Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00613

 

С.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01805 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1911 дүгээр магадлалтай,

С.Цгийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоогийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 22-ны өдрйн 159 тоот шүүхийн шийдвэрээр Ч.Бөөс 47 400 000 төгрөг гаргуулж, Ш.Анармаад олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 1 500 000 төгрөг төлсөн төдийгүй Ч.Бийн тэтгэврийн дансыг хаасан. Гэтэл НШШГГын шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг нь С.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, дээрх төлбөрт тооцуулахаар 2018 оны 10 сарын 31-ний өдөр 4/18152 тоот мэдэгдлийг өгөөд байна. Уг мэдэгдэлд дээрх орон сууцыг 95 900 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн өнөөгийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд орон сууцны өмчлөгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00159 дүгээр захирамжаар Ч.Бөөс 47 600 000 төгрөгийг гаргуулж, Ш.Анармаад олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Бийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Бийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж 13/2-байрны тоот 17 тоот, 48 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 9 сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 10 сарын 01-ний өдөр хураан авч, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолоор "Мөнх-Оргил трейд" ХХК-ийг томилоход 95 900 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 10 сарын 31-ний өдөр төлбөр төлөгчийн хаягаар эхнэр С.Ц байсан бөгөөд гарын үсэг зурахгүй гэж мэдүүлж, 4/18152 дугаар албан бичгийн нэг хувийг гардуулж өгсөн. Мөн төлбөр төлөгчид 4/18579 дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 11/15 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 2018 оны 11 сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлах явцад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 181/Ш32018/12861 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг тус албанд даалгаж захирамжилсан тул албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлсэн шүүхээс томилогдсон болон манай ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдийн хооронд илэрхий зөрүү байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01805 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар 55.7, 122 дугаар сарын 122.5-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 55/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн С.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1911 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна ...Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан буюу үндсэн төлбөр барагдуулах ажиллагааг хамгаалсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл журмыг тогтоосон, шийдвэр гүйцэтгэгчийн эрх үүргийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн, мөн шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үүргийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг ач холбогдол өгөлгүй, нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шийдвэр гаргахдаа хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хөндөгдсөн эрх, шинжээчийн хуульд заасан үүргээ зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчийн эрхийг нь хязгаарласан зэргийг зөв зүйтэй үнэлж, дүгнэсэнгүй гэж үзэж байна. Үнэлгээг гаргасан Дельтамон ХХК-ийн шинжээч, үнэлгээчин нь үнэлгээг хийхдээ харьцуулалтын аргыг хэрэглэн дүгнэлтээ гаргасан. Гэвч ижил байршилд байрлах боловч 4 өрөө нэг ширхэг орон сууцтай харьцуулж, тухайн 4 өрөө орон сууцыг үнэлэхдээ 200 000 000 төгрөг хэмээн харьцуулсан. Харин нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууцыг шууд утгаараа түүний тал хэмээн үзэж үнэлгээний тал дүнгээр буюу 100 000 000 төгрөг гэж үзэн үнэлгээний дүгнэлтээ гаргасан. Мөн шүүхийн журмаар томилогдсон шинжээч болох  Дельтамон ХХК нь зөвхөн нэг орон сууцны үнийг жишиг болгон, хаанаас, ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй дээрх үнэлгээг тайландаа хавсаргасан нь Үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн үнэлгээг гаргахдаа 1 давхарын байрлалтай байрыг өөр давхарт байрлах байртай харьцуулан үл хөдлөх хөрөнгийн үнийг жишиг болгож судалсан зэргээс шалтгаалан тухайн гаргасан үнэлгээ нь үндэслэл бүхий гэж үзэхгүй байна. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөгхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

С.Ц нь төлбөр төлөгч этгээд биш бөгөөд албадан дуудлага худалдаанд оруулахаар хураасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд эрх зөрчигдсөн гэж үзэж, орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00159 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Б нь 47 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Анармаад төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг захирамжийг биелүүлэх ажиллагааг албадан явуулжээ. /хх-ийн 18-19-р тал/

Ч.Б, С.Ц,.Б.Б, Б.Бнар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 байрны 17 тоот, 48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөгч байх ба уг орон сууцыг НШШГГ 2016 оны 9 сарын 27-ны өдөр  битүүмжлэн, 2018 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор хураасан байна. /хх-22, 29, 32, 23-24, 47-48-р тал/

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад өмчлөгч Ч.Б, С.Ц нар 180 000 000  төгрөгөөс доошгүй үнэтэй гэж, Б.Б 200 000 000 төгрөгийн үнийн саналыг тус тус өгсөн ба төлбөр авагч Ш.Анармаа нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцыг 95 900 000 төгрөгөөр үнэлсэн, эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. /хх-39, 41, 55, 60-74-р тал/

Нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрөхдөө орон сууцыг 126 614 000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг шүүхэд гаргасан ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар шинжээч томилсон, шинжээч Дельтамон ХХК нь орон сууцыг 100 000 000 төгрөгийн үнэтэй гэж тогтоожээ. Энэ дүгнэлт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээнээс илт зөрүүгүй байгаа талаар дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт баримтад тулгуурласан тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1911 дүгээр магадлалыг тус тус хэвээр  үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА