Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Б.Бийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Т.Х*******д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Дүгнэлт гаргагч: Б.Б,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч

Прокурорын дүгнэлтийн шаардлага: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0153070 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хүнсний худалдаа эрхлэхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороогүй гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг дахин тодруулж шалгах, нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0153070 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Б.Б, хариуцагч Т.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б би, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсиин Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Т.Х******* 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 24 дугаартай материалыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянахад:

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Т.Х******* нь зөрчилд холбогдогч М.Ч*******ийн “хүнсний худалдаа эрхлэхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороогүй” гэх зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван зуун мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Материалыг хянавал, улсын ахлах байцаагч Т.Х******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

3өрчилд холбогдогчийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байх боловч хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ аваагүй нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг гардан худалддаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэвриин сургалтанд хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна’ гэсэн заалтыг мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан “ Хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хэдийгээр шийтгэлийн хуудасны Маягт-2 буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд бичигддэг шийтгэлийн хуудсанд албадлагын арга хэмжээ авсан, хөрөнгө орлогыг хураасан тухай бичигддэггүй боловч албадлагын арга хэмжээ авахаар заасан зөрчилд заавал хийгдэх ёстой ажиллагааг хийж хууль бусаар олсон хөрөнгө, орлогийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно” гэснийг зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг гардан худалддаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтанд хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн. Эндээс харахад лангуу түрээслэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалддаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эрүүл мэндийн үзлэгт орж амжаагүй худалдагчийг нөхөн үзлэгт орсон эсэхэд хяналт тавьж, тус үзлэгт ороогүй худалдагчийг ажиллуулахгүй байх тухай арга хэмжээ авах үүрэг нь “******* *******” худалдааны төвд байдаг эсэхийг шалгаж тодруулалгүйгээр иргэн М.Ч*******эд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт хангалттай бүрдсэн бол шийтгэл оногдуулна” гэснийг зөрчсөн байна.

Иймд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Т.Х*******гийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0153070 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хүнсний худалдаа эрхлэхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороогүй гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг дахин тодруулж шалгах, нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0153070 дугаартай шийтгэлийн хуудсыг /шийдвэрийг/ хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Т.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Х******* би МХЕГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 2-р хороонд байрлах Ю ******* худалдааны төвд хяналт шалгалт хийж, худалдааны төвийн лангууны худалдагч М.Ч******* нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зөрчлийг илрүүлэн, худалдагч М.Ч******* нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэн ажилласан.

1. Т.Х******* би зөрчилд холбогдогч М.Ч*******ийг “хүнсний худалдаа эрхлэхдзэ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороогүй” гэх зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван зуун мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүн болон хуулийн этгээдийг торгохоор заасан тул иргэн М.Ч*******ийг хүнсний худалдаа эрхлэхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороогүй гэсэн үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 0153073 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дах заалтад “Хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг;

"Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж” Хүнсний тухай хуулийн 3.1.12-т заасныг;

Хүнсний тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дах заалтад ”Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэжп хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн цаашид иргэн” гэх/, хуулийн этгээдийг гэж тодорхойлсон байдаг тул миний бие лангуу түрээслэгч иргэн М.Ч*******ийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай хуулиудийн зүйл заалтад зааснаар хүнсний сүлжээнд /хүнсний бүтээгдэхүүн хүдалдаалах/ хамаарах үйл ажиллагааны аль нэг иргэн буюу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч мөн гэж үзэж байна.

 Хүнсний тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаварыг өөрөө хариуцах, 4 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 12.1-т Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, ... бүрэн хариуцна гэж заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу хүнсний худалдаа эрхлэгч иргэн М.Ч*******эд шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүн болон хуулийн этгээдийг торгохоор заасан, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу хүнсний худалдаа эрхлэгч иргэн буюу хуулийн этгээд аль аль нь хариуцлага хүлээж болох тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн нь Ю ******* худалдааны төвийн удирдлагаас өгсөн үүргийг болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй өөрөө хариуцлагагүй хандсан, мөн мэдүүлгээрээ зөрчлөө хүлээн зөвшөөрч шийтгэлийн арга хэмжээ авахуулсан тул миний бие хуулийн зүйл заалт зөрчөөгүй гэж үзэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж гэсэн албадлагын арга хэмжээний хувьд:

Тухайн зөрчил нь хэн нэгэнд учруулсан хохирол байхгүй, гомдол санал биш, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт удирдамжтай хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил;

Зөрчлийн тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ... хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж” гэсэн албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх заалт нь хүчингүй болж зөвхөн торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт орсон байсан тул Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, /зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна/ мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж тухайн иргэнд албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр шийтгэл оногдуулсан.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Зөрчлийн тухай хуульд нэгэнт өөрчлөлт оруулсан байсан тул шийтгэл оногдуулах цаг хугацаанд хуулийг албажин хэрэгжээд эхэлнэ гэсэн байр сууринаас дээрх ажиллагааг явуулсан болно.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн /Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг/ 10.1.7 дах заалтад заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах гэж заасан заалт нь Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр албадлагын арга хэмжээг давхар хэрэглэхээр заасан ба энэ нь тус зөрчилд ач холбогдолгүйг манай байгууллагын холбогдох улсын /ахлах/ байцаагчдын зүгээс удаа дараа Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хасуулахаар санал явуулсны улмаас тус албадлагын арга хэмжээ авах давхар заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс нэмэлт өөрчлөлт орсоноор хүчингүй болж зөвхөн торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт орсон байсан.

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу хувь лангуу түрээслэн хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн хууль бус орлогыг тооцох дүрэм, журам байхгүй, худалдааны төвүүдэд лангуу түрээслэгч иргэдийн дийлэнх нь тухайн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж амьжиргаагаа залгуулдаг, худалдаа хийсэн талонгүй, орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй байдаг.

Зөрчлийн тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж” гэсэн албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх заалт нь хүчингүй болж зөвхөн торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт орж хэрэгжиж эхэлсэн байгаа тул хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материал нь хүчингүй болсон ч хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй юм.

МХЕГын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Ю ******* ХХК-д улсын ахлах байцаагчийн 02-03-276/19 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, зөрчлийг арилгуулсан ба манай байгууллагад хариуг ирүүлсэн.

Хяналт шалгалтаар ******* ******* ХХК-ийн худалдааны төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын А/145 тоот тушаалын дагуу 2018 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, 2020 онд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй гэрээг хийсэн, худалдагч нарыг гэрээний дагуу нэгдсэн журмаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд оруулж хэвшсэн, хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр худалдагч нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг гэрээний дагуу Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөр хийлгүүлсэн бүртгэл хөтлөлттэй.

Худалдааны төв нь дотоод хяналтаараа зарим нэг хоцорсон худалдагч нарыг илрүүлэн, өөрсдийг нь гэрээтэй эрүүл мэндийн нэгдэл рүү явж шинжилгээнд орж ирэхийг шаарддаг. /Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн М.Ч*******ийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ор гэж шаардаж байсан талаар М.Ч******* нь мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч байсан.

Ю ******* худалдааны төв нь компанийхаа дотоод журмын 3.1.1-д түрээслэгч нь хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалах тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн дэвтэртэй байна гэж заасан бөгөөд журмын 2.2-д энэ журамд заагдсан түрээсийн гэрээ нь Монгол улсын хууль тогтоомж болон энэхүү журмын заалтанд нийцсэн байх бөгөөд ... үүрэг, хариуцлага ... маргаан шийдвэрлэх харилцааг зохицуулсан байна гэж заасан.

Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 4.2.2-т хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, арилгахыг шаардах..., 5.1.7-д түрээслэгчдийн хувийн эрүүл мэнд, эрүүл ахуй, хувцас хэрэглэл шаардлага хангаж байгаа эсэх, тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ...хяналт тавих, 6 дах хариуцлага хэсгийн6.1 а~д хүнсний лангуу түрээслэгч нь эрүүл мэндийн урьдчилан шинжилгээнд ороогүй бол хувь иргэн өөрөө хариуцлага хүлээхээр зааж өгсөн байсан.

Тус хяналт шалгалтаар Ю ******* худалдааны төв нь дотоод хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлэн үүргээ биелүүлэн ажилладаг гэж үзсэний улмаас лангуу түрээслэгч хүнсний худалдаа эрхлэгч иргэнд шийтгэл ногдуулсан.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүн болон хуулийн этгээдэд жил бүр хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдөж болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллах талаар мэдэгдэл болон зөвлөмж өгч ажилладаг ба 2020 оны 01 дүгээр сард Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын 02-01/288 тоот, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 02-18/04 тоот хүнсний аюулгүй байдлыг хангуулах тухай мэдэгдлийг ******* ******* худалдааны төвд хүргүүлсэн.

Манай байгууллагаас ирүүлсэн 02-01/288 тоот, 02-18/04 тоот мэдэгдлүүдийг Ю ******* худалдааны төв нь хүлээн авч лангуу түрээслэгч иргэддээ түгээн, зөвлөмж мэдээлэл өгч, хууль тогтоомжийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах талаар анхаару******* ажилласан бүртгэл хөтлөлтийг ЧД дэх мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлсэн байдаг.

Нэмэлт тайлбар: 2014 онд А******* ХХК-ийн нарантуул-2 худалдааны төв нь манай байгууллагын улсын байцаагч Л.Б*******гийн оногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй, шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн утга нь Худалдааны төв хүнсний бүтээгдэхүүн худалдаггүй, гагцхүү энэ чиглэлийн худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдэд худалдаа эрхлэх нөхцөлийг хангасан ажлын байраар хангаж, зөвхөн түрээсийн орлого олдог байгууллага тул худалдаа эрхэлж лангуу түрээслэгч иргэнд шаардлага тавьж хариуцлага хүлээлгэх ёстой, иймд улсын байцаагчийн шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №245 тоот шийдвэрээр:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

... өөрөөр хэлбэл хүнсний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.12-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээд байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулах бус худалдаа хийх нөхцөл шаардлагыг хангасан орон байр лангуугаар хангаж, түрээсийн орлого олдог байгууллагад хуулиар өөр этгээдэд хариуцуулсан байхад танайх үүнийг мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан гэж шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлгүй байх ба, тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж ... шийтгэврийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 ТОТООХ НЬ:...улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0068176 тоот шийтгэврийг хүчингүй болгосугай хэмээн шийдвэрлэж байсан байна гэжээ.

 

           ҮНДЭСЛЭЛ:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь “Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Х*******гийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0153073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт бичсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0153073 тоот шийтгэлийн хуудсаар иргэн М.Ч*******ийг “эрүүл мэндийн үзлэгт ороогүй” гэх зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь “лангуу түрээслэн хүнсний бүтээгдэхүүнийг худалддаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эрүүл мэндийн үзлэгт орж амжаагүй худалдагчийг нөхөн үзлэгт орсон эсэхэд хяналт тавьж, тус үзлэгт ороогүй худалдагчийг ажиллуулахгүй байх тухай арга хэмжээ авах үүрэг нь “Ю *******” худалдааны төвд байдаг эсэхийг шалгаж тодруулалгүйгээр иргэн М.Ч*******эд шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн” гэсэн агуулгаар маргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

“Ю *******” ХХК-ийн дотоод журмын 3.1.1-д “Түрээслэгч нь хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалах тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн дэвтэртэй байна”, 4.1-д “Компани нь ажилтан болон түрээслэгчидээс ажлын стандарт шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар гарган, компанийн бодлого, дүрэм журмыг мөрдөж ажиллахыг шаардана. Эдгээр шаардлагыг хангаагүй ажилтан, түрсээлэгчидэд сахилгын арга хэмжээ ногдуулах буюу гэрээг цуцлана” гэж тус тус заасан байна.

 “Ю *******” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 4.2.2-т “Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, арилгахыг шаардах, тавьсан шаардлагын мөрөөр гүйцэтгэлийн шалгалт хийж, үр дүнг удирдлагад шуурхай мэдээлж байх” гэж дотоод хяналтын ажилтны эрхийг, 6.1-д “ Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлын шинж байдлаас хамааран гэм буруутай хуулийн этгээд болон лангуу түрээслэгч хувь хүн өөрсдөө байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлагыг хүлээнэ”, 6.1/а “хүнсний лангуу түрээслэгч нь эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээнд ороогүй бол”  гэж тус тус  заасан байна.

Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Ю *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны Хамтран ажиллах гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр Б тал нь өөрийн ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, ажилтан ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлох зорилгоор А талаас мэргэжлийн үйлчилгээ зөвлөгөө авах, үйлчилгээний хөлс төлөх, А тал нь Б талын ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, оношлох, ажилтны эрүүл мэндийн асуудлаар ажил олгогч болон тухай ажилтанд мэдээлэл, зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажиллахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна”, 3.1-д “Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох ажилчдын нэрсийг сар сараар бэлтгэн гаргах ба тухай сар эхлэхээс 5 хоногийн өмнө А талд цахимаар болон бичгээр илгээх” гэж “Ю *******” ХХК-ийн үүргийг тус тус заасан байна. 2020 оны Хамтран ажиллах гэрээнд мөн дээрхитэй адилхан агуулгатай зохицуулалтууд тусгагдсан байна.

Дээрх дотоод журам, Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, Хамтран ажиллах гэрээний холбогдох зохицуулалтуудаас үзэхэд түрээслэгчийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эрүүл мэндийн үзлэгт орсон эсэхэд хяналт тавих үүргийг “Ю *******” ХХК хүлээсэн байх тул иргэн М.Ч*******эд торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн байна.

Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүний субъект нь иргэн М.Ч******* биш харин  түрээслэгчийг эрүүл мэндийн үзлэгт оруулах үүргийг хүлээсэн “Ю *******” ХХК байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг хангаж, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Х*******гийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0153073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0153073 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАТЗОРИГ