Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б. Шүүгдэгч В.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.******* Хохирогч Д.******* Хохирогчийн өмгөөлөгч Т.******* Гэрч Ө.******* Б.******* Г.******* М.******* Шинжээч эмч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.*******д холбогдох 201713000042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, Завхан аймгийн ажилтай, Завхан аймгийн Идэр сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, Регистрийн дугаар: , Шүүгдэгч В.******* нь 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.*******ий биед хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг дэвсгэрт иргэн иргэн Д.*******тэй маргалдаж улмаар хэвлий, цээжин хэсэгт нь тийрч, өшиглөсөн хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ий “...Би *******г цохих гэхэд ******* шууд элэг рүү өшиглөсөн, би тэндээ газарт муураад унасан. Би босож ирэхэд ******* намайг барьж аваад эрүүг дээш нь шахаад газарт унагаад гэдэсний орчим өшиглөсөн. Тэгээд би газар унахад ******* миний цээжин дээр өвдөглөчихсөн гараараа миний цээж рүү цохиод байсан. Би хөдөлж чадахгүй, гараараа газар тэмтрэхэд гарт чулуу таарсан, тэр чулуугаар *******г цохих гэхэд тохой руу нь хий цохиод чулуугаа алдчихсан... Шонгийн модтой гавлуулсан байхад амнаас цус гарч байсан, би шүлсээ хаяхад цустай шүлс гарч байсан... ******* намайг хөндий өшиглөснөөс болоод миний биед гэмтэл учирсан гэж бодож байна. Би *******д өшиглүүлээд муужраад унаад босоход дахиад намайг газар унагаад өшиглөж цохисон. Тэр үед миний амнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Д.*******ий мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хуульд заасан журмаар авсан бөгөөд тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн В.*******, Д.******* нарыг зодолдсоныг харсан талаараа мэдүүлсэн гэрч Н.ы “...2017 оны 04 дугээр сарын 29-ний өдөр би эхнэрийн хамтаар сумын төв орж хэдэн кг ноолуур өгчихөөд 15 цагийн орчим гийн дэлгүүр орох гээд явж байтал тэдний урд тойргийн хажууд 2 залуу барьцалдаад зогсож байсан дэлгүүрийн хажууд яваад очтол ******* ******* 2 бие биенээ барьж аваад ноцолдоод зогсож байсан. Тэгээд мотоциклоо асаагаад хөдөлтөл сумын цагдаа ирж харагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.*******ийн “...тэр өдөр нөхрийн хамтаар хөдөөнөөс орж ирээд гийн дэлгүүрийн урд очтол тэнд *******, ******* нар хоорондоо барьцалдаад бие биенээ цохиж аваад байсан...“ гэсэн мэдүүлэг, Гэрч Д.гийн “...би дэлгүүрийнхээ цонхоор харж байхад тэр 2 бие биенээ хальт цохиж аваад л байж харагдсан. Цагдаа ирээд нилээн хоорондоо ноцолдсон...“ гэсэн мэдүүлэг, Гэрч Л.ын “...гийн дэлгүүрийн урд аюулгүйн тойргийн хажууд тэр 2 уулзаж харагдсан. Тэгээд эргээд хартал тэр 2 бие биенээ цохиж харагдахаар нь би хүүхдээ тэврээд гүйгээд гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.ын “...Би сумын захиргаан дээр ажилтай байж байгаад захиргаанаас гарч ирэхэд тойргийн тэнд 2 хүн зодолдож харагдсан. Тэгээд би захиргаанаас алхаад очиход *******, ******* нар 2-уулаа босоо байдалтай зодолдож харагдсан...” гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. В.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Д.*******ий биед хүнд гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “... Д.*******ий биед дэлүүний үүд хэсгийн урагдал, нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, үрэвсэл, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн талын 11-р хавирганы хугарал, баруун шууны гадна ар хэсэгт зулгаралт, зүүн мөрний үений урд хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, баруун хөх махны доор, хэвлийн зүүн талд бөөрний хэсэгт цус хуралт, баруун зүүн бугуйн үенд зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд буюу /2017.04.29/-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх мөн шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл В.*******гийн үйлдлээс болсон эсэх нь эргэлзээтэй, хохирогч өөр газар гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Д.******* нь шүүгдэгч В.*******тэй тааралдахаас өмнө биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй, бусадтай маргалдаж зодолдоогүй, мөн биедээ ямар ч гэмтэл шархгүй байсан нь гэрч Г.*******ын “...13 цагийн үед ******* нь 0.5 литрийн 1 шил архи бид нартай хувааж уусан. Тэгээд бид 4 юм ярьж сууж байгаад би согтоод унтаад өгсөн. Намайг унтахад тэр 3 манайд байсан... манайд бид нар 0.5 литрийн 1 шил архи уусан. Манайд байхдаа ******* жаахан халчихсан согтуу байсан. Биедээ ямар нэг шарх сорви байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.*******ийн “...2017 оны 04 дүгээр сарын 29-ний 13 цагийн үед 0.5 литрийн Соёрхол нэртэй архи авч хуваагаад 15 цагийн үед тарцгаасан... *******ынд байх хугацаанд ямар нэгэн зодоон цохион хийгээгүй... зүгээр юм ярьж сууж байгаад гарсан...” гэсэн мэдүүлэг болон энэ талаар мэдүүлсэн гэрч В.гийн мэдүүлгээр тогтоогджээ. Харин шүүгдэгчийн үйлдлийн дараа хохирогч Д.*******ий биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн, улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон болох нь эмнэлэгт хүргэсэн нь эмч М.ын “...4 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн орчим *******ий биеийн байдал хүнд хэвлийн зүүн хэсгийг дарсан байдалтай эмнэлэгт ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчээс зөвлөгөө авч Улиастай сум руу явуулсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.ын “...*******ийг цагдаа дээр гавлуулсан байна очиж авья гээд хадам ах хэлсэн. Тэгээд очиж авсан гэр лүүгээ явах замдаа миний бие өвдөөд байна гээд амраад байсан тэгээд яагаад бие нь болохгүй байгаан гээд сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд даралт нь багадсан байнаа гээд хэвтүүлсэн. ...тэгээд гэдсэндээ гар хүргүүлэхгүй өвдөөд байна гэсэн тэгээд тэр шөнөө аймаг ороод эмнэлэгт шинжилгээ өгсөн гэдэс дотор нь шингэн зүйл байна гээд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч Д.*******ий биед учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд авсан шинэ гэмтэл болох, уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх буюу хөлөөрөө тийрэх, өшиглөх үед үүсэх боломжтой гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч В.******* хохирогчийн хэвлий тус газар өшиглөж тийрэх үед учирсан гэж үзэх үндэстэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч хохирогчийг тийрсэн өшиглөсөн цохисныг харсан гэрчүүд байхгүй, хохирогч зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа гэх үндэслэлээр В.*******г гэм буруугүйд тооцож өгөөч гэсэн дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны үед гаргаж байгаа боловч гэрч Ц.ын “...*******ийг газарт хэвтүүлсэн байхад ******* гэдэс, цээжин хэсэгт нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөн “...захиргааны үүднээс холоос харахад хоёулаа гараараа харилцан цохилцож өшиглөлцөж байсан ...*******ий барьсан чулууг гараас нь салгаад гарыг нь мушгиад доош харуултал ******* толгойн талд нь зосож байгаад *******ий цээжний хэсэг орчимд нь хальт өшиглөөд авсан...” гэсэн мэдүүлгүүдээр өмгөөлөгчийн дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргаж байгаа ч түүний энэ саналыг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэдэг ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр хүндийг нь гутаан доромжилсон, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараахаар эрхшээл дарамтанд оруулсан зэрэг бусдын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж түргэн зуур хийсэн хариу үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдлаар санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Хэргийн үйл баримтыг дүгнэхэд Д.*******ий үйлдлийн улмаас шүүгдэгч В.******* сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас харахад цаг хугацааны хувьд өөр бусдад зодуулсан байх боломжгүй, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч В.*******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн ба тэрээр шүүгдэгч В.******* рүү дайрах, доромжлох зэрэг үйлдэл хийж бүдүүлгээр авирласан байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэстэй. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.*******гийн үйлдлийг энэ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж үзлээ. Д.******* 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед буюу 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн шинжтэй дүйцэж байгаа бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Хэдийгээр хорих ялын хэмжээ нэмэгдсэн боловч доод хэмжээ багассан мөн хорихоос өөр төрлийн хөнгөн ял буюу торгох ял сонгон хэрэглэх боломжтой болсноороо шинэ Эрүүгийн хууль шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул В.*******гийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв гэж үзлээ. Иймд шүүгдэгч овогт гийн *******г хохирогч Д.*******ий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол буюу хүнд гэмтэл учирсантай холбогдож үүссэн хор уршиг болох зардалд 1259225 төгрөгний холбогдох баримтуудыг үнэлж үзэхэд хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал 507960 төгрөг, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан замын зардал 48800 төгрөг, авто машины түлш шатахуунд зарцуулсан 79950 төгрөгийн зардал нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар нотлогдож байна гэж үзээд хохирогчид учирсан нийт 636710 төгрөгийн хор уршгийг шүүдэгч нөхөн төлөх үндэстэй гэж үзлээ. Хохирогчийн хэрэгт хавсаргуулсан бичгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудын буюу хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршигт хамаарахгүй дараах зардлууд нийт 622515 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй. Тухайлбал хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд авагдсан 4000 төгрөгний, 2600 төгрөгний, 80500 төгрөгний, 700 төгрөгний, 9200 төгрөгний,4300 төгрөгний, 4700 төгрөгний, 7600 төгрөгний, 2100 төгрөгний, 4500 төгрөгний, 700 төгрөгний, 4100 төгрөгний, 197 дугаар хуудасны 182465 төгрөгний, 12200 төгрөгний, 2000 төгрөгний, 1600 төгрөгний, 3200 төгрөгний, 1400 төгрөгний, 1400 төгрөгний, 800 төгрөгний, 2650 төгрөгний худалдан авалт хийгдсэн гэх НӨАТ-ын буцаан олголтын 21 ширхэг баримтуудаар гарсан нийт 332515 төгрөгний зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, уг зардлыг хохирогч Д.******* зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хавтаст хэргийн 199 дүгээр хуудсанд онгоцоор зорчих эрхийн тасалбар буцаасны суутгалд төлсөн 160000 төгрөг нь эмчилгээтэй холбоотой гарсан шууд зардал биш учир шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Хавтаст хэргийн 200 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.аас хонь 130000 төгрөгөөр худалдан авсан гэх тодорхойлолт байгаа ч уг зардлыг хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэсгүй. Хохирогч хэргийн 39, 42, 47, 49, 50, 52 дугаар хуудсанд авагдсан тодорхойлолтуудыг үндэслэн Завхан аймгаас Идэр сум руу ирж буцах зардлаа нэхэмжилж байгаа боловч эдгээр баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнийн дүн тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна. Хохирогч Д.******* нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг талаараа шүүх хуралдаанд мэдүүлж байгаа бөгөөд цаашид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тогтоогдсон байдал, шүүгдэгчээс гаргуулах хэмжээг шийдвэртээ дээрх байдлаар дүгнэлээ. Шүүгдэгч В.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 4/дөрөв/ хоногоор завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд хохирогчид 640000 /зургаан зуун дөч/ мянган төгрөг төлсөн учир хохирогчид төлбөр төлөгдсөн гэж үзлээ. Шүүгдэгч В.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч В.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч В.******* цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт гийн *******г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан В.*******г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч В.*******д 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч В.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7х15 см хэмжээтэй саарал өнгийн байгалийн чулуу 1 ширхэгийг устгаж, хохирогч Д.*******ий эмнэлгийн картны хуулбарыг хэрэгт хавсаргаж, түүний рентген зургийг хохирогчид буцаан олгосугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хохирогч Д.*******ий нэхэмжилсэн 1259225 төгрөгнөөс 622515 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.******* хохирогч Д.*******д 640000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

9. Хохирогч Д.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шүүгдэгч В.*******гийн гэр бүлийн дундын хөрөнгө болох Завхан аймгийн Идэр сумын баг тоот хаягт байршилтай 17.500.000 төгрөг/арван долоон сая таван зуун мянган/-өөр үнэлэгдсэн, улсын бүртгэлийн 000501190 дугаартай, 45 м/кв талбайтай хувийн орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилсэн битүүмжлэлийг шийтгэх тогтоолын 2,3 дугаар заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА