| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0019/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/23 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д. Шүүгдэгч М.******* Хохирогч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 1823000000018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн сумд 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ******* багт малчин, Завхан аймгийн сумын ******* багт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай овогт *******ын РД:/*******/ Шүүгдэгч М.******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 03-04 цагийн үед иргэн М.*******ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 03-04 цагийн үед согтуугаар Завхан аймгийн сумын багийн нутагт М.*******ыг шалтгаангүйгээр нүүр рүү нь гараараа цохисон хэргийн үйл баримт нь хохирогч М.*******ын “...гэнэт араас нэг хүн ирээд бүснээс бариад автал бүс тасарсан эргээд хартал ******* зогсож байсан. Тэгээд тасарсан бүсээ газраас аваад явах гэтэл намайг заамдаж аваад боогоод хашаа руу шахаад зогсчихсон... Миний хоолойг бүр боогоод хойшоо хашаа руу шахаад духаараа миний нүүр рүү мөргөөд нэг гараараа заамдаад нөгөө гараараа миний энгэр рүү оруулаад байсан. Би урдаас нь түлхээд байсан ч хүчрэхгүй байсан... ******* намайг заамдаж байсан гараа тавихаар нь ..гүйх гэтэл ******* миний зүүн талын нүд орчим гараараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед М.******* явсны дараа М.******* дээр очсон гэрч М.*******гийн “ ...хашааны урд талд хүмүүс байхаар нь наанаас нь очиж чи яагаад хүүхэд оруулахгүй байгаа юм бэ гэхэд ******* ээжээ гээд газар унасан. ******* гэх залуу нь цаашаа яваад өгсөн. *******ыг босгоод харахад нүүр хэсэг нь цус болчихсон байсан. ******* *******ыг гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр М.******* нүүрэндээ гэмтэл авсан байдалтай гэртээ орж ирсэн талаар мэдүүлсэн гэрч М.*******ийн “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 04 цагийн орчимд манайд ******* орж ирээд... сууж байхад гаднаас *******, ******* эгч, *******, , нар орж ирээд *******г хүмүүс загнаад чи яахаараа эмэгтэй хүн зоддог юм бэ гээд байхаар нь өндийгөөд хартал эгчийн нүүр нил цус болсон уйлсан байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч М.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201820057 дугаартай шинжээчийн “Иргэн Д.*******ын биед: Тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зүүн шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Иргэн М.*******ын биед: Тархи доргилт, зүүн нуданд цус хуралт, зүүн шанаа зүүн хацарт зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч М.******* хохирогчийн нүүрэнд гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. М.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч М.******* иргэн Д.*******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд М.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгч М.*******гаас эмчилгээний зардалд нийт 2000000 төгрөг нэхэмжилжээ Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн эмчилгээний зардлыг гаргах бөгөөд Д.******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 96000 төгрөгөөр нүдний эмчид үзүүлсэн, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 120000 төгрөгөөр толгой томограф шинжилгээнд хамрагдсан нь хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 216000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогч нь 1784000 төгрөгийн зардлыг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй учир дээр зардлаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч М.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч М.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гаас 216000 төгрөг гаргуулж хохирогч М.*******т олгож, хохирлыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгасугай.
7. Шүүгдэгчийн 10 тооны эр хонийг битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5/23 дугаартай прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ