| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2018/1688/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 173
Э.Золбаярт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Э.Золбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Золбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Золбаярт холбогдох эрүүгийн 1806017871303 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Еншибү овгийн Энхбатын Золбаяр, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хангай” захад мод боловсруулдаг ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаа 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:ТЕ87102772/;
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Э.Золбаяр нь 2018 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 90 тоотод оршин суух иргэн Т.Болдбаатарын гэрээс монетон бөгж, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.835.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Золбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Золбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт Э.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Золбаяраас 2.915.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Болдбаатарт олгож, Э.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Золбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Э.Золбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба хохирогч цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Э.Золбаярын өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогч Т.Болдбаатар нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөр болох 2.915.000 төгрөгийг бүрэн хүлээн авч, гомдол саналгүй болж эвлэрсэн тул Э.Золбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...” гэдгээ илэрхийлсэн. Иймээс шүүгдэгч Э.Золбаярт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгөхийг хүсье...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан. Анхан шатны шүүх Э.Золбаярын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Гэвч шүүгдэгч Э.Золбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй болсон тухайгаа илэрхийлсэн байх тул гаргасан давж заалдсан гомдлын дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Э.Золбаяр нь 2018 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 90 тоот найз Т.Болдбаатарын гэрт түүнтэй хамт архидан согтуурч, улмаар гэрээс нь гарахдаа ханын шүүгээнд байсан Т.Болдбаатарын монетон бөгж, гинж зэрэг нийт 2.835.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч Т.Болдбаатар нь “...2018 оны 2 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед, Золбаяр бид хоёр уулзаад манай гэрт очиж 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Эхнэр бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдах үед Золбаяр гараад явсан. Удалгүй монетон гинж, бөгж хоёр маань алга болсныг мэдсэн. Монетон бөгж нь 10 гр жинтэй, дээрээ шүр шигтгээтэй бөгөөд манай эх 2017 онд ОХУ-аас 2.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин монетон гинж нь 35 гр жинтэй, 55 см урттай байсан бөгөөд би 2015 онд ОХУ-аас 7.000.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан. Надад гинж байдгийг Золбаяр мэддэг. Харин бөгжний хувьд тухайн орой түүнд үзүүлчихээд хамтад нь ширээн дээр тавьсан байсан...” /хх-ийн 9-10, 104-105, 140/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийн онцлог, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:
гэрч Ц.Баасанжаргалын “...том өрөөнд Золбаяр, Болдбаатар хоёр юм яриад сууж байсан ба жижиг ширээн дээр бөгж, гинж, хөөрөг зэргийг тавьсан байсан. Золбаяр сонирхоод бөгжийг нь авч хараад байсан. Тэгэхээр нь би аваад ханын шүүгээнд хийсэн. 1 цаг орчмын дараа Болдбаатар бид хоёр жижиг өрөөнд ороод маргалдсан. Тэгэхэд том өрөөнд Золбаяр ганцаараа үлдсэн. Бид хоёр маргалдаж дуусахад тэрээр яарсан шинжтэй хувцсаа өмсөөд гарсан. Түүнийг гарснаас хойш ямар ч хүн орж гараагүй бөгөөд 01 цаг 20 минутын үед гинж, бөгж хоёр алга болсныг мэдсэн...” /хх-ийн 11-13, 57/ гэх,
гэрч С.Хүрэлбаатарын “...шинийн хоёрны өдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Болдбаатар манайд ирж золгохдоо надад хоёр талдаа зурагтай, нэлээн том шаргал өнгийн монетон бөгж үзүүлсэн, бас нэлээн өргөн монетон гинж зүүсэн байсан...” /хх-ийн 97-98/ гэх,
гэрч С.Оюунгэрэлийн “...Болдбаатар ээжтэйгээ хамт ОХУ-руу наймаанд явдаг ба тэндээс авсан гинж, бөгж хоёр байдаг. Шинийн нэгний өдөр гинж, бөгж хоёроо зүүсэн байсан...” /хх-ийн 99-100/ гэх мэдүүлгүүд, алдагдсан эд хөрөнгийн гаднах байдлыг харуулсан гэрэл зураг, үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 23-25, 131-132/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Золбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Золбаярын гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нөхцлийг тогтоосон нь хуульд нийцсэний гадна, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний хариуцах нөхөн төлбөрийг зөв тогтоон шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Золбаяр давж заалдсан гомдолдоо өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлээд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан тул шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсэхдээ хохирогч Т.Болдбаатарын “...хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол саналгүй болсон тул Э.Золбаярт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус шүүх хуралдаанд хамт өгсөн болно.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээтэй.
Дээрх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Золбаяр нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад, “...Т.Болдбаатарын гэрээс ямар нэгэн эд зүйл авч гараагүй. Түүнийг монетон бөгжтэй гэдгийг мэдээгүй...” хэмээн гэм буруугийн талаар маргаж, хохирол төлөхөөс татгалзаж байсан.
Гэвч анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан хорих ялыг хүлээлгэж шийдвэрлэсний дараа тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхийн зэрэгцээ, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжиж, түүнд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих хүсэл эрмэлзэлийг төрүүлдэг ач холбогдолтой.
Иймээс шүүгдэгч Э.Золбаярт оногдуулсан хорих ялыг аливаа байдлаар хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Золбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан “...оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Золбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН