Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/600

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

    2021          05           20                                        2021/ШЦТ/600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

   Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

   Хохирогч К , 

Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө холбогдох эрүүгийн 2006 04279 0244 дугаартай хэргийг шүүх 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ө , Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 670.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Ө яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын үед эгч Өлзийсайханы найзынх нь аав Шапи гэх хүний байшингийн ажилд туслаад гэрт нь хамт амьдардаг байсан. Тэгээд би хэзээ гэдгийг нь яг санахгүй байна. Нэг өдөр ажлаа дуусгаад найзуудтайгаа уулзаж 2, 3 пиво уучхаад орой 21 цаг өнгөрч байхад Шапи ахынд ирээд ороо засаад хэвтэж байгаад ширээн доор байгаа оёдлын машинд мөнгөө хийдгийг нь санаад буцаж хувцсаа өмсөөд оёдлын машиныг аваад гэрээс гарч гүйж байгаад булан эргээд оёдлын машиныг газар тавьж үлдээгээд дотор нь байсан ойролцоогоор 500.000 орчим төгрөгийг аваад явсан. Тэр үед Шапи ах, К эгч 2 дөнгөж орондоо орчихсон сэрүүн байж байгаад намайг оёдлын машинтай мөнгийг аваад гарах үед араас гүйж гарч ирээд “Хулгайчийг бариад аваарай” гэж орилсон” гэх мэдүүлэг[2],

Хохирогч К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай байшинг засаж хамт амьдарч байсан Ө нь шөнө манай гэрт байсан оёдлын машинтай 670.000 төгрөгийг аваад гараад зугтаасан. Нөхөр бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй, явж байтал Ө гэнэт нарийн гудамжнаас гараад ирэхээр нь нөхөр Шапи бид 2 бариад авах гэтэл баригдаагүй, харин гарч ирсэн нарийн гудамжинд нь манай оёдлын машин байж байсан. Тэгээд оёдлын машинаа олоод задлаад үзсэн чинь дотор нь байсан мөнгө байгаагүй..., 670.000 төгрөг байсан 500.000 төгрөг гэж буруу хэлсэн байна..., оёдлын машин одоо гэрт байгаа эвдэрч гэмтээгүй” гэх мэдүүлэг,[3]

 

Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би өөрийн дүү Ө Шапи гуайн байшинг янзлуулахаар холбож өгсөн нь үнэн. Шапи өвгөн надаас байшин барихад туслаад өгөх хүн байна уу гэж хэлэхээр нь би холбож өгсөн. Манай дүү Ө тэдний байшинд нь байрлаад ажиллаж байсан. Уг байшин нь шар хаданд барьж байгаа гэж ярьсан” гэх мэдүүлэг,[4]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6]

Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[7]

Шийтгэх тогтоолын хуулбар[8] зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[9] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 670.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө нь шөнө манай гэрт байсан оёдлын машинтай 670.000 төгрөгийг аваад гараад зугтаасан” гэх,[10]

Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шапи өвгөн надаас байшин барихад туслаад өгөх хүн байна уу гэж хэлэхээр нь би холбож өгсөн. Манай дүү Ө тэдний байшинд нь байрлаад ажиллаж байсан. Уг байшин нь шар хаданд барьж байгаа гэж ярьсан” гэх мэдүүлгүүд[11] зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг өдөр ажлаа дуусгаад найзуудтайгаа уулзаж 2, 3 пиво уучхаад орой 21 цаг өнгөрч байхад Шапи ахынд ирээд ороо засаад хэвтэж байгаад ширээн доор байгаа оёдлын машинд мөнгөө хийдгийг нь санаад буцаж хувцсаа өмсөөд оёдлын машиныг аваад гэрээс гарч гүйж байгаад булан эргээд оёдлын машиныг газар тавьж үлдээгээд дотор нь байсан ойролцоогоор 500.000 орчим төгрөгийг аваад явсан” гэх[12] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Ө нь хохирогч К гийн гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг хохирогчид мэдэгдэж, илээр нүдэн дээр авч зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 380.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 290.000 төгрөгийг тус тус тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 380.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 290.000 төгрөгийг, нийт 670.000 төгрөгийг уг данснаас гаргуулж хохирогч К д олгохоор шийдвэрлэв.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ө нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгч Ө эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгч “Хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналуудыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ө гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь хохирогчийн гэрт байрлаж, байшин барих ажил гүйцэтгэж байсан байх ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн мөнгөө хадгалж байсан оёдлын машиныг авч зугтааж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.Ө нь урьд өмнө 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялыг багтаан нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж,

2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 8 дугаар сарын 1-ний  өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байна.[13]

 

Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлээр 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр тус тус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, эрүүлжүүлэгдсэн байх ба 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтуу эхнэрээ зодсон зөрчил үйлдсэн байна.[14]

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ө нь дахин давтан гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байгаа нь хувийн зан араншингийн хувьд нийгэмшээгүй, гэмт үйлдэл эрх зүйн зөрчил үйлдэхгүй байх талаар ухамсар, төлөвшил бүрэн гүйцэд суугаагүй байгааг илэрхийлж байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорихоор өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 380.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 290.000 төгрөгийг, нийт 670.000 төгрөгийг уг дансаас гаргуулж хохирогч К д олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ        

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 100 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн 63-66 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 69-84 дүгээр хуудас

[9] Хавтас хэргийн 56-58 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 53-54 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 69-84 дүгээр хуудас

[14] Хавтас хэргийн 63-66 дугаар хуудас