Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 979

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ү-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00493 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ү-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 61 079 046 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Л, К.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Т.О нь 2015 оны 10 сарын 16-ны өдөр “Таван Богд Фольксваген” ХХК-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 сарын 19-ний өдөр Т ББСБ ХХК-тай 13/0551 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан “Волксваген Тигуан” маркийн 72-75 УБТ улсын дугаартай автомашиныг худалдаж авсан. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2015 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатай ЕСI3001410402858 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Б ХХК -тай байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгаж, 1410406369 дугаартай лизингээр худалдан авах тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгааг Б ХХК -тай байгуулж, даатгалын гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 406 км-ийн гармын УЗ-1 хаалтыг мөргөж, болгоомжгүйгээр осол гаргасан ба ослын улмаас бусдад учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б ХХК  нь өнөөдрийг хүртэл даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байна. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Арвижих Эстимейт” ХХК-иас автомашин техникийн үнэлгээний тайлангаар даатгуулагчид учирсан хохирлыг 61 079 046 төгрөгөөр тогтоосон боловч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Даатгалын тохиолдол бий болгох орчин нөхцлийг бий болгоогүй ба энэ талаар нотлох баримт байхгүй байхад Б ХХК  болон Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно”, 8.5.1-д “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б ХХК -иас даатгалын нөхөн төлбөрт 61 079 046 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхдөл, Э.Чинбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 72-75 УБТ улсын дугаартай “Волксваген Тигуан” маркийн тээврийн хэрэгслийг “Таван Богд Финанс” ББСБ ХХК-иас зээлээр худалдан авч, Б ХХК -тай ЕCI3001410402858 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт нийцүүлэн байгуулсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Г.Ү даатгалын зүйлийг жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын 406-р км дахь гармын УЗП-1 сөхөгддөг хаалтыг мөргөсөн байна. Дээрх даатгалын гэх тохиолдлыг судалж үзэхэд Г.Ү нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 02 цаг 45 минутын орчим Улаанбаатар төмөр замын 406-р км дахь гарам руу урдаас хойшоо чиглэлтэй явсан байх бөгөөд гарамд ойртон ирэхэд хөдөлгөөнийг хязгаарлаж, хааж боох зориулалт бүхий Паш хаалт, УЗП-1 хаалт сөхөгдсөн, үүнээс өмнө дуут анхааруулах дохио өгөгдсөн, анхааруулах улаан гэрэл дохио анивчсан гармын жижүүр хориглосон дохио өгсөн байх үед эсрэг урсгалыг сөрж буудаг хаалтыг санаатайгаар тойрон гарах үйлдэл хийсэн нь алсаас хаалт буусан байсныг харсан болохыг тогтоож байна. Мөн анхааруулах анивчсан улаан гэрэл дохио ассан, гармын жижүүр хориглосон дохио өгсөн байх үед буудаг хаалтыг санаатайгаар тойрон гарч, сөхөгддөг хаалтыг дайрч гаран тээврийн хэрэгсэлдээ хохирол учруулсан нь гэрч Э.Уянгын мэдүүлэг, Ослын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, Тээврийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1403 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол зэргээр тогдоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б ХХК -иас 61 079 046 төгрөг гаргуулах тухай Г.Ү-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек давж заалдах гомдолдоо: “...Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх зохицуулалт нь даатгуулагчийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээс даатгалын тохиолдол бий болох орчин, нөхцөл бүрдсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байх эрх зүйн хэм хэмжээ юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг санаатайгаар, мэдсээр байж даатгалын тохиолдлыг бий болгосон гэж үзэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т заасныг хэрэглэсэн нь илт үндэслэлгүй юм.

Учир нь гармын жижүүр Э.Уянгын "эрэгтэй жолооч машинаасаа бууж ирээд хаалт байсныг нь хараагүй, амжаад гарах гэж байгаад ийм зүйл боллоо гээд байсан" гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын "хөнгөмсгөөр найдсан болгоомжгүй үйлдлээс болж осол гарсан" гэх тайлбаруудыг шүүх огт анхаарч үзэлгүй, зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар дүгнэлт хийсэн байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын зохицуулалтад даатгалын нөхөн төлбөр авах болон бусад санаа, зорилгоор даатгалын тохиолдлыг бий болгосон санаатай үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд даатгуулагчийн болгоомжгүй үйлдэл/ хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах/ хамаарахгүй гэж үзэж байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид "зөрчил" гэх/ гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна” гэж тус тус заасан бөгөөд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байхаар хуульчилсан байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо паш хаалт бууж, УЗП хаалт сөхөгдсөн байх үед санаатайгаар паш хаалтыг тойрч гарах үйлдэл хийж тээврийн хэрэгсэлдээ хохирол учруулж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн болох нь гармын жижүүр Э.Уянгын мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9/3309 дугаартай албан бичгээр тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

Гэрч Э.Уянгын мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн тайлбарт нэхэмжлэгч санаатайгаар зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдол бий болох орчин, нөхцөл бүрдсэн тухай дурдагдаагүй, нотлогдоогүй байдаг ба "нэхэмжпэгчийн үйлдэл санаатай болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй юм.

Гэрч Э.Уянгын "эрэгтэй жолооч машинаасаа бууж ирээд хаалт байсныг нь хараагүй, амжаад гарах гэж байгаад ийм зүйл боллоо гээд байсан" гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Г.Ү амжиж гарна гэж тооцоолж, хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн болох нь тогтоогдсон байхад уг нотлох баримтыг огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ү нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 61 079 046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул нөхөн төлбөр олгохгүй” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1403 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, “Арвижих- Эстимейт” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь хэргийн оролцогчид хамаарахгүй. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Түүнчлэн шүүх маргаж байгаа хуулийн заалтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “мэдсээр байж үйлдэл хийсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлийг тогтоосон юм.

 

Талуудын хоорондын маргааны хувьд даатгалын тохиолдол бий болоход санаатай гэм буруу байсан эсэх нөхцөл байдлын талаар дүгнэлт өгч байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ү-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                   

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН