Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 1499/,

шүүгдэгч М.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоохор овогт Мамаргаагийн Ууганбаярт холбогдох 201519000747 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер графикийн дизайн мэргэжилтэй, Гэрэл-Эрэн констракшинд эх бэлтгэгч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 6-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хоохор овогт Мамаргаагийн Ууганбаяр, /РДАД90030214/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч М.Ууганбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газарт өөрийн эзэмшлийн 42-04 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3Б-д  заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалан бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэглийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу талын түмп шон мөргөж зам тээврийн осол гарган, О.Мандахбаярын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12 дугаар хуудас/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Хохирогч Н.Бямбадорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг ба 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад эхнэр О.Мандахбаяр, 2 настай охин Чулуунцэцэг нарын хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум явж мал дээр очиж өвлийн идшээ бэлтгэж ирэхээр Улаанбаатар хотын Драгон товчоон дээр очиж 42-04 УБТ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 1 танихгүй залуу Өвөрхангай аймаг явна гээд зогсож байхаар нь замд нь бууя гэж бодоод би эхнэр Мандахбаяр, охин Чулуунцэцэг нарын хамт тэр Тоёота Приус-20 маркийн машинд суусан. Тэр жолооч залуу эхнэртэйгээ хамт явсан ба өөрөө машин бариад эхнэр нь урд талын суудал дээр сууж би зүүн талын хойд талд, голд охин Чулуунцэцэг, баруун захад буюу жолоочийн талд Мандахбаяр суугаад явсан. Тэгээд би Төв аймгийн Лүн сумын замын цагдаагийн пост өнгөрөөд явж байхад замдаа машинд унтсан ба нэг сэртэл түс тас хийсэн чимээ гараад сэрэхэд миний сууж явсан машин засмал замын урд талд 4 дугуй нь дээшээ хараад онхолдсон машинаас гарахад 3-4 метр орчимд манай охин Чулуунцэцэг уйлаад сууж байсан, талийгаач Мандахбаяр цаад талд нь дээшээ хараад газар хэвтэж байсан ба би охин Чулуунцэцэгийг тэвэрч аваад Мандахбаяр дээр очиход хүүхэд яасан гээд асуугаад ухаантай байсан. Харин 2 хөлний дундаас нь цавь орчмоос нь цус их алдаж байсан. Тэгээд жолооч Ууганбаяр гэх залуу машинаас бууж ирээд замаар явж байсан замын машиныг гар өргөж зогсоогоод манай эхнэр Мандахбаяр, охин Чулуунцэцэг бид 3 Төв аймгийн Эрдэнэсант сумын эмнэлэг ирсэн. Тэгээд Мандахбаярын цавьнаас алдаж байсан цусыг тогтоох арга хэмжээг эмч нар авсан. Би охин Чулуунцэцэгийг тэврээд хараад байж байсан. Талийгаач Мандахбаяр надаас охин Чулуунцэцэг яасан гайгүй юу гэж асууж байсан. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад өдөр 16 цаг 55 минутын орчим нас барсан юм. Гадаа хүйтэн, цас ороод намдсан бөгөөд нарийн ширхэгтэй орж байсан. Засмал зам халтиргаа гулгаатай байсан. Би жолооч Ууганбаярыг танихгүй, ба Өвөрхангай аймаг орно гэхээр нь эхнэр, хүүхэдтэйгээ машинд нь суугаад явж байсан ба жолооч Ууганбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл явсан юм. Тус шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Номинчулуун овогтой Бямбадорж би 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр 2.300.000 төгрөгийн хохирол авсан. Оршуулгын зардалд 4.200.000 төгрөг, өмнө нь М.Ууганбаяраас 7.100.000 төгрөг, нийт М.Ууганбаяраас 13.600.000 төгрөгийн хохирлыг авсан. Цаашид ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надаас уучлалт гуйсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүхээс М.Ууганбаярт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/

 

Гэрч Д.Бат-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд гэртээ амарч байхад өдөр 12 цагийн орчим эмнэлэг дээр зам тээврийн осолд орсон хүн ирсэн гэж дуудсан. Тэгээд яаралтай очиход Мандахбаяр гэж эмэгтэй зам тээврийн осолд орсон гээд шокийн байдалтай, ухаан санаа нь орж гарсан, хааяа ганц нэг үг хэлсэн, байдалтай нүүрэндээ хөхрөлтэй, зүүн талын чих нь сэтэрсэн, зүүн талын хөл нь энд тэнд шархтай, байсан тул цус их алдаж байсан, шархан дээр даралттай боолт тавихад их хэмжээний цус гарч байсан тул багассан тул шокноос гаргах шингэн сэлбэх эмчилгээ болох өвчин намдаах, цус тогтоох, алдсан цусыг нөхөх эмчилгээг дараалан хийж байсан тохирох цустай хүний цус олдохгүй байсан тэгж байсаар эмчилгээ хийсээр 16 цаг 50 минутын орчим Мандахбаяр гэж эмэгтэй нас барсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Гандолгор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн орчим нөхөр Ууганбаярын хамт худалдаж авсан байсан 42-04 УБТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум руу аав, ээжийндээ очиж өвлийн идэш авахаар Драгон дээр хотоос гарч явахдаа өглөө эрт дэлгүүр онгойгоогүй байсан тул Драгон товчоон дээр замаар дэлгүүрээс ус, ундаа авсан. Тэгсэн тэнд танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 нэг охин дагуулж манай машин дээр ирээд хаашаа явах гэж байгаа талаар асуугаад хамт яваад замд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын салдаг дээр буух болсон. Тэгээд Улаанбаатар хотоос гарахад тэр хүмүүс зардалд хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь мэдэхгүй байна гэхэд зардалд нийт 30.000 төгрөг өгсөн. Тэгээд замдаа гарч явсан ба засмал замаар явж байхад би урд суудал дээр сууж, манай нөхөр Ууганбаяр машиныг барьж, хойд талд баруун захад эхнэр нь голд нь охин нь, зүүн талд нөхөр нь сууж явсан бөгөөд би замдаа явж байхдаа унтаад өгсөн. Нэг сэрсэн машин замын урд тал руугаа онхолдож 4 дугуй нь дээш харсан байсан. Тэгээд би хамгаалах бүсээ тайлаад машинаас гарахад машины гадна эхнэр нь газар хэвтсэн 2 хөлний дунд хэсгээс цус алдаад нөхөр, хүүхэд нь хажууд нь байсан. Манай нөхөр Ууганбаяр замын машин зогсоогоод эхнэр, нөхөр, хүүхэд 3-ыг Төв аймгийн Эрдэнэсант сум ойрхон гээд явуулсан ба Ууганбаяр бид 2 машин дээрээ үлдээд би замын унаагаар Улаанбаатар хот руу явж манай нөхөр Ууганбаяр машин дээрээ үлдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч шинжээч Н.Лхагвадорж гаргасан 00000119 тоот дүгнэлт 42-04 УБТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Ууганбаяр нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч М.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3Б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан  Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэглийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 42-04 УБТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Тухайн үед зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь жолооч М.Ууганбаяр нь зогсоох арга хэмжээг авч чадаагүйн улмаас зам тээврийн осол гарах болсон байх үндэслэлтэй. Энэхүү зам тээврийн осол нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой гэх газар хатуу хучилттай замд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр асфальтан шулуун тэгш, цастай, халтиргаатай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, цастай, хоёр эгнээтэй, эерэг хөдөлгөөнтэй, замд гарсан байна. Иймд замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйл... гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 126 тоот дүгнэлт Талийгаач биед зүүн дунд чөмөгний толгой хэсгийн зөрсөн хугарал, зүүн талын олон хавирганы шууд бус хугарал, их бие мөчдийн цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ эрүүл байсан. Талийгаач нь зүүн гуяны судасны тасарсаны улмаас цочмог цус алдалт нь үхэлд хүргэжээ... гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.Ууганбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газарт өөрийн эзэмшлийн 42-04 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3Б-д  заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалан бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэглийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу талын түмп шон мөргөж зам тээврийн осол гарган, О.Мандахбаярын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Бат-Очир, гэрч Ч.Гандолгор нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Н.Бямбадоржийн охин Чулуунцэцэгийн төрсний гэрчилгээ, шинжээчийн 5639 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 126 тоот дүгнэлт, шинжээчийн 174 тоот дүгнэлт, шүүгдэгч М.Ууганбаярын сэжигтнээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, ял шийтгэл шалгах /ял шийтгэл үгүй/ гэх лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, хохирлын баримтууд зэрэг бусад нотлох баримтуудаар М.Ууганбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоодож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууганбаяр нь тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан байх тул ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бямбадоржийн 4.193.670 төгрөг нэхэмжилснээс М.Ууганбаяр нь 13.600.000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох М.Ууганбаярын 690029 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дундол маркийн 185/65R15 дугаартай дугуй 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Хоохор овогт Мамаргааний Ууганбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил, 1 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Ууганбаярт  оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох М.Ууганбаярын 690029 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дундол маркийн 185/65R15 дугаартай дугуй 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг дурьдсугай.

5. Ялтан М.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 13.600.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбадорж нь цаашид хохирол төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай. 

6.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Ууганбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Ууганбаярт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар М.Ууганбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Ууганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Ууганбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ