Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 226

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 462 дугаар магадлалтай, 201626022425 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т.Б нь  2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан”, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж,

Т.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 11 жил хорих ял оногдуулж,

уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 462 дугаар магадлалаар 208 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

ялтан Т.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Биднийг ширээндээ сууж байтал гаднаас 4-5 залуу орж ирээд шууд намайг зодсон. Би юу болоод байгааг ойлгохгүй цохиулаад газар унаад босоход гарт шил баригдсан. Тэгээд айж балмагдсандаа өөрсдөөсөө холдуулах гэж далайсан юм. Гэтэл эхнэр шил шидэх гэж байна гэж бодоод гараас барихад нойтон шил гарнаас гулгаад мултарсан.

Би тэр шилийг хаашаа үсэрснийг хараагүй. Шүүх намайг энэ хэргийг санаатай үйлдсэн бөгөөд уг үйлдлээс хэн нэгэн гэмтэх боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж хийсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Надад болон ойр дотны хүмүүст аюул учруулахаар дайрч байсан хүмүүсээс өөрсдийгөө хамгаалж болиулах л гэж айсандаа шилийг далайсан. Түүнээс биш хэн нэгнийг санаатайгаар гэмтээх, цаашлаад хүний амь насанд хүрэх санаа зорилго огт байгаагүй.

Танихгүй залуучуудын гаргасан болчимгүй үйлдлээс болж ийм хэрэг болсон. Камерийн бичлэгээс үзэхэд манай эхнэр гараас бариад шил гараас мултарч байгаа нь харагдсан. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан.

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” буюу хэрэгт ач холбогдол бүхий гэрч Н-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт тавихад хангахгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориудаар хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Шүүхээс Т.Б-г хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үйлдсэн хэргийн сэдэлт, шинж чанар, хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Тухайн хэрэг болсон баарны бичлэгт Т.Б нь үл таних залуучуудад цохиулаад босохдоо пивоны шил аван гараа дээш өргөхөд түүний эхнэр Нарангуа пивоны шил барьсан гарны ханцуй хэсгээс бариад зууралдахад Т.Б эхнэрийнхээ гарыг тавиулах гэж гараа татахад гарнаас нь пивоны шил мултарч шидэгдэж байгаа нь харагдана. Хэргийн үйл баримт болон камерын бичлэгээс харахад Баасанбат нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч болон өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Т.Б-ын үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэж байна” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүний шидсэн шилэнд хэн нэгэн оногдож гэмтэх байсныг мэдэх боломжтой байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчид хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Т.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Fire” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Г.О-ын толгойн тус газарт пивоны шил шидэж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан,

-мөн 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Fire” нэртэй бааранд пивоны шил шидэж тухайн баарны ажилтан хохирогч Б.У-ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Т.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 11 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь архи ууж согтуурсан үедээ бусадтай маргалдан 2 удаагийн үйлдлээр пивоны шилийг авч шидэн улмаар түүний шидсэн шилэнд хохирогч Б.У, Г.О  нар өртөж Б.У биедээ хөнгөн гэмтэл авсан, Г.О-ийн амь нас хохирсон бөгөөд Т.Б-ын шил шидсэн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд хууль буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтөөс гадна хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж буй эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил хамаарна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хуулиар хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг найман жил болгож тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Т.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй болно.

Иймд Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 462 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д 11 жил хорих ял шийтгэсүгэй.” гэснийг, “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан 11 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг, “2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          ДАРГАЛАГЧ,

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

          ШҮҮГЧ                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН