Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00093/И |
Дугаар | 616 |
Огноо | 2017-11-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00093/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... оршин суух, иргэн Д.Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. оршин суух, иргэн С.Ж, Н.Х нарт холбогдох
“Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 96-47 УБВ улсын дугаартай Исузу маркийн ачааны автомашиныг хариуцагч С.Ж, Н.Х нарт буцаан өгч, /үнээ 4, тугал 3, бяруу 1/ нийт 8 тооны үхэр буюу 4 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Ж, Х.Х нараас ИСУЗУ 96-47 УБЕ улсын дугаартай автомашиныг нь худалдан авахаар амаар тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр наймаа хийж машины үнэ болох 3 500 000 төгрөгт тохирох мал болох нийт 5 тооны халиун сартай халзан эр тугалтай үнээ, улаан эрээн оодон улаан халзан эм тугалтай үнээ, улаан алаг ууцаараа улаан халзан эр тугалтай үнээ, сартай хар эрээн шүдлэн, улаан халзан шүдлэн зэргийг өгсөн. Тухайн үед С.Ж, Х.Х нар нь манай машин асуудал байхгүй сайн машин гэж хэлсэн. Уг машиныг Биндэр сумын 3 дугаар багт оршин суух З.Э гэдэг залуу манай гэрт 2015 оны 12 дугаар сарын 04-нд авчирч өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа миний худалдаж авсан машин асаагүй өнөө хүрч байна. Би С.Ж, Х.Х нарт машин чинь болохгүй байна, наймаагаа буцъя гэхэд засаж өгнө, сэлбэг авч өгнө гэж анх хэлж байсан боловч уг машиныг засаж сэлбэж өгөхгүй байна. Мөн тухайн үед машиныг өгөхдөө бичиг баримтыг нь удаахгүй нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн өнөөдрийг хүртэл шилжүүлэхгүй байна. Чиний өгсөн малыг зарж үрээд дуусгачихсан. Үлдсэн байсан тугалтай үнээг нь чоно идчихсэн гэж хэлсэн. Би 4 тугалтай 4 үнээнийхээ нэг тугалыг нь авчихсан байгаа. Намайг очиход 2 тугалтай үнээ, 1 бярууг махлаад хот аваад явчихсан байсан. Үлдсэн 2 үнээ, 1 тугалыг нь чоно идчихсэн гээд загнаад байсан. Тэгээд кузов өргөгчнийхээ үнэ хөлсөнд өгч байгаа гээд нэг тугалыг маань өгсөн. Ийм байдлаар байнга худлаа ярьж намайг хууран мэхэлж байна... Иймд. Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 96-47 УБВ улсын дугаартай Исузу маркийн ачааны автомашиныг хариуцагч С.Ж, Н.Х нарт буцаан өгч, /хх-ийн 1х, 38х болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар/
Хариуцагч С.Ж, Н.Х нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э нь анх манай машиныг авъя. Танай машины сайныг мэдэх учраас авах хүсэлтэй байна гэж анх надтай утсаар ярьсан юм. Бид хоёр Э-ыг мэддэг мөн аавтай нь ойр дотно байдаг учраас уг хүсэлтийг нь хүлээж аваад зөвшөөрсөн юм. Бид хоёр хэлж байсан манай машин аккумляторгүй, кузов өргөгч нь эвдэрчихсэн гэж хэлсэн. Тэгэхэд би танай машиныг мэднэ. Би өөрөө солино гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр Э-ыг машин сайн мэддэг юм чинь манай машиныг хөдөлгөөд аваад явах нь гэж бодож байсан. Нөхөр бид хоёр чи өөрөө авах гэж байгаа юм уу гэж Э-аас хоёр удаа асуусан. Тэгэхэд тиймээ гэсэн. Хэрвээ өөр хүн авах гэж байгааг мэдсэн бол бид хоёр ийм бага үнээр машинаа зарахгүй байсан. Манай машин сайн япон машин байгаа юм. Ингээд үнэ хөлсний тухайд Э нь 4 тугалтай 4 үнээ, 1 бяруу өгөөд үнээ тохиролцъё гэсэн бид уг үнийг нь зөвшөөрсөн. Монвет гээд засварын газарт кузов өргөгч нь байсан. Нэхэмжлэгч тал үнэтэй байсан гэж ярьж байгаа. Энэ бол худлаа. Ингээд Э, У гэдэг хүнтэй цагаан машинтай ирээд манай машиныг авч явсан. Бид Э-т машинаа зарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-ийн 50-51х болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д ахад моссттой ачааны машин Х-д байна. Та авах юм уу гэж эхэлж хэлсэн юм. Д ах нь машин авна гэж ярьдаг байсан юм. Би УАЗ-469 машинтай юм. Миний тэр машинаар хадлан өвсөө ойртуулдаг юм. Тэгээд энэ хүнд нэг тус болчих юмсан гэж санаад би Ж, Х нарын машиныг өмнө нь гайгүй байсан болохоор нь хэлсэн юм. Би уг машины юу нь эвдэрсэн яасан талаар нь мэдэхгүй, зүгээр япон тэрэг гайгүй машин байсан болохоор нь зарна гэж байсан тухай хэлсэн. Кузов өргөгчгүй, аккумляторгүй машин байсан. Ингээд Д ах бид хоёр анхны цас орсон өглөө очиж Хаш-Эрдэнийн хашаанд байгаа машиныг очиж харсан. Д ах хараад болно авъя гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 4 тугалтай 4 үнээ, 1 бяруу тууж аваачиж Х-тэй уулзсан. Х ах машинаа асааж өгнө гэж хэлсэн боловч тэр өдөр асааж өгөөгүй. Тэгээд би У-ыг гуйж машиныг нь чирч аваачсан. Анх Х ах надад хэлэхдээ кузов өргөгч нь Монвет гээд засварын газар 80 000 төгрөг гээд хямдхан байдаг гэж хэлсэн. Тэгээд би тэр засварын газарт нь очоод асуухад 80 000 төгрөгийн кузов өргөгч гэж юу байдаг юм доромжлоод байна уу гэсэн. Кузов өргөгч нь 1м 05 см, 1 м 10 см гэж хоёр янз байдаг юм билээ. 1 м 10 см нь элбэг байдаг гэсэн 1м 05 см гээд моссттой машиных нь болохоор ховор олдохгүй юм билээ. Бид нар зөндөө явж хайсан олдохгүй юм билээ. Д ахын өмнөөс би наймааг нь ярьж өгсөн нь үнэн..хүний үхэр малыг авч оччихоод хоосон буцаж очих нь эвгүй байсан тул автомашиныг чирээд аваад явсан. гэжээ. /хх-ийн 66х болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар/
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Д нь С.Ж, Н.Х нарт холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 96-47 УБВ улсын дугаартай Исузу маркийн ачааны автомашиныг хариуцагч С.Ж, Н.Х нарт буцаан өгч, /үнээ 4, тугал 3, бяруу 1/ 8 тооны үхэр буюу 4 500 000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харин хариуцагч С.Ж, Н.Х нарын хувьд бид анхнаасаа автомашиныг З.Э-т л авья гэж ирэхээр нь худалдсан. Д.Д-г мэдэхгүй, түүнтэй автомашиныг худалдах талаар ярьсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Д нь өөрийн дотно харилцаатай, нутгийн дүү болох энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа З.Э-т ачаа ачих боломжтой гайгүй сайн машин байвал авна шүү, мэдэж байгаарай гэж захиж байсан бөгөөд З.Э нь хариуцагч С.Ж, Н.Х нарт ачааны гайгүй сайн япон автомашин байна гэж санал болгож, ярилцсанаар Н.Х-н хашаанд байсан дээрх автомашиныг эздэд нь мэдэгдэлгүйгээр тэд өөрсдөө биечлэн очиж үзэж хараад уг автомашиныг худалдаж авахаар тохирсон болох нь нэхэмжлэгч Д.Д болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Э нарын шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Гэхдээ нэхэмжлэгч Д.Д нь уг автомашиныг худалдан авахаар хариуцагч С.Ж, Н.Х нартай өөрөө биечлэн яриа хэлцэл хийгээгүй байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Э-ыг машин тэрэг мэдэх, хариуцагч нарыг таних хүний хувиар, нөгөөтэйгүүр өөрөө яривал автомашины үнэ ханш нэмэгдэж болзошгүй гэж бодсоны улмаас 96-47 УБВ улсын дугаартай Исузу маркийн ачааны автомашиныг өөрөө худалдаж авах гэж байгаагаа хариуцагч нараас нууцлан З.Э-ыг уг автомашиныг худалдаж авч байгаагаар гар утсаар хариуцагч нартай яриулан улмаар үнэ хөлсийг нь тохиролцуулан 4 тугалтай үнээ, 1 бяруу нийт 9 тооны малаар худалдан авахаар болж энэ дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Э-нь 2015.12.04-ний өдөр хариуцагч Н.Х-, С.Ж- нар дээр Д.Д-гийн өгч явуулсан малыг тууж очиж өөрөө наймаа хийж байгаа гэж хариуцагч нарт ойлгуулан Исузу маркийн ачааны автомашиныг худалдан авах хэлцлийг хийж, үхрүүдийг хариуцагч нарт өгч аккумляторгүй, ачааны кузов өргөгч нь ажиллахгүй болсон, хариуцагч нарын өмчлөлд албан ёсоор шилжээгүй автомашиныг чирж авч явж нэхэмжлэгч Д.Д-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Д- болон хариуцагч С.Ж-, Н.Х- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хэлцэл огт хийгдээгүй байна.
Иргэн Д.Д- нь аливаа нэг иргэний эрхзүйн харилцааг үүсгэх гэрээ хэлцэлд өөрийгөө бусдаар төлөөлүүлэх эрхтэй боловч энэ маргааны хувьд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Энхбаатарыг Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төлөөлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Дашрамд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Э-ын хариуцагч С.Ж-, Н.Х- нартай 2015.12.04-ний өдөр доголдолтой байсан Исузу маркийн ачааны автомашиныг худалдах-худалдан авахаар хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн байна гэж үзэхээр боловч нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлага үүнээс өөр байгаа тул хариуцагч нар болоод бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг буруутгах, хариуцагч нараас мал буюу мөнгийг гаргуулах боломжгүй байна.
Нэхэмжлэгч Д.Д- нь бодит байдал дээр хариуцагч нартай автомашин худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг биечлэн хийгээгүй тул байгуулагдаагүй, хийгдээгүй гэрээ хэлцлээс татгалзах тухай түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Д.Д-гийн автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 96-47 УБВ улсын дугаартай Исузу маркийн ачааны автомашиныг хариуцагч С.Ж-, Н.Х- нарт буцаан өгч, үнээ 4, тугал 3, бяруу 1, нийт 8 тооны үхэр буюу 4 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн мөнгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Д-гийн “96-47 УБВ улсын дугаартай Исузу маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч С.Ж-, Н.Х- нарт уг автомашиныг буцаан өгч, үнээ 4, тугал 3, бяруу 1, нийт 8 тооны үхэр буюу 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89 650 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР