Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 936

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н Я Х П ХХК-дхолбогдох,

Хавсран ажилласны нэмэгдэл хөлс 11 045 455 төгрөг, захирал Ц.Ууганбаярын төлбөрт төлсөн 5 218 005 төгрөг, ээлжийн амралтын нөхөн олговор 2 113 700 төгрөг, ажлаас чөлөөлөх тушаал гараагүйгээс учирсан хохирол 5 794 808 төгрөг, нийт 24 171 968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Ж.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/11 тоот тушаалаар хариуцагч “Н Я Х П ХХК-днягтлан бодогчоор сарын 500 000 төгрөгийн хөлсөөр ажиллаж эхэлсэн. Мөн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13/011 тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон 1 200 000 төгрөгийн хөлсөөр ажиллаж байсан. Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14/011 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэгэрэлийн хариуцаж ажиллаж байсан ажил болон эд зүйлсийг хүлээж авсан. “Н Я Х П ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.8 болон цалин хөлсний тухай журмын 2.3-т “Хавсран буюу орлон ажилласны нэмэгдэл хөлсийг тооцох хэсэгт заасны дагуу Ерөнхий нягтлан бодогчийн сарын үндсэн цалин 3 000 000 төгрөгийн 30 хувь болох нийт 13 сарын хугацаанд хавсран ажилласан зардал болох 11 045 455 төгрөг, мөн “Н Я Х П ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.5 болон ажлын цаг ашиглалт, чөлөө олгох, ээлжийн амралтын тухай журмын 4.7-д зааснаар 2014 болон 2015 онуудад ноогдох ээлжийн амралтыг биеэр эдлэж чадаагүй, урамшууллыг тооцож зөвхөн 2015 оны ээлжийн амралтын урамшуулал болох 2 113 700 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Ж.Б миний бие гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын хүсэлтээр 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Си И Си Инвестмент ББСБ” ХХК-иас 13 000 000 төгрөгийн цалингийн зээл өөрийн нэр дээр авч гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын түрээсээр сууж байсан Белла Виста хотхоны 400-402 тоот байрны 2 сарын болон тус хотхоны 79 тоот зогсоолын төлбөрүүдийг төлсөн. Үүнээс гадна тухайн зээлийн хүүгийн төлбөр болон 99990617 тоот гар утасны төлбөр, Ц.Ууганбаярын Санзай хотхонд байрлах 8-2 тоот амины орон сууцны ашиглалт усны төлбөрүүдийг манай компани төлдөг боловч тухайн үед компани мөнгөгүй байсан тул нийт 750 789 төгрөгийг би хувиасаа төлсөн. Үүнээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 1 832 783 төгрөгийг буцаан авсан болно. Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр 2015 оны 08 сард миний нэр дээр “Си И Си Инвестмент ББСБ” ХХК-иас авсан цалингийн зээлийн 13 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Миний хувьд ээлжийн амралтыг 2014, 2015 онд биеэр эдэлж чадаагүй гэх мэт маш хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байсан тул 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл гаргасан ч шийдвэрлэж өгөхгүй 41 хоносон тул нягтлан бодогч Ц.Итгэлд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хариуцаж байсан санхүүгийн тайлан, холбогдох нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг болон эд зүйлсийг актаар хүлээлгэн өгч Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дүгээр заалтын дагуу ажлын байраа орхин явсан. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал гараагүйн улмаас нийгмийн даатгалын бичилт хийлгэж чадахгүй, дараагийн ажлаас байнга шаардаж байгаа ба ажлаас халагдсан захирлын тушаал байхгүй тул ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй болно. Иймд Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг хавсарган ажилласны нэмэгдэл хөлс болох 11 045 455 төгрөг, компанийн өмнөөс өөрийн мөнгөөр гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын төлбөрүүдийг төлсөн 5 218 005 төгрөг, ажилласан хугацаанд ноогдох 2015 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүйн нөхөн олговор 2 113 700 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал гараагүйн улмаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 5 794 808 төгрөг, нийт 24 171 968 төгрөгийг хариуцагч “Н Я Х П ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ж.Б нь 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Н Я Х П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 12/11тоот тушаалаар нягтлан бодогчоор ажилд орж байсан. Тус тушаалын дагуу 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12/16 тоот тушаалаар 2-р улирлын урамшуулал 500 000 төгрөг, 2012 оны 10 дугаар 24-ний өдрийн 12/20-1 тоот тушаалаар 3-р улирлын урамшуулал 500 000 төгрөгийг тус тус олгож байсан. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13/010 тоот тушаалаар Ж.Б-ныг ахлах нягтлан бодогчоор ажиллуулж нэг сарын үндсэн цалинг 1 200 000 төгрөг болгосон, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15/022 тоот тушаалаар ахлах нягтлан бодогч Ж.Б-ны үндсэн цалинг 2 500 000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч  Ж.Б нь нэхэмжлэлдээ “Ц.Ууганбаярын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14/011 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэгэрэлийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-д зааснаар “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасны дагуу ажлыг нь хүлээж авах үүргийг Ж.Бд олгосон болохоос биш Д.Эрдэнэгэрэлийн ажлыг хавсран хийлгэх тухай тушаал биш юм. Нөгөөтэйгүүр “Н Я Х П ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 1.8-ийн 2.3.1-д “...1 сараас дээш хугацаанд хавсран буюу орлож ажилласан бол хавсран ажиллах тухай тушаал гаргаж, тушаалд нэмэгдэл хөлсийг олгох хугацаа, хэмжээг тусгана” гэж заасан Ж.Бд холбогдуулж ажил олгогчоос ажил орлож болон хавсран ажиллах тушаал гараагүй. Ц.Ууганбаяр захирлын нэр дээрх утасны төлбөрийг төлөх, хувийн орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөх ямар ч тушаал, журам батлан гаргаагүй. Ж.Бд тус төлбөрүүдийг төл гэсэн үүргийг хөдөлмөрийн гэрээ болон тушаалаар олгоогүй болно. Иймд дээрх төлбөрийн асуудал компанитай холбоогүй хувь хүмүүсийн хоорондын асуудал байх тул компаниас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Ж.Б нь 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 05 дугаар сарын хоорондох амралт олгох ажлын жилийн ээлжийн амралтаа хэсэгчилэн авч биеэр эдэлсэн бөгөөд тухайн жилийн үлдэх 8 хоногийн ээлжийн амралтаа 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нөхөн авч ээлжийн амралт эдлэх хугацааг хэтрүүлсэн учир 2015 оны 07 дугар сарын 01-ний өдрийн 15/030 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс үзэхэд Ж.Б нь 2014 оноос 2015 онд ноогдох ээлжийн амралтаа биеэр эдэлсэн бөгөөд хэтрүүлэн эдэлсэн тул ажил олгогчоос сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж байсан байна. Ж.Б нь ажлаас гарах хүсэлтээ 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчид өгсөн бөгөөд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажил тарсан оройн цагаар буюу ажлын бус цагаар тооцооны нягтлан бодогч Ц.Итгэлийг дуудаж өөрт байсан бичиг баримтуудаа хүлээлгэж өгсөн байсан. Ж.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасны дагуу ажил олгогчтой гэрээг цуцлах өдрийн талаар тохиролцоогүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажлын байраа орхих эрх үүсээгүй байхад дур мэдэн ажлаа хүлээлгэн өгч ажилдаа ирэхгүй болсон. Ж.Б толгой компанид 14 000 000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд тус өглөгийг төлж барагдуулан, ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөхийг хүссэн боловч ажилдаа ирээгүй байна. Арга буюу ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-д заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөнөөр тооцож 15/065 дугаартай Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг гаргасан. Ж.Б өөрөө тушаалаа ирж аваагүйгээс үүдэн гарах хохирлыг ажил олгогч хариуцахгүй болно гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 129 дүгээр зүйлийн 129.1, Ирэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар “Н Я Х П ХХК-иас 1 744 185 төгрөг, Ц.Ууганбаяраас 3 491 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 936 433 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 278 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н Я Х П ХХК-иас 98 718 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Зохигчдын хооронд хавсран ажилласан болон орлон ажиллах талаар тохиролцоо үүсгээгүй бөгөөд хавсран ажиллах тухай тушаал шийдвэр гараагүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №11 тоот нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ албан тушаал хавсран буюу түр хугацаагаар эзгүй байгаа ажилтны үүргийг орлон ажилласан бол сарын үндсэн цалингаас хөдөлмөрийн дотоод журамд заасан хувь хэмжээгээр тооцон нэмэгдэл цалин олгоно” гэж зааснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ...хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан.... бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” зэрэг заалтуудаас үзвэл хавсран ажилласан талаарх тушаалыг гаргах үүргийг ажил олгогч хүлээсэн байна. Нэхэмжлэгч Ж.Б хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 21-нд ерөнхий нягтлан бодогчийн ажлыг  хавсран ажилласны нэмэгдэл хөлсийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг “Н Я Х П ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярт тавьсан бөгөөд тухайн үед цохолт хийсэн, удахгүй шийдвэрлэнэ гээд хавсарч ажилласны нэмэгдэл хөлсийг олгоогүй.

Ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэгэрэл ажлаас гарсны дараа тус орон тоог компани хасаж бүтцээ баталсан гэж тайлбарладаг ч 2015 оны  08 дугаар сарын 20-ны өдөр Б.Моломжамцийг компаний ерөнхий нягтлан бодогчоор авсан нь уг албан тушаалыг компанийн бүтцээс хасаагүй нь тодорхой харагддаг.

...Нэхэмжлэгч Ж.Б ажил хүлээлгэж өгсөний дараахан буюу 2015 оны 10 дугаар сард ажлаас халагдсан тушаалыг авахаар компанийн хүний нөөцийн ажилтангаас асуухад захирал Ц.Ууганбаяр гадагшаа явсан тул тушаал гаргах боломжгүй гэж тайлбарласан гэрч Э.Номингийн мэдүүлэг болон 2015 оны 09 дүгээр сарын 30-нд “Ажлаас халах тухай” тушаал нэхэмжлэгчид танилцуулагүй шалтгаан нь Хөдөлмөрийн тухал хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр ажлын байраа орхин явсан тул тушаалыг гардуулах үүргийг ажил олгогч хүлээхгүй гэж тайлбарласан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн шүүхэд гаргаж байгаа хариу тайлбар нь гэрчийн мэдүүлэгтэй ажлаас халсан тухай тушаал гаргасан хугацааны хувьд зөрүүтэй тайлбарлаж байхад шүүхээс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тушаалыг ирж авахыг утсаар мэдэгсэн байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн нь хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана.

Ажил олгогч нэхэмжлэлийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй, ажлаас халагдсан тушаалыг танилцуулсан талаар гарын үсэг зурж, тамга дараагүй нь “Н Я Х П ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.4, хөдөлмөрийн гэрээг дуугавар болгох, цуцлах тухай журмын 2.9-т “Ажил олгогч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Б-ны нийгмийн даатгалын дэвтэрээр тогтоогддог.

2015 оны 09 дүгээр сарын 30-нд Ж.Б-ныг ажлаас халсан тушаалд: “Ажилтны ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговрыг тооцон олгохыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар /Б.Моломжамц/-т зөвшөөрсүгэй” гэж заасныг нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч хариу тайлбар гаргахад мэддэг ч ээлжийн амралтын олговрыг ажил олгогч олгоогүйн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл ажил олгогч тушаалыг нөхөн гаргаж шүүх хуралдаан дээр нотлох баримтаар авч ирж байгаа ч тус ажлаас халах тушаал нь огт хэрэгжээгүй, нэхэмжлэгчид танилцуулагүй байсан...Хариуцагчийн нэхэмжлэгчийн ажлаас халсан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаал болон 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн компанийн бүтцийг өөрчлөн баталсан компаний хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг нөхөн бичиж шүүх хуралдаан дээр гаргаж байгаа энэ үйлдлийг шүүгч хуралдааны явцад дурдсан боловч шийдвэр гаргахдаа энэ талаар дүгнэлт хийхгүй орхисон байна. Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, 18 936 433 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Н Я Х П ХХК-дхолбогдуулан ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 11 045 455 төгрөг, компанийн өмнөөс өөрийн мөнгөөр захирал Ц.Ууганбаярын утасны төлбөрт төлсөн 5 218 005 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын нөхөн олговор 2 113 700 төгрөг, ажлаас чөлөөлөх тушаал гараагүйгээс учирсан хохирол 5 794 808 төгрөг, нийт 24 171 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Ж.Б нь “Н Я Х П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  12/11 дугаар тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасны дагуу тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 15/065 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 39-41, 55, 62, 64, 214-229/ 

            Хариуцагч “Н Я Х П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13/010 тоот тушаалаар Ж.Б-ныг ахлах нягтлан бодогч /зэрэг-4, дэв-1/ сарын үндсэн цалинг 1 200 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15/022 тоот тушаалаар сарын үндсэн цалинг 2 500 000 төгрөг болгон тус тус өөрчилсөн байна. /хх 58, 60/           

            Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.3 дахь хэсэгт зааснаар “1 сараас дээш хугацаанд хавсран буюу орлож ажилласан бол хавсран ажиллах тухай тушаал гаргаж, тушаалд нэмэгдэл хөлсийг олгох хугацаа хэмжээг тусгана” гэж заажээ.

            Ажил олгогч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн байгаагаас гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл хөлсийг олгож болохоор заасан бөгөөд ээлжийн амралтыг биечлэн эдэлж чадаагүйтэй холбоотой нэмэгдэл хөлсийг олгох талаар ажилтантай ажил олгогч тохиролцож шийдвэр гаргасан байх учиртай. Гэвч ажил олгогчийн зүгээс тусгайлан шийдвэр гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Ж.Б нь өөр ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 11 045 455 төгрөгийг хариуцагч байгууллагаас шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч Ж.Б нь ажлаас гарах хүсэлтээ 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчид бичгээр өгсөн байх ба 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тооцооны нягтлан бодогч Ц.Итгэлд ажлаа хүлээлгэн өгсөн болох нь гэрч Э.Номингийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүх гэрч Э.Номингийн “хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг ирж авахыг утсаар мэдэгдсэн” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нь тушаал гарсныг мэдсэн өөрөө ирж гардаж аваагүй тул түүнд тушаал гаргаагүйн улмаас 5 794 808 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. /хх 62/

Харин шүүх хариуцагч биш этгээд болох Ц.Ууганбаяраас мөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч Ж.Б хариуцагч “Н Я Х П ХХК-ийн өмнөөс зардал гарган төлбөр төлсөн гэх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч компанийн өмнөөс бусдад 5 218 005 төгрөг төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны деспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэгчид 1 744 185 төгрөгийг гаргуулж олгох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Я Х П ХХК-иас 1 744 185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 427 782 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...98 718 төгрөг...” гэснийг “...42 857 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтохын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН