Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0608

 

  “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээний газрын солбицлыг залруулсныг бүртгэн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэхүү тогтоолыг бүртгэн авахыг даалгах, ХА-018760-001-NE тоот өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-н к, 20 дугаар зүйлийн 20.1, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээний газрын солбицлыг залруулсныг бүртгэн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэхүү тогтоолыг бүртгэн авахыг даалгах, ХА-018760-001-NE тоот өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн захирал Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо: “...Манай компани 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших “Ноён” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэн А*******т өргөдөл гаргаж, ХА-017728-001-NE гэсэн өргөдлийн бүртгэлийн дугаар авсан.

2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бидний хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг Өмнөговь аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэл болгосон байсан. Тухайн өргөдлийн талбай нь төрөөс тогтоосон шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд хамаарч байсан хэдий ч 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр солбицлоо өөрчлөн багасгаж, дахин өргөдөл гаргаж, ХА-018760-001-NЕ гэсэн өргөдлийн дугаар авсан.

Бидний хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/2 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байсан боловч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээний газрын солбицлыг залруулснаар тусгай хэрэгцээний газартай давхцалгүй болсон.

Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоол нь 2015 оны 05 дугаар сарын 18-нд Кадастрын хэлтэст хүргэгдсэн боловч А******* энэхүү тогтоолыг үндэслэлгүйгээр бүртгэж авахгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай бидэнд мэдэгдсэн.

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас “Бидний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших “Ноён” нэртэй талбайг Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/2 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байсан хэдий ч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тусгайн хэрэгцээнд авсан газрын солбицлыг залруулж давхцалгүй болгосон тул А******* солбицлын залруулгыг бүртгэж, манай компанийн өргөдлийг шийдвэрлэх ёстой” гэж маргаж байна.

Хариуцагч А******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор залруулсан гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газрын солбицлыг бүртгэж авахгүй байгаа нь үндэслэл бүхий байна.

Учир нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 /тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “к” /нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх/, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох/-д зааснаар Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах онцгой эрхийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/2 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын солбицлыг өөрчилсөн нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй шийдвэр болжээ.

Тиймээс А******* Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүлээн авч, бүртгэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/2 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхцаж байгаа учир Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй.

Дээрх байдлаар хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрүүд хуульд нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН