Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2016/01602/и |
Дугаар | 01007 |
Огноо | 2017-05-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 01007
2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2017/01007 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жалайр овогтой, Аюурын Оюунтөгсийн нэхэмжлэлтэй,
/Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 38 тоотод оршин суух, регистрийн дугаар ХП76091602/
Хариуцагч: “Оюухүнс” ХХК-д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, роял грийн вилла хотхон, А4, 202 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011481015, регистрийн дугаар 5835399/
Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3.169.745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохирол 629.688 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярчимэг, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Оюунтөгс нь “Оюу хүнс” ХХК-ийн ерөнхий менежерийн ажилд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр орсон бөгөөд менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг баримтлан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа зөрчил, дутагдал гаргаагүй бөгөөд харин сайн ажилласан гэж урамшуулал авч байсан. Ингээд би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтаа аваад, ажилдаа орох гэтэл захирал “...гаалийн асуудал гарсан үүнийг янзал” гэж миний хариуцах ёсгүй ажил үүрэг өгсөн тул би Мэргэжлийн хяналтын газар, гааль зэрэг холбогдох мэргэжилтнүүдтэй нь уулзсан ба энэ хугацаанд хоолны хордлого болж, 5 хоногийн эмчийн актаа нягтландаа өгсөн. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа очиход “намайг шалтгаангүй ажил тасалсан” гэж ажлаас хөөж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал ирж уулз гээд, намайг ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан гэдгийг хэлээд, тушаалыг өгөөгүй. Компанийн удирдлагаас намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдгийг ямар нэг байдлаар мэдэгдээгүй ба үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажилтны буруугаас болж хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Оюунтөгс нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Оюу хүнс” ХХК-д менежерийн ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанийн Гэгээнтэн цогцолборт байрлах “Том Н Томс” кофе шопт ажиллах болсон. А.Оюунтөгс нь Хөвсгөл аймаг явна гэж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажлын 3 хоногийн ээлжийн амралтыг урьдчилж авсан ба 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд ажлын 12 хоногийн ээлжийн амралтыг биеэр эдэлсэн. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байсан боловч ор сураггүй алга болж, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болон бусад ажилчидад мэдэгдээгүй. Компанийн удирдлагаас А.Оюунтөгсрүү залгасан боловч утсаа авдаггүй, дуудахаар ирж уулзахгүй байсан. Кофе шопын үйл ажиллагаанаас шалтгаалж А.Оюунтөгс нь ажлын 6 өдөр өглөө, оройны ээлжээр ажилладаг байсан тул тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал ажил олгогчид урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр 5 өдрийн ажил тасалсан. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр захиралд хоолны хордлого авсан тухайгаа мессэйжээр мэдэгдсэн боловч эмнэлгийн магадлагаа, өвчтэй гэх холбогдох баримтаа ирүүлээгүй. А.Оюунтөгсийг ээлжийн амралтаа аваад ажилдаа ирэхгүй байсан тул түүнд ажил хүлээлцэх хугацаа олгож, түүний буруугаас байгууллагад ногдуулсан торгууль тавьсан актыг зохицуулах, гадуур ажлыг эмхлэх үүрэг өгсөн. Мөн түүнд алжаас чөлөөлсөн тушаалыг өгөхөөр утсаар залгахад утсаа аваагүй, улмаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал ажлын байрандаа дуудаж, тушаалыг өгсөн боловч танилцаад орхиод явсан. Иймээс нэхэмжлэлийг хэгсэхгүй болгож өгнө үү.
Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т “ажилтаныг Бүгд Найрамдах Солонгос Улсад сурах сургалтын төлбөр, байр, хоол, унааны зардал, хоёр талын нислэгийн зардал, визний хураамжийн зардал болон сургалтанд хамруулахтай холбогдох бусад бүх зардлыг ажил олгогч нь урьдчилан гаргана. Хэрэв ажилтан энэ гэрээнд заасан үүргээ зөрчсөн, ажилтны гэм буруугаас шалтгаалж ажил олгогч гэрээг цуцалсан бол гарсан сургалтын бүх зардлыг ажилтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан тул явах, нислэгийн тийзний зардалд 961.000 төгрөг, сургалтын хугацаанд байрласан байр, хоол, унааны зардалд 1.008.745 төгрөг, сургалтын төлбөр 1.200.000 төгрөг, 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан хугацаанд хариуцагч компанид учруулсан хохирол 629.688 төгрөг, нийт 3.799.433 төгрөгийг А.Оюунтөгсөөс гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байнагэв.
ҮНДЭСЛЭХ нь:
А.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй, “Оюухүнс” ХХК-д холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэл болон хариуцагч “Оюухүнс” ХХК-ийн “хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3.169.745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохирол 629.688 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Оюухүнс” ХХК-ийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 15/01 дүгээр тушаалаар А.Оюунтөгсийг тус компанийн Ерөнхий менежерийн үүрэгт ажилд томилж, талууд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ХГ-15/01 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.
Ажил олгогчийн санаачилгаар буюу “Оюухүнс” ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16/10/01 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7.5.8, 7.5.10-тзаасныг үндэслэн “А.Оюунтөгс нь ээлжийн амралтын хугацаа дуусч 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажилдаа орох байсан боловч компанийн удирдлага буюу ажил олгогчид урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй 5 өдөр ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцлажээ.
1. “Оюухүнс” ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 16/20 дугаар тушаалаар Ерөнхий менежер ажилтай А.Оюунтөгсөд ээлжийн амралтыг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байх бөгөөд ажилтан А.Оюунтөгс нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байтал талуудын тайлбараар “2016 оны 9 дүгээр сарын 13, 19-ний өдөр” ажилдаа ирсэн болох нь гэрч Э.Болортуяагийн “...А.Оюунтөгс 2016 оны 9 дүгээр сард ажилдаа ирээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батхишигийн “...А.Оюунтөгс нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох байтал ирээгүй, тэр өдрөөс хойш ирээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ариунжаргалын “...А.Оюунтөгс нь 2016 оны 9 дүгээр сард ажилдаа ирээгүй” гэсэн мэдүүлэг, Цаг бүртгэлийн машинд цаг бүртгүүлэх тухай “Оюухүнс” ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тушаалын дагуу А.Оюунтөгсийн 2016 оны 9 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч тал “...захирал Мэргэжлийн хяналтын газар, гааль зэрэг холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж тодруулах үүрэг өгсөн, мөн энэ хугацаанд өвчтэй байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа очисон” гэсэн тайлбар гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.5.10-т зааснаар удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авсан болох нь, мөн Ажлын байрны тодорхойлолтын бусад чиг үүрэгт “...ажлын байраа зөвхөн ажил олгогчийн зөвшөөрөлтэйгээр орхиж явна” гэж зааснаар “захирал буюу салбарын эрхлэгч”-ээс албан ёсоор чөлөө авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Эмнэлгийн магадлагаанд “...А.Оюугтөгсийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд өвчтэй байсан гэх боловч түүнийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд өвчтэй байсан эсэхийг нотлохгүй байх ба ажилтан А.Оюунтөгс нь өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд ажилдаа очиж чадаагүй талаарх ажил олгогчдоо мэдэгдсэн болох нь нотлогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгч А.Оюунтөгсийг талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ХГ-15/01 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7.5.8, 7.5.10-д зааснаар удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж, албан ёсоор чөлөө авалгүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 3 хоног ажил тасалсан гэж дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 7.5.8, 7.5.10-т “байгууллагын удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж, албан ёсоор чөлөө авалгүйгээр сард 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ажилтны зүгээс гаргасан ноцтой зөрчилд хамааруулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар “Оюухүнс” ХХК-ийн менежер А.Оюунтөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон, түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч А.Оюугтөгсийн “ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Оюухүнс” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3.169.745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохирол 629.688 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.3-т “Ажилтныг БНСУ-д сургах сургалтын төлбөр, байр, хоол, унааны зардал, 2 талын нислэгийн зардал, визний хураамж зардал болон сургалтанд хамруулахтай холбоотой гарсан бусад бүх зардлыг ажил олгогч нь урьдчилан гаргана. Хэрэв ажилтан энэ гэрээнд заасан үүргээ зөрчсөн, ажилтны гэм буруугаас шалтгаалж ажил олгогч гэрээг цуцалсан бол ажил олгогчоос гарсан сургалтын бүх зардлыг ажилтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэсний дагуу хариуцагч “Оюухүнс” ХХК-иас ажилтан А.Оюунтөгсийг БНСУ-д сургасан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан нислэгийн тийзний зардалд 961.000 төгрөг, сургалтын хугацаанд байрласан байр, хоол, унааны зардалд 1.008.745 төгрөг, сургалтын төлбөр 1.200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Мөн хавтаст хэрэгт авагдсан “хоол, унааны зардал”-ын талаарх баримтуудад А.Оюунтөгсийн зарцуулсан гэх үйл баримт нотлогдоогүй болохыг дурдав.
Түүнчлэн, А.Оюугтөгсийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 хоног ажил тасалснаас “Оюухүнс” ХХК-д 629.688 төгрөгийн хохирол учирсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн “...“Оюухүнс” ХХК-ийн Гэгээнтэн салбарын Том Н Томс кофе шопны 2016 оны борлуулалтын орлого, тайлан зэргээр тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр А.Оюунтөгсийн “ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Оюухүнс” ХХК-ийн “хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3.169.745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохирол 629.688 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан А.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй, “Оюухүнс” ХХК-д холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Оюухүнс” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулан 3.169.745 төгрөг, ажил тасалсанаас болж байгууллагад учирсан хохиролд 629.688 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Оюунтөгс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Оюухүнс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураажид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 46.466 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 44.226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД