Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1157

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Д.Э, ...........-ны өдөр ... төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж 24 дүгээр байрны 6 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...............).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын Хаан банкны АТМ-ээс алдаатай гүйлгээ хийсний улмаас дансанд нь шилжин ирсэн иргэн Д.Батхөлөгийн 500.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгаа болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед 500.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тухайн өдөр над руу хүн 500.000 төгрөг хийх ёстой байсан. Би тэр мөнгө орж ирсэн гэж бодоод үрсэн. Би хэн гэдэг хүнээс мөнгө орж ирэх ёстойг мэдэхгүй байна. Манай ажлын хүн төмөр тушаагаад төмөр тушаасан хүнээс 500.000 төгрөг миний хувь дансаар орж ирэх ёстой байсан. Улмаар амралтын 2 өдөр өнгөрөөд утсаа айлд орхичихсон цэнэглэтэл нэг залуу залгаад мөнгө нэхсэн. Би шалгаж үзчихээд өгье гэж хэлсэн. Би тэр залуутай хэрэлдээгүй. Учир нь мэдэгдэхгүй нэг хүн залгаад миний мөнгийг өг гээд байсан. Надад 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт ар гэрт ажил явдал гараад цагаан сарын дараа Улаанбаатар хотод ирсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас намайг дуудаад энэ хүний мөнгө миний дансаар орж ирсэн болох нь үнэн болох нь тогтоогдсон. Би мөнгийг нь буцааж өгсөн гэв.

Хоёр. Эрүүгийн ............ дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Д.Батхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой найз Насан-Өлзий “мөнгө хэрэгтэй байна, чи над руу мөнгө дансаар шилжүүлэх хэрэгтэй байна, дансны дугаарыг мессежээр явуулна” гэж хэлээд явуулсан данс руу нь орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надаас мөнгө авах байсан найз маань дахин миний гар утас руу залгаж “нөгөө мөнгө чинь орж ирсэнгүй, чи шилжүүлсэн юм уу” гэхээр нь ойр байрлах Хаан банкинд очиж асуухад огт мэдэхгүй Д.Э гэх хүний данс руу явуулсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчим 88088694 дугаар руу мөнгө буцааж авах гээд залгаж үзэхэд нэг эмэгтэй хүн энэ дугаарын эзэн байхгүй, өөрийн утсыг үлдээж явсан талаар яриад салгаад байсан юм. Би өөрийн шилжүүлсэн мөнгөө авах хэрэгтэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал), -2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай найз Насан-Өлзий 14 цагийн орчимд над руу залгаад гуйсан ба тухайн үед би оройхон тийшээ шилжүүлье, чи дансны дугаараа явуулчихарай гэж хэлсэн. Тэгээд орой Өлзий утасдаад мөнгө шилжүүлээдхээч гээд байхаар нь Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 5133057563 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлчихээд гэртээ ороод байж байтал Насан-Өлзий надад мөнгө ирээгүй, чи явуулсан юм уу гэхээр нь 5133057563 тоот данс руу шилжүүлсэн гэхэд миний данс биш байна гэсэн. Тэгээд 88088694 дугаар руу шалгаж асуухад энэ гар утасны эзэн байхгүй байна гэж байснаа дахиад залгатал өмнөөс миний данс руу байнга л мөнгө орж гарч байдаг, хэнээс ирснийг нь би мэдэхгүй байна, шалгаж чадахгүй байна, тэгж байгаад завтай болохоороо дансны хуулгаа шалгаж байгаад хариу өгье” гэж хэлээд сүүлдээ утсаа авахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би уг данс эзэмшигчийг мэдэхгүй. 88088694 дугаараас 2018 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 14:16 минутад 5133057563 гэсэн дансны дугаар явуулсан юм байна лээ, тэрийг нь би найз Насан-Өлзийг л явуулсан юм байх гэж бодоод шилжүүлчихсэн юм. Би тэр хүнийг яагаад над руу дансны дугаараа явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Тэр эгчээс эвтэйхэн гуйгаад авчихъя гээд зөндөө залгаж үзсэн. Бүр сүүлдээ таньд 50.000 төгрөгийг нь өгье, та надад 450.000 төгрөгийг нь буцаагаад өгөөч гэж хүртэл гуйгаад байхад гар утсаа ч авахгүй байна. 500.000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

2. Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орой 19 цагийн орчимд миний данс руу гүйлгээнийх нь утган дээр хөлгөө гээд биччихсэн 500.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн өдөр миний дансанд төмөр тушаасан мөнгө болох 500.000 төгрөг орох ёстой байсан. Би тэр үед мөнгө нь ороод ирлээ гэж бодоод мөнгийг нь аваад үрчихсэн юм. Тэгээд 2 хоногийн дараа буюу 1 дэх өдрийн үдээс хойш нэг залуу над руу залгаад миний мөнгийг буцааж явуул гэж хэлэхээр нь тухайн үед юу яриад байгааг нь мэдэхгүй, маргалдаад тасалсан юм. Над руу мессеж бичээд 450.000 төгрөгийг нь шилжүүлчих, 50.000 төгрөгийг нь өөрт чинь өгье гэж хэлэхээр нь би дансны хуулгаа шалгаж үзэж байгаад наад асуудлыг чинь шийднэ гэж хэлсэн. Одоо би сайн санахгүй байна, тухайн үед миний дургүйг их хүргээд байхаар нь би шийддэг газраар нь шийдүүлье гэж утсаа тасалсан. 5133057563 тоот данс нь миний өөрийн эзэмшлийн Хаан банкны данс байгаа юм. Би тухайн мөнгийг өөрийн компанийн ажилчдын хоолны мөнгөнд зарцуулсан. Манай ар гэрт ажил гараад 2 сарын хугацаатай Хөвсгөл аймагт байж байгаад 2019 оны 02 дугаар сард ирж, мөнгийг нь 3 сард эргүүлэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар тал), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

3. Хохирогч Д.Батхөлөгийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны хуулгад “...АТМ 446- аас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг 11 минутад 500.000 төгрөг зарлага гарсан, шүүгдэгч Д.Эын “Хаан банкны депозит дансны хуулгад ...АТМ446-аас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг 11 минутад 500.000 төгрөгийн орлого орсон тухай ...” баримтууд (хавтаст хэргийн 18, 48 дугаар тал), -Хохирогч Д.Батхөлөгөөс гаргаж өгсөн 88088694 дугаарын утас руу мессеж бичсэн гэх гэрэл зураг (хавтаст хэргийн 19 дүгээр тал), 4. Шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 39 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 32 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр тал), түүний нэр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /0.00/ (хавтаст хэргийн 42 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), “Худалдаа хөгжлийн банк”-нд данс эзэмшдэггүй гэх албан тоот (хавтаст хэргийн 46 дугаар тал),

“Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 62-64 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын Хаан банкны АТМ-ээс алдаатай гүйлгээ хийсний улмаас дансанд нь шилжин ирсэн иргэн Д.Батхөлөгийн 500.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгаа болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Д.Э нь өмгөөлөлдөө дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын Хаан банкны АТМ-ээс алдаатай гүйлгээ хийсний улмаас дансанд нь шилжин ирсэн иргэн Д.Батхөлөгийн 500.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгаа болохыг мэдсээр байж завшсан үйл баримт нь: -хохирогч Д.Батхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 18-өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой найз Насан-Өлзий “мөнгө хэрэгтэй байна, чи над руу мөнгө дансаар шилжүүлэх хэрэгтэй байна, дансны дугаарыг мессежээр явуулна” гэж хэлээд явуулсан данс руу нь орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надаас мөнгө авах байсан найз маань дахин миний гар утас руу залгаж “нөгөө мөнгө чинь орж ирсэнгүй, чи шилжүүлсэн юм уу” гэхээр нь ойр байрлах Хаан банкинд очиж асуухад огт мэдэхгүй Д.Э гэх хүний данс руу явуулсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчим 88088694 дугаар руу мөнгө буцааж авах гээд залгаж үзэхэд нэг эмэгтэй хүн энэ дугаарын эзэн байхгүй, өөрийн утсыг үлдээж явсан талаар яриад салгаад байсан юм. Би өөрийн шилжүүлсэн мөнгөө авах хэрэгтэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал), -2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай найз Насан-Өлзий 14 цагийн орчимд над руу залгаад гуйсан ба тухайн үед би оройхон тийшээ шилжүүлье, чи дансны дугаараа явуулчихарай гэж хэлсэн. Тэгээд орой Өлзий утасдаад мөнгө шилжүүлээдхээч гээд байхаар нь Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 5133057563 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлчихээд гэртээ ороод байж байтал Насан-Өлзий надад мөнгө ирээгүй, чи явуулсан юм уу гэхээр нь 5133057563 тоот данс руу шилжүүлсэн гэхэд миний данс биш байна гэсэн. Тэгээд 88088694 дугаар руу шалгаж асуухад энэ гар утасны эзэн байхгүй байна гэж байснаа дахиад залгатал өмнөөс миний данс руу байнга л мөнгө орж гарч байдаг, хэнээс ирснийг нь би мэдэхгүй байна, шалгаж чадахгүй байна, тэгж байгаад завтай болохоороо дансны хуулгаа шалгаж байгаад хариу өгье” гэж хэлээд сүүлдээ утсаа авахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би уг данс эзэмшигчийг мэдэхгүй. 88088694 дугаараас 2018 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 14:16 минутад 5133057563 гэсэн дансны дугаар явуулсан юм байна лээ, тэрийг нь би найз Насан-Өлзийг л явуулсан юм байх гэж бодоод шилжүүлчихсэн юм. Би тэр хүнийг яагаад над руу дансны дугаараа явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Тэр эгчээс эвтэйхэн гуйгаад авчихъя гээд зөндөө залгаж үзсэн. Бүр сүүлдээ таньд 50.000 төгрөгийг нь өгье, та надад 450.000 төгрөгийг нь буцаагаад өгөөч гэж хүртэл гуйгаад байхад гар утсаа ч авахгүй байна. 500.000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал), -шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орой 19 цагийн орчимд миний данс руу гүйлгээнийх нь утган дээр хөлгөө гээд биччихсэн 500.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн өдөр миний дансанд төмөр тушаасан мөнгө болох 500.000 төгрөг орох ёстой байсан. Би тэр үед мөнгө нь ороод ирлээ гэж бодоод мөнгийг нь аваад үрчихсэн юм. Тэгээд 2 хоногийн дараа буюу 1 дэх өдрийн үдээс хойш нэг залуу над руу залгаад миний мөнгийг буцааж явуул гэж хэлэхээр нь тухайн үед юу яриад байгааг нь мэдэхгүй, маргалдаад тасалсан юм. Над руу мессеж бичээд 450.000 төгрөгийг нь шилжүүлчих, 50.000 төгрөгийг нь өөрт чинь өгье гэж хэлэхээр нь би дансны хуулгаа шалгаж үзэж байгаад наад асуудлыг чинь шийднэ гэж хэлсэн. Одоо би сайн санахгүй байна, тухайн үед миний дургүйг их хүргээд байхаар нь би шийддэг газраар нь шийдүүлье гэж утсаа тасалсан. 5133057563 тоот данс нь миний өөрийн эзэмшлийн Хаан банкны данс байгаа юм. Би тухайн мөнгийг өөрийн компанийн ажилчдын хоолны мөнгөнд зарцуулсан. Манай ар гэрт ажил гараад 2 сарын хугацаатай Хөвсгөл аймагт байж байгаад 2019 оны 02 дугаар сард ирж, мөнгийг нь 3 сард эргүүлэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар тал), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд), -хохирогч Д.Батхөлөгийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны хуулгад “...АТМ 446- аас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг 11 минутад 500.000 төгрөг зарлага гарсан, шүүгдэгч Д.Эын “Хаан банкны депозит дансны хуулгад ...АТМ446-аас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг 11 минутад 500.000 төгрөгийн орлого орсон тухай ...” баримтууд (хавтаст хэргийн 18, 48 дугаар тал), -Хохирогч Д.Батхөлөгөөс гаргаж өгсөн 88088694 дугаарын утас руу мессеж бичсэн гэх гэрэл зураг (хавтаст хэргийн 19 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан, төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас андуурагдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Хохирогч Д.Батхөлөг нь Хаан банкны АТМ446-с 500.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байх ба, улмаар найз Насан-Өлзийнг данс руу гүйлгээ хийсэн гэж ойлгон, хайхрамжгүй байдлын улмаас шүүгдэгч Д.Эын данс руу шилжүүлсэн байна. Үүний дараа хохирогчийн найз гэх Насан-Өлзий дахин мөнгөний талаар асууснаар хохирогч нь андуурч гүйлгээ хийснээ мэдсэн байна. Шүүгдэгч Д.Э нь бусдын хөрөнгө болохыг мэдсээр байж, алдаатай гүйлгээ болох 500.000 төгрөгийг авч завшсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Д.Эын энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Шүүгдэгч Д.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээний улмаас гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батхөлөгт 500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч Д.Батхөлөг нь 500.000 төгрөгийг хүлээн авсан (хавтаст хэргийн 27 дугаар тал) гэж хүсэлт бичсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 3. Эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь өмгөөлөлдөө “торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүргэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхээс шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн н хувийн байдал цалин хөлс, орлого зэргийг харгалзан шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгийг торгох ял шийтгэж, оногдуулсан торгохыг ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д.Эыг алдаатай гүйлгээний улмаас гээгдсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шгүүгдэгч Д.Эыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Д.Батхөлөгт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА