Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1048

 

 

 

 

 

 

 

            

        2021          10            15                                         2021/ШЦТ/1048

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Р.Чинбаа

насанд хүрээгүй гэрч М.М, хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Г-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0313 90776  дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ын Л- нь Монгол Улсын иргэн, 1954 оны 6 дугаар  сарын 27-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, “Шуув моунтайн” ХХК-нд зогсоолын гэрээт ажилтнаар ажилладаг, ам бүл-2, эхнэрийн хамт хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Л нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10  дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины мөнгөө өгсөнгүй гэх шалтгааны улмаас иргэн Д.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь зүүн уушгины няцрал, гялтангийн хөндийд 8,9,10,11 дүгээр хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, сээрний 9 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хөмсөг, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:

 

            Шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. Намайг гүтгэж байна. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр машинтайгаа авто зогсоол дээр ажлаа хийж байхад 16 цагийн орчимд миний жолоодон явсан 33-47 УНВ улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгсэлд хүн суусан байж байхад энэ хохирогч ирж суусан. Хүн суусан байна, давхар хүн авч явахгүй гэж хэлэхэд хохирогч “миний бие муу байна, би гэмтэл авсан, намайг хурдан гэрт хүргэж өг” гэж хэлсэн. Ингээд өмнө суусан байсан хүн машинаас бууж, би хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн. Гэрийнх нь гадаа очиход хашааны хаалга нь онгорхой байсан. Би машинтайгаа хашаанд нь орж сигнал дарахад ач хүү нь гарч ирж эмээгээ авсан. Тухайн үед хохирогч өөрөө бууж чадахгүй, явж чадахгүй, ач хүү нь сугадаж машинаас буулгасан байсан. Цар тахлын үе байсан учраас би машиныхаа дотор талд плионк татсан байсан, би машинаасаа буугаагүй. Надад ач хүү нь 1500 төгрөг өгсөн. Ач хүү нь  хохирогчийг аваад явсан. Тухайн үед ийм үйл явдал болсон. Ач хүү нь эмээгээ авч үлдэж, би хашаанаас нь ухарч гарсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

            Хохирогч Д.Б мэдүүлэхдээ: Би “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд жимсний худалдаа эрхлээд 20 орчим жил болж байна. Тухайн өдөр охины хамт “Барс” захаас жимсээ авч, жижиглэж уутанд хийж өгчхөөд 12-13 цагийн орчимд өөрийн охиныг хүргэний хамт лангуу дээр үлдээсэн. Өглөөний орлого болох 20.000 орчим төгрөгөөр бага зэрэг хүнсний зүйл авчхаад гарч ирэхэд манай хажуугийн лангуун дээр зогсдог хүний найз нь ирчихсэн 1 шилтэй архи задлаад ууж байсан. Намайг очиход “та гэртээ харих юм чинь 2 татчихаад яв” гэж хэлээд нэг удаагийн аяганы талаар хоёр удаа надад архи хийж өгсөн. Түүнийг уусны дараа манай хүргэн намайг Баянхошууны автобусанд суулган өгсөн. Автобусанд жолоочийн ард талын суудал дээр суулгаж өгөөд буусан. Намайг Баянхошууны эцсийн буудал дээр бууж, таксины зогсоол дээр ирэхэд машин байхгүй байсан. Би 2 тортой хүнд зүйл барьсан байсан тул тортой эд зүйлээ газар тавиад, замын хашлага дээр машин хүлээгээд сууж байхад 2 машин ирж, миний өмнө хүлээж байсан хүмүүсийг авч явсан. Үүний дараа шүүгдэгч энэ хүн машинтайгаа ирэхэд нь би машиных нь арын хаалгыг онгойлгож суугаад “Чонотой” дэлгүүр явна гэж хэлээд явсан. Гэрийнхээ гадаа очоод “би гэр рүүгээ орж хүүхдээрээ мөнгө гаргуулая” гэж хэлтэл шүүгдэгч энэ хүн миний гар цүнхнээс татаж, “мөнгөгүйн бол яах гэж суудаг юм” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “гэртээ ороод хүүхдэд мөнгө өгөөд гаргая” гэж хэлээд машиных нь хаалгаар 2 хөлөө буулгаад тортой юм аа аваад эргэх гэтэл шүүгдэгч машинаасаа бууж ирж, миний толгой руу цохиж, духны баруун хэсэг рүү цохисон. Энэ үед би толгойгоо дарж, арын  суудал руу налтал миний нуруу руу 3 удаа цохисон. Би дуугарах гээд дуугарч болохгүй, амьсгаа авч болохгүй болсон. Энэ үед шүүгдэгч энэ хүн машины хаалгаа хааж, манай хашаанд орж сигнал дарахад ач хүү М.М гарч ирж намайг авсан. М.М намайг машинаас буулгаж, түшээд гэр рүү явж байхад би “эмээгийнх нь зүүн хавирга өвдөөд байна” гэж хэлсэн. Ингээд М.М намайг гэрт оруулж хэвтүүлсэн. Хэвтэж байхад улам их өвдөж, амьсгаа авч чадахгүй байсан тул хүүхдүүдээ дуудаж, эмнэлэгт очсон. Гэртээ ороод ач хүүдээ таксины жолооч намайг зодчихлоо, хавирга өвдөөд байна гэж хэлсэн. Шүүгдэгч энэ хүн зогсоол дээр ирээд намайг машиндаа суулгасан. Машин дотор нь ямар нэгэн хүн байхгүй байсан. Энэ хүнд  таксины мөнгийг нь өгөөгүй, авалгүй явсан. Надад 4 удаа мэдээ алдуулах тариа хийсэн болохоор анх хохирогчоор мэдүүлэг  өгч ярьж чадахгүй байсан. Болсон үйл явдлыг санаж байгаа. Энэ хүнд зодуулснаас болж томографикийн зураг авахуулахад дотуур цус алдаж байна гээд хагалгаанд орсон. Суганы доогуур хагалуулж 1 литр орчим цус гарсан. Түүнээс хойш дахин цус алдаж нийт 3-4 удаа хагалгаанд орсон. Би эмч надад 4 хавирга хугарснаас хоёр нь 2-3 удаа хугарсан байна гэж хэлсэн. Мөн миний дэлүүг авсан гэж хэлсэн. Эмч надад та өндөр настай, олон удаа хагалагаанд орлоо, бие сайтай хүн юм гэж хэлж байсан. Миний насны хүн  худал хэлэхгүй. Хохирлоо нэхэмжилнэ. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

            Насанд хүрээгүй гэрч М.М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлголлоо. Мэдүүлэг өгнө. Гэрийн гадаа машины сигнал дугарахаар нь гарахад эмээ Д.Б ирж байсан. Эмээг машинаас буулгаж авсан. Би таксины жолоочид мөнгө өгөөгүй. Надад мөнгө байгаагүй. Эмээ ч бас жолоочид мөнгө өгөөгүй. Эмээг машинаас буулгахад царай нь сонин болчихсон, хавиргаар өвдөөд байна гэж хэлсэн. Эмээг гэмтлийн эмнэлэг явсаны дараа таксины жолоочид зодуулсан гэдгийг нь мэдсэн” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2008 0313 90776 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан болон бусад цугларсан нотлох баримтууд:

 

1. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 20 минутад Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, оёдлын үйлдвэрийн 14-23 тоот хашааны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

2. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Бг оролцуулан гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

 “...таниулахаар оруулах гэж байгаа Лодоншарав, ижил царай зүстэй мөн 5 хүний гэрэл зургийг А4 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр зургийг байрлуулахаар болж дээрх хүмүүсийн зургийг хөндлөнгийн гэрч нараар өөрсдийн сонгосон дурын байрлалд байрлуулж улмаар 1-6 хүртэл тоог сонгож өгөхийг хүссэн ба Г.Лын зургийг 3 гэсэн дугаарт байрлуулав. Үүний дагуу хөндлөнгийн гэрч нар гэрэл зургуудыг өөрсдийн сайн дураар байрлуулсныг А4 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр хэвлэн гаргаж зурагны доод талд дугаарыг цифрээр тэмдэглэж таниулах зургийн үзүүлэлтийг үйлдсэн. Хохирогч Д.Бд 6 хүний гэрэл зургийг үзүүлж, таны мэдүүлэгт дурдсан таныг зодсон хүний зураг эдгээр хүмүүс дотор байна уу хэрэв байвал та зурагны дээд талд нь байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдэгээр таньж байгааг хэлнэ үү гэхэд хохирогч Д.Б нь 3 дугаарт байгаа сонгогдсон Г.Лын гэрэл зургийг зааж таксины жолооч хүн мөн байна, би хараад таньж байна гэж заасан” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

 

3. 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Г.Ишгомбоос хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн таксины зогсоолын ертөнцийн зүгээр зүүн талын боржур дээр улаан өнгийн цамцтай, хар өнгийн үстэй, үсээ боосон, хар өнгийн өмдтэй, доогуураа түрийтэй хар өнгийн гуталтай хажуу талдаа цагаан өнгийн тортой эд зүйл барьсан эмэгтэй хүн сууж байх ба түүний хажууд саарал өнгийн Тийда маркийн машин өнгөрч байгааг харуулав. Уг тээврийн хэрэгслийн хойноос ....саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зөрж буй, дараа нь цагаан өнгийн “Королла” маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод тухайн эмэгтэй хүн хоёр гартаа цагаан өнгийн тортой эд зүйл барьж машины хойд хаалгаар орж сууж байгааг гэрэл зургаар харуулав. Хөдөлсөний дараа Лодоншаравт суулаа гэж яриа өгүүлсний дараа машин хөдлөөд зогсоолоос гарч буй бичлэг байгаа” тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/ болон уг бичлэгийг эд мөрийн баримтаар тоосон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дүгээр тал/

 

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ишгомын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

            “...2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим манай бага хүргэн Отгонбаяр над руу яриад ээж Батбуян гэмтлийн эмнэлэг дээр байна хүрээд ир гэсэн. Тухайн үед эмнэлэг дээр очиход томографикийн зураг авахуулж байсан. 23 цаг 30 минутын үед хариу гарна гээд хүлээсэн. Тэр хооронд цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Тухайн үед намайг очиход манай ээж юм ярих тэнхэлгүй, биеийн байдал нь тааруухан байсан. Тэгээд бага хүргэн Отгонбаяр руу манай том ахын хүү Мөнгөнхүү эмээ амьсгалж чадахгүй байна гэж ярьсан байсан. Отгонбаяр очиход ээж нь таксины жолоочид зодуулсан, намайг хойд хаалга онгойлгоод өшиглөөд байсан гэж хэлсэн. Таксины мөнгөгүй юм бол яах гэж такси барьсан юм бэ гээд өшиглөөд байсан гэж хэлсэн. Манай ээжийн зүүн хавирга, хойд талаасаа алга дарам том хөхөрсөн, зүүн хөмсөг нь хөхөрсөн, биеийн байдал тааруу байна. Манай ээж 8 дугаар үеийн хавирга хоёр хугарсан байхад нь хадсан, хавирга нь хугарахдаа уушгийг нь хатгасан байх гэж ерөнхий үзлэг хийсэн. Түүний дараа дотуур цус алдаад дахин хагалгаанд ороод гарч ирэхдээ уушги зүгээр байна, нуруу дагасан артерийн судас тасарсан байна гээд хагарсан судсыг тогтоох зорилгоор дахин хагалгаанд орсон. Дараа нь цус нь тогтохгүй болохоор 8, 9 дүгээр хавиргыг тайрч аваад нурууны гол артерийн судсыг түлж тогтоосон. Түүний дараа дахин дотуур цус алдаад нийт 4 литр гаруй цус алдсан байсан. Буруутай этгээдийг олж тогтоож хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

 

            5. Хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

            “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Бөмбөгөр худалдааны төв дээр манай төрсөн охин Ренчингийн хамт жимс ногоо зардаг юм. Охины нөхөр 11.00 цагийн үед ажлаасаа ирсэн. ...Манай хажуу талд зогсдог Улаанаа гэж 30 орчим насны эмэгтэй, Буяа эгч та харих юм чинь хоёр татчихаад яв гэж хэлсэн. Би нэг удаагийн дүүрэн шахуу хоёр удаа уусан. Тэгээд манай хүргэн Шинэболд намайг автобусанд суулгасан. Би Баянхошууны эцэс дээр ирээд таксины зогсоол дээр такси хүлээгээд нэлээн удаан зогссон. Тэр үед цагаан өнгийн жижигхэн машинтай /улсын дугаарыг хараагүй/ явах юм уу гэж урд талын хэсэг нь бага зэргийн саравчтай малгай өмссөн эрэгтэй хүн асуухаар нь явна гэж хэлээд суусан. Би Чонотой дэлгүүрийн ар талаар нь тойроод оёдлын арын байшин шүү гэж хэлсэн. Би явж байх замдаа гэртээ очоод мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэр үед жолооч надтай юм яриагүй. Манай хашааны гадаа эргэж зогсоод сигналдахаар нь би гэртээ ороод мөнгийг чинь өгчихье гэж хэлтэл миний хажуудаа үүрч байсан цүнхнээс эргэж хараад татахаар нь би эсэргүүцсэнээ санаж байна. Нэг мэдсэн манай ач хүү намайг сугадчихсан суганы доогуур өвчин оргиод байсан. Би автобуснаас буухдаа хоёр тортой юмаа бариад зүгээр байсан. Харин гэрийн гадаа ирэхэд миний биеийн зүүн талын хэсэг нь өвчин болчихсон байсан. Тухайн таскин дотор жолооч бид хоёроос өөр хүн байгаагүй. Би архи уугаад согтсон байсан болохоор намайг цохиж байсныг санахгүй байна. Миний зүүн уушгинд няцрал, 8, 9, 10,11 дүгээр хавирга хугарсан. ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

 

            Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: “... 15 цаг өнгөрч байхад хүргэн Шинэболд автобусанд суулгаж өгсөн. Би жолоочийн ар талын суудалд суусан. ...Баянхошууны эцсийн автобусны буудал дээр буусан. Тортой юмаа бариад таксины зогсоол руу явсан. Зогсоол дээр машин байгаагүй. Би замын боржур дээр сууж такси хүлээсэн. Сууж байхад ар араасаа хоёр машин ирсэн. Таксины үүдний зогсоолын хэсэгт гар өргөсөн хүнийг аваад явсан. Гуравдахь машин миний дэргэд ирээд зогссон. Цагаан өнгийн жижиг машин байсан. Би машин руу харахад жолоочийн талын цонх онгорхой байсан. Хар өнгийн кепкин малгай өмссөн, 60 гаран насны болов уу гэмээр миний үеийн хүн харагдсан. Би машины баруун талын хойд хаалгыг онгойлгож тортой хүнсээ машины арын зүүн талын талын суудал дээр тавиад баруун талын арын суудалд суусан. Чонтой дэлгүүр орно гэж хэлээд хөдөлсөн. ...Би хашаагаа зааж өгөөд хашааны үүдэнд зогссон. Би гэртээ ороод хүүхдээр мөнгө гаргуулаад өгье гэж хэлээд тортой зүйлээ аваад буух гэтэл жолооч эргэж хараад мөнгөө өг, мөнгөгүй юм бол яах гэж суусан юм гэж хэлээд миний хажуудаа үүрсэн байсан жижиг бор цүнхнээс татаад зулгаасан. Би дахин хүүхдээрээ мөнгө гаргуулаад өгье гэж хэлээд буух санаатай машины хаалга дотроос онгойлгоод тортой зүйлсээ атгаад буух гэж байтал жолооч бууж ирээд миний духны баруун хэсэг рүү гараараа их хүчтэй нэг удаа цохисон. Би гэнэт толгой манараад зүүн гараараа цохиулсан духаа дараад машинаас буух гэж байсан чиглэл буюу баруун харсан доошоо тонгойсон. Гэтэл тэрхэн зуур миний зүүн талын суганы доод хэсэг хавирга орчимд маш хүчтэй цохисон. Би амьсгалж чадахгүй гэнэт амьсгал түгжигдсэн. Энүүхэн хооронд яг тэр газраа 1-2 удаа цохисон. Нийтдээ 3 юм уу 4 удаа цохисон. Шоконд ороод бас толгой манараад доош бөхийсөн чигээрээ өвдөөд эвхэрсэн байх үед гэнэт машин хөдлөх шиг болсон. Жолооч машиныхаа сигналыг дугаргаад байсан. Би өндийгөөд дээшлээд хартал манай хашаа руу орж зогссон байсан. Энэ үед манай ач хүү Мөнгөнхүү гэрээс гарч ирээд намайг буулгаад миний тортой юмыг авсан. Би Мөнгөнхүүд намайг цохисон талаар хэлээгүй. Айх гайхах зэрэгцээд шоконд орсон байсан. Жолооч надаас мөнгө аваагүй буцаад хашаанаас гараад явсан. Би гэртээ ороод шууд орон дээрээ хэвтсэн. Мөнгөнхүү жаахан хүүхэд болохоор би эхэндээ юу ч хэлээгүй.  30 орчим минут орон дээр хэвтсэн. Гэтэл хөдлөхөөр зүүн тал маш их өвдөөд байсан. Ингээд хүү рүүгээ утсаар ярьж хэлээд дуудсан. Хүү ирээд шууд гэмтлийн эмнэлэг явсан. Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 4 удаа норкозтой хагалгаа хийлгэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэмтлийн эмнэлгээс гэртээ гарсан. Би зодуулаад их өвдөлттэй эмнэлэгт шокын байдалтай байсан. Дараа нь эмнэлгээс гараад 10 гаруй хонож байхад цагдаагаас ирж асууж байсан. Тэр үед хэвтэрт, өвдөлт ихтэй, 4 удаа норкозонд орсон байсан болохоор болсон явдлын талаар зарим зүйлийг мартаж санаад байсан. Одоо бол би болсон зүйлийг нэгт нэгэнгүй сайн санаж байна. Би улаан өнгийн нимгэвтэр ноосон цамцтай, хар өнгийн өмдтэй явсан. ...Гэнэт тийм хүнтэй таараад ингэж цохиж зодуулсандаа маш их гомдож байна. Залуу хүн биш настай ойролцоо насны хүн ингэсэнд их гомдолтой байна. Настай хүн байж хүнийг ийм байдалд хүргэчихээд эмнэлэгт олон удаа хагалгаанд орж үхээд сэхээд байхад нэг ч удаа яагаа бол гэж ирж сураагүй. Энэ хүнд үнэхээр их гомдолтой байна. Хэдэн хүүхдийнхээ хүчинд амьд гарлаа. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

             

6. Гэрч Ц.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бөмбөгөр дээр байхад найз нэг шил архи авчраад бид ууж байсан юм. 14 цаг өнгөрч байхад Батбуян эгч явлаа гэж хэлэхээр нь та одоо харих юм чинь гээд 50 төгрөгийн цаасан аяганы талаасаа доогуур архинаас хоёр удаа хийж өгсөн. Батбуян эгч уучихаад хоёр тортой юмаа бариад түүний хүргэн автобусанд суулгаж өгөхөөр явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

 

7. Насанд хүрээгүй гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байсан. Гадаа машины сигнал дуугарах шиг болсон. Би гадаа гарч ...цагаан өнгийн Королла маркийн /улсын дугаарыг хараагүй/ машин дээр очсон. Эмээг ирж байна гэдгийг мэдсэн. Яагаад гэвэл эмээ дандаа таксигаар ирдэг юм. Жолоочийн хойд хаалгыг онгойлгоод эмээгийн хоёр тортой юмыг нь авсан. Эмээг өргөөд буулгасан. 2-3 алхтал эмээгийн хавирга өвдөөд байна гэж надад хэлсэн. Би жолоочийг нь хартал барайгаад сонин царайлаад сууж байсан. Тэгэхээр нь би эмээг түшээд гэрт нь оруулсан. Эмээг оруулчаад би шууд өөрийнхөө гэрт орсон. ...Эмээг таксинаас буулгахад нүүр нь барайчихсан, ууртай уйлах гээд байсан. Эмээ хавирга өвдөөд байна гэж хэлэхээр нь яасан юм гэж асуутал надад юм хэлэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

 

Гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн:

“...Намайг тухайн машинаас очиж тосож авахад манай эмээгийн царай нь цонхийсон, юм ярихгүй, эмээгээ түшээрэй гэж хэлэхээр нь би түшээд буулгасан. Тэр үед тухайн цагаан машины жолоочийн хойд талд буюу баруун хойд талд нь сууж байсан. Гэр рүү түшээд алхаж байхад их удаан, зовиуртай бололтой алхаж байсан. Замдаа явж байхдаа яасан юм бэ, юу болсон юм эмээ гэж асуухад огт дугарахгүй байсан. Тэр үед таксины жолооч над руу хараад байсан. Би гэрт нь оруулж орон дээр нь суулгаж өгсөн, эмээ гэнэт ёо ёо эмээгийн нь сая таксины жолооч өшиглөчихөөд зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эгч Мөнгөнсондор түргэн дуудахад яаралтай гэмтлийн эмнэлэг хүлээн авахад үзүүл гэж хэлсэн. Тухайн үед эмээ жоохон архи уучихсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,          

8. Гэрч Б.Шинэболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Сүүлийн нэг сар хадам ээж Батбуянгийн лангуун дээр ажиллаж байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би гэрээсээ 14 цагийн үед очсон юм. Намайг очиход хажуу талын лангууны хүнтэй архи уусан, удахгүй харилаа гэж хэлж байсан. Орой явах болгондоо ач зээ нартаа идэх уух юм авдаг болохоор хүнсний юмаа цуглуулаад 15 цаг өнгөрч байсан санагдаж байна, автобусанд суулгаж өгсөн. ...Тэгтэл орой ахын охин Мөнгөнсондор залгаад хүнд зодуулсан байна, эмнэлэг рүү авч явах гэж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

 

9. Гэрч З.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим манай ээж Батбуян нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоолоос дугаар, маркийг нь мэдэхгүй таксинд суугаад 10 дугаар хороо, Оёдлын үйлдвэрийн 14-13 тоотод хүргүүлж очоод гэрээс мөнгө аваад гараад ирье гэж хэлээд буух гэтэл архичин авгай минь худлаа ярьлаа гэж хэлээд цээж хэсэг рүү нь өшиглөөд машиндаа суулгаад гэдэс болон цээж хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд за эгч нь хүүхэд дуудчихья гэж хэлээд гэрт байсан 15 настай хүүхдийг дуудаж мөнгийг гаргаж өгөөд гэр рүүгээ ороод хэвтсэн гэсэн. Орой бие нь өвдөөд байна гэж хэлээд босож чадахгүй байсан. Над руу манай дүү Мөнгөн-Сондор “эмээ босож чадахгүй уйлаад байна” гэхээр нь би гэртээ яваад ирэхэд манай ээж босож чадахгүй орондоо хэвтэж байсан. Би гэмтэл дээр авч очоод рентген зурагт харуулахад зүүн талын 4 хавирга хугарсан, уушги нь гэмтсэн байна, томографикт харуул гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай ээжийг Д.Б гэдэг. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12372 дугаартай дүгнэлтэд:

-Д.Бгийн биед зүүн уушгины няцрал, гялтангийн хөндийд шингэн хуралдалт /1000 мл/ зүүн талын 8, 9, 10, 11 дүгээр хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, сээрний 9 дүгээр нугаламны зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хөмсөг, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/,

 

11. Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“...Уг учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтлийг авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Эхэндээ цус алдаагүй үедээ идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой гэсэн үг юм. Уг гэмтэл нь цохилтын улмаас үүснэ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/,

 

12. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Д.Бгийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн талаарх 30868 дугаартай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 91-133 дугаар тал/, хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зураг /хавтаст хэргийн 136 дугаар тал/,

 

13. Хохирогч Д.Бгийн гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн гэм хорын зардлын баримтууд /хавтаст хэргийн 148-165 дугаар тал/ ,

 

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Г.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дүгээр тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 134 дүгээр тал/, Банкуудад эзэмшдэг дансны хуулга /хавтаст  хэргийн 142 дугаар тал/,  “Шуув моутайн” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 73 дугаар тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Л нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Г.Лын мөрдөн шалгах ажиллагаанд  “хохирогч биеэ авч явах чадваргүй байсан, хохирогч өөрөө мөнгөө өгсөн, хохирогч миний машинд сууж байсан эмэгтэй хүнтэй маргалдаж буулгасан” гэж мэдүүлж, уг нөхцөл байдлыг шалгуулах хүсэлтийг гаргаж байсан ба шүүгдэгчийн уг мэдүүлэг нь камерын бичлэг болон  хохирогчийн мэдүүлгээр бүрэн няцаагддаг. Эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсан учраас хохирогчийн маршрутыг шалгах зорилгоор гэрчүүдээс мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг нарийвчлан үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хохирогч замын хашлага дээр сууж байсан нь гэмтэл авсан байсныг харуулж байна гэх тайлбар өмгөөлөгч гаргаж байна. Гэтэл хохирогчийн маршрутыг шалгахад “Бөмбөгөр” худалдааны төв дээр худалдаа эрхэлсэн, хүнсний зүйл авч 2 тортой юм барьсан байсан учраас хүргэн нь автобусанд суулгаж өгсөн байдаг. Өмгөөлөгч сэжиг, таамагт үндэслэж хохирогч гэмтсэн байсан учраас замын хашлага дээр сууж байсан гэдэг зүйл ярьж болохгүй. Хяналтын камерын бичлэгт хохирогч биеэ авч явах чадвартай, зам дээр сууж байгаад бага зэргийн гуйвалттайгаар шүүгдэгчийн машинд сууж байгаа нь харагдана. Насанд хүрээгүй гэрч М.М анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн. Хэдийгээр хохирогчийг зодуулсныг шууд заах хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй боловч насанд хүрээгүй гэрч М.М “...амьсгалахад хүндрэлтэй байна. Эмээгийнх нь бие муу байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлгийг өгсөн. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт амьсгалахад хүндрэлтэй байсан гэдгийг мөн адил мэдүүлсэн. Мөн нотлох баримтаар шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэгт энэ талаар дурдагдсан. Хохирогчийн мэдүүлэг нь хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул хууль ёсны үндэслэлтэй мэдүүлэг байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Г.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Г.Лаас 6.807.494 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгчөөс ”Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай болох нь тогтоогдож байна, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээдэггүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж байгаа боловч насанд хүрээгүй гэрч М.Мгийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр нотлогддог. Иймээс нийт 6.807.494 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн” дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Г.Лт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах, түүнийг цагаатгах тухай дүгнэлт гаргахаа илэрхийлсэн бөгөөд шүүхэд танилцуулсан дүгнэлтдээ “эрүүгийн хэрэгт Г.Лын гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдохгүй байна гэх агуулгатай прокурорын тогтоол байдаг. Уг тогтоолоос зөвхөн хохирогч Д.Бгийн мэдүүлэг л өөрчлөгдсөн. Тухайн өдөр хохирогч согтуу байсан, хаана гэмтэл авсан нь тодорхойгүй. Камерын бичлэг шинжлэн судлахад хохирогч замын хашлага дээр удаан хугацаанд сууж байгаа нь хохирогч таксинд суухаас өмнө гэмтэл авсан болохыг харуулж байна. Автобусны буудал, таксины зогсоол хоорондоо 2 метр зайтай хүн ядрах газар биш, хохирогчийн барьж явсан тортой эд зүйл хүнд биш, хөнгөн зүйл байгаа нь ядарч суух  шалтгаан байгаагүй. Бие нь муу байсан учраас замын хашлага дээр сууж байсан байна. Энэ нь камерын бичлэгт бичигдсэн хөдөлшгүй баримт. Мөн хохирогч нь гэрч М.Мд хавирга өвдөж байна гэж хэлснээс, намайг хүн зодчихлоо гэж хэлээгүй. Хэрвээ хүнд зодуулсан бол Мөнгөнхүүд “би зодуулчихлаа, энэ хүнийг цагдаад өгье” гэж хэлэх байсан. Хүнд зодуулчхаад юу ч болоогүй мэт хавирга өвдөөд байна гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ, зодуулсан бол гомдолтой байх ёстой. Хохирогчийн мэдүүлэг үнэнд нийцэхгүй байна. Насанд хүрээгүй гэрчийн М.Мгийн мэдүүлгээр Г.Л хохирогчийг зодоогүй болох нь бүрэн нотлогдоно. Шүүгдэгч хохирогчийг зодоогүй учраас гадаа нь хүлээж зогсож байгаад хохирогчийг гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна. Хэрвээ зодсон бол хашааны гадаа орхиод явах байсан. Зодсон хүнээ гэрийнх нь гадаа хүлээж байгаад, хүлээлгэж өгөх үү. Хохирогчийн мэдүүлэг бусад нотлогдох баримтаар давхар нотлогдох ёстой, хохирогчийг зодож байхыг харсан гэрч, өөр бусад баримт байхгүй. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, сэжиг, таамгийн шинжтэй, үнэнээс хол зөрүүтэй. Хүнд зодуулчхаад зүгээр буугаад явчихдаг тохиолдол байхгүй, хүнийг хилсдүүлж болохгүй. Г.Лыг  буруутгаж байгаа нотлох баримт хэрэгт байхгүй, ганц баримт нь хохирогчийн мэдүүлэг, дан ганц хохирогчийн мэдүүлгээр Г.Лыг хүнд гэмт хэрэгт буруутгаж байна. Хохирогч байнга архи уудаг,  хаана, юу хийж явснаа санахгүй, сүүлд түүний нөхөж ярьсан мэдүүлэг л байдаг. Хохирогч согтуу байсан учраас хаана гэмтэл авснаа санахгүй, санаж байгаа зүйл нь таксинд явж байсан, таксины жолооч намайг зодчихлоо гэж мэдүүлсэнд ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн. Насанд хүрээгүй гэрч “Эмээ хүнд зодуулсан гэж хэлээгүй, хавирга өвдөж байна гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. 4-5 хавиргаа хугалуулсан хүн машинаас буухгүй, намайг авраарай, зодуулчихлаа, цагдаа дуудаарай гэх зүйл л ярина. Г.Лт холбогдох хэрэг нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн. Мөн шүүгдэгч Г.Л нь гэм буруугийн талаар маргасан болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Лын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Л нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн жолоодон явсан 33-47 УНВ улсын дугаартай “Т.Королла” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээний журмаар үйлчлүүлж Сонгинохайрхан дүүргийн 10  дугаар хорооны нутаг дэвсгэрт, Оёдлын 14-13 тоотод хүргүүлсэн иргэн Д.Быг хашааных нь үүдэнд “таксины хөлсөө төлсөнгүй” гэх шалтгаанаар толгойд нь болон цээж, хавирга орчимд нь гараараа удаа дараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн уушгины няцрал, гялтангийн хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 8, 9, 10, 11 дүгээр хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, сээрний 9 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хөмсөг, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

-2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Бг оролцуулан гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийн “... хохирогч Д.Б нь 3 дугаарт байгаа сонгогдсон Г.Лын гэрэл зургийг зааж таксины жолооч хүн мөн байна, би хараад таньж байна гэж заасан” гэсэн хэсэг, гэрэл зураг  /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/ болон уг бичлэгийг эд мөрийн баримтаар тоосон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дүгээр тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ишгомын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/

Хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/ болон түүний хохирогчоор дахин өгсөн “...Би замын боржур дээр сууж такси хүлээсэн. ...Гуравдахь машин миний дэргэд ирээд зогссон. Цагаан өнгийн жижиг машин байсан. Би машин руу харахад жолоочийн талын цонх онгорхой, хар өнгийн кепкин малгай өмссөн, 60 гаран насны болов уу гэмээр хүн харагдсан. ...Чонтой дэлгүүр орно гэж хэлээд хөдөлсөн. ...хашааны үүдэнд зогссон. Би гэртээ ороод хүүхдээр мөнгө гаргуулаад өгье гэж хэлээд тортой зүйлээ аваад буух гэтэл жолооч эргэж хараад мөнгөө өг, мөнгөгүй юм бол яах гэж суусан юм гэж хэлээд миний хажуудаа үүрсэн байсан жижиг бор цүнхнээс татаад зулгаасан. ...жолооч бууж ирээд миний духны баруун хэсэг рүү гараараа их хүчтэй нэг удаа цохисон. ...миний зүүн талын суганы доод хэсэг хавирга орчимд маш хүчтэй цохисон. Би амьсгалж чадахгүй гэнэт амьсгал түгжигдсэн. Энүүхэн хооронд яг тэр газраа 1-2 удаа цохисон. Нийтдээ 3 юм уу 4 удаа цохисон. Шоконд ороод бас толгой манараад доош бөхийсөн чигээрээ өвдөөд эвхэрсэн байх үед гэнэт машин хөдлөх шиг болсон. Жолооч машиныхаа сигналыг дугаргаад байсан, ...манай хашаа руу орж зогссон байсан. Энэ үед манай ач хүү Мөнгөнхүү гэрээс гарч ирээд намайг буулгаад миний тортой юмыг авсан. Би Мөнгөнхүүд намайг цохисон талаар хэлээгүй. Айх гайхах зэрэгцээд шоконд орсон байсан. Жолооч надаас мөнгө аваагүй буцаад хашаанаас гараад явсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

-Насанд хүрээгүй гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машины сигнал дуугарах шиг болсон. Би гадаа гарч ...цагаан өнгийн Королла маркийн машин дээр очсон. ...Жолоочийн хойд хаалгыг онгойлгоод эмээгийн хоёр тортой юмыг авсан. ...2-3 алхтал эмээгийн хавирга өвдөөд байна гэж хэлсэн. Би жолоочийг нь хартал барайгаад сонин царайлаад сууж байсан. ...Би эмээг түшээд гэрт оруулсан. ...Эмээ хавирга өвдөөд байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/, түүний дахин өгсөн “...эмээ гэнэт ёо ёо эмээгийн нь сая таксины жолооч өшиглөчихөөд зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эгч Мөнгөнсондор түргэн дуудахад яаралтай гэмтлийн эмнэлэг хүлээн авахад үзүүл гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/ болон шүүх хуралдаанд оролцож өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Б.Шинэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Сүүлийн нэг сар хадам ээж Батбуянгийн лангуун дээр ажиллаж байгаа юм. ...Орой явах болгондоо ач зээ нартаа идэх уух юм авдаг болохоор хүнсний юмаа цуглуулаад 15 цаг өнгөрч байсан санагдаж байна, автобусанд суулгаж өгсөн. ...Тэгтэл орой ахын охин Мөнгөнсондор залгаад хүнд зодуулсан байна, эмнэлэг рүү авч явах гэж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

-Гэрч З.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим манай ээж Батбуян Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоолоос ...таксинд суугаад 10 дугаар хороо, Оёдлын үйлдвэрийн 14-13 тоотод хүргүүлж очоод гэрээс мөнгө аваад гараад ирье гээд буух гэтэл архичин авгай минь худлаа ярьлаа гэж хэлээд цээж хэсэг рүү нь өшиглөөд машиндаа суулгаад гэдэс, цээж хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон гэж хэлсэн. ...би гэртээ яваад ирэхэд манай ээж босч чадахгүй орондоо хэвтэж байсан. Би гэмтэл дээр авч очоод рентген зурагт харуулахад зүүн талын 4 хавирга хугарсан, уушиг нь гэмтсэн байна, томографикт харуул гэсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12372 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/,

-Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 30868 дугаартай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 91-133 дугаар тал/, хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зураг /хавтаст хэргийн 136 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Л “...хохирогч Д.Б миний автомашинд суухдаа бие муу байна гэж суусан, түүнийг би зодож гэмтэл учруулаагүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа нь “Хохирогчийн мэдүүлэг үнэнд нийцэхгүй байна, хохирогч согтуу байсан учраас хаана юу болсноо санахгүй, хэрэгт хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, түүний мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй байгаа тул шүүгдэгч Г.Лт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан зэргийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй ба, дараах үндэслэлээр няцаагдаж байна гэж шүүх дүгнэв.

Хэргийн нотлох баримтаар хохирогч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Бөмбөгөр” худалдааны төвд ажлаа хийж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн тэрээр гэртээ харихаар автобусанд сууж, Баянхошууны эцэс гэх газар очсон, улмаар такси зогсоол дээрээс шүүгдэгч Г.Лын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд сууж гэртээ хүргүүлсэн үйл баримт болсон байна. Улмаар хохирогч Д.Б нь таксины хөлсийг төлөх бэлэн мөнгөгүй байсан байх ба, гэртээ ороод мөнгөө аваад гараад ирье гэхэд шүүгдэгч Г.Л нь “мөнгөгүй юм бол яах гэж суусан юм” гэж хэлээд түүний биед халдаж зодсон талаар хохирогч мэдүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь насанд хүрээгүй гэрч М.Мгийн “эмээг машинаас буулгаад түшээд явсан. 2-3 алхтал эмээгийн хавирга өвдөөд байна гэж хэлсэн” гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч З.Отгонбаярын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, түүнчлэн хохирогч гэртээ ороод амьсгалж чадахгүй болсоны улмаас Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт хүргэгдэж, оношилгоо хийлгэхэд 4 хавирга нь хугарсан талаар эмнэлгийн байгууллага оношилсон, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь, энэхүү гэмтлийн улмаас хохирогч Д.Б нь 4 удаа мэс ажилбарт орсон зэрэг нь нотлогдон тогтоогджээ.

 

Харин шүүгдэгч Г.Лын “миний машины зүүн талаар нэг эмэгтэй хүн суугаад ээжийгээ хүлээж байхад хохирогч Д.Б суусан, би давхар явахгүй гэж хэлээд урд сууж байсан эмэгтэйгээс та хаашаа явах гэж асуусан, давхар явахгүй гэж тэр эмэгтэйг буулгасан, хохирогч би гэмтэл авсан, намайг хурдан хүргээд өгөөч гэж гуйсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хяналтын камерын бичлэгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад хохирогч Д.Б бие нь өвдсөн байдалтай байсан гэх нөхцөл байдал харагдахгүй байх ба, тортой зүйл бариад замын боржур дээр суух бөгөөд такси зогсоол дээр эхлээд, болон дараа нь ирсэн хоёр тээврийн хэрэгсэлд зогсоолын эхэнд зогсож байсан хүмүүс сууж харагдана, гуравдахь дугаарт Т.Королла маркийн автомашин зогсоолд ирэнгүүт тус автомашинаас хүн буугаад шууд явах ба, тэгэхэд хохирогч Д.Б босож хойд хаалгыг нь онгойлгон сууж байгаа дүрс бичлэг харагдана, энэ зуур Т.Королла маркийн буюу Г.Лын жолоодон явсан автомашинд эмэгтэй хүн сууж өөр хүн хүлээсэн гэх байдал, мөн хохирогч гуйж байгаад суусан ярилцсан гэх ч нөхцөл байдал харагдахгүй ба, уг автомашин зогсоолд ирэхэд хохирогч шууд босож автомашинд сууж байгаа нь харагдах бөгөөд үүгээр шүүгдэгч Г.Лын мэдүүлэг үгүйсгэгдсэн.

Мөн шүүгдэгч Г.Л нь “хохирогчийн ач хүү М.М 1500 төгрөг таксины хөлсөнд төлсөн” гэж мэдүүлсэн ба түүний энэхүү мэдүүлэг нь “хохирогч Д.Бгийн “таксины жолоочид би мөнгө өгөөгүй, манай ач хүү М.М мөнгө төлөөгүй” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Мгийн “Би таксины жолоочид мөнгө өгөөгүй. Надад мөнгө байгаагүй. Эмээ ч бас жолоочид мөнгө өгөөгүй” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.  

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан, шинжлэн судалж, дүгнэхэд шүүгдэгч Г.Лын мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдохгүй байх ба, харин хохирогч Д.Бгийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн бусад нотлох баримттай болсон үйл баримт, дараалалаар болон үүссэн нөхцөл байдал нь тохирч, нотлогдох бөгөөд  хохирогчийн мэдүүлэг үнэнд нийцсэн бодитой, хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байх тул хохирогчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно. Үүгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “дан ганц хохирогчийн мэдүүлгээр” шүүгдэгчийг гэмт хэрэгт буруутгаж” гэх дүгнэлт үгүйсгэгдэнэ. Шүүгдэгч нь хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Иймд шүүгдэгч Г.Лыг цагаатгах тухай түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Г.Л нь хохирогч Д.Бгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон идэвхтэй үйлдэл хийсэн нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байх ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулан тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймээс шүүгдэгч Г.Лын “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн дээрх үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч өөрт учирсан хохиролд 6.807.494 төгрөгийг нэхэмжилж хэргийн 148-165 дугаар талд баримтыг ирүүлжээ.

Хохирогчийн ирүүлсэн баримтыг тус бүр нягтлан шалгаж үзэхэд 38.000 төгрөгийн үнэтэй эмийг 4 ширхэгийг 152.000 төгрөгөөр авсан, бэлнээр төлөх нь 152.000 төгрөг гэсэн байхад 1.520.000 төгрөгөөр тооцож хохиролд нэхэмжилсэн, мөн бэлэн мөнгөний машинаас мөнгийг бэлнээр авсан баримтыг үнэлээгүй буюу, тодруулбал тухайн мөнгө хохирогчийн эрүүл мэнд, бусад зардалд зарцуулагдсан гэх баримтгүй байхад хохирлын дүнд оруулан тооцох үндэслэлгүй, зарим баримт дүн нь арилсан уншигдахгүй байх тул эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Иймд хохирогчийн нэхэмжлэлээс 2.903.964 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Лаас 3.903.530 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгох нь зүйтэй гэж үзсэн.

Шүүгдэгч Г.Лыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан, тус хугацаанд шүүгдэгч Г.Лын ар гэр нь хохирогч Д.Бд 3.920.000 төгрөгийг нөхөн төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасах саналтай.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Улсын яллагчийн гаргасан ялын саналыг зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Г.Л нь өндөр настай, группэд байдаг, эрүүл мэндийн хувьд эрүүл бус хүн байгаа тул хорих ялыг багасгаж өгнө үү, хорих ялыг энэ хүн дийлэхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байна. Иймд түүнд 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Г.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба тус зүйл хэсэгт зааснаар “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Л нь“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу такси үйлчилгээний хөлс 1500 төгрөгийг төлөөгүй гэх шалтгаанаар хохирогчийн эрүүл мэндэд халдсан, улмаар хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу түүний 4 хавиргыг хугалсан, бусад гэмтлийг учруулсан, нөгөө талаас шүүгдэгчийн өндөр настай байдал зэрэг эдгээр нөхцөлийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн өндөр насны байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Г.Л нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн байх тул дээрх хуулийн үйлчлэлд түүний үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоох, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 5 сар 23 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Харин шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Г.Лт торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч Г.Лын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон гэх баримтгүй ба, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улмаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэмтлийн улмаас хохирогч нь 4 удаа мэс ажилбарт орсон байдалтай байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан зэрэг байдалд дүгнэлт хийж, торгох ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах хуулийн зохицуулалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчид хэрэглэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх заалт бөгөөд тус шүүх хуралдаанд өмгөөлөх тал буюу шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгах байр суурьтай оролцсон зэрэг нь шүүгдэгчид дээрх хуулийг хэрэглэх хуулийн шаардлагад нийцэхгүй болно.

3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Лын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, тооцож, шүүгдэгч Г.Л-ын биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сар 23 /(хорин гурав) хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Лын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Б-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б-гийн нэхэмжлэлээс 2.903.964 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Л-т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА