Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 614

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00496И

 

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хэнтий аймгийн Н-д холбогдох

“Нийлүүлсэн бараа материалын үнэ 11 281 742 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагч Хэнтий аймгийн Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ийн 2013-2014 оны бараа бүтээгдэхүүн, материал ханган нийлүүлэх тендерийг манай Б ХХК Эрүүл мэндийн газрын даргын №11 тоот тушаалаар сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн, материалыг цаг тухайд нь нийлүүлж байсан. Н нь дэлгүүрээс зээлж авсан материалын зээлийн үлдэгдэл тооцоог одоог хүртэл төлөөгүй. Удаа дараа шаардаж албан тоот нэхэмжилсээр өнөөг хүрсэн. Манай нутгийн дэлгүүрийн бараа материалын тооцооны үлдэгдэл 11 281 742 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сар хүртэлх 2 жилийн хугацаанд 56 сая төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Үүнээс 11 281 742 төгрөг төлөгдөөгүй үлдсэн юм. Үүнд замаск, цемент, будаг, резнин бээлий, хогийн хувин, сав, гэрлийн утас, гэрэл, билк, разетка гэх мэт бараа материалуудыг нийлүүлдэг байсан гэжээ. (хх-ийн 1х)

Хариуцагч Хэнтий аймгийн Н-ийн дарга Л.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Н-ийн бараа материалын үнэ болох 2013-2014 оны үед үүссэн өр 11 281 742 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ талаар санхүүгийн балансад тусгаагүй гэжээ. /хх-ийн 17х/ 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх нягтлан бодогч надад ажлаа өгөхдөө Б ХХК-аас нийлүүлсэн бараа материалын хэдэн падаан өгсөн. Ажил хүлээлцэхдээ өгсөн. 7 сая гаруй төгрөгийн падаан байсан. 4 сая гаруй төгрөгийн падаан байхгүй байсан. Тухайн үед ажиллаж байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Одоо бол Б ХХК манай Н-т бараа материал нийлүүлж байгаа. Тухайн ажиллаж байсан хүмүүс нь тооцоо нийлсэн учраас үнэн байх гэж бодож байна. Манайх энэ жилийн төсөв байхгүй байгаа. Ер нь болно энэ мөнгийг төлнө гэв. 

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК-нь Хэнтий аймгийн Н-д холбогдуулан “нийлүүлсэн бараа материалын үнэ 11 281 742 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Б ХХК-нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас зарласан тендерийн дагуу Хэнтий аймгийн Н-д бараа ханган нийлүүлэх нээлттэй тендерт шалгарч 2013 оноос одоог хүртэл бараа, материал ханган нийлүүлдэг болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Б ХХК-нь хариуцагч Хэнтий аймгийн Н-тэй тендерийн дагуу бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хуулбар /хх-ийн 8х/-аар тогтоогдож байх ба 2016.12.31-ний өдрийн байдлаар хариуцагч Хэнтий аймгийн Н нь Б ХХК-д 11 281 742 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгааг тус байгууллагын нягтлан бодогч Б.Б хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх-ийн 9х/, гэрч Б.Б:... Хэнтий аймгийн Н нь 2013-2014 онд Б ХХК-аас аж ахуйн материал, барилгын материал, хүнсний материал худалдан авч байсан. Намайг нягтлан бодогчоор ажиллах байх хугацаанд 2015-2016 онд Б ХХК-аас 3 удаа өр барагдуулах талаар албан бичиг ирж байсан. Нэгдсэн эмнэлгийн тухайн үеийн удирдлага болох О, сүүлд болсон М дарга нарт энэ талаар танилцуулж байсан...Тухайн үед Б нутаг ХХК-ийн худалдагч, нярав нартай миний бие нь нярав Түвшинбаярын хамт тооцоо нийлж, 2013-2014 оны баримтыг үзэж, тулгалт хийж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х/, гэрч Ш.С-ийн:.Би 2013 оны 12 дугаар сараас Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хэнтий аймгийн Н нь 2013-2014 онд Б ХХК-аас худалдан авах гэрээ болон тендерийн гэрээний үндсэн дээр аж ахуйн материал, урсгал засварын материал, хоол хүнсний материал худалдан авч байсан. Манай байгууллагад төсвийн зарлага хүрэлцэхгүйн улмаас өр авлага үүсч байсан...2016 онд зардал бүлэг хоорондын зохицуулалт хийлгэж Б ХХК-ийн өглөгийг барагдуулахаар гүйлгээг бэлдэж түр орлон гүйцэтгэгч Э дарга, М дарга нарт гарын үсэг зуруулахаар орсон боловч..гүйлгээ хийх боломжгүй гээд гарын үсэг зураагүй. 2016 онд өр авлагыг барагдуулах бүрэн боломж байсан. Би ажил хүлээлцэж өгөхдөө ерөнхий нягтлан бодогч Э-д баримтуудыг хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 33-35х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

          Иймд нэхэмжлэгч Б ХХК-аас 2013.02.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тендерийн дагуу хариуцагч Хэнтий аймгийн Н-д нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр 11 281 742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

          Дашрамд хариуцагч Хэнтий аймгийн Н нь улсын төсөвт байгууллага тул нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас шүүх чөлөөлөх нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Н-ээс 11 281 742 /арван нэгэн сая хоёр зуун наян нэгэн мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  225 950 /хоёр зуун хорин таван мянга есөн зуун тавь/ төгрөгийн 195 458 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 30 492 /гучин мянга дөрвөн зуун ерин хоёр/ төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж Б ХХК-д, хариуцагч Хэнтий аймгийн Н-ээс 195 458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д тус тус олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь улсын төсөвт байгууллага тул 195 458 /нэг зуун ерин таван мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийн нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлсүгэй.

  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР