| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0178/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/385 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0178/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Г.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001980141 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 9 сарын 29 өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Г.Г,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун шуу, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.А “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би О гэж найзындаа архи ууж байгаад Б, Г хоёрыг 18 цагийн орчим хүрч ирээд аваач гэж дуудсан. Удалгүй Б, Г хоёр ирээд намайг аваад бид гурав миний таньдаг залуу А гэрээс буюу өнгөт хорооллоос очиж нэг шил архи аваад толгойт руу миний таньдаг хүүхэн дээр очиж уулзах гээд явж байгаад замдаа зогсоод авсан архиа хувааж уусан. Г бид хоёр архи ууж байгаад маргалдсан Тэгсэн чинь Г машины араас бууж ирээд хаалга онгойлгоод миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод дараа нь миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний зүүн хөмсөгнөөс цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч Т.Б “...2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би цагийг нь санахгүй байна, А ах Г утас руу залгаад хуучин хорооллын 4 дүгээр байрны гаднаас ирээд ахыгаа аваач гэж дуудсан. Ингээд Г бид хоёр миний машинтай очиж А ахыг авсан. А ах нэлээд согтуу гарч ирсэн ба өнгөт хорооллоос очоод найзынхаасаа нэг шил архи аваадахъя гээд бид гурав өнгөт хорооллоос очиж нэг шил архи авсан. Тэгээд А ах “толгойт руу ах нь хүүхнийд очно, хүргээд өг” гээд толгойт руу явсан. Явж байх замдаа согтуурхаад янз янзын юм яриад яваад байсан. Ингээд толгойтын нэг гудамжинд очоод А ах надад архи өгөөд архиа тойруулаад хий гэж хэлсэн. Би архийг нь аваад А ах Г хоёрт хоёр удаа аягалж өгсөн. Г чи бол хэн ч биш гэх мэтээр хэлээд байсан. Тэгсэн Г уурлаад машинаас буугаад машины урд хаалгыг онгойлгоод А ахын нүүр лүү хэд хэдэн удаа цохиод, нүүр рүү нь нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би машинтайгаа шууд хөдлөөд явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 12-13/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаартай ”...М.А биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун шуу, зүүн хацрын зулгаралт тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.А биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг нөхцөл байдал, шүүхийн шатнаас оргон зайлж эрэн сурвалжлагдаж байгаад баривчлагдсан зэргийг харгалзан 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, нийт 330 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг эдлэх ялаас хасаж, төлбөл зохих торгох ялын хэмжээг 1,020 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,020,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 170,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-д 1,350 /мянган гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-н энэ хэрэгт цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, нийт 330 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 330,000 төгрөгийн торгох ялыг эдлэх ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 1,020,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 170.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД