөж байна...машинд сууж байхад зодсон болохоор дээд хэсгээр их өвдөлттэй байна...”/хх-09-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн “...1.Н.У-н биед баруун зүүн дал, зүүн шуу, хамрын нуруу, дух, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-30-31/ гэх шинжээчийн дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Х-ын өгсөн “...Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг үнэн зөв ярьсан. Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” /хх-36-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.А-ийн өгсөн “...Би өөрийн төрсөн охин У болон түүний нөхөр Х гурван хүүхдийнх хамт *** тоотод хамт өвөлжиж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин ажилдаа явсан хойгуур манай хүргэн Х нь гаднаас орж ирэхдээ амандаа ишин шидийн хараал хэлсээр , их ууртай орж ирсэн. Тэгэхээр нь би хүргэнээс “чи яасан юм бэ” гэж асуусан чинь миний өөдөөс “чиний гичий, жингэр охин чинь утсаа авахгүй байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ , чамтай зөрөөд л гарлаа шдээ гэж хэлсэн чинь чи муу дандаа хүүхнээ өмөөрдөг гэж хэлээд надруу 2-3 удаа ширээн дээрээ байсан аяга таваг зэргийг шидэхээр нь би чадлаараа зайлсхийсэн чинь шууд надруу ирээд гараараа шууд хоолой боосон, тэр үед би юу ч дугарч чадалгүй чадлаараа эсэргүүцэж гарыг нь тавиулсан боловч гараа тавихдаа зэрэгцээд гараад атгаж байгаад шууд эрүүнээс дээш нүүр лүү /хавсарч/ цохьсон. Тэгээд надруу хогтой хогийн хуванцар савыг тэр чигт нь аваад шидсэн, тэр үед би хүүхдүүдрүүгээ залгаад ээжийг нь аллаа гэж хэлэхэд шууд гэрээс гараад өөрийнхөө ээжийн гэр лүү гүйгээд орсон. Тэгээд би 00-ийн цаасаар амнаас гарч байгаа цусаа арчтал миний доод талын 1 ширхэг шүд унасан байсан. Үүнээс 2 сарын өмнө охиныг маань зодсон, ер нь бол зөндөө олон удаа зодож цохиж дарамталдаг байсан, тэгээд өчигдөр охиныг охиныг ажил дээрээ байхад нь зодож цохиод охин зугтааж, явуулын машин таарч амь аврагдсан байсан. Тэр үед согтуу машин бариад охин дээр очсон байсан. Х нь эхнэр У-тай муудахаараа бид нарт шууд уураа гаргаж намайг охиноо өмөөрлөө гэж зоддог, урьд нь 2012 оны 12 сард, 2018 оны 07 дугаар сард 2-3 удаа энэ асуудлаас болж зодож байсан. Эхлээд зодох үед нь миний хамар хугараад гэмтлийн эмнэлэг дээр очиж оёулж байсан, дараа нь зун зодож баруун талын шанаа руу цохиж мах нь тасарч байсан, дандаа гараараа цохьдог, тэр болгонд нь нуун дарагдуулж цагдаагийн байгууллагад хандаагүй...” /хх-57/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн “...1.Ч.А-н биед нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5 хувь алдагдуулна. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” /хх-61-62/ гэх шинжээчийн дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Хын өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би эхнэр У нь гадуур өөр хүнтэй харилцаа тогтоогоод явалдаад байна гэж сонсоод У-тай утсаар маргалдаад *** тоотод байх гэртээ очиход манай хадам ээж А байсан ба эхнэр У талаар хэлэхэд надад явсан хүнийг яадаг юм хохичино гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд би хадам ээжийн нүүрэн тус газарт 1 удаа алгадсан чинь амнаас нь цус гарсан тэгээд хадам ээж намайг цагдаагийн байгууллагад өгсөн...” /хх-80/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч Г.Хыг эхнэрээ хардалтын улмаас зодсон, эхнэрээ зодлоо гэж уурласан хадам ээжээ тус тус зодсон үйлдлийг нэг сэдэлт, шалтгаан нөхцөлийн улмаас үүссэн үргэлжилсэн үйлдэл гэж үзэх ба түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл хийж үйлдсэн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Г.Х нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Хын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн өмнө нь ял шийтгүүлж байсан хувийн байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Х нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Х эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогтой Г-Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА