Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 00987

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/00987

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Тайж овогтой, Чимэдцэрэнгийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 103 дугаар байр, 901 тоотод оршин суух, регистрийн дугаар УХ62032303/

 

Хариуцагч: “Хаммер монголиа” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Махатма ганди, Нарлаг хотхон 57-27 тоотод байрлах, регистрийн дугаар 5349079, улсын бүртгэлийн дугаар 9011215121/

 

Гэрээний үүрэг 99.811.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.Пүрэвдорж нь “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэтэй АНУ-ын Аризона мужийн Меса хотод байрлах “Rignt Industries” компанид үйлдвэрлэдэг автомашины лэд гэрлийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн, худалдаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээ байгуулсан өдрөө 30.000 ам.долларыг “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэд бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн миний нөхөр Б.Пүрэвдоржийн 2012 оны 12 дугаар сраын 24-ний өдөр АНУ-аас оруулж ирсэн Тоёота Приус-20 маркийн автомашиныг  Т.Болор-Эрдэнэ 10.000 ам.доллараар тооцож худалдан авахаар тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор нэр шилжүүлэн авсан. Автомашины үнийг 1 сарын дотор төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөг хүртэл мөнгөө төлөөгүй байна. Иймд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу олгосон 30.000 ам.доллар,  Тоёота приус-20 маркийн автомашины үнэ 10.000 ам.доллар, нийт 40.000 ам.доллар буюу 99.811.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хаммер монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэ нь Б.Пүрэвдоржтой хуурай ах дүүсийн барилдлагатай дотно найз нөхөд явсан бөгөөд дээрх 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-ээр өөрсдийн итгэлцэл дээр хамтран ажилласан боловч уг ажиллагаа маань амжилттай болоогүй. Гэсэн ч бид хоёрын харилцаанд уг ажил асуудал болоогүй бөгөөд би өгөх ёстой мөнгөө өгсөн. Одоо төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Б.Пүрэвдоржид өгч байсан төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөх болно. Мөн Б.Пүрэвдоржийн үхэлд намайг буруутай мэтээр харуулж бичиж байгаа нь өөрөө намайг илтэд хүн амины хэрэгт гүтгэж байгааг харуулж байна. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй, “Хаммер монголиа” ХХК-д холбогдох, гэрээний үүрэг 99.811.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы “...хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 30.000 ам.доллар, автомашиын үнэ 10.000 ам.доллар, нийт 40.000 ам.доллар буюу 99.811.600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа “...хамтын ажиллагаа амжилттай болоогүй хэдий боловч би өгөх ёстой мөнгөө өгч, төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй” гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Өвлөх эрхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 002 дугаар гэрчилгээгээр “...Б.Пүрэвдорж нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан тул өвлүүлэгчийн эхнэр Ч.Өлзийсайхан нь Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний дагуу олгосон 30.000 ам.долларын шаардах эрхийг, мөн приус маркийн автомашин худалдсаны үнэ 10.000 ам.долларыг шаардах эрх”-ийг олгосон байх тул “Хаммер монголиа” ХХК-д холбогдуулан Ч.Өлзийсайхан нь уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй гэж дүгнэв.

 

1. “Хаммер монголиа” ХХК, Б.Пүрэвдорж нар Америк Нэгдсэн Улсын Аризона мужийн Меса хотод байрлах Rigid Industriesкомпанид үйлдвэрлэсэн LED гэрлийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн, худалдаалж ашиг олох зорилгоор 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр Б.Пүрэвдорж нь 30.000 ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх, бараа борлуулалтын нийт ашгаас 30 хувийг авах, “Хаммер монголиа” ХХКнь хөрөнгө оруулалтыг авч LED гэрлийн захиалга хийж, цаг алдалгүй хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж захиалах бөгөөд барааг хүлээн авч, сар бүрийн эцэст үйл ажиллагааны тайланг Б.Пүрэвдоржид тайлагнахаар тохиролцож, хамтран ажиллахаар үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3-т заасан “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан гэж дүгнэхээр байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүхэд “...гэрээгээр хамтран ажилласан боловч уг ажиллагаа амжилттай болоогүй, би Б.Пүрэвдоржид өгөх ёстой мөнгөө өгсөн” гэсэн хариу тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Шүүх талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн уг гэрээний дагуу Б.Пүрэвдорж нь “Хаммер монголиа” ХХК-д 30.000 ам.долларыг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байхад “Хаммер монголиа” ХХК нь Америк Нэгдсэн Улсын Аризона мужийн Меса хотод байрлах Rigid Industries компанид үйлдвэрлэсэн LED гэрлийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхээр захиалга хийж, цаг алдалгүй хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж захиалах, барааг хүлээн авч, сар бүрийн эцэст үйл ажиллагааг тайлагнах үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэв.

 

Хариуцагч “Хаммер монголиа” ХХК нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ” буюу хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан нь гэрээнд заасны дагуу шилжүүлсэн 30.000 ам.доллар буюу Монголбанкны “2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1 ам.доллар 2.495,28 төгрөг” гэсэн лавлагааг үндэслэн 74.858.700 төгрөгийг хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

2. Шүүхээс нэхэмжлэгчийн “...Б.Пүрэвдорж нь Тоёота Приус-20 маркийн автомашиныг 10.000 ам.доллараар АНУ-аас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр монголд оруулж ирсэн. Ингээд Хаммер монголиа ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэ нь өөрийн эхнэртээ 10.000 ам.доллараар худалдаж авч өгөхөөр тохиролцож, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж авсан. Иймд автомашины үнэ 10.000 ам.доллар буюу 24.952.900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаад 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх үүрэг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар уг үүргээ биелүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас нэхэмжлэгчийн “...автомашин худалдаж авсан үнэ 10.000 ам.доллар буюу 24.952.900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч “Хаммер монголиа” ХХК-ийг уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хавтаст хэргийн 9-11 дүгээр талд авагдсан Авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэх 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн маягт, Хилээр нэвтрүүлэх барааны 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг, “Хаммер монголиа” ХХК-ийн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 8/28.01 дүгээр Авто тээврийн газарт хүргүүлсэн хүсэлт зэргийг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас 10.000 ам.доллар буюу 24.952.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаана гэсний дагуу талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Б.Пүрэвдоржийн “Хаммер монголиа” ХХК-д шилжүүлсэн 30.000 ам.доллар буюу 74.858.700 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Пүрэвдоржоос “Хаммер монголиа” ХХК-д Тоёота Приус-20 маркийн, JTDKB20U883388297арлын дугаартай, бор саарал өнгөтэй автомашиныг худалдсан үнэ 10.000 ам.доллар буюу 24.952.900 төгрөгийг тус тус хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэп хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарт 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 4 дүгээр сарын 24, 27-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа “...өмгөөлөгч Н.Нарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүснийг хангахаас татгалзав.

 

Учир нь хариуцагч талын “өмгөөлөгч авна” гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан, хариуцагчийн “өмгөөлөгч Н.Нарантуяа нь Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хуралдаан давхацсан тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 4 дүгээр 13-ны өдрийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон тул дахин энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдав.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4-т зааснаар 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-ний шаардах эрх нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс үүссэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан нь Өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас 99.811.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 610.609 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 46.397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 657.008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД