| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа
Насанд хүрээгүй хохирогч Б.Номин
Шүүгдэгч Х.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Амарбаясгаланд холбогдох эрүүгийн 2132000450051 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1968 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл-3, нөхөр, ач хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг, Гандангийн 84 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Харнүдэний Амарбаясгалан /рд:МИ68070702/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Амарбаясгалан нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Номины эзэмшлийн Huawei P-30 загварын гар утсыг гээгдүүлсэн байхад нь бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Х.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... би он сараа санахгүй байна. 3 сар гарсан байсан байх хүнсний захаас хүнс цуглуулаад явж байсан оймс зардаг хүүхний тэнд гар утас унасан байсан. Тэгээд авсан. Тэгээд аваад гэртээ ирэхэд охин маань надад зарчих гэхээр нь охиндоо 200000 төгрөгөөр өгөөд эм тариагаа авсан. Уг утсыг хүргэн ууланд самарт авч яваад хаясан гэсэн. ...гэх мэдүүлэг.
Хохирогч Б.Номин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2 хүү-Б дэлгүүрийн АТМ-ээр үйлчлүүлэх гээд очиход ажиллахгүй байсан. Тэгээд хойшоо АТМ явах гэж явж байгаад утсаа халаасандаа үзэхэд байхгүй байхаар нь буцаж очоод үзэхэд байхгүй байсан. Машинаас буусан болохоор машинд унагаачихсан болов уу гэж бодоод АТМ-ээс мөнгө аваад машинд шалгаад үзсэн байхгүй залгахаар дуудаад байсан. Тухайн өдөх миний утасны дата асаалттай байсан болохоор видео колаар ч залгасан. Зар тавьсан тэгээд орой 17 цагийн үед миний утас унтарсан. Тэгээд утас засвар дээр очиж асуухад саяхан нэг эгч хар өнгийн HUWAI Р-30 кодыг нь тайлуулаад явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөд тэр хавийн камерт юу ч харагдаагүй. Арваад хоногийн дараа миний фэйсбүүкээр ороод байсан. ...гэх мэдүүлэг. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Охинтойгоо явж байгаад охиноо АТМ-ээс мөнгө аваад өг гээд картаа өгөхдөө гар утсыг нь бас хамт өгсөн. Охин мөнгөө авчихлаа ээж миний утас байна уу гэхээр нь ээж нь чамд өгсөн гэж хэлсэн. Тэгээд машинд унагаасан байх гээд үзэхэд байхгүй утас руу нь зөндөө залгаад аваагүй. Тэгээд цагдаад хэлэх гэж явах замдаа гар утасны засвар дээр ороод ийм утас орж ирвэл хэлээрэй гэсэн чинь дөнгөж сая орж ирээд код тайлуулаад явсан гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн цагдаад мэдэгдсэнээс хойш 10-аад хоногийн дараа охин ээж миний фэйсбүүкээр ороод байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2132000450051 тоот хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас: Хохирогч Б.Номин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мандал сумын худалдааны төв болох захын хажууд таксины зогсоолын хажууд Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлж байх үед өөрийн эзэмшлийн гар утас болох Huawei P-30 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед олдчих байх гээд ойр орчимд байдаг хяналтын камер шүүхэд тодорхой харагдахгүй байсан тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.
...Тухайн гар утсыг манай ах гадаадаас явуулж байсан. 1200000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан. ...Алдагдсан гар утас гадна талаасаа ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бараг шинээрээ байсан утас болохоор би хулгайд алдсан гар утсыг 1000000 төгрөгөөр үнэлж байна. ...эд зүйлийн үнэлгээгээр миний утас 550000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Би 550000 төгрөгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18-19, 23 дугаар хуудас/,
Гэрч Л.Отгонжаргал мөрдөн байцаалтад өгсөн: ...Би тухайн гар утсыг 2021 оны 01 дүгээр сард ашиглаж байсан. ...Би тухайн гар утсыг өөрийн төрсөн ээжээс худалдан авч байсан. ...Манай ээжийг Амарбаясгалан гэдэг. Манай ээж надад тухайн гар утсыг захын тэр хавиас оллоо гэж хэлж байсан. Тэгээд би гар утсыг 200000 төгрөгөөр худалдаж авсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 28-29 дугаар хуудас/, Гэрч П.Мөнхбат мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2021 оны 02 дугаар сард нэг удаа код гаргаж өгч байсан тухайн үед надад үйлчлүүлсэн хүн маань кодыг нь мартсан байна гэж хэлээд кодыг нь гаргуулж байсан. Тухайн эгч 50-60 насны орчим эмэгтэй хүн байсан. Одоо би харвал царайг нь танина. ...Үгүй ээ хэвийн цэвэрхэн утас байсан. ...Би тухайн Huawai P-30 гар утсыг 15000 төгрөгөөр гаргаж өгсөн. ...Тухайн үед ямар нэгэн зүйл яриагүй байх би сайн мэдэхгүй байна. ...Би гар утасны кодыг гаргах үед гар утсыг бүрэн доторх зүйлийг устгадаг болохоор боломжгүй байгдаг. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.Амарбаясгалан мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хоёр хүү худалдааны төвийн зүүн талын буланд газар цемент дээр хар өнгийн гадаргуудтай гар утас хэвтэж байхаар нь уг гар утсыг би аваад гэр рүүгээ явсан. Дээрх олсон гар утсыг өөрийн охин Л.Отгонжаргалд 200000 төгрөгөөр худалдсан. ...Би газраас олсон гар утсыг бусдын эд зүйл гэдгийг сэдэж байсан. Олсон гар утас болохоор мөнгө хэрэг болохоор нь өөрийн охин Л.Отгонжаргалд зарсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 06 дугаар хуудас/ Хохирогч Б.Номин цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 07 дугаар хуудас/ Үүрэн телефоны Unitel операторын и-май кодын хариу албан бичиг, хавсралтууд /хх-ийн 11-13 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн ТХҮ921/1303 дугаартай үнэлгээний тайлан /Хх-ийн 39-42 дугаар хуудас/ Шүүгдэгч Х.Амарбаясгалангийн оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 57 дугаар хуудас/ Шүүгдэгч Х.Амарбаясгалангийн гэрлэлтийг бүртгэлийн лавлагаа/Хх-ийн 58 дугаар хуудас/ Шүүгдэгч Х.Амарбаясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 59 дүгээр хуудас/ Шүүгдэгч Х.Амарбаясгалангийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 62 дугаар хуудас/ Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаад 500000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй үйлдсэн 50000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргахад гарсан зардал 30000 төгрөг нийт 80000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй байгуулсан гэрээ, насанд хүрээгүй хохирогч Б.Номин, түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч Х.Амарбаясгаланг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч Х.Амарбаясгалан нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Номины эзэмшлийн Huawei P-30 загварын гар утсыг гээгдүүлсэн байхад нь бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:шүүгдэгч Х.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 25-26, 53-54 дүгээр хуудас/, хохирогч Б.Номины мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 18-19, 22-23 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн ТХҮ-921/1303 дугаартай үнэлгээний тайлан /Хх-ийн 39-42 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч Х.Амарбаясгалан нь болсон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. Тиймээс шүүгдэгч Х.Амарбаясгаланг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд шүүгдэгч Х.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Х.Амарбаясгалан нь гээгдэл эд хөрөнгө болох Huwai p-30 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Номинд 550000 төгрөгийн хохирол учирсныг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцов.
Шүүгдэгч Х.Амарбаясгалан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүхийн шатанд 500000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэх 50000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Тиймээс шүүгдэгч Х.Амарбаясгалангаас 50000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Номинд олгуулах нь зүйтэй байна. Гурав. Шүүгдэгч Х.Амарбаясгаланд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Амарбаясгалан нь хохирогч Б.Номины гээгдүүлсэн Huawei P-30 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Амарбаясгалан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч буюу иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Х.Амарбаясгалан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Х.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгож торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөхийг даалгаж нь зүйтэй байна шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Х.Амарбаясгалан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Харнүдэний Амарбаясгалан нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Амарбаясгаланг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Амарбаясгаланд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Х.Амарбаясгалан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Х.Амарбаясгаланг өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Ялтан Х.Амарбаясгалан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Номин, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Амарбаясгалангаас 50000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж, -Насанд хүрээгүй хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын-голын 69-а тоотод оршин суух, Боржигон овогт Батзоригийн Номин/рд:МЗ03292201/-д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Амарбаясгаланд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ