Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0138

 

 

 

2015 оны 3 сарын 19 өдөр      Дугаар 221/МА2015/0138

 

Б.М ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, хариуцагч Л.П, гуравдагч этгээд Ц.П нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.М ын нэхэмжлэлтэй ӨВАХС ын Засаг дарга С.Г , газрын даамал Л.П нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай хаваржааны газартай ойрхон Ц.П өвөлжөөний газартай болох гээд байгаа. Хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой. Өмнөх шүүх хуралдаанаар Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсний дараа өвөлжөөний газрыг хаваржааны газар гэж өөрчлөн захирамж гаргасан байсан Иймээс ӨВАХС ын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч газрын даамал Л.П шүүхэд гаргасан тайлбартаа: ...иргэн Ц.П нь тус багийн нутаг Хөх толгойн уулзвар гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлтээ бичгээр гаргасан. Уг өргөдлийг хүлээн авч, тухайн газар нь бусдын эзэмшилтэй давхацсан эсэх, эзэмшүүлэх боломжтой эсэх гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг тодруулан, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн шалгасны эцэст сумын Засаг даргад танилцуулсан. Газрын тухай хуулийн дагуу сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэнд Газар эзэмших эрх шинээр олгох тухай 2014 оны а/102 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамжид үүрэг болгосны дагуу тухайн газар эзэмших эрх авсан иргэнтэй гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн... гэжээ.

Хариуцагч ӨВАХС ын Засаг дарга С.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ц.П-ийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй болохыг багийн Засаг дарга тодорхойлж, бид ч очиж үзсэн... Маргалдагч 2 талыг аль болох ойлголцох талаас нь хуулийн бүхий л зүйл, заалтыг тайлбарлаж, нилээд удаан ярилцсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Газрын тухай хуулийн заалтуудыг үндэслээд сумын Засаг даргын захирамжийг гаргасан... 2014 оны 11 дүгээр сард шүүх хурал болж, уг захирамжийг түдгэлзүүлсэн шүүхийн тогтоол гарсан. Тогтоолд заасан зөвлөмжийн дагуу дээрх иргэдтэй ганцаарчилж уулзсан ба 2 иргэнийг байлцуулан зөвшилцөх санал тавьсан... Газрын даамалтай зөвшилцөж байгаад өвөлжөөний зориулалтын захирамжийг өөрчилж, хаваржааны зориулалттай болгон захирамж гаргасан. Гэтэл дахин нэхэмжлэл гаргасан байна. Бэлчээр нийтийн өмч, өөрийнх нь буудалтай хаа хамаагүй газар иргэнд эзэмшүүлсний төлөө дахин дахин зарга үүсгэх нь зохисгүй хэрэг... гэжээ.

Гуравдагч этгээд Ц.П шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би Хөх толгой гэх газрын уулзварт өвөлжөөний газар авах хүсэлтээ сумын захиргаанд гаргасан. Холбогдох хүмүүс миний хүсэлт гаргасан газрыг нүдээр үзэж, бусдын эзэмшил газартай давхцаагүй болохыг нотолж, сумын Засаг дарга захирамж гаргасны дагуу би өөрийн гэсэн өвөлжөөний газартай болсон. Гэтэл Б.М  манайд ирж чамайг буулгахгүй, манайд ойрхон байна гэсэн зүйл ярьж, сүүлдээ хэрүүл маргаан гарсан... Манай өвөлжөөний газар Б.М ын газраас 1,650 км зайтай, хамар даваад байдаг. Түүний эзэмшил газартай ямар ч хамааралгүй. Миний хувьд өвөлжөөний газраа хаваржаа болгох талаар ямар нэгэн өргөдөл гаргаагүй, миний эрх ашиг зөрчигдөж байна... Засаг даргын хаваржааны зориулалтаар гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 60 дугаар зүйлийн 60.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М ын Хайрхандулаан сумын Засаг дарга С.Г ийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн а/158 дугаартай Газар эзэмших эрх шинээр олгох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А давж заалдах гомдолдоо: ...шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгч Б.М  нь ахуйн зориулалтаар газар эзэмших эрх зөрчигдлөө гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Харин хаваржааны бэлчээр ашиглалтын журам зөрчиж, хаваржааны бэлчээр дээр бусдад хаваржааны зориулалтаар газар олгосныг буруу гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гомдол болон хариуцагчийн тайлбарт буруу дүгнэлт хийсэн байна. Гуравдагч этгээд Ц.П нь Засаг даргад өвөлжөөний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан байхад хаваржааны газар олгосугай гэж захирамж гаргасанд мөн дүгнэлт хийсэнгүй. Газрыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны урьд онд батлагдсан төлөвлөгөөний дагуу Засаг дарга газар олгох хууль, журамтайг шүүх буруу тайлбарлаж, буруу дүгнэлт хийлээ. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

1.    Хариуцагч Л.П ...бэлчээрийн зориулалтаар олгоогүй, 0.7 га газрыг гэр байшин, хашаа саравч барих зэрэг ахуйн зориулалтаар олгосон. Сумаас бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг 2-3 жилийн хугацаатай батлаад хэрэгжүүлээд явдаг. Байнга нэмэлт өөрчлөлт хийгээд явах боломжтой. Бүрэн эрх нь багийн иргэдийн Нийтийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагддаг. Газрын гарцаас шалтгаалаад өвөл, хаврын бэлчээрийг зун, намар нь чөлөөлж сэлгэн, бэлчээрийн зохицуулалтыг хийдэг, тухайн жилийн төлөвлөгөө хүний нэрээр биш тоогоор гардаг хэмээн тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 52 дугаар зүйлийн 52.1-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална, 52.2-т Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно, 52.6-д Энэ хуулийн 52.1-д заасан ерөнхий хуваарь, 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж тус тус заажээ.

Дээрх байдлаас үзэхэд гуравдагч этгээд Ц.П-д  олгогдсон Хайрхандулаан сумын Нарт 2-р багийн нутаг Хөх толгой-н уулзвар гэх газар /түүнчлэн нэхэмжлэгч Б.М ын хаварждаг гэх Уран дугуйт гэх газар/ нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төлөвлөгөөгөөр өвөлжөө, хаваржааны газар мөн эсэх, гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж болох газар, эсхүл бэлчээрийн газрын алинд нь хамаарч байгаа, ямар багийн нутаг дэвсгэр дээр хичнээн км газрыг өвөлжөө, хаваржааны газарт хамруулсан зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий тус сумын газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, бэлчээрийн газрын хуваарь /бэлчээрийн менежментийн төлөвлөгөө/, газар зохион байгуулалтын зураглал, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг ...тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасны дагуу Б.М т болон өөр бусад малчдад дээрх бэлчээрийг болзол, гэрээний дагуу ашиглуулдаг эсэх зэргийг нотлох баримтаар авч, нэхэмжлэгчийн малын бэлчээргүй болголоо гэх нэхэмжлэл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

2.    Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас дүгнэхэд бэлчээрийг тухайн иргэн дангаараа бус хот айлаараа дундаа хамтран эзэмшихээр байна.

Хавтаст хэрэгт Б.М т тухайн /Уран дугуйт болон Хөх толгойн уулзвар/ газарт хаваржаа-ны зориулалтаар газар эзэмших болон бэлчээрийг ашиглах эрхтэйг нотолсон ямар нэгэн баримт авагдаагүй байна. Иймд, нэхэмжлэгч Б.М  нь ямар үндэслэлээр Хөх толгойн уулзвар гэх газрыг миний хаваржааны бэлчээрийн бүс нутаг гэж маргах болсон, түүнд тухайн газарт газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн, бэлчээр ашиглуулахаар шийдвэрлэсэн ямар нэгэн шийдвэр, гэрээ, гэрчилгээ байгаа эсэхийг тогтоож хэрэгт хавсаргах замаар түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаад дүгнэлт хийх нь зүйтэй.

3.    Гуравдагч этгээд Ц.П нь нэхэмжлэгч Б.М  манайх 2 өвөлжөө, 2 хаваржаатай, 1-ийг нь зарсан, чи авахгүй яасан юм бэ гэж хэлсэн хэмээн тайлбарлаж байх тул Б.М  нь хэдэн өвөлжөө, хаваржаатай болох, мөн намарждаг болон зусдаг газрыг тодруулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.

Мөн хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР