Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

            Улсын яллагч П.Бямбасүрэн,

            Хохирогч Т.Батсайхан

            Шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ухаа дархад овогт Шажиндалайн Ш.Оод холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201625022823 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, багш, мужаан мэргэжилтэй, Ред Лайн ХХК-д мужаан ажилтай, ам бүл 8, эцэг, эх, 3 эгч, 2 дүүгийн хамт, Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6-р бичил хороолол 24-4-02 тоотод оршин суудаг,

1.2010 оны 02 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

2.2011 оны 11 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Ухаа дархад овогт Шажиндалайн Ш.О /регистрийн  дугаар ................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар тогтоолд бичигдсэнээр/

Яллагдагч Ш.О нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-99 тоотод оршин суугч Т.Батсайханы эзэмшлийн 07-08 УНМ улсын дугаартай приус-11 авто машиныг 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр нууцаар авч яван автомашины зүүн талын урд, хойд гуперыг мөргүүлж автомашин техникийн үнэлгээний тайлангаар 1.003.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед Отгонбаатартай хамт байсан. Шөнийн 03 цагийн үед гэрт нь орж ирсэн. Караокед байхад түлхүүрийг нь авахад Отгонбаатар харсан. Би түлхүүрийг халааснаас нь хулгайлаагүй. Шөнө халаасанд түлхүүр байхаар нь машиныг нь аваад явсан. Маргааш өдөр нь над руу залгаад машинаа асуусан. Би 5 шарын тэнд байна, хүрч ирээд ав гэж хэлсэн. Миний утасны цэнэг дуусаад түүнээс хойш холбогдоогүй. Машины толь, урд хойд гэрлийг нь машинд байсан 10-н  түлхүүрээр авсан. Толь, урд хойд гэрлийг нь буцааж өгсөн. Дотор нь байсан эд зүйлийг аваагүй. Машины хойд гуперыг нь зурсан. Отгонбаатар намайг заналхийлж өгдөг газар чинь өгнө гэсэн. Хүний машины зөвшөөрөлгүй авч явсандаа гэмшиж байна...гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2016 оны 11 сарын 07 -ны өдөр 20 цагийн үед найз Отгонбаатарын ажил дээр очиж уулзаад Яармагийн хуучин эцэст найзынхаа караокед очиж дуулсан юм. Тэгээд тэндээ бид 0,5 гар Соёрхол 0,5гр, Хар чингис 0,75гр , Соёрхол 0,75гр архийг тус тус уусан юм. Тэгээд дуулаад сууж байтал Отгонбаатарын куртикных нь халааснаас машины түлхүүр унахаар нь би түлхүүрийг нь аваад халаасандаа хийсэн юм. Тэгээд тэндээсээ шөнө 01 цагийн үед гараад 03 цаг болж байхад 32-ийн тойрогт Отгонбаатарын гэрт ирсэн юм. Тэгээд би тэднийд хонох гэж байснаа болиод бие засаад ирье гэж хэлж гараад 40-10 УНМ улсын дугаартай машиныг унаж яваад яармагийн 1-р буудлын голын тэнд аваачиж тавиад найз Мөнхжаргалынд очиж хоносон юм. Тэгээд маргааш нь өглөө нь Отгонбаатар над руу залгаад миний машиныг аваад ир гэхээр нь би согтуу байна чи өөрөө хүрээд ир гэтэл чамайг угаасаа цагдаад мэдэгдчихсэн байгаа олоод аваад ирэх байлгүй дээ гээд янз бүрээр доромжлоод байхаар нь уурлаад машиных нь толь, арын 2 гэрэл зэргийг нь зарах гээд авсан юм....” гэсэн мэдүүлэг /хх-51/,

 

Хохирогч  Т.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө машин байхгүй байсан. Хашааны хаалга онгорхой байсан. Хүүхдээсээ асуухад мэдэхгүй байна гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 3-4 хоног хайсан. Машин хаана байгаа тухайгаа хэлээд дахин утсаа авахгүй байсан. Хан-Уул дүүргээс холбогдоод танай машин голын эрэг дээр байна гэсэн. Ар талын 2 гэрэл, нэг талыг нь бүтэн зурсан байсан. Гэрэл дохио байхгүй. Нэг амаржин халаагч болон машины бичиг баримт байхгүй байсан. Бичиг баримтаа 45.000 төгрөгөөр шинээр авсан. Амаржин 50.000 төгрөг, халаагч нь 80.000 төгрөгөөр авсан байсан. 2 гэрэл 360.000 төгрөгөөр худалдаж авсан. 2 гэрэл худалдаж авсан баримтгүй. Дараа нь толь, 2 гэрэл буцааж өгсөн. Машинаа янзлуулсан. Одоо машин хэвийн явж байгаа …” гэв.

хохирогч Т.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн “…2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 08 шилжих шөнө гэрийн ард тавьсан байсан миний эзэмшлийн 40-10 УНМ улсын дугаартай Приус-11 маркийн авто машин алга болсон байсан. Машинаа алга болдгийн урьд өдрийн орой гэр бүлээрээ оройн хоолоо идчихээд байж байтал манай хүү Отгонбаатар гэрээс гарах гэхээр нь машинаас нүүрс буулгачих гээд машиныхаа түлхүүрийг хүүдээ өгсөн. Манай хүү Отгонбаатар нүүрс буулгачхаад ахындаа орсон байсан. Тэгээд оройхон хамаатныхаа айлд эхнэр хүүхэдтэйгээ очихоор болоод машины түлхүүрээ хүү Отгонбаатараас авах гэтэл ахындаа байхгүй гараад явчихсан байсан. Тэгэхээр нь гэрт байсан илүү түлхүүрээр машинаа асаагаад 16 дугаар хороололд айлд очоод орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн, өглөө сэрэхэд машин байхгүй байсан, хүү Отгонбаатарыг унаад явсан юм байх гэж бодсон, Отгонбаатар унаж яваагүй ахындаа унтаж байсан тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Тэгтэл манай хүү Отгонбаатарыг дагаж ирсэн Болдоо гэгч нөхөр манай хүүгээс машины түлхүүр хулгай хийгээд аваад явсан байсан. Болдоо гэгч нь миний машины зүүн талын урд хойд гуперыг мөргүүлээд сэвтүүлсэн …” гэсэн мэдүүлэг /хх-42/,

 

Гэрч Б.Отгонбаатарын “…Би Ш.Оыг 6 жилийн өмнөөс таньдаг. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ш.О нэг найзтайгаа манай ажил дээр ирсэн, өдөржин надтай цуг юм яриад сууж байгаад оройхон болсон чинь танайд хоноё гээд байсан юм тэгэхээр нь би зөвшөөрөөд гэртээ хонуулахаар болсон. Гэрт очоод би өөрийнхөө хажуугаар ор засаад унтуулсан юм. Тэгтэл өглөө эрт манай ээж машин чинь хашаанд байхгүй байна яасан юм бэ? гэхээр нь гараад хартал хашааны хаалга онгорхой машин байхгүй Ш.О ч гэсэн байхгүй байсан юм. Тэгээд Ш.О руу залгаад машин яасан бэ? гэсэн чинь би мэдэхгүй гээд байсан юм. Тэгээд дахиад залгатал утсаа салгаад алга болчихсон... гэх мэдүүлэг /хх-43-44/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7,8/, Ухаа шүрт консалтинг ХХК-ний авто машины техникийн үнэлгээ /хх-38/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /56/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-62/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-73-74/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ш.О нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-99 тоотод оршин суугч Т.Батсайханы эзэмшлийн 07-08 УНМ улсын дугаартай приус-11 авто машиныг 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр нууцаар авч яван автомашины зүүн талын урд, хойд гуперыг мөргүүлж автомашин техникийн үнэлгээний тайлангаар 1.003.600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Т.Батсайханы мэдүүлэг, гэрч Б.Отгонбаатарын мэдүүлэг,  гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Оыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Батсайханд 1.038.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Ооос 1.038.600 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батсайханд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Оын дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.  

 

Эрүүгийн 201625022823 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Мөн шүүгдэгч Ш.Оын цагдан хоригдсон 6 хоногийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Ухаа дархад овогт Шажиндалайн Ш.Оыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Ш.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Ш.Оод оногдуулсан 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт зааснаар Ш.Ооос нийт 1.038.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Батсайханд олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ш.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх баривчлах ялыг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР