Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00478/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... тоотод оршин суух, иргэн Г.С-д холбогдох

“Орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Х.М, хариуцагч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Х.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157, А/153 дугаар тушаалаар “Х банк” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилж, банк болон банкны системийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, Х банкны ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор Х банкны зарим эрх, үүргийг Х банкны эрх хүлээн авагчаас “Т банк” ХХК-д шилжүүлсэн. “Х банк” дахь Банкны эрх хүлээн авагч болон “Т банк” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдор 155/003/2013 БЭХА дугаартай гэрээ байгуулж “Х банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэг “Т банк” ХХК-д шилжсэн. Энэхүү гэрээний дагуу “Т банк” ХХК нь “Х банк” ХХК-д салбарын захирлаар ажиллаж байсан Г.С-г Т банкны Хэнтий салбарын захирлын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцож, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т21-001 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн “Т банк” ХХК нь “Х банк” дахь Банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 008/201ЗБЭХА/165 тоот “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, “Х банк”-ны ажилтнуудтай холбоотой авлагыг шилжүүлэн авсан. Уг 008/2013БЭХА/165 тоот гэрээгээр шилжиж ирсэн авлагад тухайн үеийн “Х банк”-ны Хэнтий салбарын захирал Г.С-гийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийн авлага шилжиж ирсэн бөгөөд “Х банк” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51/А дугаар байрны 11 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031617 дугаар бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилтан Г.С-гийн нэр дээр гарган өгч орон сууцны үнийг авлагад бүртгэсэн байсныг дээрх гэрээний дагуу “Т банк” ХХК-д шилжүүлсэн. “Т банк” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг Г.С-гаас шаардаж ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл рүү төлбөрийг шилжүүлэн төлүүлэх саналыг удаа дараа тавьж байсан. Тухайн үед Г.С нь ажилтны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэхийг зөвшөөрч байсан боловч уг байрыг зарж борлуулсан учир барьцаа хөрөнгө байхгүй, хэрэв одоо байгаа зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах тохиолдолд орлого хүрэхгүй, хамтран зээлдэгч байхгүй зэрэг шалтгаанаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ажилтны зүгээс дээрх байдлаар “Х банк” ХХК-иас шилжин ирсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир “Т банк” ХХК нь “Х банк” дахь Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийнхээ хүрээнд ажилтан Г.С-гаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ. /хх-ийн 1-3х/

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.С нь 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Т банкны Хэнтий аймгийн салбарын ерөнхий захирлаар томилогдон ажилласан юм. Уг хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар орон сууцыг эзэмшсэн цаашлаад өмчлөх эрхтэй гэж хариуцагч тайлбар гаргадаг. 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний ард 2010 оны 10 сарын 22-ны өдөр болон 2011 оны 04 сарын 01-ний өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 11.3-д гэрээг байгуулахаас өмнө бичгээр болон амаар тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болно гэж заасан байдаг. Орон сууц эзэмшүүлэх гэрээ нь хөдөлмөрийн гэрээнээс хойш 3 сарын дараа байгуулагдсан. Тийм учраас хөдөлмөрийн гэрээгээр орон сууц өмчлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд дараа нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнд орон сууц эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгосон байгаа юм. Банкны тухай хуулийн 59 дүгээр заалтанд Банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх 3 сар банкны ажилтны хувьд 1 жилийн хугацаанд банкнаас хийгдсэн төлбөрт шилжүүлэг нь зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд үзсэн шинжтэй бол банкны эрх хүлээн авах ажиллагааг хийгдсэнээс өмнөх 3 сарын хийгдсэн төлбөр, шагнал урамшууллыг хүчингүй болгох гэсэн заалт байдаг. Иймд С орон сууцыг эзэмших нь хууль бус юм. Үүнээс гадна уг байрны төлбөрийг Х банкнаас Жаст групп рүү шилжүүлсэн. Жаст группын захирал Батхүүгийн дүү нь уг барилгыг барьсан компани нь Жаст группын салбар компани, захирал нь Батсайхан гэдэг хүн юм. Батсайхан нь барилгынхаа бүх ордерыг өөрийн нэр дээр гаргасан юм. Жаст групп рүү Х банкнаас мөнгө шилжүүлсэн талаарх баримтыг өгсөн. “Т банк” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг Г.Сгаас шаардаж ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл рүү төлбөрийг шилжүүлэн төлүүлэх саналыг удаа дараа тавьж байсан. Тухайн үед Г.С нь ажилтны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэхийг зөвшөөрч байсан боловч уг байрыг зарж борлуулсан учир барьцаа хөрөнгө байхгүй, хэрэв одоо байгаа зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах тохиолдолд орлого хүрэхгүй, хамтран зээлдэгч байхгүй зэрэг шалтгаанаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ажилтны зүгээс дээрх байдлаар “Х банк” ХХК-иас шилжин ирсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир “Т банк” ХХК нь “Х банк” дахь Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийнхээ хүрээнд ажилтан Г.С-гаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөг гаргуулж өгнө үү.  Хоёр банк шилжих үед яагаад хэлээгүй юм бэ гэсэн зүйл ярьж байна. 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрх хүлээн авагчийг томилж 155/003/2013 БЭХА дугаартай гэрээ байгуулж “Х банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэг “Т банк” ХХК-д шилжсэн. “Т банк” ХХК нь “Х банк” дахь Банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 008/201ЗБЭХА/165 тоот “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, “Х банк”-ны ажилтнуудтай холбоотой авлагыг шилжүүлэн авсан. Уг гэрээнд маш их өр авлага дагаж ирсэн бөгөөд нэг бүрчлэн мэдэгдэх боломжгүй байсан. Хариуцагч нь уг 38 сая төгрөгийг төлнө гэж ямар гэрээ хийсэн юм бэ надад гэрээ байхгүй гэж байна. Гэрээ байхгүй байхад Х банкнаас мөнгө шилжүүлээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Өөрөөр хэлбэл гэрээгүйгээр энэ хүн манай шилжүүлсэн мөнгөөр хөрөнгө олсон байна. Тийм учраас уг хөрөнгийнхөө өртөгийг буцаан шаардъя гэсэн энэ үндэслэл нь нэхэмжлэлийн маань шаардлага болж байгаа юм. Хариуцагчийн зүгээс Х банкнаас шилжүүлсэн мөнгөөр уг байрыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Г.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХААН банкинд ажиллаж байх үед 2010 оны 06 дугаар сард тухайн үеийн Х банкны орлогч захирлаар ажиллаж байсан Сүхболд Хэнтий аймаг дахь салбарын захирлаар ирж ажиллах саналыг тавьсан. Уг саналын дагуу Х банкны гүйцэтгэх захирал, орлогч захирал нартай уулзахад одоо авч байгаа цалинг нэмэгдүүлэх, 2 өрөө орон сууц олгох талаар санал тавьсан. Тухайн үед Х банкны үйл ажиллагаа сайнгүй, зах зээл эзлэлт бага байсан учир 14 хоногийн дараа хариу мэдэгдэхээр уулзалт өндөрлөсөн. Энэ үед миний бие улсын банк болон ХААН банкинд 24 жил ажилласан багагүй туршлагатай болсон гэж өөрийгөө дүгнэж, 14 хоногийн дараа Хэнтий салбарын захирлаар ажиллах шийдвэрийг гаргасан. Х банкны удирдлагын тавьсан миний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн саналыг тусгасан тусгай хөдөлмөрийн гэрээг байгуулж 2010 оны 07 дугаар сарын 01-ний Хэнтий салбарын захирлаар томилогдон ажилласан. 2010 оны 07 дугаар сард 2 өрөө байраа хүлээн авч байсан. 2013 оны 06 дугаар сард гүйцэтгэх захирал Сүхболд над руу утсаар ярьж сайн ажиллаж байгаа тул орон сууцны чинь өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэх боллоо, ирж гэрчилгээгээ шилжүүлж авна уу гэж хэлсэн. 2013 оны 06 дугаар сарын 20-нд орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2013 оны 07 дугаар сарын 23-нд Х банк татан буугдаж, Т банк ХХК-тай нэгдсэн. 2013 оны 10 дугаар сард нутгийн салбаруудын сургалт Төв банкин дээр болсон. Энэ сургалтын үеэр таны нэр дээр орон сууцны үнийн авлага бүртгэлтэй байна гэдгийг сонссон. Үүнээс хойш энэ авлагыг барагдуулах талаар 3 удаа мэдэгдэх хуудас өгч байсан. Х банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр надад 2 өрөө байр өгсөн. Х банк болон Т банктай орон сууцны төлбөр төлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ С миний нэр дээр байдаг. Төв банкин дээр хийгдэж байгаа өглөг, авлагын гүйлгээг би мэдэхгүй, надад урьд нь огт мэдэгдэж байгаагүй. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т банктай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед авлагын талаар удирдлагын зүгээс огт мэдэгдээгүй. Иймд Т банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. /хх-ийн 31-34х/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Г.С-д холбогдуулан “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Хэргийн үйл баримтаас үзэхэд Х банк ХХК нь хариуцагч Г.С-г тус банкны Хэнтий салбарын захирлын албан тушаалд 2010.07.01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 35-42х/-г 2010.07.05-ны өдөр ажил олгогч болон ажилтан нар байгуулсан байна.  Уг хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т: ажилтанд 2 өрөө байр эзэмшүүлж, гэрээний хугацаа дууссаны дараа өмчлүүлнэ. Энэ нь тусдаа гэрээгээр шийдэгдэнэ гэж заасан байна..

           Тухайн үед Х банк ХХК-ийн толгой компани нь Жаст групп ХХК байсан бөгөөд тус компанийн ерөнхий захирал Ш.Батхүү нь Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан гэх бөгөөд Хэнтий салбарын захирлаар томилогдсон Г.С-тай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 51 А байрны 11 тоотод байршилтай 57.4 мкв 2 өрөө орон сууцыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2010.07.06-ны өдөр Орон сууц эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 43-44х/ байгуулан эзэмшүүлжээ.

            Г.С-д эзэмшүүлсэн уг орон сууцны өмчлөгч нь тухайн үедээ Жаст групп ХХК-ийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн төрсөн дүү тус компанийн дэд захирал                 Ш.Батсайхан гэгч байсан байх ба зохигчид нь эдгээр хүмүүс Жаст групп ХХК-ийн захирлууд байсан гэдгийг нотлон хэлж байна.

           2010-2013 онуудын үед Жаст групп ХХК нь Х банк ХХК-ийн толгой компани нь байсны хувьд тус банкны гүйцэтгэх удирдлагыг хянаж хэрэгжүүлдэг, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан нь зохигч талуудын шүүхэд гаргаж байгаа тайлбаруудаар тогтоогдож байна.

           Жаст групп ХХК-ийн дэд захирал Шаравламдангийн Батсайхан гэгч нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 51 А байрны 11 тоотод байршилтай 57.4 мкв 2 өрөө 60 270 000 /жаран сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2013.06.20-ны өдөр                        Г.С-д Орон сууц бэлэглэх гэрээгээр хариу төлбөргүй, эргэж буцах нөхцөлгүйгээр бэлэглэсэн байна.  

          Хариуцагч Г.С нь Жаст групп ХХК-ийн удирдлагаас орон сууцыг шагналын журмаар, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөлдөө авснаас хойш буюу 2013.07.22-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн Х банк ХХК-ийг албадан татан буулгах тухай А157 дугаартай тушаал гарч, Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг байгуулсан байна.

           Энэхүү Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь хариуцагч Г.С-д Х банк ХХК-ийн тэнцэлд Г.С тантай холбоотой аливаа зээл, авлага бүртгэлгүй бөгөөд Т банкин дахь таны нэр дээр бүртгэлтэй авлагын асуудлыг Х банк нь шийдвэрлэх боломжгүй” гэж 2014.11.27-ны өдөр албан ёсны хариу өгч байсан байна.

           Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч Г.С нь татан буугдсан Х банк ХХК болон түүний эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авсан Т банк ХХК-тай одоо маргаж байгаа орон сууц болон түүний төлбөрийн үлдэгдэл гэх асуудлаар ямар нэгэн үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, ийм тохироо хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

           Иймд нэхэмжлэгч Т банк ХХК-ийн хариуцагч Г.С-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 38 765 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

           Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал нь хариуцагч Г.С-д Жаст групп ХХК-ийн удирдлагуудаас бэлэглэлээр өмчлөлд нь шилжүүлсэн байрны төлбөрт 76 342 000 төгрөгийг төлсөн гэж байгаа ч энэ төлбөрийг хэзээ, хэнд, ямар зориулалтаар төлсөн нь тодорхой бус байх ба одоо яагаад төлбөрийн үлдэгдэл гэж 38 765 500 нэхэмжлээд байгаа, орон сууцны төлбөрт анх өгсөн гэх 76 342 000 төгрөгийн үлдэх 37 576 500 төгрөгийг яагаад нэхэмжлээгүй зэрэг нь ойлгомжгүй байна. 

           Дашрамд хариуцагч Г.С-гийн бэлэглэлээр хүлээн авсан байр нь татан буугдсан Х банк ХХК-ийн өмчлөлийнх байсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба хувийн хэвшлийн банкны хөдөө орон нутаг дахь салбарыг хэдэн жил амжилттай удирдаж, зах зээлийг тэлж, үр дүнд хүрч ажиллаж байгааг нь үнэлэн Г.С-г толгой компанийн удирдлагынх нь зүгээс урамшуулж өөрсдийн хувийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэсэн байна гэж шүүх үзлээ.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т: үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заажээ.

            Иймд хариуцагч Г.С-г маргаж буй орон сууцыг шударгаар олж авсан, энэ орон сууцтай холбоотой ямар нэгэн үүргийг бусдын өмнө хүлээгээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

           Жич: нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн мөнгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т зааснаар “Т банк” ХХК-ийн хариуцагч Г.С-гаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 /гучин найман сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “Т банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 351 778 төгрөгийг улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР