Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 00988

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/00988

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Хүрэл овогтой, Жийпүүгийн Давгийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хорооолол, 56 дугаар байр, 2-8 тоотод оршин суух, регистрийн дугаар ЙС85082719/

 

Хариуцагч: Эрэн овогтой, Баттулгын Бямбанаранд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, 57А дугаар байр, М-47 тоотод оршин суух,регистрийн дугаар ПЭ71012311/

 

Хариуцагч: Баяд овогтой, Пүрэвсүрэнгийн Мөнхбаатарт холбогдох,

/Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 16 дугаар гудамж, 351 тоотод оршин суух, регистрийн дугаар УХ71012178/

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 41.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Давга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Давга нь Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нартай 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлдүүлж, урамшуулалд 5.000.000 төгрөг авах, хэрэв үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Гэтэл Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нар өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байна. Зээлийн гэрээг хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлж талууд гарын үсэг зурсан болно. Иймд хариуцагч нараас үндсэн зээл, урамшуулалд 15.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь буюу 26.100.000 төгрөгийн алданги, нийт 41.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нар 2016 оны 02  дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа барьцаанд нь П.Мөнхбаатарын дүү П.Мөнх-Очирын чиргүүлийг барьцаа болгосон бөгөөд зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд Ж.Дагвын шаардсанаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл маргах журмаар чиргүүлийг авна гэсэн тохиролцоо хийж нотариатаар гэрчлүүлсэн. 10.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаатай зээлсэн. Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нар зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Учир нь бизнесийн үйл ажиллагаа нь бүтэлгүйтсэн. Үүргээ биелүүлж чадаагүй учраас Ж.Давга нь зээлсэн мөнгөнийхөө оронд чиргүүлийг буцааж авахаар тохирсон боловч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд автомашины чиргүүл эсвэл 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн энэ өдрөө тус шүүхэд зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага давхардуулж гаргасан байдаг. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор барьцаа хөрөнгө болох чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авахаар гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн үедээ мөнгөө өгч чадахгүй бол чиргүүлийг чинь авна гэж хоорондоо амаар ярьж тохирсон. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн зээлийн гэрээнд зааснаар ашиг олсон нь нотлогдоогүй тул урамшуулалд 5.000.000 төгрөг нэхэх эрхгүй, алдангийн хувьд тодорхойгүй байна, энэ нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж байгаа учраас энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Давгын нэхэмжлэлтэй, Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Бямбанаран, П.Мөнхбаатар болон Ж.Давга нар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Зээлийн  гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ж.Давга нь 10.000.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаатай зээлдэгч Б.Бямбанаран,П.Мөнхбаатар нарт зээлдүүлж, зээлдэгч тал өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашгаасаа 5.000.000 төгрөгийг зээлдүүлэгч талд урамшуулал болгон олгох, хэрэв зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон талаар талууд маргадаггүй болно.

 

Мөн зээлийн гэрээний дагуу Ж.Давга нь 10.000.000 төгрөгийг Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нарт шилжүүлсэн бөгөөд зээлдэгч нар үндсэн зээл, урамшуулал, алдангид буцаан төлөлт хийгээгүй талаар маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч  Б.Бямбанаран,П.Мөнхбаатар нараас үндсэн зээл 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Давгад олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн “...гэрээний дагуу урамшуулалд 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь зээлийн гэрээний 2.4-т “Зээлдэгч тал өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашгаасаа 5.000.000 төгрөгийг зээлдүүлэгч талд урамшуулал болгон олгоно” гэж заасан байх боловч нэхэмжлэгч тал энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нарыг бизнесийн үйл ажиллагаа явуулж, ашиг олсон болох нь нотлогдоогүй болно.

 

 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсний дагуу үндсэн зээл болох 10.000.000 төгрөгийн 50 хувь болох 5.000.000 төгрөгийн /2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны/ алдангийг хариуцагч Б.Бямбанаран,П.Мөнхбаатар нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн “...алдангид 26.100.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагаас үлдэх 21.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нараас зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Давгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Б.Энхтуул, Н.Мөнхзул нар “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх маргаан хянагдаж байгаа, барьцаанд нь чиргүүл тавьж, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан” гэж тайлбарладаг ба түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Зээлийн  гэрээ” байгуулах Б.Бямбанаран, П.Мөнхбаатар болон Ж.Давга нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бямбанаран, П.Мөнхбаатар нараас 15.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Давгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Давгаас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 363.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбанаран,П.Мөнхбаатар нараас 232.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Давгад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД