| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0442/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/406 |
| Огноо | 2017-09-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Н.Цыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Нарантуяагийн Цт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201615010179 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 6 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн мэдээлэл, судалгааны байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, гавъяа шагналгүй, Боржигон овогт Н.Ц
Шүүгдэгч Н.Ц нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн Бага арцат гэх газар Соната-6 маркийн 55-43 УНН улсын дугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-т заасан “Жолооч доор дурдсан үүрэг хүлээнэ:а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөнөөр замын хажуу уруу онхолдож зорчигч Ө.Гүн-Оргил, Ц.Гэрэлтуяа /1 настай / нарт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Ө.Гүн-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц нь нэг машиныг гүйцэж урд нь гарахад жалганаас хэдэн хонь гарч ирээд зам хөндлөн гарсан. Ц руль дарах шиг болсон. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.Гүн-Оргилын биед хүзүүний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн талын сэртэнгээс дотогш хөлөнцөр дайрсан зөрүүгүй сэлтэрсэн хугарал, нугалмын урд урт холбоос, жийргэвч мөгөөрсний урагдал, 2 уушигны дээд дэлбэнгийн няцрал, гялатангийн цус хуралт, зүүн дал, эгэм, баруун 1,2,4, зүүн 1-р хавирганы хугарал, сээрний 4,5,6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюулгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 27-28х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Ц.Гэрэлтуяагийн биед дагз ясны суурь хэсгийн заадаснаас арагш дээш дагз яс дайрсан зулай ар хэсэгрүү үргэжилсэн хугарал, хуйх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нүүр, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 38х/ Шүүх шинжэлгээний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2026 дугаартай дүгнэлтэнд: “…хавтаст хэргийн гэрэл зургийн ¹2-6-д үзүүлснээр асфальтан зам дээр автомашины зүүн талын тоормосны тод чирэгдсэн мөр үүссэн баруун талын тоормосны мөр үүсээгүй, баруун хойд дугуйн накладка 0.2 мм хэмжээтэй болж элэгдэж нимгэрсэн, мөн автомашины хойд тэнхлэгний амортизоторыг 9 см хэмжээтэй уртасгаж өндөрлөсөн, хойд тэнхлэгт 195/80R15, урд тэнхлэгт 195/65R15 хэмжээтэй өндөр нам дугуй тавьсан, зам орчмын нөхцөлөөс автомашин тойрох хөдөлгөөн хийх үед автомашины хүндийн төв зүүн урд хэсэгт үүсэж, инерцийн хүчний нөлөө, тоормосны хүчний зөрүүтэй байдлаас автомашин онхолдох шалтгаан нөхцөл үүссэн байх боломжтой байна” гэх /хх-ийн 117-129х/ Техникийн шинжээчийн 148 дугаартай дүгнэлтэд: “Н.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч доор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөн оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх /хх-ийн 114-115х/ Шүүгдэгч Н.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “…автомашинаа худалдан аваад удаагүй байсан. Тэнхлэгт өөр дугуйтай, амартизатор өндөрлөсөн, тоормосны наклад жигд бус элэгдсэн гэдгийг ерөөсөө мэдээгүй. Замын хөдөлгөөний дүрмээр жолооч хөдөлгөөнд оролцохоосоо өмнө шалгах үүрэгтэй. Энэ бүхнийг шалгаж гэмтэл, зөрчилтэй эд ангийг сольж тавиагүй нь миний буруу…” гэх мэдүүлэг /хх-ийн 191х/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Ц нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг өөрөө гаргасан. Уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан үндэслэл, журам хангагдсан, ЭРүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хулийн зөрчилгүй. Прокуророос түүнд оногдуулж буй эрүүгийн хариуцлагын төрөл, тоо хэмжээг хүлээн зөвшөөрч тохиролцсон байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Н.Ц автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн хуулийн ерйнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсгийг журамлан Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хяналтандаа байлгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2 /хоёр/ жил хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолуулахаар тогтоолын хувийн хамт “В” ангилалын №601328 дугаартай жолооны үнэмлэхийг Ниййслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ