Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00834

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/00834

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Туж овогтой, Тавхайн Ганбатын нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 21 дүгээр гудамж, 245 тоотод оршин суух, регистрийн дугаар ХВ79112510/

 

Хариуцагч: Өөлд овогтой, Зоригтын Баярхүүд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоотод оршин суух, регистрийн дугаар УХ89071376/

 

            Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ганбат, түүний өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот, 99.47 м.кв талбайтай орон сууцыг “Жинхэнэ Уянга” ХХК-иас 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр 225.410.490 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь төлсөн. Тухайн үед би З.Баярхүүтэй тохиролцож, уг орон сууцны үнэ болох 225.410.490 төгрөгийг З.Баярхүү нь надад төлөх, орон сууцыг З.Баярхүүд өгөхөөр болсон. Ингээд 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүсэлтээ гаргаж З.Баярхүүгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Гэтэл З.Баярхүү нь өдийг хүртэл надад уг орон сууцны үнэ 225.410.490 төгрөгийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, З.Баярхүүд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Ганбат нь хариуцагч З.Баярхүүгийн төрсөн эгчтэй 2007 оноос 2013 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан. Энэ хугацаанд Т.Ганбат нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот орон сууцыг 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр З.Баярхүүгийн нэр дээр шилжүүлж бэлэглэсэн байдаг. Уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь З.Баярхүү тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Ганбатын нэхэмжлэлтэй, З.Баярхүүд холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

“Жинхэнэ Уянга” ХХК болон З.Баярхүү нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/18 дугаар “Guest House”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу З.Баярхүү нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот, 99.47 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч болсон, уг орон сууцны үнэ болох 225.410.490 төгрөгийг Т.Ганбат нь “Жинхэнэ Уянга” ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй болно.

 

            Нэхэмжлэгч Т.Ганбат нь “...уг орон сууцны үнэ 225.410.490 төгрөгийг З.Баярхүү нь надад төлнө гэсэн тул уг орон сууцыг би З.Баярхүүд шилжүүлж худалдсан, З.Баярхүү нь түрээслээд түрээсийн төлбөрийг надад төлнө гэж тохиролцсон” гэсэн тайлбар, хариуцагч З.Баярхүү нь “...уг орон сууцыг Т.Ганбат надад бэлэглэсэн” гэсэн тайлбар гаргадаг боловч талууд уг гэрээ, хэлцлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

            Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот, 99.47 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбатыг тогтоох үндэслэлгүй юм.

 

            Мөн З.Баярхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот, 99.47 м.кв талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000290894 дүгээр гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Дээр дурдсанаар З.Баярхүүд холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны гэрчилгээг хүчингүй болгох тухай Т.Ганбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтланТ.Ганбатын нэхэмжлэлтэй, З.Баярхүүд холбогдох, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байр, 16 тоот, 99.47 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 1.285.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД