Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 84

 

Баян-Өлгий аймгийн

Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, гуравдагч этгээд Т.Ерлан, түүний өмгөөлөгч Я.Сьезд, гуравдагч этгээд Ж.Айнагүл нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0748 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр: 1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5, 2002 оны Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дараах шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай 677 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдүүдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0748 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж/ гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож,” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Айнагүл, Т.Ерлан нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Гуравдагч этгээд Т.Ерлан, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс, /одоогийн Онцгой байдлын газар/ 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших эрхийн 030100086 тоот гэрчилгээгээр 12495  мкв газрыг 30 жилийн хугацаатай  эзэмшиж байгаа гэх боловч газар эзэмшүүлсэн эрхийн акт хэрэгт авагдаагүй, нотлох баримтгүй байхад шүүх газар эзэмшиж байсан гэж үзэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчиж байна.

Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь 1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 2002 оны Газрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлсэн тухай Засаг даргын шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотлох баримтын эх сурвалжийг зааж өгч чадаагүй тул нэхэмжлэгч байгууллагын эзэмшил газрын байршил, хэмжээ тогтоогдоогүй, нэхэмжлэгч мөн эсэх, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг, сонирхол зөрчигдсөнийг тогтоогоогүй байж, нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээс хянан шийдвэрлэсэн нь “хэргийг нэг талыг баримталж” шийдвэрлэснийг илтгэж байна. Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот захирамжаар 4000 мкв талбайтай газрыг Жандана хоршоонд эзэмшүүлэхэд 1994 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 6, 31 дүгээр зүйлийг үндэслэн эзэмшүүлсэн байдаг.

Энэ нь Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа бөгөөд зэргэлдээ байсан Гал түймэртэй тэмцэх хэлтэс /одоогийн ОБГ/-ын ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, тухайн үед хэн ч ашиглаагүй сул чөлөөтэй байсан газар учраас 1994 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан болзол, журам, хэн нэгэн хувь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй учир 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 030100694 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож газар эзэмших гэрээ байгуулсан юм.

Одоогийн байдлаар Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар эзэмшиж буй 4000 мкв газар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүний эзэмшил газарт давхцаагүй, ОБГ болон гуравдагч этгээд болох Ерлан, Дастан нарын эзэмшил газар хоёр талын газрын хилийн заагийг тусгаарласан хашаагаар хамгаалагдсан байдаг нь шүүх мөн мэргэжлийн байгууллага болох аймгийн газрын албаны мэргэжлийн хүмүүстэй хамтарч хийсэн үзлэгийн тэмдэглэлээр батлагдаж байгаа.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. 1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан заалтууд нэхэмжлэлийн шаардлагад огт хамаагүй заалт байна. Мөн 2002 оны Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 3, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримталсан нь нэхэмжлэгчийн шаардлагад огт нийцэхгүй ерөнхий нөхцөлийг заасан заалтууд учир хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн 2002 оны Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасныг баримталсан нь бодит байдалд нийцэхгүй байна.Учир нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга  газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заагаад уг хуулиар 6 төрлийн эрхийг аймгийн Засаг даргад олгосон ба тухайн хуулиар  "Аймгийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх олгоогүй" байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Харин 1994 оны Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д "Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай" шийдвэр гаргах эрх нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал учир Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар "газар эзэмшүүлсэн нь" хууль зөрчөөгүй болно. 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамжаар холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ 1994 оны Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасныг баримтлах байсан.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот захирамжаар 2002 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар "газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх" тухай заасны дагуу хуульд заасан журмыг баримталж шилжүүлсэн байдаг. Энэ үйл ажиллагаанд Газрын тухай хуулийн ямар ч заалт зөрчигдөөгүй болно.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болгож буй Өлгий сумын Засаг даргын 46 тоот захирамж нь 2002 оны 6 дугаар  сарын 27-ны өдөр гарсан ба өнөөдөр 14 жил 5 сар болж байхад Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье.

Гуравдагч этгээд Ж.Айнагүл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг ноцтой зөрчсөн. Давж заалдах шүүхийн магадлал нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, 2005 онд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох нэхэмжлэгч Аймгийн Онцгой байдлын газар нь маргаж байгаа 4000 мкв газрыг 2002 онд хууль ёсоор эзэмшиж байгаагүй анхаарч үзэлгүй  хэргийн үнэн байдлыг санаатай үгүйсгэсэн, нотлох баримт санаатай орхигдуулсан. 

Өөрөөр хэлбэл 2002 онд үүсгэн байгуулагдаагүй байсан хуулийн этгээд аймгийн Онцгой байдлын газрын "тухайн газраа эзэмших эрх, ашиглах эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр" гарсан талаарх анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй.

Учир нь 2005 онд үүсгэн байгуулагдсан аймгийн Онцгой байдлын газар гэгч хуулийн этгээдийн маргаж байгаа 4000 мкв газрыг хууль ёсоор огт эзэмшиж байгаагүй үүнийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

Аймгийн Онцгой байдлын газар анх үүсгэн байгуулагдахад өөрийн бүрэлдэхүүнд 2005 онд орсон хуучин гал түймэртэй тэмцэх хэлтсээс зөвхөн 8495 мкв газар хүлээж авсныг нотлох газрын гэрчилгээ, хэргийн үнэн байдлыг нотлох баримтаар зөв үнэлж шүүхийн эцсийн шийдвэр гаргахад үндэслэл болгохыг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.

Мөн аймгийн Засаг дарга 2002 онд 46 дугаар захирамжийг гаргахдаа аймгийн Гал түймэртэй тэмцэх алба нь нэг ээлжиндээ гал сөнөөгч, жолооч 8 хүн, нийт бие бүрэлдэхүүн нь ердөө 24 хүнтэй зөвхөн гал түймэр унтраах үүрэг бүхий цомхон хамт олон байсан хэргийн жинхэнэ үнэн байдал болон дээрх маргаж байгаа 4000 мкв газар нь 2005 онд 3 байгууллагыг нэгтгэх аргаар шинээр үүсгэн байгуулагдсан аймгийн Онцгой байдлын газрын эзэмшилд 2005 онд огт шилжээгүй, Онцгой байдлын газрын эзэмшил буюу ашиглалтад огт байгаагүй хэргийн жинхэнэ байдлыг шүүхээс санаатай үгүйсгэж, нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг даргад тус тус холбогдуулан 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 дугаар захирамж, 2007 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 0065604 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс “Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан Т.Ерлан нь албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагын газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан” гэх үндэслэлээр маргаж байна.

Онцгой байдлын газар нь 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу “12495 мкв” газрыг эзэмших эрхтэй байсан бөгөөд маргаан бүхий 2002 оны 46 дугаар захирамжаар уг газраас 4000 мкв газрыг хасч, “Жан-дана” хоршоонд шилжүүлж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын хэмжээг 8495 мкв болгон, багасгажээ.

Энэхүү үйл баримтыг нэхэмжлэгч хуулийн этгээд нь байгууллагын даргаар ажиллаж байсан Т.Ерлан ажлаас чөлөөлөгдсөн 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр болон шилжүүлэн авсан 4000 мкв газарт гуравдагч этгээд Т.Ерлан, Ж.Айнагүл нар амьдран сууж, хашаа барьж, тусгаарлан, үл хөдлөх хөрөнгө барих зэргээр ашиглаж байсан үед мэдэх бүрэн боломжтой байжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс “...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдохоор байна” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Онцгой байдлын газар нь Т.Ерланд холбогдуулан иргэний хэргийн шүүхэд газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд энэхүү иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн үйл баримт нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, захиргааны актын хуулийн үндэслэлийг хянан хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох нөхцөл, шалтгаан болж чадахгүй юм.

2004-2013 оны үед нэхэмжлэгч байгууллагын даргаар ажиллаж байсан гэрч Ж.Өмирбекийн “...Т.Ерланыг хуульд заасан журмаар уг газрыг эзэмшдэг байх гэж ойлгосон, энэ талаар гарсан шийдвэрийг үзээгүй..." гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээд нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, холбогдох баримтыг бүрэн гүйцэд судлаагүй нөхцөл байдал нь захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох хууль зүйн үндэслэл биш байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Хэдийгээр гуравдагч этгээд Т.Ерлан нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч энэхүү үйл баримт 2002 онд болж өнгөрсөн, нэхэмжлэгч хуулийн этгээд 2004 оноос хойш мэдэх бүрэн боломжтой байсан, маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьж, улсын бүртгэлд бүртгэгдсэн  өмчлөгчийн эрх хамгаалагдах зарчмыг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй байх тул маргааны бусад үйл баримт, хяналтын гомдолд дурдсан бусад үндэслэлүүдэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно. 

Иймээс гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0748 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 дугаар захирамж, 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0065604 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд нараас тус бүр тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ