Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 172

 

      Б.Б-, Ю.Т-, Б.Т-, Б.Тү

       нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Еркебулан,

хохирогч А.Сосорбарам, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч Б.Т-,

шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Т-, Б.Тү нарын өмгөөлөгч Б.Дамба,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч А.Сосорбарамын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-, Ю.Т-, Б.Т-, Б.Тү нарт холбогдох 1709005850082 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Б.Б-, 1998 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бусан” солонгос хоолны газарт зөөгч ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

2. Чулуут овгийн Ю.Т-, 1999 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

3. Сайн долоо овгийн Б.Тү-, 1999 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, блокны үйлдвэрт туслах ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

4. Хэрээд овгийн Б.Т-, 1998 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шагж” хүнсний дэлгүүрт туслах ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Б.Б-, Ю.Т-, Б.Тү, Б.Т- нар 2017 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Митинг” баарны хажуугийн автобусны буудалд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч А.Сосорбарамд хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-, Ю.Т-, Б.Т-, Б.Тү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Т-, Б.Тү нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5 дахь заалтуудад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч А.Сосорбарамын нэхэмжилсэн 5.250.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.850.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын хохирлын бодит гарсан баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэдгээрт ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч А.Сосорбарам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нар миний эрүүл мэндэд учирсан хохирол болох 4.850.000 төгрөгийг өгнө гэсэн боловч одоог хүртэл надтай холбогдоогүй, анхаарал тавиагүй. Шүүгдэгч Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт надтай харилцан зодолдсон мэтээр худал мэдүүлэг өгсөн. Би цаашдаа сээр, нуруу, тархины MRI шинжилгээнд орох шаардлагатай байгаа. Мөн эмчилгээний урсгал зардлуудыг нэхэмжлээгүй гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгч Т-гийн эцэг шүүх хуралдааны дараа “тэнсэн харгалзах ял авчихсан, одоо бүх юм дууссан, чи тэгээд хориулаач” гэх зэргээр миний эх рүү дайрч доромжилсон. Энэ бүхнээс үзэхэд тэд гэм буруугаа ухаараагүй, засарч хүмүүжээгүй, миний эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгаагүй тул тэдэнд хорих ялыг нь биечлэн эдлүүлэхийг хүсье...” гэв.

Хохирогч А.Сосорбарамын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нарын зүгээс хохирогч А.Сосорбарамд сэтгэл зүйн дарамт үзүүлж, тааламжгүй харьцаа үүсгэсэн тул хохирогчоос тэдэнд хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай давж заалдах гомдлыг гаргасан. Миний хувьд уг давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Т-, Б.Тү нарын өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүх тэдэнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж, тодорхой үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч А.Сосорбарам нь хохирол төлбөрийн асуудлаар удаа дараа давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг хэрэгт авагдсан баримтад үндэслэн тогтоож, үүнээс шүүгдэгч нарын төлсөн хэсгийг хасаж, нотлогдоогүй, тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан байгаа. Түүнчлэн шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Б-, Ю.Т-, Б.Тү, Б.Т- нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Митинг” баарны хажуугийн автобусны буудлын орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч А.Сосорбарамыг ээлж дараалан зодсоноос эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын ясны далд хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, доод зовхи, баруун чихний дэлбэнгийн цус хуралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч А.Сосорбарам нь “...2017 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед өөрийн найз Гандуулгын хамт “Митинг” баарнаас гараад автомашин руугаа явж байтал автобусны буудал дээр зогсож байсан 4 залуу “танай 1 дүгээр хорооллынхон бөөнөөрөө нийлж зоддог юм байна лээ” гэж хэлээд над руу бөөнөөрөө дайрч цохиж зодсон. Үүний улмаас миний хамар хугарсан, толгой өвддөг болсон, гарын шуу, нуруу, хөлийн өсгий хэсгээр хөндүүртэй байна...” гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, бусдад зодуулсан шалтгаан, өөрт учирсан гэмтлийн талаар /1хх-ийн 31-33, 34, 2хх-ийн 61/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Г.Гандуулгын “... “Митинг” баарнаас гарч ирэхэд тэнд байсан нэг залуу Сосорбарамыг “Чи 1 дүгээр хорооллынх юм уу” гэж асуугаад шууд цохисон. Тэгээд манай найз руу бүгдээрээ дайрч зодсон ба автомашинд суухад хаалгыг нь онгойлгоод зодсон...” /1хх-ийн 52-53/ гэх,

гэрч А.Золбаярын “...Б-, Т- нар автомашины хойд талын хаалгаар ороод хохирогчийг өшиглөөд цохиж байсан. Тү- хоёр хүүхдийн аль нэгийг цохисон...” /1хх-ийн 45-46/ гэх, Ү.Билгүүний “...хажуугаар хоёр эрэгтэй хүүхэд зөрж өнгөрөхөд Б- “1 дүгээр хороололд намайг зодсон хүүхэд байна” гэж хэлээд хохирогчийн нүүрэн тус газар нь нилээн хэд цохьсон. Нөгөө хүүхэд автомашин дотор суухад Т- араас нь суугаад цохиод байсан...” /1хх-ийн 50-51/ гэх мэдүүлгүүд,

мөн шүүдэгч Б.Б-, Б.Тү, Ю.Т-, Б.Т- нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээсэн /1хх-ийн 35-36, 39-40, 42-43, 47-48, 2хх-ийн 59-60/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 9565, 994 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 54-55, 56-58/, хохирогч А.Сосорбарамын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 108-113/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Сосорбарамын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Б.Б-, Б.Тү, Ю.Т-, Б.Т- нарын үйлдэлд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэх”-ийг тодруулахаар хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж байсан ба нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Б-, Б.Тү, Ю.Т-, Б.Т- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгах явцад, уг гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрч, прокуророос 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймээс анхан шатны шүүх Б.Б-, Б.Тү, Ю.Т-, Б.Т- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б-, Б.Тү, Ю.Т-, Б.Т- нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнээс илүү төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн байх тул анхан шатны шүүх тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийн 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хохирогч А.Сосорбарам давж заалдсан гомдолдоо “...шүүгдэгч нар миний цаашид хийлгэх эмчилгээний зардал болох 4.850.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй, гэм буруугаа ухаараагүй, засарч хүмүүжээгүй тул тэдэнд хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг тус тус хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч нар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус хуульчилсан болно.

Үүнээс гадна, хохирогч А.Сосорбарамын эмчилгээ, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын талаарх 924.700 төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын зүгээс нийт 1.400.000 төгрөгийг нөхөн төлсөн байдал тогтоогдож байна.

Харин хохирогч А.Сосорбарам нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад цаашид хийлгэх эмчилгээний зардлаа тодорхойлсон зохих нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүхээс урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байх тул хохирогч А.Сосорбарамын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Б.Б-, Б.Тү, Ю.Т-, Б.Т- нар дээрх гэмт хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 3-наас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсон байхад, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад тэднийг “...цагдан хоригдсон хоноггүй...” хэмээн дурьдаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд шүүгдэгч тус бүрийн цагдан хоригдсон хоногийг дурьдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирол төлбөр, ялын талаар хохирогч А.Сосорбарамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Тү, Б.Т- нар нь цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг “Шүүгдэгч Б.Б-, Ю.Т-, Б.Тү, Б.Т- нар тус бүр 13 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч А.Сосорбарамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН