Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 89

 

 

    

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баяр,

насанд хүрээгүй шүүгдэгч Э.Мөнх-Оргил, Б.Золжаргал, Б.Мөнх-Амьдрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэчулууны Мөнх-Оргил, Баатаржавын Золжаргал, Батмөнхийн Мөнх-Амьдрал нарт холбогдох 201519000729 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Мөнх-Оргилын биеийн байцаалт

Монгол Улсын харъяат, 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 нас, 06 сар, 05 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Ерөнхий боловсролын Хүмүүн дунд сургуулийн 9-в ангид сурдаг, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 28-1-2а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэчулууны Мөнх-Оргил, /РДУФ01232277/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргалын биеийн байцаалт

Монгол улсын харъяат, 2001 оны 10 дугаар сарын 26-ны Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 14 нас, 1 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Ерөнхий боловсролын Хүмүүн дунд сургуулийн 9-в ангид сурдаг, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 34-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Баатаржавын Золжаргал, /РДНЗ01302619/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнх-Амьдралын биеийн байцаалт

Монгол улсын харъяат, 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 14 нас 19 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Ерөнхий боловсролын Хүмүүн дунд сургуулийн 9-в ангид сурда, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 8-д-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батмөнхийн Мөнх-Амьдрал, /РДНЭ01300816/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Мөнх-Оргил, Б.Золжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцон шунахай сэдэлтээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ундрах хүнсний дэлгүүрт нэвтэрч, 300.000 төгрөгийг бэлнээр, Э.Мөнх-Оргил, Б.Золжаргал нар нь давтан үйлдлээр Б.Мөнх-Амьдрал урьдчилан үгсэн тохиролцон, шунахай сэдэлтээр бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний шөнө дээрх дэлгүүрт нэвтэрч 326.100 төгрөгний эд зүйл, гэр ахуйн цахилгаан барааны засварын газарт нэвтэрч, 3 ширхэг гар утас хулгайлж, 240.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Мөнх-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би ангийнхаа Золжаргал гэдэг найзтайгаа орой 21 цагийн үед сургуулийнхаа хажуугаар явж байгаад дэлгүүр ухаж үзвэл яадаг бол гэж ярилцаад Ундрах хүнсний дэлгүүрийн гадаа очоод онгойлгох гэсэн чинь болохгүй болохоор нь цахилгаан барааны дэлгүүр орж багаж аваад буцаж очоод бас онгойлгох гээд чадаагүй. Тэгээд цонхны хаалтыг нь татаж онгойлгоход Золжаргал цонхыг нь өшиглөж хагалж ороод дотроос нь савтай мөнгө авсан. Тэгээд бид хоёр байшингийн дээвэр дээр гарч авсан мөнгөө хувааж аваад гэр рүүгээ харьсан. Тэгээд хэд хоногийн дараа Мөнх-Амьдрал бид хоёр Золжаргалынд очоод бид 3 хамт гадуур явж байгаад дахиад цахилгаан барааны дэлгүүр орж 3 утас авч гараад үргэлжлүүлээд Ундрах хүнсний дэлгүүрт орж идэх юм авсан. Тэгээд байшингийн дээвэр дээр гарч авсан юмаа идэж байгаад барахгүй болохоор нь авсан юм аа үлдээгээд гэр гэртэй харьсан гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөнх-Оргил бид хоёр орой хамт явж байгаад дэлгүүр ухаж үзвэл яадаг юм бол гэж сонирхоод Ундрах хүнсний дэлгүүрийг онгойлгох гээд чадаагүй. Тэгээд цахилгаан барааны дэлгүүр орж хэдэн овтирка авч очоод онгойлгож болохгүй болохоор нь би вакум цонхыг нь өшиглөж хашлага доогуур нь ороод савтай мөнгийг нь авсан. Тэгээд байшин дээр гарч мөнгөө хувааж аваад гэр гэррүүгээ явсан. Хэд хоногийн дараа Мөнх-Амьдрал, Мөнх-Оргил хоёр манайд ирээд дахиад гадуур гарч явж байгаад цахилгаан барааны дэлгүүрээс 3 утас аваад дараа нь Ундрах хүнсний дэлгүүрээс идэх юм аваад байшин дээр гарч идэж байгаад зарим идэх юмаа үлдээгээд гэр гэртэй харьсан гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнх-Амьдрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөнх-Оргил бид хоёр Золжаргалыг дуудаад цахилгаан барааны дэлгүүр ороод тус тусдаа нэг утас авсан. Тэгээд дараа нь Ундрах хүнсний дэлгүүр орж идэх юм аваад байшингийн дээвэр дээр гарч хагасыг нь идээд хагасыг нь үлдээсэн гэв.

 

            Хохирогч П.Есөн-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ  2015 оны 10 дугаар сарын 27-ны орой өөрийн ажиллуулдаг Ундрах хүнсний дэлгүүрээ 20 цагийн үед хааж цоожлоод явсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед дэлгүүр дээр ирээд гаднаас нь харахад дэлгүүрийн хамгийн зүүн талын вакум цонхны төмөр хамгаалалтыг баруун доороос нь хөшиж мурийлгаад цаад талын вакум цонхыг онгойлгочихсон байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод дэлгүүрээ ороод харахад хайрцагтай мөнгө байхгүй байсан. Хайрцанд 300.000 төгрөг байсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өглөө дэлгүүр дээрээ ирэхэд өмнө орсон цонхны хажуу талын цонхны хаалгыг сугалж аваад цонхны порчикийг хагалж, цонхоор ороод 250.000 төгрөгөөр тавиулсан камерын дуранг эвдлээд хард дискийг, мөн 4 ширхэг шоколад, резинен чихэр том, жижиг уут, 3 ширхэг годгор хиам, 2 ширхэг ундаа аваад явсан байсан. Би өөрт учирсан 626.100 төгрөгөө хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

            Хохирогч Н.Борхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот явж ирээд ажил дээрээ бараа буулгахаар очиход манай завсарын газрын цонх нээлттэй, юмаа бүртгэхэд 3 ширхэг отверка алга болсон байсан, түүнээс хойш 2 хоногийн дараа Скай маркийн гар утас 2, Сони эриксон маркийн гар утас 1 ширхэг алга болсон байсан. Би алдсан эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авсан, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Гэрч А.Батхуяг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Золжаргал надад хуучин барьж байсан утас гээд цагаан өнгийн Скай маркийн гар утас өгсөн. Би тухайн үед гар утасгүй байж байгаад барьчихаар илүү утас байна уу гэж гуйж авсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Мөнх-Оргил, Б.Золжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцон шунахай сэдэлтээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ундрах хүнсний дэлгүүрт нэвтэрч, 300.000 төгрөгийг бэлнээр, Э.Мөнх-Оргил, Б.Золжаргал нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний шөнө дээрх дэлгүүрт нэвтэрч 326.100 төгрөгний эд зүйл, гэр ахуйн цахилгаан барааны засварын газарт нэвтэрч, 3 ширхэг гар утас хулгайлж, 240.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч П.Есөн-Эрдэнэ, Н.Борхүү нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Төмөрзаяа, А.Батхуяг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 94 тоот дүгнэлт, хохирогч Н.Борхүүгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон акт, хохирогч П.Есөн-Эрдэнийн алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон акт, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Мөнх-Оргилын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнх-Амьдрал сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал, Э.Мөнх-Оргил, Б.Мөнх-Амьдрал нарын ял шалгах хуудас, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал, Э.Мөнх-Оргил, Б.Мөнх-Амьдрал нарын төрсний гэрчилгээний хуулбар, насанд хүрээгүй шүүгдэгч нарын оршин суух газрын Засаг даргын тодорхойлолт, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал, Э.Мөнх-Оргил, Б.Мөнх-Амьдрал нарын сурагчийн хувийн хэргийн хуулбар  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал, Э.Мөнх-Оргил, Б.Мөнх-Амьдрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал, Э.Мөнх-Оргил, Б.Мөнх-Амьдрал нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугтэй этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр эцэг, эхийнх нь хяналтанд өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Есөн-Эрдэнэ, Н.Борхүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  насанд хүрээгүй шүүгдэгч нарт бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 290.3, 377, 294, 295, 298 зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Мөнх-Оргил, Сартуул овогт Баатаржавын Золжаргал, Боржигон овогт Батмөнхийн Мөнх-Амьдрал нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргалыг өвөө Ч.Сундуйжав, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнх-Оргилыг эх Баянзул, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнх-Амьдралыг эх Ганчимэг нарын хяналтанд өгсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал, Б.Мөнх-Оргил, Б.Мөнх-Амьдрал нар нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй шүүгдэгч нарыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Есөн-Эрдэнэ, Н.Борхүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  насанд хүрээгүй шүүгдэгч нарт бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдсугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Мөнх-Оргил, Б.Золжаргал, Б.Мөнх-Амьдрал нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ