Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0173

 

Гандирс ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Гандирс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончулуун, Ц.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Гандирс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газар болон түүний Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гандирс ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зарлагдсан тендер нь цахим тендер гэдгийг юуны өмнө анхаарах хэрэгтэй. Иймд тендерийн бүх явц зөвхөн цахимаар явагдаж, цахимд байгаа мэдээллийг баримтлах ёстой. Гэтэл Худалдан авах ажиллагааны газрын ажилтнууд Квом компани хөнгөлөлттэй үнэ өгсөн, энэ нь цаасаар хэвлэсэн материал дээр байгаа, цахим системийг би сайн мэдэхгүй юм, манай ажилтнууд компьютерт шивэхдээ алдаа гаргасан юм байгаа биз хэмээн ярьж байгаа нь улаан цайм будилаан, хуйвалдааны шинжийг агуулж байна.

Тендерийн нээлтийн тэмдэглэлд, "Квом" ХХК-ийн өгсөн үнийн саналыг "хувилбарт тендерийн үнэ"-д бүртгэж авсан баримтаа засварлаж "хөнгөлөлттэй үнэ" гэсэн багана руу сум заасан байгаа нь сэжиглэх шалтгаан төрүүлж байна. Худалдан авах ажиллагааны газрынхан санаатай засвар хийсэн энэ цаасаа бидэнд үзүүлж "Квом" ХХК нь ингээд ялсан юм гэж тайлбарласан. Хэрвээ тендерийн нээлтийн үед ийм засвар хийсэн юм бол тендер шударга, нээлттэй, ил тод байх зарчмыг үндэслэн засвар хийсэн тухай бүх оролцогчдод мэдэгдэх нь авах ёстой хамгийн наад захын арга хэмжээ мөн. Гэтэл ийм арга хэмжээ аваагүй, энэ талаар огт яригдахгүй байснаа сүүлд гэнэт гаргаж ирж байгаа нь засварыг сүүлд нууцаар, зориуд санаатай хийснийг нотлож байна.

Худалдан авах ажиллагааны газраас анхны шийдвэрийг тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө гаргасан, дахин үнэлэх тухай Сангийн яамнаас чиглэл аваад хориод хоногийн дараа буюу тендерийн сунгасан хугацаа дуусахаас ес хоногийн өмнө 2 дахь шийдвэрийг гаргаж байгаа нь зориудаар биднийг хугацаагаар шахаж, гомдол гаргах, түүнийг амжиж шийдвэрлэсэн байх хугацаагүй болгосон санаатай, урьдаас төлөвлөсөн зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна.

Манай компани шүүхэд гомдол гаргана, энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсээр байхад дараагийн тендерийг зарласан нь "Гандирс" ХХК-д боломж олгохгүй байх, тендерийг дахин зарласнаар өөрийн хүссэн, ашиг сонирхол нэгтэй аль нэгэн компани, аж ахуйн нэгжид олгох гэсэн санаа гэж дүгнэхээс өөр аргагүй байна.

Анхны зарласан тендерийг үнэн зөвөөр шийдэж ялагчийг тодруулаагүй, ялах бүрэн магадлалтай оролцогчийн гомдлыг барагдуулаагүй байхад яагаад яаран сандран тендерийг дахин зарлаж байна вэ?.Энэхүү шинээр зарлагдаж байгаа тендерт дахин хууль бус хуйвалдааны шинжтэй зүйл гарна гэдэгт одоо бид эргэлзэхгүй байна.

Гандирс ХХК тендерт оролцохдоо бүхий л шаардлагыг хангаж, гарцаагүй ялах үндэстэй, бусад оролцогчдоос илт давуу байдалтай байтал тендерийг удаа дараа зориудаар, санаатай будлиантуулж, эцэст нь дахин зарлаж байгаа нь урьдаас ярилцаж тохирсон аж ахуйн нэгжид тендерийг өгөх гэсэн санаа зорилго байна гэж үзэхээс өөр аргагүй байна. "Тендерийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийх нь зүйтэй" гэсэн Сангийн яамны шийдвэрийг ч бид буруу гэж үзэж байна. "Гандирс" ХХК ялах үндэслэл нь тодорхой байсаар байтал гомдлыг шийдвэрлэх хугацаагүй гэсэн үндэслэлээр дахин үнэлүүлэхээр Худалдан авах ажиллагааны газарт буцааж байгаа нь үнэн хэрэгтээ тэдний анхнаасаа зүтгээд байгаа хүсэл зорилгыг гүйцэлдүүлж байгаа явдал юм. Нөгөө талаар, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илтэд зөрчсөн захиалагч Худалдан авах ажиллагааны газрын үйлдэл, шийдвэрүүдийг хүчингүй болгохгүй, харин ч улам өөгшүүлж, тэдэнд шинэ боломж олгож байна гэж үзэж байна. Иймд дараахь шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.

1.   "Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн барилга /Өмнөговь, Даланзадгад/-ын ажлын тендерт Гандирс ХХК нь тендер шалгаруулалтын шаардлагыг хамгийн сайн хангасан, хамгийн бага үнийн санал өгсөн байхад Квом ХХК-ийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, Гандирс ХХК-ийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр /2014.05.09-ний өдрийн 6/1324 тоот мэдэгдэл/-ийг тус тус хууль бусад тооцох, /

2.   Сангийн яамны 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5/2780 дугаар албан бичгийг хүчингүй болгох.

3.   Уг маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад тендер шалгаруулалтыг дахин зарласан Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох,

Уг тендерийн үнэлгээг дахин хийж, хамгийн бага үнийн санал өгсөн Гандирс ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газар болон түүний тендерийн үнэлгээний хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдан авах ажиллагааны газраас "Говийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн барилга /Өмнөговь, Даланзадгад/" ХААГ-Б-2014/ХХV-ЗО ажлын тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлтийг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15:10 цагт хийхэд 4 компани материалаа ирүүлсэн бөгөөд Квом ХХК, Аж констракшн ХХК-ийн төлөөллүүд нээлтэд биечлэн оролцсон.

Нээлтэн дээр үнэ, тендерийн баталгаа, баталгааны хүчинтэй хугацаа, хувилбарт тендер ирүүлсэн эсэх, үнийн хөнгөлөлт үзүүлсэн эсэх, тендерээ буцааж авсан эсэх тухай мэдээллүүдийг тендер ирүүлсэн дарааллаар нь дуудан танилцуулсан. "Квом" ХХК-ийн ирүүлсэн үнэ нь 6,888,725,989 төгрөг байсан бөгөөд хувилбарт тендер гэсэн хэсэгт 6,875,507,067 төгрөг гэсэн үнэ ирүүлсэн байсан. Үүний дараа нээлттэй холбоотой асууж тодруулах зүйл байна уу гэсэн асуултад Квом ХХК-ийн төлөөлөгч манайх хувилбарт тендер ирүүлээгүй харин үнийн хөнгөлөлт үзүүлсэн. Танай систем дээр үнийн хөнгөлөлт үзүүлэх хэсэгт нь 0,2% буюу бутархай тоо оруулах боломжгүй байсан тул бид хөнгөлөлт үзүүлсэн үнээ хувилбарт тендер гэсэн хэсэгт оруулсан юм. Тэгэхээр энэ дуудагдсан үнэ маань хувилбарт тендер биш үнийн хөнгөлөлт юм гэсэн тайлбар хийсэн бөгөөд тухай асуудлын талаар нээлтийн тэмдэглэлд бичиж баталгаажуулж авсан.

Хувилбарт тендер нь зарласан үнэ болон ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолт, төсөв, тендерийн материалыг нь үндсэн тендерээс өөрөөр хийж ирүүлсэн тусдаа бие даасан тендер байдаг бөгөөд 2014 онд Худалдан авах ажиллагааны газарт нэг ч хувилбарт тендер ирээгүй байна.

2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газрын мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлтийн талаарх лавлагааг авсан бөгөөд уг лавлагаагаар Аж констракшн ХХК, Гандирс ХХК, Квом ХХК нар өртэй гарсан бөгөөд татварын өргүй гарсан Наму дэвжих ХХК нь захиалагчаас шаардсан борлуулалтын орлогын хэмжээ нь хүрээгүй тул тендерийг хүчингүй болгож дахин зарлах тухай үнэлгээний хорооны шийдвэр гарсан.

Уг шийдвэр гарч тайлан зөвлөмж бэлдэж байх явцад буюу тухайн мэдээллийг оролцогчдод мэдэгдэж хүргүүлээгүй байх үед хаанаас мэдээлэл авсан нь тодорхойгүй Гандирс ХХК болон Квом ХХК-уудаас манайх татварын өргүй байхад өртэй гаргаж байна гэх мэтчилэн албан бичгүүдийг ирүүлж байсан. Үнэлгээний хороо энэ талаар дахин хуралдаж Татварын ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн нэгэнт гарсан шийдвэрээрээ явах нь зүйтэй гэж олонхийн саналаар шийдвэрлэсэн.

Сангийн яаманд Гандирс ХХК, Квом ХХК-ууд гомдол гаргаснаар Сангийн яам дахин үнэлгээ хийх тухай зөвлөмжийг ирүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо нь Татварын ерөнхий газраас дахин бичгээр лавлагаа авсан. Уг бичгээр авсан лавлагаагаар Аж констракшн ХХК-иас бусад нь өргүй гарсан тул Гандирс ХХК болон Квом ХХК-уудын ирүүлсэн тендерт үнэлгээ хийж бага үнийн санал ирүүлсэн Квом ХХК-ийг шалгаруулах тухай үнэлгээний хорооны шийдвэр гарч мэдэгдэл хүргүүлсэн.

Гандирс ХХК нь Сангийн яаманд дахин гомдол гаргаснаар тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд тендерийг бүхэлд нь хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулах тухай зөвлөмжийг Сангийн яамнаас ирүүлсэнээр 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уг тендерийг дахин зарласан болно.

Худалдан авах ажиллагааны газар нь Сангийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 01 дүгээр тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулж 2014 оны 03 сарын 03-ны өдрийн 15.10 цагт нээхэд тендерт оролцогч Гандирс" ХХК нь Татварын ерөнхий газрын мэдээллийн баазаас "цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын 4.1.9 "...цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчийн татвар төлөлт, шаардлагатай мэдээллийг шалгана" гэсэн зааврын дагуу авсан татвар төлөлтийн лавлагаагаар 719.000 төгрөгийн татварын өртэй байсан нь тогтоогдсон мөн Квом ХХК болон Наранбулаг ХХК-ийн түншлэл, Аж констракшн ХХК нь бүгд татварын өртэй, Намуу дэвжих ХХК борлуулалтын орлого шаардлага хангаагүй, тендерийн маягтыг зохих зааврын дагуу ирүүлээгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан шалгуурыг хангаагүй байх тул дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д "... шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй" үндэслэлээр бүх оролцогчдыг татгалзсан бөгөөд хуулийн 30.3-т "...Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Гандирс ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т "... Монгол Улсын хуулийн дагуу татвар хураамжаа төлөөгүй" байсан тул тендерээс хасагдсан юм.

Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж Гандирс" ХХК болон ''Квом" ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн бөгөөд "Квом" ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д ...бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс нь их харьцуулах үнэтэй эрэмбэлж хамгийн бага үнэтэй тендерийг сонгоно" гэж заасны дагуу үнэлгээг хийж шалгаруулсан.

Сангийн яамны сайдын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5/2870 албан бичгээр "Тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцож, хууль журамд нийцүүлэн дахин зохион байгуулах шаардлагатай болсон тухай мэдэгдэл" ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 "...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээ байгуулахаас өмнө гарсан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна" гэж заасан байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл "Хэргийг урьдчилан шийдвэрлэх журам"-д заасны дагуу Сангийн яам зарлагдсан тендерийг бүхэлд нь хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн.

Говийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн барилга /Өмнөговь, Даланзадгад/ тендер шалгаруулалтын ажил нь Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад тусгагдсан байсан ч дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалж хэрэгжих боломжгүй болсон. Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд энэ ажил нь тусгагдаагүй болно.

Иймд Гандирс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдан авах ажиллагааны газраас зарласан "Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн барилгын ажил /Өмнөговь, Даланзадгад/"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон Гандирс ХХК-иас 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 180 тоот албан бичгээр гаргасан гомдлын дагуу үйлдлийн хэрэгжилтийг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5/2583 тоот албан бичгээр түр түдгэлзүүлж тухайн тендерийн баримт бичиг, оролцогч компаниудын ирүүлсэн тендер, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл зэрэг холбогдох бусад бичиг баримтад үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзэхэд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон байсан.

Учир нь тус тендерийн нээлтийг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийсэн бөгөөд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусаж, улмаар Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах тухай 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/694 тоот хүсэлтийг үндэслэн дээрх хугацааг 30 хоногоор сунгасан боловч Үнэлгээний хороо нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хийгээгүй байх тул холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5/2780 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Иймд Сангийн яам нь хууль, журамд нийцүүлж шийдвэр гаргасан тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Гуравдагч этгээд Квом ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Квом ХХК, Наранбулаг трейд ХХК нь түншлэлээр Худалдан авах ажиллагааны газраас зарласан Говийн бүсийн эмчилгээ оношилгооны төвийн барилга угсралтын ажлын цахим тендерт 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр оролцож 6,875,507,067 төгрөгийн үнийн саналтайгаар хамгийн сайн тендерээр шалгарсан. Бидний өгсөн үнийн санал болон борлуулалтын орлого, татварт өргүй зэрэг нь хамгийн сайн тендерт шалгарах нөхцөлийг хангасан.

Квом ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болох байсан ба бид 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Барилга хөгжлийн төвд барилгын тусгай зөвшөөрөл сунгуулах материалаа бүрдүүлж өгснөөр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл сунгахаар дэмжигдэн гарсан болно.

Худалдан авах ажиллагааны газрын цахим тендерийн сайтны алдаанаас бид хөнгөлөлтийн үнийн дүнгээ оруулж болохгүй байсан тул хувилбарт үнийн дүнгийн хүснэгтэд шивсэнээ тендерийн нээлтэд тайлбар хийж хэлсэн ба Тендерийн үнэлгээний хорооны мэргэлжилтэн Ц.Сэргэлэн протоколд тэмдэглэсэн байдаг .

Иймээс манай Квом ХХК нь хамгийн сайн тендерээр шалгарах нөхцөлийг бүрэн хангаж шалгарсан болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрээрТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Гандирс ХХК-ийн Квом ХХК-ийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусад тооцуулах, Гандирс ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр болох 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6/1124 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулах, Сангийн яамны 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 8/2780 албан бичгийг хүчингүй болгох, маргааныг эцэслэн шийдэгдээгүй байхад тендер шалгаруулалтыг дахин зарласан Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийж, хамгийн бага үнийн санал өгч, тендер шалгаруулалтын шаардлагыг хамгийн сайн хангасан Гандирс ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Гандирс ХХК давж заалдах гомдолдооГандирс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны газар, Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хариуцагч Худалдан авах ажиллагааны газраас зарласан ХААГ-2014-XXV-30 дугаартай Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн барилга-ын тендерт манай компани оролцсон бөгөөд манай компанийг хамгийн бага үнийн санал өгсөн Квом ХХК-иас доогуур үнийн санал өгсөн гэж үзэж тендерт шалгаруулаагүй билээ.

Квом ХХК-ийг тендерт шалгаруулсан гол үндэслэл болох тус компанийн тендерийн үнийн санал нь тендерийн баримт бичигт дурдсан Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81-95-12-ийн дагуу хийсэн байх шаардлагатай байтал уг дүрмийн дагуу төсөвт өртгийн ашгийг тооцож гаргаагүйгээс тендерийн харьцуулах үнийг буруу тогтоосон гэж үзэж байна.

Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81-95-12-ийн 4.48-т Барилгын гүйцэтгэгч байгууллагын төсөвт ашгийн хэмжээг шууд болон барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцлийг бүрдүүлэх зардал /нэмэгдэл зардал/-ийн нийлбэр дүнгийн 15 хувиар тооцож төсөвт тусгана. гэж заасан.

Гэтэл Квом ХХК-ийн ирүүлсэн төсвийн үнэлгээ, тооцоолол, үүн дээр суурилан гаргасан тендерийн үнийг буруу гаргаж, алдаатай тооцсоноос тендерийн энэхүү маргаан гарсан учир нь Квом ХХК нь өөрсдийн гаргасан шууд болон нэмэгдэл нийлбэр дүнгээс ашгаа тооцохдоо дээрх дүрмийн дагуу 15% биш 6.8 %-иар тооцсоноос харьцуулах үнэ буруу буюу манай компанийн үнийн саналаас доогуур болсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д Тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно гэж заасны дагуу харьцуулах үнийг буруу тодорхойлсноос энэхүү маргаан үүссэн гэж үзэж байна. Тооцооллыг үзүүлбэл: БНбД 81-95-12-н 4.48-д Барилгын гүйцэтгэгч байгууллагын төсөвт ашгийн хэмжээг шууд болон нэмэгдэл зардлын нийт дүнгийн 15 хувиар төсөвт тусгана гэж заасан. Квом ХХК нь төсөвт өртгийн нийт ашгаас 5% /264 378 449 төгрөг/-ийн хөнгөлөлт үзүүлсэн. Квом ХХК-ийн төсөвт өртгийн шууд болон нэмэгдэл зардлын дүн нь 3 859 179 960 төгрөг ба төсөвт өртгийн ашиг нь 578 876 994 төгрөг /3 859 179 960*15%/ болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн зүгээс Квом ХХК-ийг шалгаруулсан гол үндэслэл болсон тендерийн үнэ нь тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагад нийцсэн эсэхийг шалгалгүйгээр тендерт шалгаруулсан нь тогтоогдож байхад шүүхээс уг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн тайлбарт хэт хөтлөгдөж шийдсэнд гомдолтой байна.

2. Уг тендер шалгаруулалтад түншлэл болж оролцсон Квом ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсэг-ийн хурлаар хэлэлцэгдэж улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрөл сунгагдсан байна.

Сангийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Худалдан авах ажиллагааны газарт хандаж Гандирс ХХК-ийг татварын өргүй байхад өртэй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй учир дахин үнэлгээ хийх зүйтэй гэж мэдэгдсэн байхад Худалдан авах ажиллагааны газраас 11 хоногийн дараа буюу 2014 оны 5 дугаар 02-ны өдөр дахин үнэлгээ хийж Квом ХХК-ийг шалгаруулсан байдаг.

Ийнхүү дахин үнэлгээ хийхдээ Квом ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хэлэлцэх ажлын хэсгийн хуралдааныг хүлээсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.

Энэ нь Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал өөрт нь хаяглаагүй Квом ХХК-ийн захирал М.Жаргалсайханд хаягласан Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2/1428 тоот албан бичигт хийсэн цохолтоор нотлогдож байна.

Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс дүгнэж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн хууль бус гэж үзэж байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Тендерийн үнэлгээний хороо татагдсан бөгөөд уг Тендерийн үнэлгээний хорооны дарга Дашдондог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхад анхан шатны шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6898 дугаар шүүгчийн захирамжаар Тендерийн үнэлгээний хорооны эрх залгамжлагчаар Худалдан авах ажиллагааны газрыг сольсон.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Худалдан авах ажиллагааны газрын дарга нь энэхүү тендерийн үйл ажиллагаа болон Тендерийн үнэлгээний хороонд илт хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх оролдлого хийж байсан нь түүний удаа дараагийн албан бичгүүд дээр хийсэн цохолт, Тендерийн үнэлгээний хорооны дарга нь үнэлгээний хорооноос гарах хүсэлтээ бичгээр удаа дараа гаргаж байсан зэргээр нотлогддог.

Энэ байдал нь Худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хороо нь эхнээсээ ашиг сонирхлын зөрчилтэй байсныг харуулж байгаа. Мөн Худалдан авах ажиллагааны газраас удаа дараа Тендерийн үнэлгээний хорооны даргыг уг хороог төлөөлөх эрх зүйн чадамжгүй талаар хууль бус, үндэслэлгүй албан бичгүүдийг ирүүлж байснаас үзэхэд Тендерийн үнэлгээний хорооны даргыг хүчээр, хууль бусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж эрх, үүргийг нь өөртөө шилжүүлж авах гэсэн санаархал байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн энэхүү хууль бус байр суурийг дэмжих мэтээр Тендерийн үнэлгээний хорооны даргыг хүчээр, хууль бусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж эрх, үүргийг нь сонирхлын зөрчилтэй өөр хариуцагчид шилжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

4. Энэхүү тендер шалгаруулалт нь цахим тендер шалгаруулалт байсан бөгөөд Квом ХХК-ийн зүгээс яг хэдэн хувийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн нь тодорхойгүй байхад харьцуулах үнийг нягтлан шалгаагүй шалгаруулалт явуулсан гэж үзэж байна.

Учир нь тендерийг хүлээж авсан цахим систем дээр 0.2 хувийн хөнгөлөлтийг шивж оруулах боломжгүй байсан гэх хариуцагчийн удаа дараагийн тайлбарууд байдаг бөгөөд Квом ХХК-ийн тендерийн материалаас харахад төсөвт өртгийн ашгийн 5 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр тооцож тендерийн үнийг гаргаж ирсэн байдаг. Хариуцагчийн бололн анхан шатны шүүхийн зүгээс ч энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5. Анхан шатны шүүхээс уг тендерийн төсөв нь 2015 оны төсөвт тусгагдаагүй учир тендер цааш үргэлжлэх боломжгүй учир маргаан бүхий захиргааны акт хууль ёсны байна гэж дүгнэсэн нь хэрэг хамааралгүй, ач холбогдолгүй, нотлогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэрэг хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, хуульд заасан арга, хэрэгсэл, журмаар авагдсан нотлох баримтад үндэслэх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудад бодитой дүгнэлт хийж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

1. Худалдан авах ажиллагааны газрын даргын Үнэлгээний хороо байгуулах тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн барилга-ын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар Тендерийн Үнэлгээний хороо байгуулагдан тендер зарлаж, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тендер нээхэд Гандирс ХХК, Квом ХХК, Наму дэвжих ХХК, Аж констракшн ХХК-ууд оролцсон боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэх үндэслэлээр Тендерийн үнэлгээний хорооноос дахин нээлттэй тендер явуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар тендерт оролцогч Гандирс ХХК, Квом ХХК-уудаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5/2029 дүгээр албан бичигт Татварын ерөнхий газраас Гандирс ХХК болон Квом ХХК-ийг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар татварын өргүй гэсэн байхад оролцогч нарыг татварын өртэй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх нь зүйтэй гэсний дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлж. Квом ХХК-ийг шалгаруулсан байна.

Харин нэхэмжлэгч Гандирс ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцэж байгаа боловч хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчаас тендерт шалгараагүй тухай 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6/1124 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заажээ.

Маргаан бүхий тендерт нэхэмжлэгч Гандирс ХХК 6,879,599,895 төгрөг, гуравдагч этгээд Квом ХХК 6,888,725,989 төгрөгөөс 6,875,507,067 төгрөгийн хөнгөлөлттэй үнийн санал ирүүлсэн нь нэхэмжлэгчийн ирүүлсэн үнийн саналаас бага байна. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн ирүүлсэн үнийн санал хувилбарт үнийн санал байхад шалгаруулсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан тендерийн баримт бичигт хувилбарт үнэ гэснийг хөнгөлөлттэй үнэ болохыг тайлбарлаж, тэмдэглэсэн баримт, гуравдагч этгээдийн хөнгөлөлттэй үнийн хэсэгт бутархай тоогоор орохгүй байсан учир хувилбарт үнийн хэсэгт бичсэн гэх тайлбараар хөнгөлөлттэй үнийн санал ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий тендерийг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээхэд гуравдагч этгээд Квом ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл дуусаагүй, харин 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссан боловч хариуцагч Тендерийн үнэлгээний хороо тендерийг хууль бус үнэлснээс тендерийг дахин үнэлэх шийдвэр гаргасны дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерийг үнэлэх үед гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл сунгуулах асуудлыг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14/14 дүгээр хурлаар дэмжигдсэн байсан зэргээс үзэхэд барилгын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймээс хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос Квом ХХК-ийг шалгаруулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд Худалдах худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6/1124 дүгээр албан бичиг үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 52780 дугаар албан бичгээр Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн барилга-ын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хүчингүйд тооцож, дахин зохион байгуулахыг мэдэгджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заажээ.

Маргаан бүхий тендерийг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээснээс хойш дээрх хуульд заасны дагуу тендерийн хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусахаар байсныг Худалдах худалдан авах ажиллагааны газар 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/694 тоот албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу 30 хоногоор хугацааг сунгасан байна. Тендерийн үнэлгээний хороо тендерийг анх хууль бусаар үнэлсэн, улмаар дахин үнэлэх үнэлгээ хийхдээ хугацаа алдаж шийдвэр гаргасан, уг шийдвэрийг тендерт оролцогч нарт 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр мэдэгдэж, уг шийдвэрт Гандирс ХХК 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргажээ. Хэдийгээр хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагааны улмаас тендер шалгаруулах үйл ажиллагаа удааширсан байх боловч Сангийн яам нэхэмжлэгч Гандирс ХХК-ийн гомдлыг хянах хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул дахин тендер зарлахыг мэдэгдсэн нь үндэслэлтэй байна. Улмаар тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул Худалдах худалдан авах ажиллагааны газраас 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тендерийг дахин зарлажээ.

Нэхэмжлэгчээс тендер шалгаруулалттай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4277 дугаар захирамжаар шүүхээр маргааныг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар дахин зарласан тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэндийн сайдын багцад Говийн бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн барилга-ын хөрөнгө оруулалт ороогүй маргаан бүхий тендер цаашид хэрэгжихээргүй болсон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхийг шүүхээс хамгаалах ёстой.

Харин нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дууссан учир тендерийг дахин явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Гандирс ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, түүнчлэн маргаан бүхий тендерийг дахин явуулах боломжгүй болсон зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН