| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 186/2018/0731/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 127
Э.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Нямцэцэг,
хохирогч М.С-,
шүүгдэгч Э.А-,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.А-д холбогдох 1811023760823 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
.......... овгийн Э. А, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... дүүргийн ...... дүгээр хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;
Э.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.С-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Э.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс нийт 646.556 төгрөг гаргуулан хохирогч М.С-д олгож, шүүгдэгч Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогч М.С- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр А болон түүний найзад зодуулж, бие болон сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан. Шүүх эмчилгээний хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан боловч тухайн үед алга болсон ээмэгний минь өрөөсөнг огт оруулаагүй байна.
Миний бие А-с надад учруулсан бодит хохирлыг нэхэмжилж байгаа болохоос биш сэтгэл санаа болон тухайн үед ажлаа алдсаны хохирол гэж нэхээгүй учир надад учруулсан бодит хохирол болон ээмгийг минь гаргуулж өгнө үү. Миний хохирлыг тодорхой хугацаанд гаргуулж өгөхийг хүсч байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.А- нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр М.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс хуульд заасан ялыг оногдуулсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч М.С-гийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаар гаргасан 645.556 төгрөгийг шүүгдэгч Э.А-ас гаргуулахаар шийдвэрлэсэн. М.С-гийн хувьд өрөөсөн ээмгээ нэхэмжилдэг бөгөөд энэ асуудлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвийн ойролцоо караокений газар хажуу ширээнд үйлчлүүлж байсан танихгүй, хохирогч эмэгтэй М.С-тай “өөр газар руу хамт явъя” гэж маргалдан, түүнийг таксинд суулгахгүй гэж татаж, улмаар нүүр тус газар толгойгоороо мөргөж, шанаа руу нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, баруун бугалганд цус хуралт, хүзүү, баруун бугалга, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
“... манай хажуугийн ширээнд гурван залуу сууж байсан. Манай ширээн дээр 10.000 төгрөгийн тооцоо гарсан чинь нөгөө ширээний залуучууд хийчихсэн гэсэн. Бид хоёр бараг 12 цаг өнгөрсөн болохоор явах гээд гараад такси бариад Э-г суулгачихаад өөрөө суух гэсэн чинь улаан малгайтай залуу намайг таксинд суулгахгүй “дахиад өөр газар хамтдаа сууя” гээд байсан. Би “үгүй, одоо харилаа, явах гэж байна” гэхэд тэр залуу явуулахгүй надаас зулгааж байснаа миний баруун хөмсөгний орчим нэг удаа мөргөсөн. Тэгээд гараараа хоёр шанаа руу нилээд хэдэн удаа цохиод байсан. Э таксинаас бууж ирээд намайг салгасан” гэж хэрхэн яаж хохирсон талаараа мэдүүлсэн хохирогч М.С-гийн мэдүүлэг /хх 9/,
“... бид хоёр гадаа такси бариад яг суух гэж байхад нөгөө тооцоо хийсэн залуу таксины хаалгыг татаад бид хоёрыг явуулахгүй байсан. С хаалганаас татаад тавь гэж уурлаад хаалгаа хаах гээд тэр залуутай нилээн ноцолдоод цохих шиг болсон. Би бас тэр залууг цааш нь түлхээд салгах гээд С-г явъя гэтэл С явахгүй гээд байсан бөгөөд С цохиулчихсан байсан болохоор цагдаа дуудсан байсан юм байна лээ” гэсэн гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх 18-19/,
“М.С-гийн биед баруун нүдний зовхи, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, баруун бугалганд цус хуралт, хүзүү, баруун бугалга, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10145 дугаар акт /хх 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Э.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Анхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 300 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хохирогч М.С- “тухайн үед алга болсон ээмэгний минь өрөөсөнг хохиролд огт оруулаагүй тул гаргуулж өгнө үү” гэсэн давж заалдсан гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч М.С-гийн алдагдсан гэх ээмэгний талаар эрх бүхий этгээдээр зохих үнэлгээ тогтоолгоогүйгээс гадна ямар шинж чанартай ээмэг байсан талаарх мэдээлэл байхгүй, энэ гэмт хэргийн шууд хохирол болж чадахгүй тул энэ удаагийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Харин хохирогч М.С- нь анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон гэрч, хохирогчийн хувиар удаа дараа мэдүүлэхдээ ээмэг алга болсон талаараа мэдүүлж ирсэн бөгөөд өөрт байгаа гэх баталгааны хуудас болон өрөөсөн ээмэг нь байгаа бол түүнийгээ хавсарган үнэлгээ хийлгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай шүүгдэгч Э.А-ас жич нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр нэмэлт заалт оруулж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч М.С- нь алдагдсан өрөөсөн ээмэгний хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч М.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ